Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0048

 

БК ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч , хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д , хариуцагч улсын байцаагч Ч.Б  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 513 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор БК ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайд Ч.У , Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Г , Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч З.Э , Ч.Б , Л.А  нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Бүртгэлд хамруулах тухай 49 дүгээр тушаалын хавсралтын 22-т заасан БК ХХК-д холбогдох хэсэг, Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 63-08-003/19 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , А.Д  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь Онцгой байдлын ерөнхий газраас 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зарласан Дархан-Уул аймгийн Дархан сумын Аврах, гал унтраах ангийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Т-13-01/01 дугаар нээлттэй тендер шалгаруулалтад оролцон, шалгарч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Ажлын захиалагч болох Онцгой байдлын ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/ -ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу тус компаниас урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлэхийг шаардсан байна.

Урьдчилгаа төлбөрийн баталгаа гэдэг нь тус ажлыг гүйцэтгэхэд захиалагчаар санхүүжүүлж байгаа урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч гэрээнд заасан зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүргээ баталгаажуулж байгааг гэрчилсэн банкны баталгааг ойлгодог. БК ХХК-ийн ирүүлсэн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамч эсэхийг Сангийн сайд тогтоогоогүй бөгөөд Төрийн банкны 2013 оны 08 дугаар сарын 23-ны 20/2355 дугаар албан бичигт үндэслэн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 63-08-003/19 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд тус хэрэгт Сангийн сайдыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сангийн сайд улсын ахлах байцаагчийн санал болгосны дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, 57 дугаар зүйлийн 57.5-д заасан эрх үүргийг хэрэгжүүлэх үүднээс бүртгэлийг хөтөлж ажилласан болно. Дээр дурьдсан улсын байцаагчийн дүгнэлтийг БК ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 02-ны /техникийн алдаанаас 20-ны гэхийг 2-ны гэж андуурч бичсэн байна/ өдөр хүргүүлсэн боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаагүй тул тус маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т Захиргаан журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана.гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд тус компаниас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын мэргэжлийн хяналтын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Г , улсын байцаагч З.Э , Ч.Б , Л.А  нар тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сангийн яамны төсвийн бодлогын газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтэст БК ХХК-ний ирүүлсэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн төлбөр хүссэн хүсэлтэд хавсаргасан Төрийн банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 625.620.000 төгрөгийг байршуулаагүй тул банк харилцагчийн өмнөөс ямар нэгэн төлбөрийн хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдсэн байна. Урьдчилгаа төлбөрийн баталгаа гэдэг нь тус ажлыг гүйцэтгэхэд захиалагчаас санхүүжүүлж байгаа. урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч гэрээнд заасан зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүргээ баталгаажуулж байгааг гэрчилсэн банкны баталгааг ойлгодог.

Тус компани захиалагчаас санхүүжүүлж байгаа урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу үр ашигтай зарцуулаагүй тохиолдолд төлбөрийн хариуцлага хүлээх Төрийн банк нь хариуцлага хүлээхээс татгалзсан учир нь урьдчилгаа төлбөрийн баталгааг хууль журмын дагуу гаргуулж аваагүй гэж үзсэн тул тус компанийг тендерт оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээр болсон.

Нөгөөтэйгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иртэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан байна.

Улсын байцаагчийн 63-08-003/19 дүгээр дүгнэлтийг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, АГ  ХХК-ний байрны 405 дугаар гэх хаягаар хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...дээрх дүгнэлтийг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариу тайлбараас олж мэдсэн гэж дурджээ. Гэвч тус өдрөөс хойш 85 хоног өнгөрсөн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу шууд харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаагүй байна.

Мөн дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захирамж гаргана гэж заасан байх тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 513 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 5 дугаар зүйлийн 5.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 20 дугаар зүйлийн 20.2, 44 дүгээр зүйлийн 44.2, 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсэгт заасныг баримтлан БК ХХК-ийн гаргасан Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Бүртгэлд хамруулах тухай 49 дүгээр тушаалын хавсралтын 22-т заасан тус компанид холбогдох хэсэг, Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 63-08-003/19 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б  давж заалдах гомдолдоо: Дээрх шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэснийг хангахгүй байна. Үндэслэл нь:

1.   Шийдвэрт хэргийн оролцогчдыг огт нэрлэн заагаагүйгээс гадна шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж ярьсан тайлбарыг огт дурдаагүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасныг ноцтой зөрчиж байна.

2.   Шийдвэрт дурдсан Төрийн банкнаас гаргасан хуурамч гэгдэж буй урьдчилгаа төлбөрийн баталгаа нь 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн боловч Сангийн сайд нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тушаалаар Хар жагсаалт-д оруулсан юм. Энэ нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.4-т заасныг зөрчиж хянан шалгах ажиллагаа явуулсан байна.

3.   Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэснийг ноцтой зөрчиж хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Тухайлбал манай компанид хяналт шалгалтын талаар огт мэдэгдэлгүйгээр шалгалт хийж 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6308003/19 дүгээр дүгнэлтийг гаргасныг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад мэдсэн болно.

4.   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1-д худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах гэж заасан байхад Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Г , улсын байцаагч З.Э , Ч.Б , Л.А  нар нь дээрх дүгнэлтийг гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу Захиргааны акт илт хууль бус болох байсныг шүүх шийдвэрлээгүй юм.

5.    Улсын байцаагчийн дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа.ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасныг зөрчсөн гэж үзсэн боловч энэ хуулийг хэрэглэх ёсгүй этгээдэд хэрэглэж дүгнэлт гаргасан байгааг шүүх анхаарч үзээгүй. Учир нь энэхүү хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэж заасан боловч БК ХХК нь тендерт оролцогч мөн эсэх талаар огт дурдаагүй байна. Тендер шалгаруулалт нь зөвхөн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тендерт оролцогч бус ажил гүйцэтгэгч болсныг анхаарч үзээгүй байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ тухай дурдахдаа ямар хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар огт бичээгүй байна.

6.    Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа БК ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Т-13-01/01 дүгээр гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн боловч шүүхийн шийдвэрт энэ тухай огт дурдаагүй байна.

7.    Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн хянан шийдвэрлэдэг байгууллага болохоос аливаа баримтыг хуурамч эсэхийг тогтоодог байгууллага биш юм. Учир нь дээрх шийдвэр нь бүхэлдээ Төрийн банкны 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар урьдчилгаа төлбөр хуурамч эсэх талаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

8. Онцгой байдлын ерөнхий газар болон БК ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Т-13-01/01 дүгээр гэрээнд урьдчилгаа төлбөр шаардана гэж огт дурдаагүй юм. Гэтэл шүүх бүрэлдэхүүн энэ талаар гэрээнд заасан мэтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж байсан. Ер нь бол урьдчилгаа төлбөрийн баталгааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 т зааснаар заавал шаардахгүй юм.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэг. Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 63-08-003/19 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухайд:

 

Онцгой байдлын ерөнхий газраас 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зарлагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын аврах, гал унтраах ангийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Т-13-01/01 дүгээр нээлттэй тендерт БК ХХК шалгарч, гэрээ байгуулан, барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа захиалагчаас урьдчилгаа төлбөр авах зорилгоор Төрийн банкны Буянт-Ухаа салбараас 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулсан.

 

Дээрх урьдчилгаа төлбөрийн баталгаа анхан шатны бүрдүүлбэргүй, банкны дотоодод баталгаа гаргах журмын дагуу хийгдээгүй, буюу банкны ажилтан эрх мэдлээ хэтрүүлэн дур мэдэн шийдвэрлэж, үндсэн баримтгүйгээр, хуурамчаар гаргасан, тэрхүү баталгаа гаргасан үйл ажиллагаа болон лавлагаа хуурамч гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан нь Төрийн банкны Буянт-Ухаа тооцооны төвийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 56, Төрийн банкнаас Сангийн яаманд хүргүүлсэн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 20/2355 мэдэгдэл[1], мөн Төрийн банкны 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/4546 дугаар бичиг, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1166 дугаар тушаал[2], Төрийн банкны Буянт-Ухаа тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Н.М ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг[3] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд, эрх бүхий этгээдийн удирдамжийг үндэслэн хуульд заасан журмын дагуу явуулсан хяналт шалгалтаар дээрх нөхцөл байдлыг буюу урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэгдсэн болохыг тогтоосон улсын ахлах болон байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.1-д Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас харвал Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт худалдан авах ажиллагааны улсын байцаагч гэсэн орон тоо байхгүй, Сангийн яамны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, улсын ахлах байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр удирдамжийн дагуу өөрсдийн албан үүргийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан байх тул захиргааны актыг эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээргүй байна.

 

Хоёр. Сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тушаалын хавсралтын 22-т заасан БК ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухайд:

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ, 57 дугаар зүйлийн 57.5-д Тендерт оролцогч болон аливаа этгээд нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн ...эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол уг шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч БК ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын аврах, гал унтраах ангийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарч захиалагчаас урьдчилгаа төлбөр авах зорилгоор баталгааг хуурамчаар гаргасан нь Улсын мэргэжлийн хяналтын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах болон улсын байцаагч нарын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 63-08-003/19 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон.

 

Энэ хүрээнд хариуцагч Сангийн сайд 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тушаалаар 3 жилийн хугацаагаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авах ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлд бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бус, харин гаргасан /үйлдсэн/ зөрчлийг үндэслэн хуулийн дагуу шийдвэр гаргажээ.

 

Үүнээс гадна гомдолд дурдсан Төрийн банкнаас гаргасан хуурамч гэгдэж буй урьдчилсан төлбөрийн баталгаа нь 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн, уг баталгааг хуурамч гэдгийг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 63-08-003/19 дүгээр дүгнэлтээр тогтоож, Сангийн сайдын Бүртгэлд хамруулах тухай 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тушаал гарснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

 

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар шийдвэртээ хэргийн оролцогчийг нэрлэн заагаагүй бичвэрийн /техникийн/ алдаа гаргасан боловч энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зөрчил болохгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР