Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2285

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/02285

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр  даргалж,тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: ....дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух Д.Н-н  нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: ... дүүргийн ...дугаар хороо, .... хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух М.С-д холбогдох

 худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 35.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, гэрч Д.Б, Б.Х, С.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

         Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Unegui.mn сайтын зараас “Массажны газар зарна. Үнэ 35.000.000 төгрөг. Харилцах утас 99940724” гэсэн  зарыг үзээд холбогдоход М.С гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй “...Массажны газраа 35.000.000 төгрөгөөр зарна. Үүнд: массажны үйл ажиллагаа эрхлэх  гэрчилгээ, массажны тоног төхөөрөмжүүд, манайд ажиллаж байгаа мэргэжлийн ажилтан нар танайд ажиллаж, орлогын 30 хувийг авах, гол нь манайх 3 жил ажиллаж үйлчлүүлэгчээ татсан, ажлын байрлал нь  олны танил болсон, уг байрны өмчлөгчтэй нь би ярьж, 2 жилийн хугацааны  түрээсийн гэрээ байгуулах асуудлыг ямар ч асуудалгүй шийдэж өгнө. Энэ бүхэн 35.000.000 төгрөгт багтна. Харин чи налтай худалдах, худалдан авах гэрээ, байрны өмчлөгчтэй түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн хөлсөнд сард 2.000.000 төгрөг байрны өмчлөгчид өгнө” гэсэн. Ингээд бид хоёр уулзаж массажны газрыг үзээд  гэрээгээ байгуулж мөнгө төгрөгөө өгье гэхэд М.С чи одоо мөнгөө өгчих, маргааш гэрээ байгуулна гэхээр нь  урьдчилгаа төлбөрт түүний данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Надад тухайн массажны газрын тоног төхөөрөмж гол биш, харин төвд байршилтай, мэргэшсэн ажилчилдтай, ойр орчимд нь ижил төрлийн үйлчилгээ явуулах байгууллага байхгүй байсан нь таалагдсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би М.Стай  уулзахдаа гэрээ байгуулахдаа үлдсэн мөнгөө өгье гэхэд М.С би байрны өмчлөгчтэй ярьсан, тэр хүн чамтай түрээсийн гэрээ байгуулна гэсэн, харин Бавуудорж 2 хоног завгүй,  уулзах боломжгүй гэнэ. Тийм учраас энэ хугацаанд хоёулаа бусад ажлаа амжуулая гээд массажны үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үлдэх 29.000.000 төгрөг, мөн түрээсийн хөлс 1.600.000 төгрөг, нийт 30.600.000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  би М.С , Д.Бавуудорж нартай гэрээ байгуулах гэж уулзах үед Д.Бавуудорж чамтай гэрээ байгуулахгүй. Манай байрыг хоосон байхад М.С түрээсэлж массажны газрын үйл ажиллагаа явуулахаар засварлаж бүх зүйлийг нь өөрчилсөн тул би М.Стай  5 жилийн түрээсийн гэрээг дуусгамаар байна. Д.Н чамтай ярих юм байхгүй. Хэрвээ М.С гэрээгээ үргэлжлүүлэхгүй гэвэл би энэ байраа 240.000.000 төгрөгөөр  шүдний эмнэлэг ажиллуулах хүнд зарна гээд уурлаад гарч явсан. Ингээд би М.Сд  түрээсийн гэрээ байгуулах талаар М.Бавуудорж зөвшөөрсөн гэж та надад худлаа хэлж, надаас мөнгө авсан байна. Би мөнгөө буцааж авъя гэхэд М.С чи ажлаа явуулж бай, байдал яаж ч эргэж болно гээд явах гэхээр нь би гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд М.С битгий санаа зов, би Д.Бавуудоржтой яриад аргална, чи ажлаа явуулж бай гээд  янз бүрээр  хэлж гуйгаад байхаар нь  итгэж  үйл ажиллагаагаа эхлүүлээд  цөөн хонож байтал М.Сийн   нөхөр Д.Б  Япон улс руу машины наймаа хийхээр мөнгийг чинь үрчихсэн тул би чиний мөнгийг өгөхгүй, би чиний мөнгийг энэ жилйин цагаан сараас хойш 1.000.000 төгрөгөөр бага багаар өгнө. Эсвэл би Д.Бавуудоржтой ууж идээд, зодолдоод яагаад ч хамаагүй асуудлыг чинь шийдэж өгнө гэж хэлсэн. Би эхнэртээ болсон зүйлийн талаар ярьж, гэрээг нь үзүүлэхэд түрээсийн гэрээг М.С нь Я.Дэлгэрмаатай 5 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг. Гэтэл уг байрны эзэн Д.Бавуудорж байсан гэж итгэж, хүнд хууртсан гэдгээ мэдэж цагдаагийн байгуулагад 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хандсан. Би М.Стай  холбогдох гэж залгаж, мессэж бичсэн боловч холбогдож чадаагүй.  2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д.Бавуудорж ирж, би энэ сарын түрээсийн төлбөрийг М.С та хоёрын хэнээс нь ч аваагүй, би энэ сарын түрээсийн төлбөрийг хэнээс авахаа мэдэхгүй байна, би  байраа зарна, чамтай түрээсийн гэрээ байгуулахгүй, байр чөлөөл гээд хаалгаа барьж, хөөж гаргасан. Цагдаа дээр М.С бид хоёрыг дуудаж уулзахад М.С нь 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг өгөөгүй байсан гэж хэлээд Д.Бавуудоржид 5- сарын 20-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг өгсөн. Үүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байтал 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Д.Бавуудорж над руу “Хангай би цаашид түрээсийн гэрээ хийхгүйг чамд анхааруулчихъя. Шүдний эмнэлгийнхэн өөрсдөө засвар хийгээд орохоор болсон” гэсэн мессеж ирүүлсэн. Өнөөдөр би тухайн байранд массажны үйл ажиллагаа эрхлэх бодит боломжгүй болж М.Сд  35.000.000 төгрөг өгч охирсон ийм нөхцөл байдал бодитой үүсээд байна. Өөрөөр хэлбэл М.С нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн, гол нь танил болсон байрлалд уг байрны өмчлөгчтэй түрээсийн гэрээ байгуулах асуудлыг шийдэж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь миний хувьд гэрээнээс татгалзах үндэслэл болсон юм. Иймд нэхэмжлэгч Д.Н би хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үүнтэй холбоотойгоор хариуцагч М.Саас  35.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түрээсийн төлбөрт өгсөн 1.600.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэв.

            Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Н нь ажил дээр ирж энэ газраа зарчих, авгай архи уугаад намайг хөөчихсөн. Дүү нь орох оронгүй хэцүү байна, дүү нь эндээ байрлаж ажиллана гэж өдөржингөө гуйсаар байгаад 45 сая төгрөгөөр зарах гэж байсныг 35 саяаар авахаар тохироод 6 саяыг миний данс руу хийгээд  маргааш гэхэд оффисоо гоо сайхны газартайгаа нүүлгээрэй, тэгээд үйл ажиллагааны нэр шилжингүүт үлдэгдэл тооцоогоо хийе, харин чи түрээслүүлэгчийг таних тул сарын түрээсийн төлбөрийг 2 саяаар нь тогтмол байх талаар туслаарай, гэрээг би өөрөө шийдээд явчихна гэсэн бөгөөд үүний дагуу би гоо сайны салон болон офиссоо 2 хоногийн дотор нүүлгэсэн. Д.Н нь энэ өдрөөс эхлэн өдрийнхөө орлогыг рэсэпшинээс авч эхэлсэн. Мөн тухайн үед  поссын машин миний нэр дээр байсан тул  орж ирсэн 270.000 төгрөгийн орлогыг Д.Нн  Хаан банкны.....тоот данс руу  буцааж хийсэн. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уулзаад  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, галын дүгнэлт, ажлын ..... дугаарын утас, капитал банкны поссын машин зэргийг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Үүний дараа  ажлын гадаа ирээд үлдэгдэл 29 сая төгрөгөө 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр болох 1.6 сая төгрөгийн хамт /энэ нь би түрээсийн төлбөрөө урьдчилан хийсэн байсантай холбоотой/ тооцоогоо бэлнээр хийж дуусгаад эд хөрөнгө хүлээлцэхээр ажил руу орцгоосон. Дотор ороод би ресепшн Октябрийн хамт Д.Нд бүх эд зүйлээ  нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн бөгөөд зарим эд зүйл болох плитка, цэцэгний сав, 00-н суултуур, душ, гэрэл зэргийг түрээслүүлэгчийн хувийн эд зүйл гэдгийг тайлбарлаж өгөөд дараа түрээслэгчтэй гэрээ хийхдээ энэ бүх зүйлээ баталгаажуулъя гэж тохиролцсон. Тэгээд үйл ажиллагааны бүхий л чиглэл, төлбөр тооцоогоо яаж төлөх, бараа материалаа хаанаас татаж яаж татах, ажилчдын цалин шагнал урамшууллыг яаж бодох зэрэг хэрэгцээт мэдээллээр бүрэн хангаад ресепшн Октябрийг бүх юмаа мэддэгийн хувьд энэ хүнтэй хамтарч ажиллаарай гээд бие биендээ амжилт хүсээд салцгаасан. Дараа нь ээж нь нэг удаа, эхнэр нь хоёр удаа ирэхдээ энэнээс хойш би хариуцаж ажиллана гэдгээ ресепшинд хэлээд сайн ажиллаарай гээд баахан захиас захисан гэсэн. Харин түрээслүүлэгчтэй хийх гэрээг дүүргээс зөвшөөрлийн бичиг баримт гарсаны дараа хийхээр болсон. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 01-нд түрээслүүлэгчтэй уулзаад түрээсийг 2 жилийн хугацаанд 2 саяаас хэтрэхгүй байх мөн гэрээний хугацааг 2 жил байх тал дээр гуйж зөвшөөрүүлсэн. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс  2017 оны 05 дугаар сарын 05-ныг хүртлэх хугацаанд би түрээслэгч түрээслүүлэгчийн эд хөрөнгийг хооронд нь ялгаж салгаж тайлбарлаж өгөх, гэрээ хийхэд нь туслах зорилгоор түрээслүүлэгч Бавуудорж болон ресепшн Октябрийн хамт  ажил дээр нь 3 өдөр 3 удаа 3-4 цаг хүлээсэн боловч  одоо очиж байна, гадаа ирж байна, амжихаа болилоо гэх мэтээр худал хэлэн эсвэл утсаа унтраагаад  бидний ажлыг  алдагдуулсан. 2 хоногийн дараа түрээслүүлэгч ажлын гадаа нь отож байгаад барьж аваад  чи яг одоо нотариат орж гэрээгээ хийе, үгүй бол боль гэсэн чинь тэгье ахаа, дүү нь ажил руу орчихоод ирье, одоохон гээд ажил руу биш булан тойроод улайм цайм зугтчихсан гэсэн. 2017 оны 05 дугаар сарын 20-ноос 203-ны хооронд бид гэрээ хийхээр Д.Нтай дахин 3 удаа тохирсон боловч мөн л зугтаад ирээгүй. Үүнээс болоод түрээслүүлэгч уурлаад түрээслэхээ болих талаар асуудал ярьсан байна лээ. Энэ хугацаанд Д.Н нь над руу утасдаж түрээслүүлэгч нь барьцаа 2 сая төгрөг өг гээд байна, та миний өмнөөс барьцаа өгчих, дүү нь мөнгөгүй болсон, эсвэл барьцаа авахгүй байх талаар туслаад өгөөч гээд 3 хоног гуйхад нь яахаараа би чиний барьцааг хариуцах ёстой юм, чи хүний юм түрээслэж байгаа бол өгөх л ёстой байх, харин би гуйгаад бөөнд нь биш сар болгон 500.000 төлөхөөр гуйж өгье гэсэн. Ингээд түрээслүүлэгчийг гуйгаад зөвшөөрүүлсэн. Үүнийгээ ч Д.Нд хэлсэн. Гэтэл удалгүй намайг болон түрээслүүлэгчийг гэрээ хийхгүй байна гэж цагдаад залилан хийсэн гэж худал гүжирдэн шалгуулсан бөгөөд цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ өдөр цагдаа Ууганбаяр нь Д.Нг дуудаж ажил дээр нь очоод түрээслүүлэгч 500000 төгрөгөөр сар болгон барьцаа авахыг зөвшөөрсөн, иймээс та хэд одоо гэрээгээ хий гэсэн чинь авгайгаас асууя гээд бас алга болчихсон. Болсон явдал ийм байна. Энэ хүн яагаад ингээд байна гэдгийг дараах байдлаар тайлбарлая. 1. Барьцаа өгөх мөнгөгүй болсон. 2. Ажиллах хүнгүй болсон. Учир нь ажил авсаныхаа шөнө 2-3 найзтайгаа архидаад та нар надтай болон миний найзуудтай нэг бүрчлэн унтах ёстой гэж шөнөжингөө амраалгүй дарамталж хоносноос болж ажил авсаных нь дараа өдөр нь 3-4 хүн ажлаа хаясан. Байгаа хэд нь ч  удахгүй гарна гэдгээ хэлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл ажилчингүй болсон. Д.Н 2-3 хоногийн дараа үлдсэн ажилчид нь ажлаа хаяаад явчихлаа, би яах вэ, туслаач гээд над руу залгаад байсан, тэгэхээр нь наадуул чинь чиний хүслээ хангадаг янханууд биш, хүн шиг харьц гэж загнасан. Миний бие Д.Нд өөрийн гэсэн эд хөрөнгө болон зөвшөөрлийн бичгүүд, банкны поссын машин, утасны дугаар гэх мэт зүйлээ цаг хугацаанд нь хүлээлгэн өгч  нэр дээр нь болгосон, түрээслүүлэгчийг гуйж гувшин байж гэрээний зүйл заалтыг Д.Нд ашигтайгаар шийдвэрлүүлж нийт 10 гаран удаа гэрээг нь хийлгэхээр нь харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь нэг удаа ч ирээгүй явдал нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 24-өөс эхлэн үйл ажиллагааныхаа орлогыг өөрийн биеээр ресепшинээсээ хүлээн авдаг. Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие хариуцагч М.Сийн   нөхөр бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  байгаа юм. Бид хоёр ажил дээрээ байж байхад Д.Н нь ирээд массажны газраа зарчих гэсэн. Зарвал 45 сая төгрөгөөр зарна гэхэд дүү нь гэрээсээ хөөгдчихсөн, танайхыг худалдаж аваад байрлаад үйл ажиллагаа явуулна гэж гуйсаар байгаад эхнэрийг зөвшөөрүүлж 35.000.000 төгрөгөөр авахаар болсон байсан. Ингээд эхнэрийн дансанд урьдчилгаа болгож 6 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Ингээд эхнэр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, ..... дугаарын эрх, галын дүгнэлт, Капитал банкны поссын машин зэргийг шилжүүлж өгсөн. Шилжүүлсэний орой нь машин дотор үлдсэн мөнгөө өгсөн. Ингээд өрөөнүүдээр явж эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Маргааш нь би Бавуудоржтой уулзаж 2 сая төгрөгөөр харилцан тохиролцсон. Маргааш нь уулзаад гэрээ хийхээр болсон. Тэгээд Д.Н нь Д.Бавуудоржтой уулзаж 2 жилээр түрээсийн гэрээ байгуулъя гэхэд тэгнэ, урьдны бүх нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр гэрээг хийе, харин чи барьцааны 2.000.000 төгрөгийг маргааш гэрээ байгуулахдаа аваад ир гэсэн. Тэр өдрөөс хойш Д.Н Д.Бавуудоржтой өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй, яриагүй гэсэн. Үүний дараа Д.Бавуудорж 2 сая төгрөгийн барьцаа нэхээд байна, та хоёр барьцаагаа үлдээчихээч гэж 7 хоног гуйсан. Бид хоёр зөвшөөрөөгүй. 7 хоногийн дараа сар бүр түрээсийн төлбөрийг 500000 төгрөгөөр өгч 6 сарын дараа мөнгийг төлж дуусгахаар зохицуулж өгнө үү гэж гуйсны дагуу би Д.Бавуудоржтой уулзаж, уг хүсэлтийг биелүүлсэн. Д.Бавуудорж нь М.Стай  хамт 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бүтэн сар Д.Нг ажил дээр нь 7-8 удаа очиж түрээсийн гэрээг байгуулна уу гэж гуйсан боловч Д.Н очоогүй, бид нартай уулзаагүй. Дэлгэрмаа нь тухайн байрны эзэн бөгөөд Д.Бавуудоржийн албан ёсны эхнэр байгаа юм. Д.Бавуудорж энэ айлын түшиг тулгуур болохын хувьд асуудлыг 100 хувь шийдвэрлэдэг, бидэнтэй гэрээ байгуулах асуудлыг Д.Бавуудорж хариуцаж хийгээд, эхнэр Дэлгэрмаа нь нотариат дээр ирж гарын үсэг зурж байсан. Гэтэл Д.Н нь М.С , Д.Бавуудорж нар нийлж 35.000.000 төгрөг залилсан гэсэн өргөдлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн байсан. Д.Н нь арваад хоног ажиллаж 5-6 сая төгрөгийг ресепшинээс авсан байгаа. Мөн Д.Н нь 10 хоног тухайн массажны газарт байрлаж  найзуудтайгаа архидан согтуурах үйл ажиллагаа явуулсан. Д.Бавуудорж, М.С нар 3-4 өдөр Д.Нг хүлээсэн боловч ирээгүй. Үүнээс болж Д.Бавуудорж уурлаж “наад хүн чинь хаашаа юм, гэрээ хийх юм уу, үгүй юм уу гээд хаалгаа барилаа” гэж хэлээд 5 дугаар сарын 09-ний өдөр тухайн массажны газрын хаалгыг барьсан нь үнэн. 5 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Д.Бавуудорж Д.Нг гэрээгээ хийгээд үйл ажиллагаагаа явуул гэсэн шаардлага тавихад яг одоо гэрээгээ хийе гээд Д.Н зугтаад алга болчихсон. М.С , Д.Н нарын хооронд иргэний гэрээ хэлцэл явагдсаны дагуу Д.Н нь хүлээж авах ёстой эд хөрөнгөө хүлээж аваад, М.С нь хүлээлгэж өгөх ёстой  эд хөрөнгөө хүлээлгэж өгсөн. Иймд түрээслэгч Д.Бавуудорж нь Д.Нд цаашид түрээслэх санал тавьсан боловч өөрийн хүсэлтээр татгалзсан тул худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байна. Мөн Иргэний хуульд гэрээнд оролцогч талууд гэрээнээс татгалзахдаа нөгөө талдаа заавал мэдэгдэнэ, хэрэв мэдэгдээгүй бол нэхэмжлэх эрх үүсэхгүй гэсэн заалт байдаг. Иймд Д.Н М.Сд  өнөөдрийг хүртэл  гэрээнээс татгалзаж байгаа тухай саналаа ирүүлээүй байх тул  нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Д.Б, Б.Х, С.О  нарын мэдүүлгийг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.Хтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний гүйцэтгэл болох 35.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

 

        Нэхэмжлэгч Д.Н хариуцагч М.С нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ  аман хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь М.Саас  ...дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод байрлах “Ц”массажны газар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, галын дүгнэлт,  ажлын ..... дугаарын утас, Капитал банкны поссын машин,  тоног төхөөрөмж, эд хогшил зэрэг эд зүйлсийг худалдан авч үнэнд нь 35.000.000 төгрөг төлсөн болох нь зохигдын тайлбараар нотлогдож байх ба энэ талаар маргаагүй байна.

        Дээрх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг шалгаж үзвэл нэхэмжлэгч Д.Н нь “Ц” массажны газрыг  цаашид түрээсээр ажиллуулна гэсэн хүсэл зоригийн үндсэн дээр уг массажны газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг доторх тохижилтийн хамт худалдан авчээ.

        Харин хариуцагч М.С ... дүүргийн ...дугаар хороо, ... байрны ...тоот орон сууцыг  5 жилийн хугацаагаар түрээслэх гэрээг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус байрны өмчлөгч Я.Дэлгэрмаатай байгуулан үйл ажиллагаа явуулж байсан байх ба тэрээр өөрөө түрээслэх боломжгүй болсоноор  өөрийн зардлаар засан сайжруулалт хийсэн дотор тохижилтийг цаашид өөрийнхөө байгуулсан  түрээсийн гэрээний хугацаанд массажны газрыг түрээсээр ажиллуулах хүнд худалдах хүсэл зоригийн үндсэн дээр Д.Нд дээрх эд зүйлсийг худалджээ.

        Гэвч худалдах, худалдан авах гэрээ байгуулж,  үйл ажиллагааны зөвшөөрөл, эд хогшлыг хүлээлцсэнээс хойш 3 хоногийн дараа  буюу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  үйл ажиллагаа явуулах орон сууцны өмчлөгч Я.Дэлгэрмаагийн нөхөр Д.Бавуудорж нь Д.Нтай түрээсийн гэрээ байгуулахаас татгалзсан, улмаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн байрыг чөлөөлөх шаардлага тавьж, байрнаас хөөн гаргаснаар нэхэмжлэгч Д.Нд М.Саас  худалдан авсан  массажны газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, худалдан авсан эд зүйлс ямар ч ач холбогдолгүй болсон байна.

        Хариуцагч М.С нь түрээсийн гэрээний түрээслэгч өөрчлөгдөх эсэх талаар түрээслүүлэгчтэй хэлэлцэж тохиролцоогүй, түрээслүүлэгч нь барьцааны 3.000.000 төгрөг авах талаар нэхэмжлэгчид тайлбарлаагүй болох нь гэрч Д.Бавуудоржийн шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн үйл ажиллагаа явуулах түрээсийн гэрээг манай эхнэр Я.Дэлгэрмаа байгуулдаг. Би аман гэрээг байгуулсны дараа гэрээг байгуулахад Я.Дэлгэрмаа гарын үсэг зурж баталгаажуулдаг. Би анх М.С , Д.Н нартай уулзахдаа М.С г чи хамгийн эхний ээлжинд гэрээгээ цуцал, дараа нь би түрээсийн гэрээг хэнтэй байгуулах нь миний асуудал гэж хэлсэн. Би Д.Н, М.С нарын хооронд хийгдсэн хэлцлийн талаар мэдэхгүй. М.С гэрээгээ цуцлахаар нь би Д.Н гэдэг хүн ямар учиртай юм гэхэд би өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжөө Д.Нд зарчихсан гэж хэлсэн. Д.Н нь надтай гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөр төлөөгүй учир би ажилчдыг нь гаргаад түлхээрээ авсан. Тэгээд дараа нь Д.Нг гэрээ байгуулъя гээд ирэхэд нь би барьцааны мөнгө 3.000.000 төгрөг болно гэж хэлэхэд Д.Н М.С надад барьцааны мөнгө байхгүй гэж надад хэлсэн ш дээ гэхээр нь энэ обьектын эзэн нь  би учраас  өөрөө мэдэж гэрээгээ байгуулна гэж хэлсэн. М.С , Д.Б хоёр ирээд барьцаа 3.000.000 төгрөгийг багасгах боломж байна уу гэхээр нь энэ талаар та хоёртой ярих юм байхгүй гэж хэлсэн. Д.Нтай гэрээ байгуулах талаар 2 удаа уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй. Цагдаагийн газарт дуудагдаж тайлбар өгөхдөө М.С , Д.Н нарыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өмчөө аваарай гэдэг шаардлагыг тавьсан. Тухайн үед М.С надад гэрээгээ цуцлах тухай хүсэлтээ өгөөд тооцоо нийлчихсэн, М.Стай  ямар нэгэн тооцоо байхгүй байсан. Хэрвээ Д.Н тухайн өмчлөлийн зүйлээ М.Саас  худалдаж авсан юм бол  өөрийнхөө өмчлөлийн зүйлийг аваарай гэж хэлсэн. М.Саас  өмчлөлийн зүйлээ ав гэхээр минийх биш гэсэн. Одоо бол тухайн түрээсийн байранд эдгээр хүмүүсийн эд хөрөнгө байгаа..”  гэсэн  мэдүүлгээр тогтоогдож байх тул гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан гэж үзэхээр байна.

        Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн тал болох Д.Н гэрээнээс татгалзах эрхтэй.

Хэдийгээр массажны газрын үйл ажиллагаа явуулж байсан орон сууцны өмчлөгч Я.Дэлгэрмаагийн нөхөр Д.Бавуудорж нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн байрыг хаасны дараа цаашид барьцааны 3.000.000 төгрөг аваад сар тутам 2.000.000 төгрөгөөр тухайн байрыг Д.Нд түрээслүүлэх боломжтой гэж санал болгосныг нэхэмжлэгч Д.Н зөвшөөрөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Н, түрээсийн байрны өмчлөгч Я.Дэлгэрмаа нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй байна.

        Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээ байгуулах үндэслэл  болсон массажны газрыг М.Сийн   байгуулсан түрээсийн гэрээний хугацаанд  түрээслэн ажиллуулах нөхцөл байдал үгүй болсон ба энэхүү өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах боломжгүй болсон  байх тул дээрх хуулийн зүйл хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж шүүх үзсэн болно.

        Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч М.Саас   гэрээний үнэнд төлсөн 35.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 332.950 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Саас  35.000.000 /гучин таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 332.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас  улсын тэмдэгтийн хураамжинд 332.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР