Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1482

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

Ц.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01013 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдох

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/67 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Ц.Оюунчимэг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Сувдмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.  

Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Политехникийн дээд сургуулийн Цахилгаан холбооны инженерийн ангийг 1986 онд төгсөөд Төв аймгийн холбооны газарт кабель шугамын ахлах техникчээр ажлын гараагаа эхэлсэн. АТС-ын инженер, тасгийн дарга, ерөнхий инженер, ахлах инженерээр ажиллаж байгаад 2007 оноос байгууллагын даргаар томилогдсон. Энэ байгууллагыг удирдан ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг тогтмол биелүүлж, 2012 онд ажлын амжилтаараа 2 дугаар байр, 2013 онд 3 дугаар байр, 2014 онд 5 дугаар байр, 2016 онд 4 дүгээр байранд орсон амжилтыг үзүүлж ажиллаж ирлээ. 2010-2012 онд Удирдлагын акадөмид суралцаж Төрийн удирдлагын менежерээр төгссөн, Техникийн ухааны магистр цол 2007 онд, Монгол Улсын зөвлөх инженерийн зэргийг 2003 онд авсан. Холбооны салбарт 31 дэх жилдээ ажиллаж байна. 2007-2017 оны хооронд 10 жил байгууллагын даргаар ажиллаж ирсэн. Дээрх тушаалаар ажилтантай харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр намайг албан тушаал бууруулж, Төв аймгийн холбооны газрын техник, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон, цалинг 100 000 төгрөгөөр бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ингэж тушаал гаргахдаа хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, албан тушаал бууруулах тухай урьдчилан мэдэгдээгүй, гарсан тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй. Би албан тушаал буурч ажиллах талаар ажил олгогчтой ямар нэг байдлаар албан ёсоор харилцан тохиролцоо хийгээгүй. Нотлох баримт байхгүй. Би байгууллагын байранд олон жил амьдарсан бөгөөд уг байрыг өмчлөлдөө шилжүүлэх талаар удирдлагатай харилцан тохиролцож байснаас биш албан тушаалын талаар ямар нэг байдлаар тохиролцоогүй. Намайг хууль зүйн үндэслэлгүйгээр албан тушаалыг бууруулан, хөдөлмөрийн хугацаагүй байгуулсан гэрээг цуцалсан тул зөрчигдсөн эрхийг сэргээж, Төв аймгийн Холбооны газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, цалингийн зөрүүг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын цахилгаан холбоо” ХК нь Монгол улсын засгийн газрын Өмч хувьчлах комиссын 1995 оны 28 дугаар тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 208 дугаар тогтоолоор хувьцаат компани болон шинэчлэн байгуулагдсан бөгөөд нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40.0 хувийг БНСУ-ын “Корей телеком корпораци”, 5.33 хувийг Монгол улсын болон гадаадын иргэд, хуулийн этгээд эзэмшдэг бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хотын алслагдсан 2 дүүрэгт нийт 23 салбартай. Аймаг дүүрэг дэх салбар болох холбооны газрын дарга нь тухайн орон нутагт “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулах, тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон өөрөө удирдах байгууллагатай хамтран ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Ц.Оюунчимэг нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал болон Удирдлага хүний нөөцийн газрын даргатай хэд хэдэн удаа биечлэн уулзсаны эцэст харилцан тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу Ц.Оюунчимэгийг Төв аймгийн холбооны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус аймгийн холбооны газрын техник, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон. Энэ албан тушаал нь зөвхөн түүнд зориулагдан шинээр бий болсон бөгөөд түүний эрх зүйн байдал дордоогүй болно. Гэтэл Ц.Оюунчимэг нь огт харилцан тохиролцоогүй мэт 31 жил тасралтгүй, түүнээс сүүлийн 10 жил дарга хийж байсан нь түүнийг тухайн ажил албан тушаалд ямар ч нөхцөл байдлаас үл хамааран ажиллуулах ёстой мэт нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийг “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төв аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-иас нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүү 266 668 төгрөгийг гаргуулж, Ц.Оюунчимэгт олгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78 850 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох зохицуулалт бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.Оюунчимэгтэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч энэхүү тайлбарыг үгүйсгэж байна” гэжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ц.Оюунчимэг нь Төв аймгийн холбооны газрын техник үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд шилжин ажиллахыг хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч байгууллага нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ц.Оюунчимэгийн эзэмшиж байгаа орон сууцыг Ц.Оюунчимэгт шилжүүлэн өгөх тохиролцоогоо биелүүлээгүй талаар тайлбарласан.

Энэхүү тайлбараараа нэхэмжлэгч нь харилцан тохиролцож одоогийн эрхэлж буй ажил албан тушаалдаа томилогдсон бөгөөд өөрийнх нь эзэмшиж буй орон сууцыг хувьд нь шилжүүлэх тохиролцоогоо биелүүлээгүй гэдэг агуулгаар ойлгогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцэж байгаа буюу харилцан тохиролцож одоогийн албан тушаалд томилогдсон байгаа талаар шүүх үнэлсэнгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын Улсын тэмдэгтийн хураамжид 70 000 төгрөг, цалингийн зөрүү гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 4672 төгрөг нийт, 78 850 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Улсын төсвийн орлогод оруулах нь үндэслэлтэй байна” гэжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад ногдох Улсын тэмдэгтийн хураамж болох 8650 төгрөгийг хариуцах ёстой гэж үзэж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг байхад хариуцагч байгууллагаар төлүүлж байгаа мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч харилцан тохиролцож, өөр ажилд шилжүүлсэн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Оюучимэг нь 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс Төв аймгийн холбооны газрын даргаар ажиллаж байгаад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/67 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс Төв аймгийн холбооны газрын техник, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон болох нь дээрх тушаалууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 3, 7-9, 25-27, 28, 42-46/

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр Ц.Оюунчимэгтэй харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс өөр ажилд шилжихийг зөвшөөрсөн талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлон гаргаагүй  байх тул албан тушаал бууруулсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Шүүх ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний өөр ажилд шилжиж ажилласан цалин хөлсний зөрүүг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7а-д заасны дагуу тооцож хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунчимэгт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                                                            

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН