Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 063

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Б.Сарантуяа, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Р.Оюун,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,    

улсын яллагч Г.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү,

хохирогч Ц.Алтанцоож,

шүүгдэгч Б.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Базаррагчаагийн Чулуунбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2016 2501 0504 дүгээр хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Базаррагчаагийн Чулуунбаатар, Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Улаанбаатар БҮК” компанид бетон арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 2 дугаар гудамж 34 тоотод оршин суух, регистрийн НО87072971 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Чулуунбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр 2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Алтан-Өлгийн 2-34 тоотод хохирогч Ц.Алтанцоожтой маргалдан улмаар цээжин тус газар нь 3 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Б.Чулуунбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн оройн 22 цагийн үед гэртээ айраг уугаад сууж байхад Ц.Алтанцоож ах ирээд “манай найзыг гэрт нь хүргээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “дүү нь айраг уусан байгаа” гэж хэлсээр байтал гуйгаад байхаар нь эгчээрээ машинаа бариулаад явсан. Тэгээд буцаж явж байхдаа Ц.Алтанцоож ахтай маргалдаад ээжийнд ирээд “би энэ айлын том хүү, надад хэлэх юм байвал ээжийн хажууд хэл” гэж хэлсэн. Тэгтэл Алтанцоож ах намайг гаръя гэхээр нь би “гарахгүй, миний гал голомт, миний аавын гэрт хэлж ярих юм байвал хэл” гэж хэлсэн. Алтанцоож ах намайг гаръя гээд толгой руу хоёр гурван удаа цохьсон. Миний ээжийн хажууд намайг цохиод байхдаа яадаг юм гэж бодоод гэнэт миний уур хүрээд Алтанцоож ахтай ноцолдож байгаад халаасанд байсан хутгаар хутгалсан байсан. Энэ хийсэн үйлдэлдээ их харамсаж байгаа.” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Алтанцоожийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө найз хүүхэнийдээ Пүрэвдорж гэх найзтайгаа, түүний эхнэр хүүхэдтэй нь хамт очсон. Тэгээд дүү Чулуунбаатарыг “ах, эгч хоёроороо гэрт хүргээд өгчих” гээд гуйсан чинь “би айраг уусан байгаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “чи барьж болохгүй байгаа бол Чука эгчээр чинь бариулъя” гэж хэлсэн. Найзыгаа гэрт нь хүргэж өгөөд тэнд 1 шил архи, 2,5 литр пиво хувааж уусан. Би битүүний өдрөөс авхуулаад уусан байсан болохоор Пүрэвдоржийнхоос нилээн согтуу гарсан. Шинэ зам дээр ирээд би хэлэхдээ “шороон зам нь ойрхон юм чинь шороон замаар явъя” гэж хэлэхэд Б.Чулуунбат “үгүй ээ, хар замаараа явъя” гэж хэлснээс болоод маргалдаж байх явцад би кардан татсан. Тэгэхээр нь би “чи яахаараа явж байгаа машины кардан татдаг юм” гээд Б.Чулуунбаатарын зүүн хацар луу нь цохьсон. Тэгээд цаашаагаа яваад хаана очсон, яасангаа сайн мэдэхгүй байгаа. Их согтуу байсан болохоор орж гараад байсан. Бэлнээр 2 сая төгрөг, эм тариагаар 1 сая гаран төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал алга.” гэх мэдүүлэг,

Хохирогч  Ц.Алтанцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 13-14 цагийн орчим эрүүл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй Чулуунтай уулзахаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн 34 тоотод ирсэн. Эндээс орой гараад Пүрэвдоржтой утсаар яриад офицерийн буудал дээр уулзаад Чулуунаагийн дүү Баатартай хамт түүний Соната-5 маркийн машинтай Мөнхбат бид нар 7 буудал орсон. Тэнд очоод нэг шил архи, Сэнгүр 2.5 литрийн пиво уусан. Тэндээс хэдэн цагт гарснаа санахгүй байна. Мөнхбат, Чулуунбаатар, Чулуунаа нартай Зүүн Алтан-Өлгийд ирсэн. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би маш их согтсон байсан. Гудамжинд хэвтэж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан. Намайг хадам дүү болох гэж байсан Чулуунбаатар хутгалсан. Миний зүүн талын цээжин хэсэгт 3 удаа хутгалсан. Б.Чулуунбаатартай маргалдаад гэрт барьцалдаж авсны дараа бие сонин болсон. Тэгээд гэрээс гарсан чинь цээжний зүүн талруу хүйтэн юм урсаад байх шиг байхаар нь гараа хийгээд үзсэн чинь цус болсон байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 34-35 дугаар тал/

 

Гэрч Э.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “..Гаднаас Чулуунбаатар орж ирсэн ба ямар нэг зүйл хэлж яриагүй сууж байтал гаднаас Батаа орж ирээд “Алтанцоож цустайгаа холилдсон байна” гэж хэлээд гараад явахаар нь араас Чулуун эгч гарсан ба араас нь би гарсан. Миний араас Чулуунчимэг нар гарч ирсэн ба Алтанцоож дээр очиход Алтанцоожийн энгэр хэсэг нь цус болчихсон хашааны гадна байх товгор шороон дээр Батаагийн хамт сууж байсан. Тэгээд бид нар түргэн дуудаад гэрт оруулаад байж байтал цагдаа хүрээд ирсэн. Ингээд манай нөхөр Чулуунбаатар, Батаа нарыг аваад явсан. Алтанцоожийг хэн хутгалсныг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38 дугаар тал/

 

Гэрч Н.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Машинд Алтанцоож, Чулуунбаатар, Чулуун бид нар явсан ба машиныг Чулуун бариад явсан. Тэгээд Дарь Эхийн шинэ буудал хавьд ирж байтал Алтанцоож нь хойгуур буюу хуучин ганц худгийн урдуур гараад явчих гэж хэлсэн. Харин Чулуунбаатар нь төв замаараа явчих гээд маргалдаж байтал Чулуунбаатар нь машины крадан татсан. Тэгтэл Алтанцоож нь “чи явж байгаа машины крадан татаад байхдаа яадаг юм” гэж хэлээд Чулуунбаатарын нүүрэн тус газар гараараа цохьсон. Тэгтэл Чулуун боль гэж хэлээд хуучин ганц худгийн тийшээ эргэж явсан ба явж байх үедээ маргалдаад байсан. Бүүр сүүлдээ ноцолдох гээд байхаар нь Чулуун машинаа зогсоосон. Би одоо боль, боль гэсэн чинь Алтанцоож машинаас буусан. Би ч гэсэн машинаас буусан. Тэгтэл Чулуунбаатар нь машинаа өөрөө бариад эгч Чулуунтайгаа 500 метр газар яваад зогссон. Тэгээд Чулуун бид хоёрыг дуудаад “та хоёр хөлдөж үхнэ, машинд суу явцгаая” гэж хэлсэн. Тэгээд Алтанцоож бид хоёр  машинд суусан. Тэгээд бид нар Зүүн Алтан-Өлгийн тэнд байх Чулууны гэрт ирсэн. Харин машинаас Алтанцоож бид хоёр буугаад бие засаад зогссон. Харин Чулуунбаатар гэр рүүгээ орсон. Чулуун хашааны хаалга хаасан ба бид гурав цуг Оюунбилэг эгчийн гэрт ортол Чулуунбаатар нь ээжийнхээ гэрийн зүүн талын  орон дээр сууж байсан. Тэгтэл Чулуунбаатар нь Алтанцоож руу “чи наад хүнээ авч суусныхаа дараа надад заагаараа” гээд халаасандаа гараа хийсэн байдалтай баруун талын орон дээр сууж байсан Алтанцоож руу ирсэн. Тэгтэл Алтанцоож “хоёулаа гаръя, энд хэрэггүй хөгшин хүний гэрт хэрэлдээд яахав” гэж хэлээд Чулуунбаатарыг татаад гэрээс гарах гэж байгаад зуухны ард яндангийн ард барьцалдаад ноцолдоод эхэлсэн. Тэгтэл Оюунбилэг эгч “наад хоёр хүүрээ салгаач” гэж орилсон ба би очоод салгах гэсэн чинь Алтанцоож гараад явсан. Тухайн үед Алтанцоож Чулуунбаатарын дээр гарсан байсан. Намайг очиж салгах гэхэд Алтанцоож гараад зугтаасан. Tэгэхээр нь би Алтанцоожийн араас гарсан. Тэгтэл Алтанцоож хашааны урд талын хаалгаар гараад урд хашааны хажууд суучихсан “найзыг нь хутгалчихлаа шүү дээ” гээд сууж байсан ба “найз нь охинтойгоо утсаар яримаар байна” гэхээр нь юу яриад байгаа юм, хаана чинь хутгалсан юм гэж асуусан. Тэгтэл Алтанцоож нь зүүн талруугаа заагаад “энэ хавьд халуун оргиод юм гоожоод байна” гэхээр нь гараа хийгээд үзсэн чинь миний гар нил цус болоод гараад ирсэн.” гэх мэдүүлэг, 

/хх-ийн 40 дүгээр тал/

Гэрч Б.Чулуунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…гаднаас Батаа орж ирээд цустай нь холчихлоо шүү дээ гэж хэлсэн. Гэрт байсан бид нар хэн, юу яасан гэж хэлээд гэрээс гарсан чинь Алтанцоож нь хашааны гадна талд буюу урд хашааны хойно Батаа нь Алтанцоожийн хойд талаас нь хоёр суганаас нь өргөөд босгох гэж байхад нь би очоод “юу болсон бэ” гэж хэлээд Алтанцоожийн урд талаас нь өргөх гээд хоёр гараараа тэврээд авсан чинь миний гар нойт оргиод явахаар нь би гар утасныхаа гэрлийг асаагаад харсан чинь миний гар цус болсон байсан. Тэгэхээр нь би яанаа, цус гарч байна гэж хэлээд түргэн тусламж дуудаж байх хооронд манай хэд Алтанцоожийг тэврээд ээжийн гэрт оруулаад байж байтал цагдаагийн хүмүүс хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 44 дүгээр тал/

Гэрч Б.Чулуунтуулын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн үед манай Чулуунчимэг гэдэг дүү над руу утсаар яриад эгчээ хүрээд ирээч гэж ярьсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуусан чинь “та зүгээр хүрээд ир, энд нэг юм болчихоод байна” гэсэн. Ингээд ээжийн гэрт ирсэн чинь баахан цагдаа нар ирчихсэн хутга хайгаад байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь ээж мэдэхгүй гэсэн. Тэгээд Чулуунбаатарын эхнэр Үүрийнтуяагаас асуусан чинь Чулуунбаатар Алтанцоожийг хутгалсан гээд аваад явсан. Тэгээд цагдаа нар ирээд хутга хайгаад байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 46 дугаар тал/

Гэрч Н.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хүү Чулуунбаатар орж ирээд гэрийн зүүн талд орон дээр суусан. Тэгтэл араас нь манай хүргэн болох гэж байсан Алтанцоож, Чулуун хоёр орж ирээд гэрийн баруун талын орон дээр суусан ба Чулуун гараад явсан. Тэгтэл Чулуунбаатар нь Алтанцоожид хэлэх үг байгаа бол ээжийн хажууд хэлчих гэж хэлсэн. Тэгтэл Алтанцоож хоёулаа гаръя гэж хэлээд босоод үүдэнд ирсэн. Тэгтэл Чулуунбаатар гарахгүй гэж хэлсэн. Тэгтэл Алтанцоож нь явж очоод Чулуунбаатарын толгойн хэсэгт цохих шиг болсон. Тэгээд хоёулаа барьцалдаад авсан. Тэгээд тогоотой ус асгасан. Тэгтэл гаднаас Баатараа гэдэг залуу орж ирэхээр нь наад архичинаа аваад гар гэж хэлсэн. Тэгсэн Баатараа нь Алтанцоожийг аваад гарсан ба төд удалгүй Баатараа эргэж орж ирээд Чулуунбаатар руу “чи Алтанцоожийг цустай нь холчихсон байна шүү дээ” гэж хэлсэн. Ингээд бид нар гэрээс гарч Алтанцоожийг оруулж ирсэн. Тэгээд түргэн тусламж, цагдаа болсон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 47 дугаар тал/

Гэрч Б.Чулууны мөрдөн байцаалтад өгсөн: “…Урд гэрт ээж орилох шиг болсон. Тэгэхээр нь би юу болж байна гэж бодоод гэрлүүгээ гүйгээд ортол өөдөөс Батаа, Алтанцоож хоёр зөрөөд гарсан. Тэгээд би юу болсон талаар асуутал ээж “тогоотой буцалсан ус асгачихлаа, наадуул чинь” гэхээр нь би уг усыг арчиж байтал гаднаас Батаа орж ирээд Алтанцоож цустайгаа холилдчихсон байна шүү дээ гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би юу вэ гэж хэлээд гарсан. Тэгтэл Алтанцоож нь манай хашааны урд талд сууж байсан ба Батаа нь араас нь түшсэн байдалтай байсан. Ингээд Алтанцоожийг өргөж гэртээ оруулсан. Тэгээд түргэн дуудсан. Мөн цагдаа ирсэн. Алтанцоожийг хэн хутгалсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 50 дугаар тал/

Гэрч Б.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн эрүүгийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 04 цагийн үед байх тус цагдаагийн жижүүр дээр Баязүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн хутгалуулсан байна гэх дуудлага ирсний дагуу жижүүрийн бүрэлдэхүүний хамт очсон. Тэгээд тухайн хэрэг болсон газрын ойр орчимд гүйцэтгэх шугамын дагуу хүмүүстэй уулзаж ярилцсан. Мөн сэжигтэн Чулуунбаатартай ярилцахад өмдний халаасанд байсан жижиг тонгоргоор хүргэн болох гэж байсан Алтанцоожийг хутгалсан. Мөн хутгалсан хутгаа ертөнцийн зүгээр баруун хойш шидсэн гэж хэлж байсныг өөрийн гар утсаар бичиж авсан байсан. Мөн хутга хаясан гэх газар тухайн жижүүрийн бүрэлдэхүүн самналт хийсэн боловч хутга олдоогүй.” гэх мэдүүлэг,

/хх-н 53 дугаар тал/

Гэрч Б.Баярбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Улиастай 116 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад шөнө 04 цаг 45 минутад Баянзүрх дүүргийн жижүүрээс Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн 2-34 тоотод хутгалуулсан хүн байна гэх дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу очиж шалгахад уг хаягт Монгол гэр байсан ба гэрт ороход хутгалуулсан хүнийг эхнэр нь бололтой хүн цээжин хэсгийг нь боосон байдалтай гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуусан. Тэгтэл хутгалуулсан гэх залуугийн найз гэх залуу нь эхнэрийнх нь дүү хутгалсан гэж хэлсэн. Ингээд нөгөө хутгалсан гэх залуутай уулзаад хутга хаана байгаа талаар асуусан. Тэгтэл айсандаа хашаа давуулж шидсэн гэж хэлсний дагуу хутгыг холбогдогчийн хамт болон хамт гарч байсан Наранбаатар цагдаагийн хамт бид гурав хутга хайсан боловч хутга олдоогүй. Тухайн үед холбогдогч жижиг тонгорог байсан гэж байсан. Ерөнхийдөө холбогдогч нь айсан байдалтай байсан ба мөн согтуу байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 35 дугаар тал/

Б.Чулуунбаатарын сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “…ээжийн гэрт сууж байтал Алтанцоож надруу хүрч ирээд миний толгой руу цохьсон. Тухайн үед би өмднийхөө халаасанд хоёр гараа хийчихсэн сууж байсан ба миний өмдний баруун талын халаасанд жижиг тонгорог байсан. Уг тонгоргыг өдөр машиныхаа цахилгааны утсыг янзалж байгаад мартаад халаасандаа хийчихсэн байсан ба толгой руу цохих үед нь нөгөө тонгоргыг гартаа бариад ноцолдож байх үед миний өмсөж явсан ногоон өнгийн куртикны зүүн талын суга урагдсан. Тэгж байтал манай ээж бид хоёрыг боль гэж голоор орж ирсэн. Тэгтэл Алтанцоож нь чи яасан овоо юм юм бэ? гэж хэлээд дахин надруу дайрсан. Тэр үед би барьж байсан тонгоргоо дэлгэсэн юм шиг байгаа юм. Тэгээд Алтанцоож дахин хүрээд ирэхэд нь би айгаад сандарсандаа хутгатай гараараа 2-3 удаа цохьсон юм шиг байгаа юм. Тэгээд байж байтал гаднаас Батаа орж ирээд Алтанцоожийг аваад гарсан. Тэгж байтал төд удалгүй гаднаас Батаа орж ирээд “чи хүн цустай нь холчихлоо шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би гараад харсан чинь миний баруун гаранд тонгорог дэлгээтэй байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 103 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17767 дугаар:

  1. Ц.Алтанцоожийн биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн доод хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 59 дүгээр тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 313 дугаар:

1. Б.Чулуунбаатар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тухайн үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна.

2. Б.Чулуунбаатар нь СЭМҮТ-ийн хяналтанд байдаггүй байна.

3. Б.Чулуунбаатар нь одоо ямар нэг сэтгэцийн эмгэггүй байна.

4. Б.Чулуунбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 123 дугаар тал/

Гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 5-8, 13-14  дүгээр тал/,

Өвчний түүх,

/хх-ийн 69-83 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 109 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 111 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 112 дугаар тал/

 

“Улаанбаатар-БҮК” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх-ийн 128 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал, шүүгдэгч Б.Чулуунбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Алтан-Өлгийн 2-34 тоот өөрийн эх Н.Оюунбилэгийн гэрт согтуурсан үедээ төрсөн эгчийн найз залуу болох Ц.Алтанцоожийг албан ёсоор эгчтэй нь гэр бүл болоогүй байж айлын том хүү болох өөрийг нь цохиж дээрэлхсэн, улмаар төрсөн эхийнх нь гэрт маргаан гарган өөрийг нь толгой руу нь цохьсон гэж уурлан Ц.Алтанцоожтой маргалдан улмаар цээжин тус газар нь 3 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Алтанцоожийн өгсөн “...Шинэ зам дээр ирээд би хэлэхдээ “шороон зам нь ойрхон юм чинь шороон замаар явъя” гэж хэлэхэд Б.Чулуунбат “үгүй ээ, хар замаараа явъя” гэж хэлснээс болоод маргалдаж байх явцад би кардан татсан. Тэгэхээр нь би “чи яахаараа явж байгаа машины кардан татдаг юм” гээд Б.Чулуунбаатарын зүүн хацар луу нь цохьсон. Тэгээд цаашаагаа яваад хаана очсон, яасангаа сайн мэдэхгүй байгаа.” гэх,

шүүгдэгч Б.Чулуунбаатарын өгсөн “...Тэгээд буцаж явж байхдаа Ц.Алтанцоож ахтай маргалдаад ээжийнд ирээд “би энэ айлын том хүү, надад хэлэх юм байвал ээжийн хажууд хэл” гэж хэлсэн. Тэгтэл Алтанцоож ах намайг гаръя гэхээр нь би “гарахгүй, миний гал голомт, миний аавын гэрт хэлж ярих юм байвал хэл” гэж хэлсэн. Алтанцоож ах намайг гаръя гээд толгой руу хоёр гурван удаа цохьсон. Миний ээжийн хажууд намайг цохиод байхдаа яадаг юм гэж бодоод гэнэт миний уур хүрээд Алтанцоож ахтай ноцолдож байгаад халаасанд байсан хутгаар хутгалсан байсан.” гэх,

мөн мөрдөн байцаалтад хохирогч Ц.Алтанцоожийн өгсөн “...Намайг хадам дүү болох гэж байсан Чулуунбаатар хутгалсан. Миний зүүн талын цээжин хэсэгт 3 удаа хутгалсан. Б.Чулуунбаатартай маргалдаад гэрт барьцалдаж авсны дараа бие сонин болсон. Тэгээд гэрээс гарсан чинь цээжний зүүн талруу хүйтэн юм урсаад байх шиг байхаар нь гараа хийгээд үзсэн чинь цус болсон байсан.” гэх,

Б.Чулуунбаатарын сэжигтнээр өгсөн “...ээжийн гэрт сууж байтал Алтанцоож надруу хүрч ирээд миний толгой руу цохьсон. Тухайн үед би өмднийхөө халаасанд хоёр гараа хийчихсэн сууж байсан ба миний өмдний баруун талын халаасанд жижиг тонгорог байсан. Уг тонгоргыг өдөр машиныхаа цахилгааны утсыг янзалж байгаад мартаад халаасандаа хийчихсэн байсан ба толгой руу цохих үед нь нөгөө тонгоргыг гартаа бариад ноцолдож байх үед миний өмсөж явсан ногоон өнгийн куртикны зүүн талын суга урагдсан. Тэгж байтал манай ээж бид хоёрыг боль гэж голоор орж ирсэн. Тэгтэл Алтанцоож нь “чи яасан овоо юм юм бэ?” гэж хэлээд дахин надруу дайрсан. Тэр үед би барьж байсан тонгоргоо дэлгэсэн юм шиг байгаа юм. Тэгээд Алтанцоож дахин хүрээд ирэхэд нь би айгаад сандарсандаа хутгатай гараараа 2-3 удаа цохьсон юм шиг байгаа юм. Тэгээд байж байтал гаднаас Батаа орж ирээд Алтанцоожийг аваад гарсан. Тэгж байтал төд удалгүй гаднаас Батаа орж ирээд “чи хүн цустай нь холчихлоо шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би гараа харсан чинь миний баруун гаранд тонгорог дэлгээтэй байсан.” гэх,

гэрч Н.Мөнхбатын өгсөн “Тэгээд Дарь Эхийн шинэ буудал хавьд ирж байтал Алтанцоож нь хойгуур буюу хуучин ганц худгийн урдуур гараад явчих гэж хэлсэн. Харин Чулуунбаатар нь төв замаараа явчих гээд маргалдаж байтал Чулуунбаатар нь машины крадан татсан. Тэгтэл Алтанцоож нь “чи явж байгаа машины крадан татаад байхдаа яадаг юм” гэж хэлээд Чулуунбаатарын нүүрэн тус газар гараараа цохьсон. Тэгтэл Чулуун боль гэж хэлээд хуучин ганц худгийн тийшээ эргэж явсан ба явж байх үедээ маргалдаад байсан. Бүүр сүүлдээ ноцолдох гээд байхаар нь Чулуун машинаа зогсоосон. Би одоо боль, боль гэсэн чинь Алтанцоож машинаас буусан. Би ч гэсэн машинаас буусан. Тэгтэл Чулуунбаатар нь машинаа өөрөө бариад эгч Чулуунтайгаа 500 метр газар яваад зогссон. Тэгээд Чулуун бид хоёрыг дуудаад “та хоёр хөлдөж үхнэ, машинд суу явцгаая” гэж хэлсэн. Тэгээд Алтанцоож бид хоёр  машинд суусан. ...гэрт ортол Чулуунбаатар нь ээжийнхээ гэрийн зүүн талын  орон дээр сууж байсан. Тэгтэл Чулуунбаатар нь Алтанцоож руу “чи наад хүнээ авч суусныхаа дараа надад заагаараа” гээд халаасандаа гараа хийсэн байдалтай баруун талын орон дээр сууж байсан Алтанцоож руу ирсэн. Тэгтэл Алтанцоож “хоёулаа гаръя, энд хэрэггүй хөгшин хүний гэрт хэрэлдээд яахав” гэж хэлээд Чулуунбаатарыг татаад гэрээс гарах гэж байгаад зуухны ард яндангийн ард барьцалдаад ноцолдоод эхэлсэн. ...Тэгтэл Алтанцоож хашааны урд талын хаалгаар гараад урд хашааны хажууд суучихсан “найзыг нь хутгалчихлаа шүү дээ” гээд сууж байсан ба “найз нь охинтойгоо утсаар яримаар байна” гэхээр нь юу яриад байгаа юм, хаана чинь хутгалсан юм гэж асуусан. Тэгтэл Алтанцоож нь зүүн талруугаа заагаад “энэ хавьд халуун оргиод юм гоожоод байна” гэхээр нь гараа хийгээд үзсэн чинь миний гар нил цус болоод гараад ирсэн.” гэх,

гэрч Б.Чулуунчимэгийн өгсөн “Алтанцоожийн урд талаас нь өргөх гээд хоёр гараараа тэврээд авсан чинь миний гар нойт оргиод явахаар нь би гар утасныхаа гэрлийг асаагаад харсан чинь миний гар цус болсон байсан.” гэх,

гэрч Н.Оюунбилэгийн өгсөн “Тэгсэн Баатараа нь Алтанцоожийг аваад гарсан ба төд удалгүй Баатараа эргэж орж ирээд Чулуунбаатар руу “чи Алтанцоожийг цустай нь холчихсон байна шүү дээ” гэж хэлсэн. Ингээд бид нар гэрээс гарч Алтанцоожийг оруулж ирсэн.” гэх,

гэрч Б.Чулууны өгсөн “...гаднаас Батаа орж ирээд Алтанцоож цустайгаа холилдчихсон байна шүү дээ гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би юу вэ гэж хэлээд гарсан. Тэгтэл Алтанцоож нь манай хашааны урд талд сууж байсан ба Батаа нь араас нь түшсэн байдалтай байсан. Ингээд Алтанцоожийг өргөж гэртээ оруулсан.” гэх,

гэрч Б.Анхбаярын өгсөн “…Мөн сэжигтэн Чулуунбаатартай ярилцахад өмдний халаасанд байсан жижиг тонгоргоор хүргэн болох гэж байсан Алтанцоожийг хутгалсан. Мөн хутгалсан хутгаа ертөнцийн зүгээр баруун хойш шидсэн гэж хэлж байсныг өөрийн гар утсаар бичиж авсан байсан. Мөн хутга хаясан гэх газар тухайн жижүүрийн бүрэлдэхүүн самналт хийсэн боловч хутга олдоогүй.” гэх,

гэрч Б.Баярбатын өгсөн “...Ингээд нөгөө хутгалсан гэх залуутай уулзаад хутга хаана байгаа талаар асуусан. Тэгтэл айсандаа хашаа давуулж шидсэн гэж хэлсний дагуу хутгыг холбогдогчийн хамт болон хамт гарч байсан Наранбаатар цагдаагийн хамт бид гурав хутга хайсан боловч хутга олдоогүй. Тухайн үед холбогдогч жижиг тонгорог байсан гэж байсан. Ерөнхийдөө холбогдогч нь айсан байдалтай байсан ба мөн согтуу байсан.” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17767 дугаар дүгнэлт, өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Б.Чулуунбаатар нь өөрийн эх Н.Оюунбилэгийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл хийсэн, мөн онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд Б.Чулуунбаатарын үйлдэлд танхайн сэдэлт тогтоогдоогүй, тэрээр бусдын бие махбодид онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл учруулаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж, Б.Чулуунбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүх шүүгдэгч Б.Чулуунбаатарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Чулуунбаатар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг хохирогчид нөхөн төлсөн байх тул шүүх түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Алтанцоож мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Бэлнээр 2 сая төгрөг, эм тариагаар 1 сая гаран төгрөг өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Чулуунбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А-4 цаасан дээр зурсан хутганы дүрстэй зураг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Боржигон овогт Базаррагчаагийн Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Боржигон овогт Базаррагчаагийн Чулуунбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Чулуунбаатарт 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан  52.5 дахь хэсэгт зааснаар Б.Чулуунбаатарт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дїгээр зїйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Чулуунбаатарын цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Чулуунбаатар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А-4 цаасан дээр зурсан хутганы дүрстэй зураг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чулуунбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ

 

ШҮҮГЧИД                                                     Б.САРАНТУЯА

 

Э.ЧИНГИС