Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Сүхбаатар

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч А.М

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гт холбогдох эрүүгийн 1725001710090 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, *** сумын ** дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын Г, рөгистрийн дугаар /hh********/

Яллагдагч М.Гийг 2017 оны 08 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод хамтран амьдрагч А.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: М.Г нь 2017 оны 08 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн Овоотын 19 тоотод гэртээ хамтран амьдрагч А.Мтэй маргалдан тогооны тагаар толгой руу нь цохиж биед нь хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч А.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 08 сарын 24- ний өдөр миний хамтран амьдрагч Гийн найзууд нь хөдөөнөөс орж ирээд манай гэрт 4 шил архи уусан. Тэгээд би 2 найзынх нь эхнэртэй Дэнж багт байдаг Сүхээ ахын гэрлүү орчон. Сүхээ ахын гэрт очоод байж байтал Г Сүхээ ахтай хүрч ирсэн. Тэр хоёрыг ирэхээс нь өмнө 3 уулаа 1 шил архи хувааж уугээд сууж байтал Г хэрүүл хийгээд байхаар нь гэрлүүгээ харилаа гээд явах гэсэн чинь намайг гэрээс гаргахгүй байсан. Тэгээд хэрэлдэж байгаад тогооны таг аваад миний толгойруу цохисон. Тэгээд би зугтаагаад улмаар эмнэлэг орж эмнэлэгт үзүүлсэн” ... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн ... А.Мгийн биед тухайн үед хуйханд шарх үүсчээ. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан ба ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Уг гэмтэл тухайн үедээ эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/, Гэрч О.Солонгын ... “Би он сар өдрийг нь санахгүй байна. М Г нар нь манай гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдсан, улмаар Г нь тогооны таг аваад эхнэр лүүгээ шидсэн чинь толгойг нь хагалсан юм... Миний санаж байгаагаар Г рүү эмэгтэй хүн залгаад мессеж бичсэн чинь М нь уурлаад хэрүүл маргаан эхэлсэн юм. Г нь маргалдаж байхдаа М рүү тогооны таг шидсэн өөр гар хүрсэн зүйл байхгүй” ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-29-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч М.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэжээ. Шүүгдэгч М.Г 2017 оны 08 сарын 24-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн Овоотын 19 тоотод хамтран амьдрагч А.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч М.Гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн М-ын Гийг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ