Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2132001530129 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 2 хүүхэд хадам аавын хамт *******, Ахуй үйлчилгээний 16 айлын 16 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайжийнхан овогт Мөнхбаатарын Бөхцог/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сансарын гудамжинд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны шөнийн 00 цаг 30 минутын орчим М.Өлзийбаярын эрх, эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Миний буруу учраас надад ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг,

Эрүүгийн  2132001570129 тоот хавтаст хэргээс

Хохирогч М.Өлзийбаярын зөрчлийн хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: ...Би оройны 21:00 цагийн орчим гэрээсээ гараад “старс” баарны гадаа өөрийн найзууд болох А.Ган-эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Нямаа нартай уулзаад старс баар луу ороод би найзууддаа 500 граммын 10 лааз сэнгүр нэртэй пиво авч өгөөд, байж байтал манай Б.Энхбат гээд ирсэн. би хэд нийлээд авсан пиво ууж дуусгаад оройн 22:00 цаг өнгөрч байхад гарсан. Гараад IRISH Баар луу явсан. IRISH бааранд ороод манай найз А.Ган-Эрдэнэ 4 лааз сэнгүр пиво авсан. Бид хэд авсан пиво ууж дуусгаад байж байтал манай найз Энхбат 0,75 литрийн “Соёрхол” архи аваад бид хэд ууж дуусгаад, би ахиад 1 шил 0,5 литрийн Чингис нэртэй архи, 2 лааз сэнгүр пиво аваад ууж дуусж байтал баар хаах болсон. Баарнаас гараад манай найз Энхбатын эхнэр ирээд Нямаа гэх ахтай хамт А.Энхбатыг аваад явсан. А.Ган-Эрдэнийг эгч нь ирээд аваад явсан. Би машин дотроо ганцаараа сууж байтал манай найз Эрдэнэбаяр, Бөхөө гэх нэртэй ахтай хамт миний машинд орж ирээд суусан. Тэгээд тэр Бөхөө гэх ах Рашаантын 18 гээд нэртэй дэлгүүр лүү явъя гээд явсан. Тэгээд тэр дэлгүүр дээр очсон чинь хаалттай харагдсан тэгтэл Бөхөө гэх ах гэр ээ зааж өгөхөөр нь гэр лүү нь явсан. Гэр нь Сансарын гудамжны 2 дугаар хөндлөнгийн мухарт байдаг юм байна лээ. Гэрийнхэн гадаа очтол тэр ах манай найзыг Кензоо гэх нэртэй хүн лүү залга гэсэн. Тэгээд тэр хүн лүү нь манай найз залгаад утсаа аваагүй. Тэгээд манай найз ах аа та одоо буу бид 2 явлаа гэхэд тэр ах машинаас буугаад манай найзыг гараад ир гээд дуудахаар нь манай найз гараагүй, тэгтэл тэр ах шууд манай найзыг татаад толгой руу нь цохиод байхаар би буугаад ахаа та боль гэж хэлтэл, намайг заамдаад толгой руу цохиод дараа нь татаад миний хамар луу мөргөсөн. Намайг мөргөхөд миний хамраас цус гарахаар нь би тонгойтол, миний ар дагз руу цохиод байсан.Тэгэхээр нь та яаж байгаа юм бэ? гэж хэлтэл надаа юм хэлээгүй. Тэгэхээр нь би цагдаа дуудна гэсэн чинь миний утсыг машин руу шидсэн. Тэгээд намайг тэврээд 2 лаа ахын дүү уулзъя гээд байхаар нь үгүй би шийддэг газраар нь шийдүүлнэ гэхэд ах нь 2 хүүхэдтэй гуйж байна, ах нь сөгдөөд гуйя гэхээр нь би хэрэггүй ээ гэж хэлээд машиндаа орж цагдаад дуудлага өгөөд байж байтал тэр ах, ах нь гуйж байна ш дээ гээд байхаар нь би хэрэггүй гээд цагдаад дуудлага өгөөд нэг харсан чинь байхгүй болсон байсан. Байхгүй болцон байхаар хэсэг харж суутал ирээгүй, тэгээд би 102-луу залгаад нөгөө хүн нь зугтчихлаа гэсэн чинь намайг эмнэлэг орж үзүүлээд тодорхойлолтоо аваад хүрээд ир гэсэн. Тэгээд эмнэлэг орж үзүүлээд цагдаа дээр ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 6-7 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэгтээ: ... 2021 оны 09 дүгээр сарын 12-ны орой найзуудаараа бид нар Irish гэх бааранд орсон. Архи согтууруулах ундаа хэрэглээд хаах дөхөж байхад тухайн газарт *******той хаалган дээр мөрөөрөө шүргэлцээд муудсан, ******* нь надтай цуг явж байсан ах болох Б.Нямаад танай энэ дүү чинь намайг мөрлөөд байна дүүдээ хэлээч гэхэд Нямаа ах тэгж болохгүй гараад уучлалт гуй гээд, би гараад уучлалт гуйгаад бид хоёр ойлголцоод шөнийн 00 цаг орчимд *******той тухайн газраас гарсан. ******* ах надад намайг гэрт хүргээд өг гэсэн юм. Би зөвшөөрөөд миний найзын машинд суучих гээд Рашаантын 18 гэх дэлгүүр явсан гэж манай найз хэлсэн би тухайн үед согтуу байсан учир сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар Нарангийн гудамж руу явж байхыг санаж байна. Нарангийн гудамжинд хүрч очоод эхлээд надтай муудсан. Тэгээд миний найз М.Өлзийбаяр нь намайг өмөөрөөд боль ахаа яагаад байгаа юм бэ  гээд өөрөөсөө цааш түлхээд хэлсэн хүрэх газарт чинь хүргээд өглөө гэсэн чинь ******* нь миний найз М.Өлзийбаярыг шууд мөргөсөн, шууд хамраас нь цус гарсан чинь М.Өлзийбаяр би ахаа цагдаа дуудлаа газар дээр нь шийдүүлнэ гэсэн чинь ******* цагдаа битгий дуудаа, ингээд Улаанбаатар яваад эмчлүүлж болно шүү дээ ах нь бага насны хүүхэдтэй, цагдаа шүүхээр явах хүсэлгүй байна аа гэсэн юм. Тэгээд Бөхөө ах цаашаа яваад өгсөн би ардаас нь очоод миний буруу юм чинь ингээд цагдаа шүүх гээд яах вэ гээд найздаа ойлгуулаад хэлээд өгье гэсэн юм. Тэгээд өгвөл ахад нь сайн л байна гэсэн. Тэгээд л цаашаа гэртээ яваад орсон дараа нь М.Өлзийбаярын машинд эргэн ирж суугаад эмнэлэг явсан. Хэсэг унтаад байж байгаад сэрсэн чинь Цагдаагийн гадаа ирсэн байсан. М.Өлзийбаяр цагдаагаас гарч ирж байсан. Намайг мэдүүлэг өгчих гэхээр нь би согтуу байсан тухайн үеийг сайн санахгүй байсан учир цагдаа надад маргааш ирээд мэдүүлэг өг гээд бид хоёр гэртээ харьсан. ...М.Өлзийбаяр өөрөө уудаггүй болохоор уугаагүй, би 2 шил шар айраг, Соёрхол гэх нэртэй 0.5л хэмжээтэй архи 4 хувааж уусан. Өөр архи уугаагүй байхаа сайн санахгүй байна. ...Тэр хоёр нэг нэгийгээ мэдэхгүй улсууд. ...Хүргээд өгчих гэхээр нь л хүргэж өгсөн, өөр санаа тэр хүнд байгаагүй байх. ...Замд явж байхад ямар нэг тийм асуудал байгаагүй, буухад л тийм маргаан болсон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 22-23 дугаар хуудас

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байхад “Айриш” бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед би найз Төргэрэл, Мөнхбадгар, Баясгалан нарын хамт явсан. Бааранд бид нар хүн тус бүр 2 шил пиво уугаад мөн 1 шил 0,75 литрийн хараа архи хувааж уусан. Бид нарын хажуугийн ширээнд миний таньдаг хүмүүстэй хамт Эрдэнэбаяр сууж байсан. Баар хаах болоод шөнө 23 цаг өнгөрч байхад бид нар баарнаас гараад манай найзууд харихаар явцгаасан. Миний хувьд “Тод” дэлгүүрийн үүдэнд Эрдэнэбаяр болон түүнтэй хамт явж байсан хүмүүстэй уулзаж байхад тэд нар машиндаа суугаад араас хүрээд ирээрэй гээд хөдөлсөн. Тэгээд Эрдэнэбаяр бид 2 үлдээд тэд нарын араас яаж явах уу гэтэл Эрдэнэбаяр манай найз машинтайгаа дэлгүүрийн үүдэнд байна хоёулаа хүргүүлье гээд “Тод” дэлгүүрийн үүдэнд зогсож байсан Өлзийбаяртай уулзаад бид 2 машинтай нь Рашаантын 18 дэлгүүр явсан. Учир нь түрүүлээд явсан хүмүүсийг уг дэлгүүр лүү явсан байх гэж бодсон. Тэгээд Рашаантын 18 дэлгүүрийн гадаа очтол уг дэлгүүр хаалттай, түрүүлээд явсан хүмүүс тэнд байгаагүй тул Эрдэнэбаяр ах аа нөгөө хэд чинь алга таныг гэрт чинь хүргээд өгье гэхээр нь би Сансарын гудамжны 2 дахь хөндлөнд хүргүүлсэн. Замдаа Эрдэнэбаяр юм ярьж байснаа та арай давраад байна уу, ямар том болчихсон юм бэ гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж бид 2 маргалдсан. Сансарын гудамжны 2 дахь хөндлөнд ирээд зогссоны дараа би Эрдэнэбаярыг машин дотор 2 удаа шанаадсан чинь хажуунаас Өлзийбаяр яагаад байгаа юм бэ ах аа гээд намайг татахаар нь энэ 2 нийлээд намайг зодох нь гэж бодоод зөрүүлээд Өлзийбаярыг нүүр лүү нь 2-3 удаа цохиход Өлзийбаярын хамраас цус гарсан. Энэ үед Эрдэнэбаяр намайг араас тэвэрч авахаар нь би намайг тавиач, энэ хүний хамраас цус гарчихлаа, би уучлалт гуйя гээд уучлалт гуйсан. Тухайн үед би Өлзийбаяраас эмнэлэг орж үзүүлье, эсхүл хот явж үзүүлж эмчлүүлье гэхэд үгүй гээд уурлаад байсан. ...Намайг араас татахаар нь Эрдэнэбаяртай нийлээд намайг зодох гэж байна гэж буруугаар бодоод уг асуудлыг гаргасан. ...Хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцоод эвлэрсэн байгаа. Надаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн. Хэрвээ эмчилгээний зардлаа баримтаар гаргаж өгвөл хохирлыг төлөхөд бэлэн. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 34-35 дүгээр хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 7 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №195 дугаартай дүгнэлт:

1.М.Өлзийбаярын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүүний урд хэсэгт цус хуралт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5.Хамрын нурууны мурийлт, хамрын яасны хугарал байгаа эсэхийг рентген зураг, толгойн КТГ-т харуулж онош тодруулах шаардлагатай. ...гэх дүгнэлт/Хх-ийн 11-12 дугаар хуудас/-

Хохирогч М.Өлзийбаярын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт/Хх-ийн 53 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 54 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч  ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 12-ны шөнийн 00 цаг 30 минутын орчим *******, Сансарын гудамжинд шалтаг шалтгаангүйгээр хохирогч М.Өлзийбаярыг гараараа нүүр шанаа орчимд цохиж, толгойгоороо хамар тус газар нэг удаа мөргөж баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүүний урд хэсэгт цус хуралт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн зулгаралт үүсгэн эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч М.Өлзийбаярын зөрчлийн хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг/Хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 22-23 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 13 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №195 дугаартай дүгнэлт/Хх-ийн 11-12 дугаар хуудас/,шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

  Иймд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

           

            Шүүгдэгч *******ийн гэмт үйлдлээс нь хохирогч М.Өлзийбаярын эрүүл мэнд буюу биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүүний урд хэсэгт цус хуралт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учирсныг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцох нь зүйтэй байна. Хохирогч М.Өлзийбаяр нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжлээгүй, шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримт ирүүлээгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гэсэн болно.

 

Гурав.Шүүгдэгч *******-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө орлогын байдлыг харгалзан үзэж торгох ялыг шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч М.Өлзийбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

           1. Шүүгдэгч Тайжийнхан овогт Мөнхбаатарын Бөх-цогийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 10/арав/-н сарын хугацаанд сард 50000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шүүгдэгч *******-д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч М.Өлзийбаяр нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ