Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1483

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

Б.Баянбаатарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01296 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Б.Баянбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Саруулд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 270 500 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 500 000 төгрөг, нийт 8 770 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Амгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.  

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Саруул нь БНХАУ-ын Эрээн хотоос шил, гадна фасадны шил татуулахаар тохирч 2016 оны 10 дугаар сарын 17-22-ны хугацаанд тээвэрлүүлэхээр болсон. Би хугацаанд нь өөрийн 29-65 УБЭ дугаартай машинаар авчирч өгсөн. Уг бараа материал нь 9 авдар шил бөгөөд нэг хайрцаг нь 2.5 тн жинтэй, нийт 22.5 тн ачааг нэг тонныг 1 200 юаниар тооцож нийт 27 000 юань надад төлөхөөр байсан. М.Саруул нь ажлын хөлснөөс 7 000 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 31-нд өгөхөөр тохирсон. Үүнээс 1 400 000 төгрөгийг төлсөн. Ачаа тээврийн гэрээг Саруулын “Түмэн цагаан” ХХК-тай хийсэн. Тэгээд хугацаандаа мөнгөө өгөхгүй болохоор нь алданги тооцохоор 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Саруултай 5 950 000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 10-наас 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай 5 хувийн хүүтэйгэр байгуулсан. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр гарын үсэг зурсан. Иймд М.Саруулаас зээл 5 950 000 төгрөг, 1 сарын хүү 595 000 төгрөг, алданги 1 725 500 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 500 000 төгрөг, нийт 8 770 500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Баянбаатар болон М.Саруул нарын хооронд тодорхой хэмжээний төлбөр тооцоо байх нь байсан. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа шиг төлбөр огт байгаагүй болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээ нь хэлбэрийн төдий зээлийн гэрээ байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Энэхүү зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Баянбаатар нь М.Саруулд 7 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар огт өгөөгүй, үүнийгээ нотолсон баримт байхгүй. М.Саруул нь зээлийн гэрээнд огт гарын үсэг зураагүй бөгөөд ийм зээлийн гэрээ хариуцагчид байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан. Ийм учрааас зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэлбэрийн төдий хүчин төгөлдөр бус гэрээ байна. Дээрх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас түүнд заасан алданги болон хүүг хариуцагч төлөх үүрэг үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Саруулаас 8 770 500 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Баянбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 280 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо давж заалдах гомдолдоо “...М.Саруул нь гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул өөрийн хүсэлтэд үндэслэн зээлийн гэрээний нөхцлөөр гэрээ байгуулахаар харилцан тохиролцож, уг гэрээг байгуулсан байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдэрлэсэн.

Зээлийн гэрээг дүр үзүүлэн хийгээгүй, тийм санаа сэдэл огт байгаагүй бөгөөд уг ачаа тээвэрлэлтийн төлбөр 7 000 000 төгрөгийг М.Саруул Б.Баянбаатарт төлөөгүйгээс дараагийн тээвэрлэлт хийхэд хүндрэл учирч, санхүүгийн асуудал үүссэн учир тээвэр хийдэг бусад танил, найз нөхдөөс хүүтэй мөнгө зээлэх шаардлага үүссэн тул М.Саруулын өөрийнх нь хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулан, төлбөрийг хүүтэй болгож төлөхөөр тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зорилго, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно." гэж тайлбарласан байх бөгөөд хууль хэрэглээний практикт нэгэнт хэвшиж төлөвшсөн ойлголт юм. Харин Б.Баянбаатар, М.Саруул нарын байгуулсан зээлийн гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх тодруулбал, төлбөрийг буцаан төлүүлэх, тээвэрлэгчид төлбөрийг төлөөгүйгээс учирч байгаа хохирлыг шийдвэрлэх зорилготой, 2 тал хэлцлийг хийх хүсэл зорилго, эрмэлзэлтэйгээр хийсэн бөгөөд эрх зүйн үр дагавар бий болгож байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

...Шүүх нотлох баримт болох гэрээг үгүйсгэсэн атлаа "үүргийг өөр үүргээр солихоор тохирсон үйл баримт тогтоогдоогүй" гэсэн нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгор харьцуулан үзэх, "тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх" хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

М.Саруул нь Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар тохиролцсон хүү төлөх үүрэг бий болсон. Гэхдээ өөрийнх нь хүсэлтийн дагуу Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар "Ачаа тээвэрлэлтийн гэрээ"-ний үүргийн дагуу төлөх 7 000 000 төгрөг болох мөнгөн төлбөрийн үүргийн оронд зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон болно.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг дурдан заасан атлаа илэрхий буруугаар тайлбарлах замаар иргэн Б.Баянбаатарын эрх, ашиг сонирхолд илт хохиролтой шийдвэр гаргажээ.

М.Саруул нь өөрийн мөнгөн төлбөрийн үүргийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр, хүү, алдангийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Баярбаатар нь тээвэр хийхэд санхүүгийн хүндрэл бий болсон, бусдаас хүүтэй мөнгө зээлэх шаардлага үүссэн, одоог хүртэл эргэн төлж чадаагүй бөгөөд ийм нөхцөл байдалд хүргэх шалтгаан нь М.Саруул үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Баярбаатарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бодит байдлыг шүүх анхаарч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

           

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Баянбаатар нь хариуцагч М.Саруулд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 270 500 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсэний хөлс 500 000 төгрөг, нийт 8 770 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн хүү, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Ачаа тээвэрлэлтийн гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ” тус тус авагдсан байна. /хх 4, 21/

 

            Ачаа тээвэрлэлтийн гэрээний 3 дахь заалтад ачаа илгээгчийг М.Саруул гэж иргэнээр бичсэн байх ба гэрээнд М.Саруул гарын үсэг зурсан байх бөгөөд “Түмэн цагаан” ХХК-ийн тамга дарагдсаныг зөвхөн үндэслэн ачаа илгээгч талыг хуулийн этгээд гэж үзэх боломжгүй юм.

 

            Түүнчлэн, уг ачаа тээвэрлэлтийн гэрээний 10 дахь заалтад тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр 7 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр харилцан тохирч, улмаар зээлийн гэрээний 1.1 дэх заалтаар шилний төлбөр болох 7 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон гэж тодорхой тусгаснаас үзвэл зохигчид тээвэрлэлтийн хөлсний үлдэгдлийг тодорхой хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохирч, тээвэрлэлтийн гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж дүгнэх үндэслэлтэй.

 

            Харин зохигчид зээлийн гэрээний 2.2 дахь заалтаар торгууль, алдангийн алийг нь 5 хувь байхаар тохирсон нь тодорхой бус байгаагаас гадна уг гэрээний 3.1 дэх заалтад “Зээлдэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан нөхцлөөр хугацаандаа төлөөгүй тохиолдолд 5 хувийн алданги тооцно” гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр алданги шаардах эрхгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч нь “...7 000 000 төгрөгөөс үндсэн зээл 1 050 000 төгрөг, зээлийн хүү 350 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгийг төлсөн” /хх 1, 35/ гэж тайлбарласныг үндэслэн хариуцагч М.Саруулаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс зээлийн хүү 595 000 төгрөг, алданги 1 725 500 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

           

Харин нэхэмжлэгч нь бусдаас хууль зүйн үйлчилгээ авч  500 000 төгрөгийн төлбөр төлсөн явдал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй байна. Нэхэмжлэгч нь иргэний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор бусдаас эрх зүйн тусалцаа авах, хөлсөө хэрхэн тогтоохоо тохиролцох эрхтэй тул үүнийг хариуцагч гэрээний үүргийг хугацаа хэтрүүлснээс шууд учирсан хохиролд тооцох боломжгүй байна.

            Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, тодорхойлох хэсэг, тогтоох хэсэгт нэхэмжлэгч Б.Баянбаатарын нэрийг “Баярбаатар” гэж буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01296 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Саруулаас 5 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баянбаатарт олгож, Иргэнийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Саруулаас 110 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баянбаатарт олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоогийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 280 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН