Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2279

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/02279

Улаанбаатар хот

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ...дүүргийн ...дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух Ц.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... байранд байрлах “ЗТН”О-т холбогдох,

нэг удаагийн буцалтгүй тусламж 22.563.496 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Би төрийн байгууллагад нийт 29 жил 4 сар ажилласан. Хөдөлмөрийн тухай хууль болон  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “20-оос дээш жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасныг үндэслэн ЗТНО -ын захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/232 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэртээ гарч хуульд зааснаар 1 удаагийн  тэтгэмж олгохыг хүссэн өргөдлөө тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан байгууллага болох Зорчигч тээврийн нэгтгэлийн газарт 2017 оны 4 дүгээр сард өргөдөл өгснөөр 1 сарын тэтгэмж 860.000 төгрөг авсан. Би ажлаас халагдсаны тэтгэм биш өндөр насны тэтгэвэрт гарсан тэтгэмжээ авах зорилготой байсан бөгөөд ийнхүү Үндсэн хуульд заасан тэтгэмж авах эрхээ хэрэгжүүлж чадаагүй болно. Миний бие 1982 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Автобус-1 дүгээр баазад тоо бүртгэгчээр анх ажилд орсон. 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тушаалаар Автобус-1 дүгээр баазаас чөлөөлөгдөж Арьс ширний үйлдвэрт техникчээр орж ажиллаж байгаад 1990 онд Арьс ширний үйлдвэр хувьчлагдсан тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Автобус-1 дүгээр баазад кондуктороор ажилд орж ажиллаж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/130 дугаар тогтоолоор орон тоо бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөнгө хураагчаар ажилдаа эргэн орон ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Автобус 1, 3 дугаар бааз, Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэриийн газрыг татан буулгаж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 13-ныөдрийн А/778 дугаар захирамжаар ЗТНО-ыг үүсгэн байгуулсан. Дээрх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар хамтын гэрээг хэвээр мөрдөнө гэж заасан. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар улсын төсөвт үйлдвэрийн  газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан хөлсөөр ажиллах журамд орохгүйгээр 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр хүртэл ажилласан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчдын ажилласан хугацаанд орж тооцогдоно гэж заасан. Засгийн газрын тогтоол 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 338 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан. Ингэж өөрчлөлт оруулахдаа хамгийн сүүлд ажиллаж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэвэр, тэтгэмжийг олгоно. Үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож олгоно. Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарны 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Миний бие 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Автобус-1 дүгээр баазад кондуктор, сэлбэгийн нярвын ажил хийж байсан. Иймд Засгийн газрын 405 дугаар тогтоолд хамаарна гэж үзэж байна. Иймд сүүлийн 3 жилийн нэг сарын дундаж цалин 648.986 төгрөгийг 36 сараар тооцоход 23.363.496 төгрөг бөгөөд үүнээс байгууллагаас олгосон 1 сарын  тэтгэмж 800.000 төгрөгийг хасч тооцон 22.563.496 төгрөгийг ЗТНО -аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч төлөөлөгч Ц.Б  шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч Ц.О  нь тус үйлдвэрийн 1 дүгээр баазад 1982 оны 9 дүгээр сарын 27-ныөдрийн А/89 дүгээр тушаалаар тоо бүртгэгчээр ажилд орж 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2156 дугаар тушаалаар дахин ажилд орж кондуктороор ажиллаж байгаад 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр тушаалаар сэлбэгийн няраваар шилжүүлэн ажилласан байдаг. 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/190 тоот тушаалаар орон тооны бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөн тэтгэмжид 3.168.618 төгрөгийн тэтгэмж олгосон байдаг. 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/693 тоот тушаалаар мөнгө тоологчоор дахин ажилд орон ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/232 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазын санхүүгийн албанд мөнгө тоологчоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан хамтын гэрээний заалтад хамааралгүй болно. Учир нь уг хамтын гэрээ нь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазын хамтын гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь 1 дүгээр баазад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэгч Ц.О-ийг өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 868.427 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/399 дүгээр тушаалаар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан  хамтын гэрээний хувьд Автобус-3 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 155 тоотоор 3 дугаар баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр Автобус-3 нь НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “ЗТН” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд  заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж байгууллага татан буугдах үед  хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөдөнө” гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдаж ажиллаж байна.  “ЗТН” ОНӨААТҮГ нь нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас  тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон хамтын гэрээг НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжийг үндэслэн  шинээр үүсгэн байгуулагдсан  хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “ аж ахуйн  нэгж, байгууллагыг  өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэль өөрчлөлт оруулах, эсхүл  хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу  ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд нь Иргэний хууоийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцэж байгаа юм. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөе, нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн  хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах  талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор ҮЭХ-оос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас  хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-нд  хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн  тооцооллын хамт хүргүүлсэн боловч  өнөөдрийг хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй, энэ асуудлыг гацаанд оруулж байна. Цаашлаад ажил олгогчоос 2016 оны 3 дугаар сарын 01-нд МҮЭ-ийн хорооонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ автобус-3 дугаар баазын хамтын гэрээг үндэслэж гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ц.О  нь Автобус-1 дүгээр баазад ажиллаж байсан тул автобус 1 дүгээр баазын хамтын гэрээ үйлчилнэ. Хариуцагч байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар  өөр олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчимаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийн аж ахуйн тооцоот газар гэдэгт орж явдаг. ЗТНО -ын захиргааны ажилчид ямар нэгэн байдлаар төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлд хамаардаггүй, бид төрийн албан хаагч биш. Зөвхөн ЗТНО -ын захирал  төрийн албан хаагч гэж явдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа Автобус-1 дүгээр баазын хамтын гэрээг үндэслэх ёстой байсан. Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан хамтын гэрээ нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Уг нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан  ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан доорх хэмжээгээр тэтгэмж олгохоор заасан бөгөөд үүнд: 5 хүртэл жил хүртэл ажилласан бол 3 сарын, 5 жил ажилласан бол 6 сарын 6-10 жил ажилласан бол 9 сарын, 11-15 жил ажилласан бол 12 сарын, 16-20 жил ажилласан бол 15 сарын, 21-25 жил ажилласан бол 18 сарын, 26-30 ажил ажилласан бол 21 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч Ц.О  нь 1992 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа нийт 4 удаа ажлаас орж гарсан байдаг учир хамтын гэрээний 8.5 дахь хэсэгт заасан тасралтагүй гэдэг шаардлагыг зөрчиж, 4 удаа тасалдсан байна. Иймд бид Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж Ц.О т өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ажилтны өндөр насны тэтгэмж шаардах эрх нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  ажил олгогчийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүсч байна. Гэтэл Ц.О  нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаанд эрх зөрчигдсөнийг мэдэх буюу мэдсэнээс хойш 3 сарын хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ц.О ийн дансанд  нэг сарын дундаж, цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэгчийн дансанд орсон. Үүнээс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.О  нь хариуцагч “ЗТН”О-т холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж 22.563.496 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Ц.О  нь 1982 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Автобусны баазын нэгдүгээр авто паркад  тоо бүртгэгчээр, Улаанбаатар хотын зорчигч тээврийн Автобус-1 компанид 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл  кондуктороор, 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сэлбэгийн нярав,  мөнгө тоологчоор, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ЗТНО -т мөнгө тоологчоор тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар болон  нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр болон ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалуудаар нотлогдож байна. /хх-2-10, 27-30, 36-43/

            Ажил олгогч ЗТНО -ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/399 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ц.О т  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул 1 сарын дундаж цалинтай  тэнцэх тэтгэмж 868.427 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон байна. /хх-31, 35/

            Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1”, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-уудыг татан буулгаж, “ЗТН” О-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлж, улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байх тул “Автобус-1”ОНӨҮГазрын эрх залгамжлан авсан этгээд нь Нийслэлийн “ЗТН” Оазар байна. /хх-33-34/

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж үзэх бөгөөд ийнхүү өөрчлөгдөхөд зөвхөн үйл ажиллагаа, хөрөнгө төдийгүй үүрэг, хариуцлага хамт шилжих учраас хариуцагч “ЗТН” О-т холбогдуулан тэтгэмж гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 “Автобус-1” ОНӨҮГазар нь ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулж, талууд холбогдох гэрээний заалтуудад 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан тэтгэмж олгоно. 16-20 жил ажилласан бол 15 сарын тэтгэмж олгоно гэж тохирсон байна. /хх49-53/

Энэхүү хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн байх тул энэ гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар хүчин төгөлдөр  гэрээ гэж үзнэ.

Хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ нь байгуулагдсан цагаасаа хойш хамтын гэрээг шинэчлэн байгуулж чадаагүй  бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөлөөгдөх үед  дээрх хамтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна. /хх-45-46/

Иймд нэхэмжлэгч Ц.О  нь “Автобус-1” дүгээр баазын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу “Автобус-1” болон “ЗТН” О-т нийт 20 жил 2 сарын ажилласан тул 15 сарын  дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч Ц.О  нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагаас 1 сарын  дундаж цалинтай тэнцэх  тэтгэмж 868.427 төгрөг олгосон өдрөөс хойш хамтын гэрээнд зааснаас дутуу хэмжээгээр  тэтгэмж олгож, эрх нь зөрчигдсөн гэж үзэн тухайн байгууллагад болон хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад 3 сарын дотор гомдлоо гаргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш  нэхэмжлэл гаргасан  гэж үзэх бөгөөд уг хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ц.О  нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “Автобус-1” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг улсын төсөвт үйлдвэрийн газар гэж үзэн тус байгууллагад 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацаа нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 тогтоолоор баталсан  Төрийн жинхэн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй туслах олгох журмын 5.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд орж тооцогдож байгаа гэсэн үндэслэлээр Ц.О ийн сүүлийн 36 сар ажилласан цалингийн дундаж 648.986 төгрөгийг 36 сараар тооцон 23.369.493 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Ц.О ийн ажиллаж байсан “Автобус-1” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, “ЗТН”О-ууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд   байсан бөгөөд өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог, төсвийн хөрөнгөөс санхүүждэггүй орон нутгийн өмчит байгууллага байна.

Дээрх байгууллагад ажиллаж байгаа ажилчдыг төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан хугацаанд оруулж тооцдоггүй байх тул нэхэмжлэгч Ц.О  нь Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу тэтгэмж шаардах эрхгүй байна.

Дээр дурдсан үндэлсэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11,  5 дугаар зүйлийн 5.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “ЗТН”О-аас нэг удаагийн буцалтгүй тусламж 22.563.496 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.О ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

             

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР