| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0080/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/98 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0080/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Хохирогч А.Б, Б.У,
Шүүгдэгч Х.М- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Х.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006240536 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.М- / төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд 2 удаа шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.М- нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “O” баарны гадаа А.Б, Б.У, О.А-нарын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой өөрийн найз ИЖын хамт Тосгоны гудамжинд 0.75 граммын “Хараа” архи уучихаад “Ок” баар руу ирсэн. Тэгээд бааранд орсон чинь ИЖын дүү ИЧ манай тэрүүгээр байдаг АН, Д нар байсан. Би хальт бүжиглэсэн. Тэгээд ИЧ “гаръя” гээд баарнаас гарсан. Тэгээд баарны өөдөөс харсан 14 дүгээр байрны сааданд сууж байсан чинь ИЖ, О.А-нар бид хоёрт пиво авчирч өгөөд тэр хоёр баар руу орчихсон. Тэгээд пивоо ууж байсан чинь байрны гадаа ИЧ нэг залуутай маргалдаад заамдалцаад байж байхаар нь салгах гэсэн чинь болихгүй байсан. Тэгээд л тэрүүгээр энд тэнд хүмүүс маргалдаж муудалцаад л байсан. Тэгсэн намайг нэг залуу цохиод авсан хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд би газар унаад босож ирээд л тэрүүгээр хүмүүстэй маргалдсан. Хоёулханаа 0.75 граммын архи хуваагаад уучихсан байсан болохоор би нилээн согтуу байсан. Ухаан санаа орж гараад байсан ба нэг мэдсэн би 14 дүгээр байрны урагшаа гүйгээд явж байснаа бүдэрч унаад цээжээ халзалчихсан. Тэгээд босоод чигээрээ гүйж яваад 1б байрны урд сууж байгаад архиа арай гайгүй болгоод харьсан.
...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ажил төрөл хийж байгаад хохирогч нарт хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай найз охин болох Б.У-ийн төрсөн өдөр байсан бөгөөд би Б.У-, СЦ, бас нэг ганц нэг найзынх нь хамт “Ок” нэртэй баар руу 23 цаг өнгөрч байхад ороод нэг их удаагүй, дандаа пиво уусан. Тэгээд явахаар болоод бүгдээрээ гарсан чинь гадаа зодоон болж байсан. Бид нарын хэн нэгэн бол оролцсон зүйл байхгүй. Манай нэг зүс таних Б гээд залуу хүнтэй маргалдаад муудалцаад байж байсан. Тэгэхээр нь би салгаад аваад зам гараад авж яваад “цаашаа яв” гээд явуулсан чинь араас нөгөө муудалцаж байсан жижигхэн туранхай залуу “ална аа” гээд байж байхаар нь би нэг их тоогоогүй эргэж хараад явж байсан чинь араас ирээд хүрэх шиг болоод би уначихсан. Тэр үед манай найз охин Б.У- бид хоёрын голоор ороод салгах гэж оролдсон. Тэгээд би босоод нөгөө залууг цаашаа хараад яваад өгөхөөр нь араас нь хөөсөн чинь хэн гэдгийг нь мэдээгүй нэг хүн “чиний нуруунаас цус гоожоод байна аа” гэж хэлсэн чинь зүүн мөрний ард хэсэг зүсэгдчихсэн цус гарч байсан. Тэгээд Б.У- дээр буцаад замын тэнд очсон чинь Б.У-ийг бас зүсчихсэн аймаар их цус гарч байсан. Тэгээд шууд гарыг нь боогоод эмнэлэг рүү явсан. Эмчилгээний зардалд бид 2 нийлээд 2 сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болж тэмдэглэсэн. Тэгээд гадаа гараад харахад манай нөхөр хүмүүстэй маргалдаж байхаар нь нөхрийгөө салгах гэж байгаад нүүр лүүгээ цохиулсан. Нүүрээ хамгаалаад гараараа хаах үед гараа зүсүүлсэн. Миний баруун гарын шөрмөс тасарч 7 оёдол тавиулсан. Одоо би 2 килограммаас дээш жинтэй зүйл өргөж чадахгүй болсон. Эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд гарсан баримтыг охин маань урчихсан юм, гомдолтой байна.” гэх мэдүүлэг
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч А.Б, Б.У нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-8/,
-Хохирогч О.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ямар ч байсан баарнаас гараад ИЧыг хүнтэй маргалдаад байхаар нь болиулах гэж очсон. Тэгсэн л бужигнаад эхэлсэн. Тэгэхээр нь би өөрөө нилээн согтуу байсан учраас зугтаах хэрэгтэй юм байна гэж бодоод гүйсэн. Өөрөө зүсүүлсэн гэдгээ ч мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,
-Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...баарны цаана А.Б- хэдэн хүмүүстэй маргалдаж байхаар нь салгах очтол Б.У- “миний гарыг зүсчихлээ.” гээд байхаар нь очиж асуутал “намайг нэг залуу цохиод миний гарыг зүсчихлээ.” гэхээр нь би харахад нэг эрээн футволктай залуу цаашаа гүйгээд явсан юм. Эрээн футволктай залуу гартаа пивоны шил барьчихсан байхаар нь Б.У-ийг зүссэн гэж бодож байгаа ба бусад хүмүүст нь ямар нэгэн зүйл байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,
-Гэрч Ш.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид хоёр пиво ууж дуусаад Чукагийн араас очсон бөгөөд очтол хүмүүстэй зодолдож байхаар нь О.А-бид хоёр салгасан чинь О.А-ах “миний нурууг хар даа, нуруу хүйт даагаад байна” гэхээр нь хартал нуруу нь зүсэгдэж гэмтсэн байсан. Тухайн үед Х.М- вокзал чиглэлтэй зугтааж, нуруу нь зүсэгдсэн байсан учир бид хоёр 18 дугаар байрны урд талын буудал руу гүйгээд хүний утас гуйгаад эмнэлэг рүү ярьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,
-Гэрч О.И-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.М- тухайн үед угаасаа уучихсан нилээн согтуу байсан. Тэгээд бааранд ороод бүжиглэж байгаад нэг өндөр залуутай мөргөлдчихсөн. Тэгсэн чинь хамгаалагч ирээд намайг “чи гар” гээд гаргасан. Тэгээд гадаа *****ыг хүлээгээд байж байсан чинь нөгөө өндөр залуу нэг намхан залуутай гарч ирээд над руу дайраад хүрээд ирсэн. Тэгээд заамдалцаад муудалцаад байж байсан чинь О.А-гараад ирсэн. Тэгээд бид хоёрыг салгасан.
..Х.М-ыг надтай муудаж байсан өндөр залуу хөөж байх шиг байсан, тэгээд би чигээрээ явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22/,
-Гэрч О.И-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Х.М-ыг ямар хүмүүстэй маргалдаж зодолдсоныг мэдэхгүй байна. Би дүүгээ авах гэж очоод араас явж байгаа юм байх гээд харсан чинь байхгүй байсан. Тэгсэн эргээд дүүгээ аваад явж байсан чинь Х.М- нэг өндөр цайвар царайтай нуруугаа зүсүүлж гэмтээсэн гэх залууд хөөгдчихсөн явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/,
-Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхрийн зүс таньдаг гэх Х.М- гэх залуу шалдан яваад байсан. Бааранд хувцсаа тайлахаас өмнө манай нөхөртэй ирж мэндлээд байсан. Тэгэхэд ИЧтай хамт ирсэн бөгөөд хоёулаа ижилхэн ажлын хувцас гээд эрээн футволктай явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хэргийн 29, 35-36, 44/,
-“...Б.У-ийн биед баруун шуунд шарх, дух, зүүн нүдний зовхи, зүүн гуя, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 30-31/,
-“....А.Б-гийн биед зүүн даланд шарх, зулгаралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 739 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-38/,
-“...Б.А-ны биед баруун далны доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 42-43/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Х.М- нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Oк” баарны гадаа А.Б, Б.У, О.А-нарын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 739, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 740, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /хэргийн 30-31, 37-38, 42-43/ тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Х.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчигт учруулах гэсний өмнө “санаатай” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон боловч хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд өөрчлөлт ороогүй, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцоогүй, харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг заагласан шинжтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан этгээдийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, уг зүйл хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийг “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Б.У-, А.Б-, О.А-нар нь эрүүл мэндэд учирсан хохирол төлбөртэй холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй байх ба хохирогч нар нь эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн бөгөөд уг ялыг эдэлж дуусаагүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолтоор /хэргийн 63/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй, орлого олох боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул торгох ял шийтгэх үндэслэлгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, өмнө тогтоолоор оногдуулсан торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.М-ыг гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.М-т 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.М-т анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Х.М-т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар нь эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ