Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг

Улсын яллагч Г.Ганхөлөг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч Д.Ү******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ү********ад холбогдох эрүүгийн ******** тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгч Д.Ү******** нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 22-04 тоотод оршин суух иргэн Ш.Б********ийн гэрээс хөлдөөгч хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Д.Ү******** нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 22-04 тоотод оршин суух иргэн Ш.Б********ийн гэрээс хөлдөөгч хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Ш.Б********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ сахиад байж байсан юм. Манай гэрийнхэн хот руу явчихсан байсан юм. Тэгээд би энэ өдөр архи ууж байгаад гарч яваад айлд очоод хоносон юм тэгээд өглөө 10 цагийн үед гэртээ иртэл манай хаалга онгорхой гэрт хүн байхгүй байсан. Тэгээд яваад ортол манай зүүн талын үүд орчимд байдаг хөлдөөгч алга болсон байсан. Би гэрээс гарахдаа найзууд болох Далай, Чинбаа хоёрт захиад явсан юм...Тэгээд маргааш нь Далай би танай хот руу өгч явуулах гэж байсан махыг зарчихсан шүү, энэ мөнгөөр мах аваад явуулаарай гээд 60,000 төгрөг өгсөн...Би тэр махыг алдчих байх гэж бодоод Дэлгэрхаан дэлгүүрийн хөлдөөгчид хийсэн байсан юм. Тэгээд би тэр мөнгөөр нь мах аваад хот руу явуулсан ба Далайгаас манай хөлдөөгчийг хэн авсан юм бэ гэхэд би мэдэхгүй би оройхон гараад явчихсан гэж байсан Танайд Пүүжээ гэх залуу үлдсэн гэж байсан. Тэгээд түүнээс хойш Пүүжий ахтай уулзахад нэг зүс танихгүй залуу ирээд аваад гарч байхаар нь яах гэж байна гэхэд Б******** надад өртэй, оронд нь хөлдөөгч ав гэж хэлсэн гээд авч яваад айлд аваачаад зарчихсан гэж байсан. Тэгээд сургаар нь явсаар байгаад би тэр хөлдөөгч хулгайлж авсан гэх Д.Ү******** гэх нөхрийг сар гаруйн дараа олж аваад цагдаад өгсөн юм. Тэр залуу өөрөө авсан гэдэгээ хүлээн зөвшөөрч төлж өгнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байгаа юм...Би 2 жилийн өмнө лизингээр Тэнхлэг дэлгүүрээс 380,000 төгрөгөөр авч байсан одоо 410.000 төгрөгөөр зарагдаж байгаа. Би хөлдөөгчөө 380,000 төгрөгөөр үнэлнэ. Шинээрээ шахуу байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал /

Шүүгдэгч Д.Ү********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өглөө гэрээсээ гараад гадуур явж байгаад өдөр 16 цаг өнгөрч байхад 11 дүгээр хорооны Мишээл гэх дэлгүүрийн ард хуучин найз Далай гэх залуутай таараад ганц юм уух гэсэн юм, чамд мөнгө байна уу гэхээр нь би надад мөнгө байхгүй байна гэсэн чинь яах уу, би ард нэг айлд байгаа, тэр айлын мах нь энэ Мишээл дэлгүүрт байгаа тэр махнаас нь нэг хаа юм уу гуя аваад зараад ганц юм уучихъя гэсэн....Тэгээд орсоноо тэнд байсан бүх махыг нь үүрээд гараад ирэхээр нь би хаа юм уу гуяа аваад бусдыг нь хөлдөөгч дотор нь хийе гэсэн Далай тэгсэн чинь за яадаг юм, Сондор дэлгүүрийн тэнд мах авдаг газар байгаа, би тэнд 5000 төгрөгний өртэй. Тэрэндээ өгөөд илүү гарсан мөнгөөр нь уучихаад дараа нь би энэ айлд нэг хонь өгчихнө гэж байсан. Тэгээд тэрийгээ аваачиж зараад 60000 төгрөг болгосон юм....Тэгээд айлын мах зарж болж байгаа юм уу гээд ярьж байтал Далай тэр чинь ажилдаггүй юм, чи авбал аваарай гэж байсан. тэгээд тэндээс би ганцаараа гараад такси аваад нөгөө 11-р хороонд байсан айлд ороод хөлдөөгчийг нь аваад гарах гэсэн чинь нэг залуу байхаар нь би энэ хөлдөөгчийг засч аваарай гэж байсан, би авах гэж ирлээ гэж хэлээд тэр залуутай хамт гарсан юм. Тэгээд нэг айлд ирээд тэр залуу буугаад явсан. Би тэр таксины жолоочид хөлдөөгчийг 20.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь нэг найзтайгаа таараад архи авч уугаад айлд очиж хоносон юм...Би хөлдөөгчийг би Далайгийнх гэж бодоод авчихсан юм...Би нэг эгчдээ хэлсэн уг нь төлж өгнө гэж байсан тэрний маань нөхөр ийш тийшээ ирж чадаагүй байгаа удахгүй хохиролгүй болгож өгнө гэж бодож байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 21-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ү********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн ******** дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Ү******** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 25, 35-39-р тал/ зэргээр тогтоогдож байна.

 Шүүгдэгчийг,согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Ү********аас 350.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б********эд олгох нь зүйтэй байна. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Дархан овогт Довдонгийн Ү********ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Д.Ү********ыг 110 /нэг зуун арав/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Д.Ү******** нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ү********аас 350.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б********эд олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү********ын оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ