Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/0052

 

МИ  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Д.Ш, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор МИ  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ш, С.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ш, С.Б  нарын МИ  ХХК-д тавьсан 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 351927 дугаар актын 2008-2010 онуудад холбогдох 125342.4 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын жилийн хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасны дагуу 2008 оны татварын жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дуусгавар болсон тул дээрх оны татварын асуудлыг хэлэлцэх нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2008 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын төлөгдсөн татварт ногдуулсан хүү, алданги, торгууль бүгд 97.436.4 мянган төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

2. 2009, 2010 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос сунгасан албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй хэмээн үзэж ногдуулсан 27.905.9 мянган төгрөгийн торгууль, алдангийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

а/ Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 578 тоот тушаалаар батлагдсан татвар төлөгчдийг эрсдэлээс хамгаалах, татварын тэгш шударга байдал, татварын хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийн хугацаанд төлөөгүй татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги ногдуулахад мөрдөгдөх Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журам-ын 3 дугаар зүйлд заасны дагуу Онцгой албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх тайлагнах хуулийн хугацаа нь дараа сарын 5, 10 боловч торгууль, алданги тооцоолоход илүү, дутуу төлөлт ээлж дараалан гардаг хүндрэлтэй байдлаас шалтгаалан тайлант оны дутуу төлөлтийн хэмжээг дараа оны 1 дүгээр сарын 5, 10-наар тус тус тасалбар болгон тооцсугай гэснийг зөрчиж 2009, 2010 оны Нэмэгдсэн өртгийн албан татварт тайлант хугацааны дундуур торгууль, алданги тооцсон нь хуулийг хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн актыг зөрчсөн гэсэн үндэслэлээр;

б/ Мөн дээрх журмын 5 дугаар зүйлд Торгууль, алданги тооцох, ногдуулах татварын өрийн үлдэгдлийг 2010 оны эцсийн өрийн үлдэгдэлд тооцогдох хуулийн хугацаанаас эхлэн тооцсугай. гэж тус тус заасныг зөрчин торгууль, алданги ногдуулахдаа алдаа гаргасан гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4, 27.2, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч МИ  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М , Г.С  нар давж заалдах гомдолдоо: Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 578 дугаар тушаалаар баталсан Татварын өрийн үлдэгдэлд торгууль. алданги тооцох, ногдуулах журам-д 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 832 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан нь Татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн актын хуулийн хугацааны шаардлагыг хангахгүй байна.

Татварын улсын байцаагч нар Татварын Ерөнхий Газрын Даргын 2010 оны 578 дугаар тушаалаар баталсан журмыг хянан шалгах ажилдаа мөрдлөг болгоогүй, алданги, торгуулийг тооцохдоо өөрсдийн дураар алдаатай тооцоолон ногдуулсан татварын өр төлбөрийг бий болгож татвар төлөгчид хүндрэл учруулж байгаа нь хэт нэг талыг барьж, давуу эрх эдлэн хууль, дүрэм, журмыг зөрчиж байна.

МИ  ХХК нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Нэмэгдэл өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.14. 16 дугаар зүйлийн 16.1.1 дүгээр зүйлүүдийг зөрчихгүйгээр татвар төлөх, тайлагнах эцсийн хугацааны дотор татвараа үнэн зөв, шударгаар тодорхойлон тайлагнаж, өөрөө төсөвт төлөх үүргээ биелүүлсэн байтал хуулийн эдгээр заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нь 22 зүйл заалтай байтал Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс тогтоосон шийдвэрийн 1 дэх хэсэгт зааснаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26.3, 27.1, 27.1.4, 27.2, 28.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна гэсэн нь ойлгомжгүй байгаа тул шийдвэрийг эс зөвшөөрч байна. Татварын Ерөнхий хуулийн 14, 25-р зүйлүүдэд заасан татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчмыг баримтлалгүй хэт нэг талыг барьж, төлөгдсөн татварт ногдуулсан хүү, алданги, торгууль нь татвар төлөгчид дарамт учруулан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгоход хүргэж байна.

Иймд МИ  ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2011 оны 11 сарын 30-ны өдрийн 351927 тоот актын 2008-2010 онуудад ногдуулсан 125342,4 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу гаргасан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 468 тоот шийдвэрийн эс үйлдэхүйг тогтоож, уг төлбөрөөс чөлөөлөхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

МИ  ХХК-иас Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 351927 дугаар актаар тогтоосон төлбөрөөс Нийслэлийн татварын газрын болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний дөрийн тогтоолоор хассанаас үлдэх хэсгийг буюу 2008-2010 онуудад холбогдох 125342.4 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий актаар хариуцагч нар МИ  ХХК-д 2008 оны эхний хагаст 50,572.0, сүүлийн хагаст 66,333.9, 2009 онд 447,960.9, 2010 онд 69,388.1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг, 2009 онд 373,407.4, 2010 онд 175,474.0, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, 2008 оны эхний хагас жилд 543.4, сүүлийн хагас жилд 1,843.3, 2009 онд 4,382.8, 2010 онд 18,561.3 мянган төгрөгийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварыг тус тус хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэн Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасны дагуу хариуцлага хүлээлгэжээ.

Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 9 дүгээр зүйлийн 2-т Татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтооно... Татварын ерөнхий хуулийн /2008 оны / 43 дугаар зүйлийн 43.5-д Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасан бол татварын төрөл тус бүрийн төлөх, тайлагнах хугацааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д албан татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвараа дараа сарын 10-ны дотор төрийн сангийн дансанд шилжүүлж, тайлангаа татварын албанд тушаах үүрэгтэй байхаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ гэж тус тус тогтоож, хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч компани дурдсан татваруудыг хуульд заасан дээрх хугацаанд төлөлгүй хэтрүүлсэн нь тогтоогдсон бөгөөд энэхүү үйлдэлд нь татварын улсын байцаагч нар тухайн үед нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 /татварын хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс бодож хоног тутам 0.5 хувийн хүү ногдуулах .../, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.2 /Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, 74.3 /Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна/ дахь заалтуудын дагуу хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс акт тавих үед татвар төлөгдсөн байсан, хугацаандаа татвар төлөгдөх боломжгүй байсан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүйн зэрэгцээ хуульд заасан журмын дагуу арга хэмжээ аваагүй, тухайлбал, тайлангаараа тодорхойлсон татварын өрийг төлөх хугацааг Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгуулах зэрэг арга хэмжээ аваагүй байна.

 

Иймд дээрх зөрчлүүдэд хариуцагч татварын улсын байцаагч нарын ногдуулсан акт үндэслэлтэй бөгөөд МИ  ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Харин шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.6 дахь заалттай нийцэхгүй байгаа зэргийг харгалзан шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 468 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч МИ  ХХК-ийн Татварын улсын байцаагч нарын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 351927 дугаар актын 2008-2010 онуудад холбогдох 125342.4 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР