Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Хэргийн индекс | 176/2020/0022/Э |
Дугаар | 2020/ШЦТ/13 |
Огноо | 2020-01-09 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/13
2020 01 09 2020/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У Л.Бид холбогдох эрүүгийн 1934009310508 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймагт 1973 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Буянт” ХХК-д үйлчилгээний машины жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, У Л.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Б нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буянт төв” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “Төмөрийн толгойн ар” гэх газарт байрлах тус компанийн газар тариалангийн талбайг 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манаж хонох хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан ногоон тэжээлнээс бусдад 50 боодол ногоон тэжээлийг зарж борлуулан завшиж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б:
... ... мэдүүлжээ.
Эрүүгийн 1934009310508 дугаартай хэрэгт гэрч Д.Түмэндэлгэр / хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Ч.Нэргүй /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.Лувсанпүрэв /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч А.Гантулга /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч А.Доржпалам /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч С.Эрдэнэсувд /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.Нэргүй /хх-ийн 46, 58 дугаар хуудас/, яллагдагч Л.Б /хх-ийн 54-55 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
Төв аймгийн Эрдэнэсант сумын хөрөнгийн үнэлгээний комиссын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ / хх-ийн 24 дүгээр хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, шүүгдэг Л.Бийн малын А дансны бүртгэлийн хуулбар /хх-ийн 36-38 дугаар хуудас/, Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаа /хх-ийн 40-42 дугаар хуудас/, Буянт Төв ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ний 45/19 дугаартай албан тоот /хх-ийн 43 дугаар хуудас/, ногоон тэжээл хүлээлцсэн талаарх гар бичмэл /хх-ийн 47 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Л.Б нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буянт төв” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “Төмөрийн толгойн ар” гэх газарт байрлах тус компанийн газар тариалангийн талбайг 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манаж хонох хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан ногоон тэжээлнээс бусдад 50 боодол ногоон тэжээлийг зарж борлуулан завшиж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах гэрч Д.Түмэндэлгэрийн ...Би 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөдөө гэрээсээ сургуулийнхаа охиныг дотуур байранд хүргэж ирж Эрдэнэсант сумын ХААН банкнаас 500,000 төгрөг данснаасаа авсан. Тэгээд сумын төвөөр малын ногоон тэжээл авах санаатай хайтал олдоогүй сумын төвөөс цаг оройхон болсон байхад харихаар гарч тэгээд харих замд засмал замын урд байдаг тариалангийн талбайн хашаан дотор гэрэл нь асаалттай машин явж байхаар нь очиж уулзсан. Тэгтэл нэг ах хураалттай ногоон тэжээл дээр байж байхаар нь ахаа ногоон тэжээл зарах уу зарвал авах гэсэн юм гэтэл, чамд мөнгө чинь бэлэн байгаа юм уу гэж асуусан. Тэгээд би надад мөнгө бэлэн байна гэхэд намайг яахав нэг боодлыг нь 6,000 төгрөгөөр авбал ав гэхээр нь авахаар болж тариалангийн хашаан дотор нь ороод машиндаа 50 боодол ногоон тэжээл ачиж аваад тэр ахад бэлэн 300,000 төгрөг тоолж өгөөд хөдөө гэрлүүгээ хөдөлсөн... Би Б гэдэг хүнийг өөрийнхөө мэдлийн ногоон тэжээлийг надад зарсан байна гэж ойлгосон... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Ч.Нэргүйгийн ...Манай компани Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутагт 3000 орчим га газартай энэ жилийн байдлаар 1700 орчим га газарт улаан буудай, арвай, овъёос, ногоон тэжээл гэх төрлийн тариаг тарьсан. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Буянт 3 дугаар багийн Төмрийн толгойн ар гэх газар байрлах тариан талбай дээрээ өглөө, өдөр, орой гурав очиж хяналт тавьсан. Тухайн хугацаанд манай комтанийн ажилчид хурааж авсан ногоон тэжээлээ бөөгнүүлж хурааж овоолж байсан тэр өдөр 500 боодол ногоон тэжээл хураасан юм. Би Төмөр толгойн арын тариалангийн талбайгаас тэр өдрөө 19 цагийн орчимд бригад дээрээ очиж тэндээ байж байгаад 22 цагийн орчимд сумын төвд гэртээ ирж хоночихоод маргааш өдөр нь бригад дээрээ очсон. Тэгээд ерөнхийдөө алсаас ажиглаж байсан гэтэл гэнэт хураалттай байсан ногоон тэжээлээс дутсан ч юм шиг харагдаад байхаар нь тоолж үзтэл 50 боодол ногоон тэжээл дутаж хулгайд алдагдсан байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандаж байна... Манайхаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Лувсанпүрэв, Заанаа, Цэгмид, Б гэх хүмүүс ажиллаж байсан. Б гэх хүн нь Портер машинаар Ногоон тэжээлийг цуглуулж хурааж байсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
гэрч Б.Лувсанпүрэвийн ...Би 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлынхаа Б ах, Төхөмөө ах хоёртой хамт Төмрийн толгойн ар газарт байдаг тариалангийн талбайд ажилласан. Тэр өдөр өглөөний 08 цагаас оройны 19 цаг хүртэл тэнд гурвуулханаа ажилласан. Тухайн цаг хугацаанд урд өмнө нь боосон байсан ногоон тэжээлээ талбайгаасаа хурааж бөөгнүүлж хашааны дотор талын баруун хэсэгт нуруулдаж хураасан. Нэг зуу, зуун боодлоор нь 5 нуруу ногоон тэжээл хураачихаад 19 цаг өнгөрөөгөөд бригад дээр очицгоож хоолоо идчихээд бригад дээр будаа буулгачихаад 23 цаг өнгөрч байхад ажил дуусаад амрах гэтэл Б ах хамтдаа тариалангийн талбайгаа эргэе мал хуй ороод ирчихвий гэж хэлээд Төхөмөө ах, Б ах бид хоёрыг дагуулаад явсан тэгтэл Төмрийн толгойн арын нуруулдсан байсан ногоон тэжээлэн дээр очтол нэг цагаан өнгийн Портер машинтай танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд Б ахтай уулзсан. Би тухайн үедээ Б ахын танил нь л ирж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл Б ах Төхөмөө ах бид хоёрт “алив энэ машинруу гялс 50 боодол ногоон тэжээл аччих” гэж хэлхээр нь Төхөмөө ах бид хоёр ачилцаж өгсөн. Б ахыг мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна. Төхөмөө ах бид хоёрыг гялс ачилцаад өгчих л гэж хэлж байсан. Төхөмөө ах бид хоёрт мөнгө өгөөгүй ээ. Бид гурав бригад дээр очиж байрандаа амарцгаасан... Б ахад захиран зарцуулах эрх байгаагүй... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Ч.Нэргүйгийн ...Бийг нуруулдаж хураасан шинэ ногоон тэжээл өвсийг хараад хоноорой гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өглөө ирээд өмнө нь нуруулдсан ногоон тэжээлүүдийг харахад дутсан юм шиг харагдаад байхаар нь тоолж үзэхэд 50 ширхэг ногоон тэжээл дутсан байсан. Гэтэл дээрх ногоон тэжээлийг манай компанид түр ажиллаж байсан Б манай сумын Туулай гэдэг хүнд зарсан байсан. ..тэгээд Б нь авсан ногоон тэжээлээ дээрх Туулай гэх хүнээс буцааж аваад 46 ширхэгийг өгсөн. Харин 4 ширхэг ногоон тэжээл нь задраад хэрэггүй болчихсон байсан болохоор 4 ногоон тэжээлийнх нь мөнгө болох 32.000 төгрөгийг компаний дансруу хийлгэсэн... /хх-ийн 45 дугаар хуудас/,
яллагдагч Л.Бийн ...Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буянт төв” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “Төмөрийн толгойн ар” гэх газарт байрлах тус компанийн газар тариалангийн талбайг 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манаж хонох хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан ногоон тэжээлнээс бусдад 50 боодол ногоон тэжээлийг зарж борлуулан завшиж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгааг би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөөсөө болж муухай зан гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 54-55 хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
хөрөнгийн үнэлгээний комиссын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Бийг “БУЯНТ ТӨВ” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ногоон тэжээлнээс бусдад 50 боодол ногоон тэжээлийг зарж борлуулан завшиж, тус компанид 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бусдад зарж борлуулж ашиг олж болохгүй гэдгийг мэдсээр байж зарж борлуулж ашиг болж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд уг хууль бус үйлдэл хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас “Буянт Төв” ХХК-д 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Л.Б нь “Буянт Төв” ХХК-д 46 /дөчин зургаа/ боодол ногоон тэжээлийг хүлээлгэн өгсөн болох нь хавтас хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан хохирол төлөгдсөн талаарх гар бичмэл, хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан хохирлын үлдэгдэл 32.000 /гучин хоёр мянга/ төгрөгийг шилжүүлсэн талаарх Хаан банкны гүйлгээний баримтаар тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Л.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Л.Бид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил ялын доод хэмжээгээр оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Унханчууд овгийн Лувсаншаравын Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Унханчууд овгийн Лувсаншаравын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Унханчууд овгийн Лувсаншаравын Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Унханчууд овгийн Лувсаншаравын Бид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Унханчууд овгийн Лувсаншаравын Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Унханчууд овгийн Лувсаншаравын Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Унханчууд овгийн Лувсаншаравын Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН