Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 047

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

             иргэдийн төлөөлөгч Б.Даваадорж,

 нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

 улсын яллагч А.Оюунгэрэл,

 шинжээч С.Мөнхдалай,Н.Ганбаатар,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  П.Ням, З.Болор-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр,

 хохирогчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган /ҮД:0012/,

 иргэний хариуцагч “Интер транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай,

 гэрч Г.Эрдэнэхүү, Н.Ууганбаяр,

 шүүгдэгч Б.Энхбат нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

               Тээврийн прокурорын газраас Мянгад овогт Батбямбын Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 0600 0307 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1985 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Интер транс” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр баг, Нарийн гол багт оршин суух бүртгэлтэй, регистрийн ПЮ85102977 дугаартай, Мянгад овогт Батбямбын Энхбат.

 Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Энхбат нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг Боргочингийн гүүр гэх газарт “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 21-40 УНЦ улсын дугаартай чиргүүлтэй “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж яваад, мөн дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас П.Батзориг жолоочтой “Хонда фит” маркийн 89-67 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч П.Батзориг болон зорчигч Л.Зууннасан, З.Болортуяа, Н.Батболд нарын 4 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Улаанбаатар хотоос машинаа шалгуулаад 2014 оны 09 дүгээр сарын 29-ний орой 10 цаг өнгөрөөд гарсан. Тэгээд Шавартийн хөндий гэдэг газарт хоноод өглөө 07 цаг 30 минутад машинаа янзлаад 08 цагт хөдөлсөн. Боргочингийн гүүр даваад тойрог өнгөрөөд явж байхад “Хонда Фит” маркийн машинтай мөргөлдсөн. Би тухайн машиныг 2, 3 км зайнаас харж байсан. Тэр машин урдаас сөрж орж ирээд осол гарсан. Тэгээд би буугаад харахад урд талд 2 хүн нас барсан байдалтай байсан. Тэгээд арын машин ирэхээр нь мөргөлдсөн гэж хэлэхэд жолооч Эрдэнэхүү дуудлага өгсөн. Цагдаа, эмч ирээд үдээс хойш Булган аймгаас шинжээч, цагдаа нар ирсэн. Ослын хэмжилт хийж зураг авсан. Осол болоход 2 хүн байсан ч үдээс хойш дахиж 2 хүн байна гэдгийг эмчийг ирэхэд мэдсэн. Тэгээд машинд 4 хүн байсныг мэдсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө эгнээндээ явж байхад тэр машин ирж мөргөснөөс миний рул, хийний аппарат ажиллагаагүй болсон. Тийм учраас миний машин цаашаа өөрөө л явсан. Би мөргөлдөхөөс өмнө зогсоох арга хэмжээ авсан. “Хонда Фит” гэдэг машин гэнэт урдаас ороод ирсэн. Ороод ирэхэд нь зогсоох арга хэмжээ авсан. Тэгээд мөргөлдсөн. Би өөрийнхөө эгнээндээ явж байсан учир миний буруу байхгүй. “Хонда Фит” маркийн машины буруу. Би 50-аас 60 км цагийн хурдтай явж байсан. “Хонда Фит” машин хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би осол болдог өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд ажиллаж байсан. Тэгээд би орой 19 цагийн үед ажилдаа явах гэж байхад манай хотод байдаг эгч маань залгаад “ээж, ах, эгч нар осолд орсон байна” гэж хэлсэн. “Хэзээ мэдсэн бэ?” гэхэд “17 цагийн үед мэдсэн” гэсэн. Тухайн үед би өөрөө хэргийн газар очоогүй болохоор сайн мэдэхгүй байгаа ч хэргийн талаар хөөцөлдөж явахад шүүгдэгч осол болоход анхны тусламж үзүүлээгүй байсан. “Хонда Фит” машиныг үзэж байхад жолоочийн арын хаалга ямарч гажих зүйлгүй онгойж байсан. Шил толь нь бүрэн байсан. Тухайн ослын газарт байсан шүүгдэгч болон бүсад хүмүүс ар гэрийхэнд нь нэн даруй мэдэгдээгүй. Манай ах З.Болор-Эрдэнэ “Заамарт айл нүүлгэх” гээд явж байсан. Тэгээд энэ ослын талаар мэдээд хамгийн түрүүнд очсон. Манай гэрийнхэн 18 цагийн үед хотоос гараад 12, 01 цагийн үед очсон. Тухайн үед бид нарт өөд болсон 4 хүнийг зөөх машин олдохгүй байсан. Манай З.Болор-Эрдэнэ ахын машин дээр тавиад ирсэн байсан. Тухайн 4 хохирогчийн оршуулгын зардалд хэрэглээрэй гэж 8.000.000 төгрөг өгсөн. Өгсөн мөнгөнөөс нь тодорхой хувийг оршуулгын зардалд зарцуулсан. Оршуулгын зардал 10.000.000 орчим төгрөг болсон. Мөн төрсөн эгч, ээжийгээ алдсан учир сэтгэл санааны хохиролд 200.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би шүүгдэгчид маш их гомдолтой байна. Хүн битгий хэл малаа алдсан хүн маш их гомдолтой явдаг. Тэгтэл шүүгдэгч бид нартай уулзаж уучлалт гуйгаагүй. Миний хөгшин аав өнөөдрийн шүүх хуралдаанд ирэх байсан ч бие нь муудаад ирж чадаагүй. Аав маань бид нараас илүү сэтгэл санаагаар унаж, туйлдаж ядраад өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадсангүй. Нийт 10.000.000 төгрөг нь оршуулгын зардал, 200.000.000 төгрөг нь сэтгэл санааны хохирол байгаа. Эдгээрийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Бодит гарсан зардал 9.607.880 төгрөг. Би дүгнэлтүүдийг үзээд шүүгдэгчийг буруутай гэж үзэж байгаа. Миний хувьд ээжийгээ цаг бусаар алдсандаа үнэхээр харамсаж байна. Би 2 дүүгээ хараад өрөвддөг. 2 дүүгээ хараад ээж, аавтайгаа ямар сайхан байсан бэ гэж боддог. Энэ хэргийг шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсч байна. Би 4 хүнээ алдсан байж зүгээр сууж чадахгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  П.Нямын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Би 30-ны 18 цагийн үед ажил дээрээ байхдаа энэ талаар мэдсэн. Осол болсон талаар бид нарт мэдэгдээгүй.Бид нар ямар ч хэл чимээгүй болчихлоо гэхэд манай сумаас гарсан машин Дашинчилэн дээр осол гарсан байна гэхээр нь манай эгч Онцгой байдал руу утасдаж байж энэ талаар мэдсэн байсан.Тэгээд бид нар шөнө 12 цагийн үед очиход Булганы цагдаа нар машиныг нь салгаад, цогцыг нь ачиж явсан. Ганц цагдаа л хамгаалалтад байсан.Бид нарыг “амар, прокурор бүх бичлэгийг хийсэн байгаа, маргааш өглөө үзүүлнэ” гэхээр нь бид нар “моорог руу оръё” гэхэд оруулаагүй. Шүүгдэгчийн хэлж байгаа шиг хойд суудал дээр бараа байсан гэдэг нь худал, тийм зүйл байгаагүй. Жоохон ааруул, мах багажинд нь байсан. Хувцас нь хөдөлсөн байсан. Хэргийн газар дээр чиргүүлийг нь салгах гээд хойш нь чирсэн байсан. Анхнаасаа энэ хэргийг будлиантуулсан гэж үзэж байгаа. Бид нар энэ машин компанийн машин гэдгийг мэдээгүй. Бид нартай ч ирж уулзаагүй. Орой цогцос ачиж байхад компанийн машин гэдгийг мэдсэн. Манай дүү Батзориг, бэр Болортуяа маань 2 хүүхэдтэй байсан. Одоо сургуулийн 2 насны хүүхэд өнчин хоцорсон.1 хүүхэд нь 190.000 төгрөгийн тэтгэмж авдаг. Энэ 2 хүүхэд 190.000 төгрөгөөр жил гаран амьдарч байна.1 хүүхэд нь 11 дүгээр анги, нөгөө нь 8 дугаар ангид сурдаг. Сэтгэл санаагаар унаж хичээлээ тасалдаг, хүүхдүүд гэртээ аваачиж тамхи татаж хонодог болсон. Хувцас нь ч муудаж байгаа. Бид нар чадлаараа хувцас авч өгдөг ч хүрэлцдэггүй. Асран халамжлагчаар манай дүү Баянбат тогтоогдсон боловч хохирогч нарын хүүхдүүд нь өөрсдийнхөө гэрт байдаг. Энэ 2 хүүхэд нь Баянбатын гэрт тогтохгүй, сургуулийг нь шилжүүлээд ирсэн чинь хичээлдээ суухаа байсан. Буцаагаад гэрт нь аваачаад хуучин сургуульд нь оруулсан. 2 хүүхэд нь өнчин хоцорсон. 18 болон 16 настай. Асран хамгаалагч нь Баянбат гэж байгаач 2 хүүхэд нь тэдний гэрт тогтохгүй байгаа. Загнахаар 2, 3 хоног алга болдог. Байдал маш хүнд байгаа. Сэтгэл санааны хохирол 200.000.000 төгрөг, эхнэр, нөхрийг хоёуланг нь оршуулсан зардал хамт гарсан болохоор 2 хүнд гарсан зардал 15.480.000 төгрөг болсон. Үүнээс 2.000.000 төгрөг хасагдсан. 15.480.000 төгрөг дээр 200.000.000 төгрөгөө нэмж иргэний хариуцагчаас нэхэмжилж байна. Би өөрөө жолооч хийж байсан хүн, прокурорт энэ чиргүүл тормос гишгэхэд өөрөө толгойгоо татдаг гээд би өөрөө газар дээр нь шалгуулахад тормосоо барихгүй байсан. Намайг очиж үзэхэд жолоочийн талын хаалга зүгээр онгойж байгаа. Буруу талын хаалга зүгээр онгойж байсан. Багаж зүгээр онгойж байсан. Талийгаач маань өөрийнхөө эгнээнд явж байсан. “Норд Бенз” мөргөөд эсрэг урсгал руу ороод буцаж өөрийнхөө урсгал руу орсон байсан.” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Болор-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би төрсөн дүү Болортуяагаа төлөөлж шүүх хуралдаанд орж байгаа. Би өглөө 09 цагаас өөрийн машинаар Улаанбаатар хотоос гарч Заамар орж айл нүүлгэхээр явсан. Атар өнгөрөөд Заамар сум руу орох гээд явж байхад 17 цагийн үед миний төрсөн дүү Болорсайхан Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэнд ээж, эгч маань осолд орсон байна гэж хэлсэн. Би нүүлгэж байсан айлынхаа хүнд ийм учир байдал гарчихлаа гэж хэлээд буцаж Төв аймгийн Атар суманд нөгөө хүнээ буулгаад хэргийн газар дээр 22 цагийн үед очсон. Намайг очиход 2 машиныг салгаж, нас барсан хүмүүсийг Дашинчилэн сум руу авч явсан байсан. “Хонда Фит” машиныг чирээд замаас гаргасан байсан. “Хонда Фит” машины багажинд 1 хонины мах, жимс, ааруул, 3, 4 цүнхтэй хувцас байсан. Шүүгдэгч “Хонда Фит” маркийн машины арын суудал дээр юу байгааг мэдэгдэхгүй, битүү бараа байсан гэж хэлсэн.Намайг очиход эд зүйлсүүдийг замын хажуу руу гаргаад овоолсон байдалтай байсан.“Хонда Фит” машиныг төв замаас гаргаад шороон зам руу тавьсан байсан. Том тэрэг бол 2 талын урсгалын ямар ч машин явах нөхцөлгүйгээр хаасан байсан. Тухайн үед би балмагдсан байсан. Тэнд хамгаалалтад гарсан цагдаа нар надтай юу ч дугаараагүй.Тэгээд би тайвшраад байж байхад том тэрэгний чиргүүлийг машинаас жолооч нар гараараа салгаад түрж байсан.Чиргүүл нь машин асаж байж зохих хий хураагаад чиргүүлийн тормос барих ёстой байсан. Тэр чиргүүл тормосоо барьж байгаа нөхцөлд машин асаж зохих хэмжээний хий хурааж байж чиргүүлийн тормос тавьж чиргүүл чөлөөтэй хөдлөх боломжтой болдог.Чиргүүлийн тормос бариагүй учир 20 хэдэн тонн жинтэй ачаатай болон тодорхой хэмжээний жинтэй чиргүүлийг жолооч нар салгаад гараар түрж байсан. Миний хувьд тэр чиргүүлийг ямар ч тормос бариагүй гэж үзэж байна.Тэгээд гараар салгаад түрж байсан. Би өөрөө жолооч хүн. 10 гаран жил машин барьсан. Сүүлийн үеийн том тэрэг заавал машин асахад зохих хэмжээний хий  хураасан нөхцөлд л чиргүүл тормосоо тавих ёстой. Хий хураагаагүй нөхцөлд том тэрэг чихраад хөдөлдөггүй. Чиргүүл ч хөдөлдөггүй. Тухайн үед би “та нар ар гэрийнх нь хүмүүсийг байлгаж байж нотлох баримтаа цуглуулдаггүй юм уу” гэхэд “улсын чанартай зам учир замыг хурдан чөлөөлөх ёстой. Бид нар бичлэгийг нь хийсэн. Зургийг нь авсан. Маргааш та нарт үзүүлнэ” гэсэн ч үзүүлээгүй. Бид нар үзье гэхэд үзүүлэх ёс байхгүй гэсэн. Том тэрэгт засвар хийж байсан. Манай ах дүү нар 24 цагийн үед ирсэн. Бид нарт таньж мэдэх хүн байхгүй учир машин дотроо хоносон. Маргааш өглөө нь эмч нар задлан шинжилгээ хийсэн. Бид нарт 4 хүнийхээ цогцосыг ачих машин байгаагүй. Арга буюу өөрийнхөө машинаар ачиж авчирсан. Би 300 гаран км замыг үнэхээр тэвчээр хатуужил зааж ирсэн. Надад үнэхээр хэцүү байсан. Энэ хэрэг сунжраад 2 жил болж байна. Миний дүүгийн маань 2 хүүхэд байгаа. 1 нь архинд орж байна. Хичээлдээ явахгүй, тэнэж байна. Нөгөө нь Пи Си тоглоомны газарт тоглож хичээлээ тасалж байна. Бид нар байнга цагдаж чадахгүй байна. Цагдаж асуухад өсвөр насны хүүхдүүд болохоор бид нараас гөжиж байна. Бид нар зохих хэмжээгээр хараа хяналтаа тавьж байгаа ч гэсэн аав, ээжийнх нь хэмжээнд байж чадахгүй. Аав ээжийгээ байхад баяр хөөртэй явдаг байсан. Одоо бол дуугарахаа байсан. Амыг нь нилээд асууж байж ганц хоёр үг хэлдэг. Найз нөхөдтэй байсан найз нөхөд нь цөөрч байна. Өнөөдөр энэ 2 хүүхэд буруу замаар орж байна. Уралдаан тэмцээнд оролцоод медаль авдаг байсан чинь одоо тийм байхаа больсон. Ялангуяа ах нь буруу гарын хүүхдүүдтэй нийлж явж байна. Дүү нь байнга Пи Си тоглож байна. Хаана тоглож байгаа нь мэдэгдэхгүй. Шүүгдэгч “Хонда Фит” машины ард дүүрэн бараа явж байсан гэж байгаа. Тэр машины ард 1 хонины мах эвдээд цаасан хайрцагт хийж тавьсан байсан. Ааруул, жимс, 3, 4 цүнхтэй хувцас байсан. Тэгээд тухайн үед зохих хэмжээний цүнхтэй хувцас урагшаа орсон байсан. Бүхэл бүтэн 2 хүнийг дарахаар ачаа байгаагүй. Хохирогч Болортуяа, Батзориг дүүгийн маань оршуулгын зардалд нийт 15.000.000 төгрөг гарсан. Үүнээс компанийн зүгээс тус бүр 2.000.000 төгрөг өгсөн. Сэтгэл санааны хохиролд мөн дүү нарынхаа ирээдүйн амьдралын баталгаа болгож оршуулгын зардлаас гадна 200.000.000 төгрөгийг компаниас нэхэмжилж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би маш их гомдолтой байна.” Гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч “Интер транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнайн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “УНЦ 21-40 улсын дугаартай “Норд Бенз” маркийн автомашин бол “Интер транс” компанийн эзэмшлийн автомашин. Тухай өдөр уг машиныг Энхбат жолоодож явж байсан. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн үед зам тээврийн осол гаргасан байсан. Компанийн хувьд осол болсныг мэдээд ар гэрт нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор мөн оршуулганд нь нэмэр болгох үүднээс 1 хүнд 2.000.000 төгрөгөөр бодож нийт 8.000.000 төгрөгийн зардал гаргаж өгсөн. Хамгийн гол нь манай компанийн зүгээс Энхбат жолоочийн буруу юм уу гэдгийг хуулийн байгууллага тогтоохыг хүлээж байна. Хууль ёсны төлөөлөгч нар сэтгэл санааны хохирол гаргуулах талаар хэлсэн. Сэтгэл санааны хохирлыг манай Монгол улсын хуулинд гаргах талаар тодорхой заагаагүй. Бодит хохирлын зардлыг нэхэмжлэх эрхтэй. Тэгэхээр бид нар шүүгдэгчийг гэм буруутай юу үгүй юу гэдгийг тогтоолгох хэрэгтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гаргаагүй байхад би хохирлын тал дээр ямар нэгэн тайлбар хийхгүй. Энэ хэрэгт жолооч Батзориг гэдэг хүн дүрэм зөрчсөн гэдэг. Гэм хортой холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ иргэний журмаар шийдвэрлэдэг. Тэгэхээр Иргэний хуулийн 228-аас 230 дугаар зүйлд гэм хороос учирсан хохирлыг шийдвэрлэх заалт байдаг. Энэ заалтад гэм хор учруулсан хүний гэм буруугийн хэр хэмжээг нь харгалзаж үзнэ гэсэн байдаг. Хэрвээ буруутай гэж үзэж байгаа бол манай компани 50 хувийг нь хариуцах ёстой.”  гэх мэдүүлэг,

Шинжээч С.Мөнхдалайн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Дараа нь мөн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Хавтаст хэргийн материалыг үндэслэж дүгнэлтээ гаргасан. А цэгийг замын голд тос гойжсон орчинд байх үндэстэй гэж үзсэн.“Норд Бенз” маркийн тээврийн хэрэгсэл “Хонда Фит” тээврийн хэрэгсэлтэй зүүн тал хэсгээрээ таллан мөргөлдсөн байна гэсэн байгаа. Хэрэв 2 тээврийн хэрэгсэл замыг голлож явсан бол 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөхгүйгээр зөрж өнгөрөх байсан гэж дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр “Хонда Фит” маркийн машин болон “Норд Бенз” маркийн эвдрэл гэмтлийн зургаас харж байж зүүн тал хэсгээрээ таллан мөргөлдсөн гэсэн дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзлэгээр “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг салгасан байсан.Бид нар хэргийн газарт очоогүй. Чиргүүлийн тормосны системийг шалгаж үзээгүй учир хэвийн ажиллаж байсан уу гэдгийг мэдэхгүй. 2 машин хоёулаа зам голлож явсан. Бид А цэгийг тогтоох боломжгүй гэж дүгнэлт гаргаагүй. Харин А цэгийг тодорхой хэмжээний хүрээнд байх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгслийн өргөн 2,5 метр, “Хонда Фит” тээврийн хэрэгслийн өргөн болохоор 1,7 метр гэж үзэж байгаа. Энэ 2 тээврийн хэрэгсэл таллан мөргөлдөж байгаа.Таллан мөргөлдөж байгаа учир тодорхой хүрээлэл үүсгэж байгаа. 1 цэгт мөргөлдөхгүй. Тодорхой хүрээлэлд төв нь энд байх боломжтой юм гэдгийг тогтоох ёстой байдаг. Төв нь тэндээсээ тэдэн метр, үүнээс тэдэн метр гэсэн нарийвчилсан хэмжээ байхгүй. Тэндээс тэдэн см гэдгийг тогтоох боломжгүй. Тэр талаас тэдэн см гэж тодорхойлсон байх ёстой гэж үзээд байх шиг байна. Тэгж тодорхойлохын тулд тодорхой хэмжээс хэрэгтэй байдаг. Хэмжээс энд байхгүй байна. Харин А цэгийн хүрээллийг тодорхойлж болж байна. 2 тээврийн хэрэгсэл 2-уулаа өөд өөдөөсөө урсгал сөрж таллан мөргөлдсөн. 2 тээврийн хэрэгслийн мөр байж болох мөрүүдээс 2 тээврийн хэрэгсэл өөд өөдөөсөө таллан мөргөлдсөн гэж үзсэн.” гэх мэдүүлэг,

Шинжээч Н.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дүгнэлтийг зам, дугуй 2-ын барьцалтаас үүссэн тормосны мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг бодох аргачлалаар тооцож гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар, 2 машин мөргөлдсөн А цэг байралсан байдал, “Норд бенз” машины дугуйны тормозны мөр зэргээс үзээд ямар нэгэн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч П.Эрдэнэхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Осол болсон газраа зам шулуун байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал бус байсан. Алсуур тойрог өнгөрөөд 300 орчим метр яваад осол болсон байсан. Өглөө 09 цаг 05 минутад энэ осол болсон. Үзэгдэх орчин саадгүй байсан. Би хэрэг болсоноос хойш 2, 3 орчим минутын дараа араас нь ирсэн байх. Бид хоорондоо багцаагаар 2 км орчим зайтай явсан байх. Би тойрог дээр урд машины бөгсийг хараад өнгөрсөн. Тойргоос гарч ирэхэд ийм осол болсон байсан. Намайг буугаад очиход Энхбат урдаас “жижиг машин орчихлоо ахаа” гэсэн. Тэгээд очиж харахад 2 хүн нас барсан байдалтай байсан. Тэгээд би утсаар дуудлага өгсөн. Намайг очиж харахад 2 хүн байсан. Өөр юм харагдаагүй. Хаалга нь шахагдсан байсан.Хойно нь хувцас, бараа л харагдаад байсан болохоос хүн харагдаагүй. Би бууж хараад 09 цаг 10 минутад дуудлага өгсөн байх. Би барагцаагаар 70 орчим км цагийн хурдтай явж байсан байх. Зүүнээс баруун чиглэлд явж байсан. Хэмжилт хийж дууссаны дараа зам чөлөөлөхийг даалгасан. Тухайн үед зам хаагдсан байсан. Тиймээс зам чөлөөлөх шаардлагатай болсон. Тэгээд чиргүүлийг бид нар салгаад машинаар татаад холдуулсан. Толгойг нь холдуулах боломж байхгүй байсан учир заавал өөрийг нь асааж хий хураалгаж байж холдуулах хэрэгтэй болсон. Осол болохын өмнө шүүгдэгч хэдэн км цагийн хурдтай явж байсан гэдгийг нь мэдэхгүй. Тэгэхдээ ойролцоо явж байсан.” гэх мэдүүлэг,

          Гэрч Д.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг болсон өдрийн маргааш нь бид нар Булган аймгийн прокуророос ирсэн хүмүүст чиргүүлийг шалгуулах талаар хүсэлт гаргасан байсан. Тэгээд бид аймгийн төвөөс хэргийн газарт буцаж ирэхэд чиргүүлийн хүчлүүрийн боолтнуудыг чангалсан байсан. Шинээр боолт хийсэн байсан. Боолтны толгойг шинэ болгосон байсан. Тормосны хийн залгуурын толгойг сольсон байсан. Хэргийн газарт шинжээч нарт хүсэлт гаргаад зургийг нь авахуулсан боловч хавтаст хэрэгт ороогүй байсан.” гэх мэдүүлэг,

          Б.Энхбатын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “…Баяннуур сум өнгөрөөд 10 орчим км яваад 09 цагийн орчим нэг эргэлт өнгөрөөд тэгширч байх үед урдаас саарал өнгийн жижиг машин яах ийхийн зуургүй ороод ирсэн. Би машиныг урдаас ирж явааг нилээн холоос буюу 500-600 орчим метр зайд харсан.Тэгээд явж байгаад зөрөх үед нөгөө жижиг машин гэнэт зүүн тийшээ дараад миний машины урдаас ороод ирсэн. Тэгэхээр  нь би сандраад тормосоо гишгэсэн. Намайг тормос гишгэж байх үед л тас гээд мөргөлдсөн.Тэр машин 20-30 орчим метр зайнаас л гэнэт л дараад ороод ирсэн. Тэрнээс өмнө бол уг машин өөрийнхөө урсгалаар л явж байсан. Гаднаас нь харахад бол зүгээр л явж байсан. Нарны туяа урдаас ирж явсан машины өөдөөс тусч байсан. Миний машины араас тусч байсан. Тухайн өдөр нартай цэлмэг байсан. Мөргөлдөх үед би тормос гишгэсэн байсан. Тэгээд зогсох хүртэл тормосоо гишгээд л явсан юм. Хаана нь тормос бариад хаана нь тормос бариагүйг би сайн мэдэхгүй байна. Осол болсны дараа бууж ирээд харахад миний машины урд тал руу нэг жижиг машин орсон байсан. Очоод хартал урд суудал дээр суусан 2 хүн нас барсан байдалтай байсан. Тэгэхээр нь би сандраад арын жолооч Эрдэнэхүүг хүлээгээд Эрдэнэхүү ирээд шууд эмнэлэг цагдаа дуудсан юм. Би тухайн үед их сандарсан болохоор зарим зүйлээ санахгүй байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 175 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Заамар сумаас айл ачих гээд явж байхад замд 17 цагийн үед төрсөн дүү Болорсайхан утсаар яриад ээж, аниа нар Булган аймгийн Дашинчилэн суманд зам тээврийн осолд орж нас барсан талаар хэлсэн юм. Тэгээд би шууд хэргийн газар ирсэн юм. Тэгээд би яг юунаас болж осол гарсан талаар өөрийн нүдээр хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гомдолтой байна.” Гэх мэдүүлэг,

/1хх-ийн 42 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нямын мөрдөн байцаалтад өгсөн:  “Намайг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод ажлаа хийж байхад 15 цагийн үед манай төрсөн дүү Баянбат утсаар яриад Булган аймгийн Дашинчилэн суманд Н.Батболд, П.Батзориг нарыг зам тээврийн осолд амь насаа алдсан талаар хэлсэн юм. Тэгээд л би Улаанбаатар хотоос ирсэн юм. Болсон хэргийн талаар өөрөө хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Н.Батболд миний төрсөн ээж, Д.Батзориг бол миний төрсөн дүү маань байгаа юм. Би хэргийн бодит үнэнийг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 44 дүгээр тал/ 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баянбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр оройн 17 цагийн үед Архангай аймгийн нутагт байх өөрийн төрсөн эгч П.Нямсүрэн утсаар надад Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Н.Батболд, З.Болортуяа, Л.Зууннасан, П.Батзориг нар нь Fit маркийн 89-67 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд орсон талаар хэлсэн юм. Тэгээд би Булган аймгийн Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төв рүү нь утсаар яриад нас барсан талаар мэдсэн юм. Болсон явдлын талаар надад өөр мэдэх зүйл байхгүй. Би мэдсэн даруйдаа өөрийн төрсөн ах П.Ням болон хүүхдүүдэд нь мэдэгдсэн. Мөн Л.Зууннасангийн охин З.Болорсайханд ослын талаар хэлсэн юм.Би өөрөө зам тээврийн осол болсон газар очоогүй. Би хамгаас хайрт ээжийгээ зуурдаар харгислалын байдалтай, биеийн байдал нь бүтэн бус байдлаар амь насаа алдсанд маш их харамсаж байгаа. Одоо үхэн үхтлээ гомдолтой байгаа. Би хэргийг үнэн зөвөөр, хуулийн дагуу шийдвэрлэж өгч шударга ёс ялна гэдэгт итгэлтэй байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 46 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2014 оны 09 дүгээр сарын 30-ны оройн 19 цаг 40 минутын үед намайг ажил дээрээ байж байхад төрсөн эгч З.Болорсайхан нь надад П.Батболд, З.Болортуяа, Л.Зууннасан, П.Батзориг нарыг машинтай явж байгаад зам тээврийн осолд орчихлоо гэж хэлсэн юм. Тэгээд надад хэлэхдээ хамаатан саднаараа ярилцаж байгаад одоо осол болсон газар руу явах гэж байгаа талаар надад хэлсэн юм. Өөрөөр бол надад ослын талаар мэдэх зүйл байхгүй байна. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 48 дугаар тал/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаар:  

  1. Талийгаач Н.Батболдын биед хүзүүний 2-р нугаламын хүзүү, нугасны бүрэн тасрал, гавал тархины эдийн задрал, няцрал, бяцрал, цээжний хөндийн цусан хураа 400 мл, хэнхэрцэг, өвчүү ясны хугарал, зүрхний үнхэлцэг хальсны урагдал, зүрхний баруун, зүүн тосгуур ховдлын ар ханын эдийн задрал, зүүн уушигны ар дэлбэнгийн няцарсан шарх, олон хавирганы хугарал, хэвлийн хөндийн цусан хураа 450 мл, элэг, дэлүүний язрал, задрал, бугалганы дээд 1/3  хэсэг, баруун шилбэний доод 1/3 хэсгийн далд зөрсөн хугарал, баруун тойг ясны ил хугарал, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мөргөгдөх, цохигдох, хавчигдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаачид үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач Н.Батболд нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт,

          /1хх-ийн 53-54 дүгээр тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар:  

  1. Талийгаач З.Болортуяагийн биед гавал тархины эдийн задрал, няцрал, бяцрал, цээжний хөндийн гэмтэл, цээжний хөндийн цусан хураа 500 мл, гол судасны тасрал, хэнхэрцэг, өвчүү ясны хугарал, зүрхний үнхэлцэг хальсны урагдал, зүрхний баруун, зүүн тосгуур, ховдлын урд ханын задрал, 2 уушигны уналт, зүүн уушигны ар дэлбэнгийн няцарсан шарх, олон хавирганы хугарал, хэвлийн хөндийн цусан хураа 450 мл, элэг, дэлүүний язрал, задрал, зүүн хөлийн тавхай ясны дээд хэсгийн хөндлөн хугарал,  зүүн сарвуунд шарх, зүүн эгэм, цээж, баруун гуя, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мөргөгдөх, цохигдох, хавчигдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаачид үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач З.Болортуяа нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт,

           /1хх-ийн 56-57 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 54 дүгээр:  

  1. Талийгаач П.Батзоригийн биед 2 тал бөмбөлгийн баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, дагзны хуйхан дахь цус хуралт, цээжний хөндийн цусан хураа 600 мл,  зүүн талд 2-5 дугаар хавирганы хоёрлосон шууд бус хугарал, голтод цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа 400 мл, элэгний язрал, зулайн хуйх, зүүн шуу, зүүн тохой, баруун бугуйнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, суга, өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мөргөгдөх, цохигдох, хавчигдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаачид үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач П.Батзориг нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт,

           /1хх-ийн 59-60 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 55 дугаар:  

  1. Талийгаач Л.Зууннасангийн биед гавал тархины эдийн задрал, няцрал, бяцрал, хүзүүний 1-р нугаламын бүрэн тасрал, цээжний хөндийн гэмтэл, цээжний хөндийн цусан хураа 800 мл, хэнхэрцэг, өвчүү ясны хугарал, зүрхний үнхэлцэг хальсны урагдал, зүрхний баруун, зүүн тосгуур, ховлын ар ханын эдийн задрал, зүүн уушигны ар дэлбэнгийн няцарсан шарх, олон хавирганы хугарал, хэвлийн хөндийн цусан хураа 500 мл, элэг, дэлүүний язрал, задрал, зүүн эгэм, цээжинд цус хуралт, баруун суганд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мөргөгдөх, цохигдох, хавчигдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаачид үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач Л.Зууннасан нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт,

          /1хх-ийн 50-51 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн автотехникийн шинжилгээний лабораторийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4120 дугаар:

            1. Уг хэргийн газрын үзлэгийн 2 автомашин анх мөргөлдсөн гэх “А” цэг үндэслэлгүй, А цэг нь замын голд үүссэн тос мэт зүйл гоожсон, зам зурагдаж шороо мэт зүйл цацарсан хэсгийн орчимд байх үндэстэй байна.

            2. Тухайн зам дээр үүссэн мөр нь тормосны мөр гэж үзэх үндэслэл болохгүй байх тул тухайн мөрөөр хурдыг тогтоох боломжгүй байна.

            3. 2 тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс үзэхэд “North benz” маркийн тээврийн хэрэгсэл нь “Honda Fit” маркийн тээврийн хэрэгсэлтэй зүүн тал хэсгээрээ таллаж мөргөлдсөн байх үндэстэй байна.

            4. “North benz” автомашины өргөн техникийн үзүүлэлтээр 2,5 м, Honda Fit автомашиных 1,7 м орчим байх тул автомашинууд зорчих хэсэг дээр баруун гар талаа барьж явсан бол хажуу хоорондын зай 2.1-2.8 метр байх тул хороондоо мөргөлдөхгүй байх үндэстэй байжээ.

            5. Тухайн 2 тээврийн хэрэгсэл нь зам голлон явж байсан нь зам тээврийн ослын нөхцөл шалтгаан болсон байна гэж үзэх үндэстэй байна.” гэх дүгнэлт,

            /2хх-ийн 163 дугаар тал/

         Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 716 дугаар:

1. ...2140 УНЦ улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашины жолооч Б.Энхбат нь ослын үед автомашиныг зогсоох арга хэмжээ авсан байна. 2140 УНЦ улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашины тормозны мөр зам дээр гарсан байна. Гэвч автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна.

2. ...89-67 УНЗ дугаартай “Honda Fit” маркийн автомашины жолооч П.Батзориг нь ослын үед автомашиныг зогсоох арга хэмжээ авсан эсэх, мөн уг автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна.

 3. ...2140 УНЦ улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашины жолооч Б.Энхбат болон 89-67 УНЗ улсын дугаартай “Х.Фит” маркийн автомашины жолооч П.Батзориг нар нь хоёулаа зам голлож явж байсан нь зам тээврийн ослын нөхцөл шалтгаан болсон байна. Иймд 2140 УНЦ улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашины жолооч Б.Энхбат нь МУ-ын ЗХД-ийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            89-67 УНЗ дугаартай “Х.Фит” маркийн автомашины жолооч П.Батзориг  МУ-ын ЗХД-ийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Осол болоход зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.” гэх дүгнэлт,

            /2хх-ийн 197 дугаар тал/

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 3-6 дугаар тал/

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,

/1хх-ийн 5-6 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 7-16 дугаар тал/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1хх-ийн 17-34 дүгээр тал/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 34-37 дугаар тал/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,

/1хх-ийн 40 дүгээр тал/

 

Техникийн шинжээчийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1820 дугаар дүгнэлт,

/1хх-ийн 144 дүгээр тал/

 

Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15/010970 дугаар дүгнэлт /1хх-ийн 162-164 дүгээр тал/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Шүүгдэгч Б.Энхбат нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг Боргочингийн гүүр гэх газарт “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 21-40 УНЦ улсын дугаартай чиргүүлтэй “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж яваад, мөн дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас П.Батзориг жолоочтой “Хонда фит” маркийн 89-67 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарч, улмаар жолооч П.Батзориг болон зорчигч Л.Зууннасан, З.Болортуяа, Н.Батболд нарын амь нас хохирч Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ням, З.Болор-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нарын өгсөн мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Болор-Эрдэнийн өгсөн  “Намайг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Заамар сумаас айл ачих гээд явж байхад замд 17 цагийн үед төрсөн дүү Болорсайхан утсаар яриад “ээж, аниа нар Булган аймгийн Дашинчилэн суманд зам тээврийн осолд орж нас барсан” талаар хэлсэн юм.” гэх /1хх-42/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нямын өгсөн “Намайг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод ажлаа хийж байхад 15 цагийн үед манай төрсөн дүү Баянбат утсаар яриад Булган аймгийн Дашинчилэн суманд Н.Батболд, П.Батзориг нарыг зам тээврийн осолд амь насаа алдсан талаар хэлсэн юм. Н.Батболд миний төрсөн ээж, Д.Батзориг бол миний төрсөн дүү маань байгаа юм.” гэх /1хх-44/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баянбатын өгсөн “2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр оройн 17 цагийн үед Архангай аймгийн нутагт байх өөрийн төрсөн эгч П.Нямсүрэн утсаар надад Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт П.Батболд, З.Болортуяа, Л.Зууннасан, П.Батзориг нар нь Fit маркийн 89-67 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд орсон талаар хэлсэн юм. Тэгээд би Булган аймгийн Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төв рүү нь утсаар яриад нас барсан талаар мэдсэн юм. Болсон явдлын талаар надад өөр мэдэх зүйл байхгүй. Би мэдсэн даруйдаа өөрийн төрсөн ах П.Ням болон хүүхдүүдэд нь мэдэгдсэн. Мөн Л.Зууннасангийн охин З.Болорсайханд ослын талаар хэлсэн юм.” гэх /1хх-46/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбаярын өгсөн “2014 оны 09 дүгээр сарын 30-ны оройн 19 цаг 40 минутын үед намайг ажил дээрээ байж байхад төрсөн эгч З.Болорсайхан нь надад П.Батболд, З.Болортуяа, Л.Зууннасан, П.Батзориг нарыг машинтай явж байгаад зам тээврийн осолд орчихлоо гэж хэлсэн юм.” гэх /1хх-48/,

гэрч Г.Эрдэнэхүүгийн өгсөн “...Ингээд хоносон газраасаа хөдлөөд 50 гаран км явж байгаад Баяннуур сумын арын нуурын тойрдог хэсэг рүү Энхбатын машины бөгс үзэгдээд л араас нь би 30 орчим секундын зайтай тойрог хэсгийг тойроод ортол өөдөөс Энхбат явган миний машины өөдөөс гүйгээл ирсэн. Би машинаа зогсоогоод замаа чөлөөлөөд зогсоод “яасан” гэсэн чинь Энхбат “миний урдаас машин орчихлоо ш дээ” гэж хэлсэн. Ингээд би Энхбатын хамт машиных нь урд очсон чинь жижиг суудлын Хонда Фит маркийн машин Энхбатын машины зөв талын урд хэсгээр орчихсон, жижиг машины жолооч залуу, хажууд нь байсан настай эмэгтэй хүн 2-лаа газар дээрээ нас барсан байдалтай байсан.” гэх /1хх-120/,

гэрч Ч.Батхүүгийн өгсөн “...2014.09.30-ны 09 цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Баяннуур сум өнгөрөөд явж байтал урд талд явж байсан Энхбат болон Эрдэнэхүү нарын автомашин зогсож байгаа харагдсан юм. Тэгээд араас явж очоод зогсоод буугаад очиход Энхбатын автомашинтай жижиг суудлын автомашин өөдөөс нь ирээд мөргөлдөөд доогуур нь орчихсон байдалтай байсан. Тэгээд тэндээ байж байтал цагдаа ирсэн. Осол хэргийн газар очиход Энхбатын автомашин болон нөгөө жижиг суудлын автомашинууд зам голлоод зогссон байсан. Яг аль урсгалд анх автомашинууд мөргөлдсөн талаар бол мэдэх зүйл бол байхгүй.” гэх /1хх-118/,

гэрч Э.Зоригтбаатарын өгсөн “...2014.09.30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад хоносон газраасаа Батхүү бид 2 хөдлөөд Булган аймгийн Баяннуур сум өнгөрөөд явж  байтал урд явж байсан манай 2 машин зогсож байгаа харагдсан. Тэгээд яваад очиход осол аваар болчихсон байсан. Осол хэргийн газар очих үед Энхбатын машины чиргүүл нь зорчих хэсгийн хойд тал буюу эсрэг урсгалын зам дээр харин их бие буюу толгой хэсэг нь жижиг машиныг мөргөж түрээд өөрийнхөө урсгалд орчихсон байдалтай зогсож байсан.” гэх /1хх-128/,

Б.Энхбатын яллагдагчаар өгсөн “…Баяннуур сум өнгөрөөд 10 орчим км яваад 09 цагийн орчим нэг эргэлт өнгөрөөд тэгширч байх үед урдаас саарал өнгийн жижиг машин яах ийхийн зуургүй ороод ирсэн. Би машиныг урдаас ирж явааг нилээн холоос буюу 500-600 орчим метр зайд харсан. Тэгээд явж байгаад зөрөх үед нөгөө жижиг машин гэнэт зүүн тийшээ дараад миний машины урдаас ороод ирсэн. Тэгэхээр  нь би сандраад л тормос гишгэсэн. Намайг тормос гишгэж байх үед л тас гээд мөргөлдсөн. Тэр машин 20-30 орчим метр зайнаас л гэнэт л дараад ороод ирсэн. Тэрнээс өмнө бол уг машин өөрийнхөө урсгалаар л явж байсан. Гаднаас нь харахад бол зүгээр л явж байсан. Нарны туяа урдаас ирж явсан машины өөдөөс тусч байсан. Миний машины араас тусч байсан. Тухайн өдөр нартай цэлмэг байсан. Мөргөлдөх үед би тормос гишгэсэн байсан. Тэгээд зогсох хүртэл тормосоо гишгээд л явсан юм. Хаана нь тормос бариад хаана нь тормос бариагүйг би сайн мэдэхгүй байна. Осол болсны дараа бууж ирээд харахад миний машины урд тал руу нэг жижиг машин орсон байсан, очоод хартал урд 2 суудал дээр суусан 2 хүн нас барсан байдалтай байсан. Тэгэхээр нь би сандраад арын жолооч Эрдэнэхүүг хүлээгээд Эрдэнэхүү ирээд шууд эмнэлэг, цагдаа дуудсан юм. Би тухайн үед их сандарсан болохоор зарим зүйлээ санахгүй байна.” гэх /1хх-175/,

гэрч Х.Пүрэвчулууны өгсөн “…тэгээд жолооч Батсүх бид 2 аваар хийсэн Норд бенз маркийн 21-40 УНГ улсын дугаартай автомашины эд ангийг сольсон. Миний мэдэхээр радиатор сольсон, би нарийн эд ангиудыг нь мэдэхгүй байна.” гэх /1хх-109/,

гэрч А.Батсүхийн өгсөн “…осол хэргийн газар очиход 2 талаасаа түгжрэл үүссэн байсан ба цагдаагийнхан үзлэг хэмжилтээ хийгээд дуусчихсан байсан, тэгээд машинаа холдуулж замаа чөлөөл гэсэн, ингээд замыг чөлөөлөхийн тулд автомашины зарим эд ангийг шинээр сольж тавьсан. Сольсон эд ангиуд гэвэл: Усны болон трубины радиатор, рульний бандгар хар, зөв талын буюу зүүн гар талын нумны стирмен, сэнсний мэдрэгч, сэнс, хий хувиарлагч аппарат зэргийг солиод автомашиныг замаас гаргаж Дашинчилэн сумын цагдаагийн газар хүргэж өгсөн.” гэх /1хх-113/,

гэрч Б.Энхтүвшингийн өгсөн “...Ингээд осол хэргийн газар очиход зам 2 талаасаа хаагдсан, хөдөлгөөн хязгаарлагдсан, том оврын машин Х.Фит маркийн автомашинтай мөргөлдөөд замын хойд талдаа байрлалтай зогсож байсан. Уг замын тусгаарлах зурвасны хойд талд 50 орчим см-ийн зайд автомашинууд анх мөргөлдөөд Х.Фит маркийн 89-67 УНЗ дугаартай автомашин Норд бенз маркийн 2140 УНЦ дугаартай автомашины доогуур орж автомашины ямар нэгэн төмөр эд анги асфальтан зам дээр ухагдаж зурагдсан мөр байсныг үндэслэн анх мөргөлдсөн цэгээр авч үзлэгийг хийсэн.” гэх /1хх-111/,

гэрч Б.Ганбаатарын өгсөн “...Намайг очиход Норд бенз маркийн  21-40 УНЦ дугаартай автомашин Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд ертөнцийн  зүгээр хойд  талдаа буюу өөрийнхөө явж байсан урсгалд толгой хэсэг нь, чиргүүл хэсэг нь эсрэг урсгалд ороод зогсчихсон Х.Фит маркийн 89-67 УНЗ дугаартай  автомашинтай эсрэг урсгалд Норд бенз маркийн 21-40 УНЦ дугаартай автомашины доогуур орчихсон байдалтай зам дээгүүр тос масло гойжсон  байдалтай Норд бенз маркийн 21-40 УНЦ дугаартай автомашин Х.Фит маркийн 89-67 УНЗ дугаартай автомашиныг түрээд явчихсан мөртэй байсан. ...ингээд үзлэгийг дуусгаад “Норд бенз маркийн 21-40 УНЦ дугаартай автомашиныг Дашинчилэн сумын цагдаагийн албаны хашаанд чирээд аваач битүүмжилнэ” гэсэн чинь “асахгүй бол явахгүй чирээд ч явахгүй бүх зүйл нь барчихсан байгаа” гэсэн, тэгээд “ямар нэгэн аргаар асаагаад аваач” гэсэн, тэгээд маргааш өглөө нь дахиж хэргийн газар очиход тухайн автомашины эд ангийг сольж тавьж байсан, ингээд цаашаа асаагаад авч явсан.” гэх /1хх-115/,

гэрч Н.Ууганбаярын өгсөн “...тэгээд өдөр нь цайнд ороод чиргүүлэнд нь үзлэг хийе гэсэн, тэгтэл нөгөө прокурор нь “та нар түрүүлээд очиж бай, би араас нь очьё” гээд удахгүй ирээд чиргүүлэн дээр нь тормос шалгах үзлэг хийсэн. Тухайн үед чиргүүлийн тормосыг нь биднийг очих үед уг компаний засварчид янзалсан чиргүүл доор нь гутлын мөр гарсан, мөн тормосны хүчлүүрийн боолтуудыг нь шинээр чангалсан байдалтай байсан, энэ зургийг тухайн хэргийн газарт очсон шинжээч хүүхэн авсан. Гэтэл уг зураг огт хэрэгт хавсрагдсан зүйл алга байна. Бид уг зургийг авсан байгаа, энэ зураг миний утсанд байгаа. Тэгээд замын машин зогсоогоод чиргүүлийг нь чирүүлээд шалгалт хийхэд уг чиргүүлийн тоормос байхгүй байсан.” гэх /1хх-124/,

гэрч Д.Ууганбаярын өгсөн “...Үзлэгийг хийхдээ 2 автомашин анх мөргөлдсөн гэх А цэгийг зорчих хэсгийн тусгаарлах цагаан зурааснаас хойд зүгт 50 см-ийн зайтай байх зорчих хэсэг дээр замын гадаргуу дээр ухагдсан ул мөр түүнээс цааш тээврийн хэрэгслийн тос гоожиж автомашины дугуйны түрэгдсэн байдалтай гарсан мөрийг үндэслэн А цэгийг тогтоож хэмжилтийг хийсэн.” гэх /1хх-130/ мэдүүлгүүд,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 52, 53, 54, 55 дугаар дүгнэлтүүд /1хх-50-51, 53-54, 56-57, 59-60/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн автотехникийн шинжилгээний лабораторийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4120 дугаар дүгнэлт /2хх-163/,

            Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 716 дугаар дүгнэлт /2хх-197/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-17-34/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа нь Б.Энхбатыг яллах үндэслэл болж байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

           Иймд шүүгдэгч Б.Энхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 4 хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Шүүгдэгч Б.Энхбатад ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Энхбат нь 2014 оны 09 дүгээр сарын 30-нд буюу 2015.07.02-ноос өмнө хүнд гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбатын эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр  шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баянбат “...бэр эгч Болортуяаг зуурдаар алдсан. 2014 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэл “Сөүл” ХХК-ийн ресторанд тогоочоор ажиллаж байсан. Хууль ёсны төлөөлөгчийн хувьд өнчирч хоцорсон дүү Мөнх-Эрдэнэд ногдох тэтгэмжийн зөрүү 1 сарын 290.333 төгрөг буюу насанд хүртэлх 4 жил 8 сар буюу 56 сарын тэтгэмжийн зөрүү нийт 16.258.666,7 төгрөгийг иргэний хариуцагч болон шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. /3хх-23-25/” гэж, шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбаяр “нийт 10.000.000 төгрөг нь оршуулгын зардал, 200.000.000 төгрөг нь сэтгэл санааны хохирол байгаа. Эдгээрийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Бодит гарсан зардал 9.607.880 төгрөг” гэж, П.Ням “Сэтгэл санааны хохирол 200.000.000 төгрөг, эхнэр, нөхрийг хоёуланг нь оршуулсан зардал хамт гарсан болохоор 2 хүнд гарсан зардал 15.480.000 төгрөг болсон. Үүнээс 2.000.000 төгрөг хасагдсан. 15.480.000 төгрөг дээр 200.000.000 төгрөгөө нэмж иргэний хариуцагчаас нэхэмжилж байна.” гэж, З.Болор-Эрдэнэ “Хохирогч Болортуяа, Батзориг дүүгийн маань оршуулгын зардалд нийт 15.000.000 төгрөг гарсан. Үүнээс компанийн зүгээс тус бүр 2.000.000 төгрөг өгсөн. Сэтгэл санааны хохиролд мөн дүү нарынхаа ирээдүйн амьдралын баталгаа болгож оршуулгын зардлаас гадна 200.000.000 төгрөгийг компаниас нэхэмжилж байна.” гэж тус тус тайлбар, мэдүүлэг гарган нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, мөн 509 дүгээр зүйлийн 509.1-д “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө.” гэж тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо шүүгдэгч Б.Энхбат болон иргэний хариуцагч “Интер транс” ХХК-иар төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

           Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Энхбатын ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдад учруулсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч “Интер транс” ХХК-иар төлүүлэх үндэслэлтэй байна.

“Хонда Фит” маркийн 8967 УНЗ улсын дугаартай автомашины жолооч П.Батзориг нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасны дагуу хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт олгох гэм хорын хэмжээг 30 хувиар багасгаж шийдвэрлэв.

Иймд иргэний хариуцагч “Интер транс” ХХК-иас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон оршуулгын зардалд нийт 25.261.516 төгрөгийг гаргуулан  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэбаярт 6.725.516 төгрөг, П.Баянбатад 7.700.000 төгрөг, иргэн П.Нямд 5.418.000 төгрөг, З.Болор-Эрдэнэд 5.418.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Дээрх гэм хорын хохирлоос иргэний хариуцагч “Интер транс” ХХК-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баянбат, Г.Эрдэнэбаяр, П.Ням, З.Болор-Эрдэнэ нарт тус бүр 2.000.000, нийт 8.000.000 төгрөг төлсөнийг хасч тооцов.

 

Түүнчлэн иргэний хариуцагч “Интер транс” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж зааснаар өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээд болох Б.Энхбатаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

          Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэбаяр, П.Баянбат, П.Ням, З.Болор-Эрдэнэ нар сэтгэл санааны хохиролд тус бүр 200.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “...эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан, сэтгэл санааны  хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Амь хохирогч П.Батзоригийн төрсөн хүү Мөнхбат /РД:АЗ98092219/, Мөнх-Эрдэнэ /РД:АЗ01240511/ нарын асран хамгаалагчаар томилогдсон П.Баянбат нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул цалин, тэтгэмжийн зөрүү болох 47666 төгрөгийг /зөрүүг амь хохирогч З.Болортуяагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон 3 сарын цалингийн дундаж болох 485.333 төгрөгийг 4 ам бүлд хувааж гарсан 121.333 төгрөгийг 2 хүүхдээр тооцож 242.666 төгрөгийг одоо авч буй тэтгэмж 195.000 төгрөгт харьцуулж зөрүү 47666 төгрөг/  шүүгдэгч Б.Энхбатаас  гаргуулж олгох хууль зүйн үндэслэлтэй байх тул 2001 онд төрсөн насанд хүрээгүй Батзоригийн Мөнх-Эрдэнийг 16 нас хүртэл, хэрэв суралцаж байгаа тохиолдолд 18 нас хүртэл нь цалин, тэтгэмжийн зөрүү болох 47666 төгрөгийг сар бүр шүүгдэгч Б.Энхбатаас гаргуулан олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Cи Dи-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалж, Булган аймаг дахь Цагдаагийн газрын ГХТТасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Энхтүвшингийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор /2хх-39/ битүүмжилсэн иргэний хариуцагч “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 21-40 УНЦ улсын дугаартай “Норд Бенз” маркийн автомашиныг гэм хорын хохиролд тооцон олгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Б.Энхбатад В,С,Е ангиллын 397862 дугаар жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 297.6.2, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Мянгад овогт Батбямбын Энхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 4 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар Б.Энхбатад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Энхбатад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Энхбатын урьд цагдан хоригдсон 77 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  5. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхбатад оногдуулсан 5 жил 1 сар хорих үндсэн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

 

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг си ди-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалсугай.

 

 7. Б.Энхбатын В,С,Е ангиллын 397862 дугаарын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

 

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “Интер транс” ХХК-иас нийт 25.261.516 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэбаярт 6.725.516 төгрөг, иргэн П.Баянбатад 7.700.000 төгрөг, иргэн П.Нямд 5.418.000 төгрөг, З.Болор-Эрдэнэд 5.418.000 төгрөг тус тус олгосугай.

 

 9. Иргэний хариуцагч “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 21-40 УНЦ улсын дугаартай “Норд Бенз” маркийн 2140 УНЦ улсын дугаартай автомашиныг гэм хорын хохиролд тооцон олгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

 10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэбаяр, П.Баянбат, П.Ням, З.Болор-Эрдэнэ нарын сэтгэл санааны хохиролд тус бүр нэхэмжилсэн 200.000.000 төгрөгийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 11. Амь хохирогч  П.Батзориг, З.Болортуяа нарын дундаас 2001 онд төрсөн насанд хүрээгүй Батзоригийн Мөнх-Эрдэнийг 16 нас хүртэл, суралцаж байгаа  тохиолдолд 18 нас хүртэл нь цалин, тэтгэмжийн зөрүү болох 47666 төгрөгийг Б.Энхбатаас сар бүр гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баянбатад олгосугай.

 

 12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энхбатад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ОДОНТУУЛ

 

                                  ШҮҮГЧИД                                       Т.ШИНЭБАЯР

 

                                                                                            С.ӨСӨХБАЯР