Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/744

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т-т холбогдох эрүүгийн 2009000001000 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Т нь:

-2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзай зуслангийн голын эрэг дээр хохирогч З.Цолмон-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гараараа нүүрэн тус газар нь цохьсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч З.Ц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед У Д Б Т нартай ** ** зусланд байх голын эрэг дээр очсон. Тэнд очоод бид хэд 0,75 литрийн нэг шил архи хувааж ууцгаасан. Т нэг эмэгтэйтэй цуг машин дотор сууж байсан. Би цонхыг нь тогшоод “Яасан бэ. Юу болсон бэ” гээд асуухад Т хаалгаа түлхээд шууд бууж ирсэн. Тэгэхээр нь би цохих гэж байна гэж бодоод тэврээд авсан. Т машинаасаа аягүй огцом ууртай маягтай бууж ирсэн юм. Тэгээд намайг хальт 2 цохиод мордож унагаад дээр гараад гараа атгаж байгаад 4-5 удаа нэг газраа цохьсон гэжээ. / хх 15-17 / Гэрч Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 21-22 цагийн үед найз болох Ц, У, Г , машин барьж ирсэн Д гээд бид хэд *** зуслангийн голын эрэг дээр очсон. Бид бөөндөө тойрч сууж байгаад бид нар голын эрэг дээр очоод 0,75 литрийн 1 шил Соёрхол нэртэй архи, 2,5 литрийн 4 шар айргийг хувааж ууцгаасан. Гэ даараад байна гээд Тийн машин дотор суухад Д Тийн машиныг асаагаад паар тавьж чадахгүй байсан болхоор би Т очиж асаагаад Г-тэй цуг машинд байж байсан. Би наана нь голын эрэг дээр Ц-тэй юм ярьж байгаад бие засах гээд босоод явтал Ц надаас отвирка, шруп байна уу. Найздаа өгчих дүрчихье л дээ” гэж хэлсэн. Ц Тийн сууж байсан машины цонхыг нь 3 удаа чанга тогшсон. Т цонхоо буулгаад “Яасан бэ” гэхэд Цолмон-Эрдэнэ “Яриа байна уу. Буугаад ирдээ. Чи гэж байгаа нь сонсогдсон. Т машинаасаа бууж ирээд яасан бэ гэхэдЦ, Т-г тэвэрч аваад заамдаад эрүү хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Тэгээд Т Ц-г тэвэрч аваад унагасан зүлгэн дээр зууралдаад салахгүй байсан гэжээ. / хх 26-27 /

Гэрч Б.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Г даараад байна гэхээр нь би Тийн машин дотор цуг суусан. Тэгээд паарыг нь асааж чадахгүй болохоор нь нөхрөө дуудахад Д ирээд асааж чадаагүй. Т машины паар асаах гэж ирэхээр нь би буугаад майханд нөхөртэйгээ унтахаар очсон. Тэгээд Ц уурлаад байгаа юм шиг байхаар нь Ц-с “Найздаа уурлаад байгаа юм уу” гэж асуухад үгүй гэж хэлсэн тэгээд манай нөхөр Баатархүүгээс Цолмон-Эрдэнэ араас нь очоод отвирк, шрупп асууж байсан. Б байхгүй гэж хэлэхэд нь Ц шууд Тийн сууж байсан машин дээр очоод цонхыг нь 3 удаа чанга тогшсон тэгээд Тийг гаргаж ирээд заамдаад нэг удаа эрүү рүү нь цохьсон. Тэгэхэд нь Т “Чи яагаад байгаа юм бэ” гээд Ц-г унагаад тэр хоёр газар зууралдаад өнхөрч байхад нь Б салгасан гэжээ. / хх 35-36 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7447 дугаартай дүгнэлтэнд: 1. З.Ц-н биед зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх 32-34/

Яллагдагч Х.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Цолмон-Эрдэний биед учирсан 3 гэмтлийг гараараа цохиж учруулсан гэжээ. / хх 6-7 /

Шүүгдэгч Х.Тийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 04-07 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 38 / зэрэг болно.

Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүгдэгч Х.Т нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *** голын эрэг дээр хохирогч З.Ц хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Т машинаасаа огцом ууртай маягтай бууж ирсэн намайг хальт цохьсон. Тэгээд намайг мордож унагаад дээр гараад гараа атгаж байгаад 4-5 удаа нэг газраа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч ц-н мэдүүлэг / хх 15-17 /, ... Т машинаасаа бууж ирээд яасан бэ гэхэд Цолмон-Эрдэнэ Тийг тэвэрч аваад заамдаад эрүү хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Тэгээд Т.Ц-н тэвэрч аваад унагасан зүлгэн дээр зууралдаад салахгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Б-н мэдүүлэг / хх 26-27 /, ... Ц атвирк, шрупп асуугаад Баатархүү байхгүй гэж хэлэхэд нь Ц шууд Тийн сууж байсан машин дээр очоод цонхыг нь 3 удаа чанга тогшсон. Тэгээд Тийг гаргаж ирээд заамдаад нэг удаа эрүү рүү нь цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Урангуагийн мэдүүлэг / хх 35-36 /, ... З.Ц биед зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7447 дүгээр дүгнэлт / хх 32-33 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Х.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардалд 178.000 төгрөгийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Х.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзаад прокурорын санал болгосон 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 4 Хохирогч З.Ц нь нэхэмжлэх зүйлгүй / хх 46 / гэсэн тул Х.Тийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавин мянга / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Т нь шүүхээс тогтоосон торгуулийг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Х.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ