| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2018/0002/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/08 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Хохирогч Б.Б,
Гэрч Ц.Ч, С.О, Д.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э Гд холбогдох эрүүгийн..... дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Э Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 08-аас 09-ийг шилжих шөнө 21 цагийн үед эхнэр О, Ч, П нартай Зүүнбаян тосгоны төв ороод дэлгүүр орох гээд явсан. Хаалттай байхаар нь буцаад ирсэн. Гэрлүүгээ орох гэж байхад Б, О, З А нар байсан. Би Чтэй хамт алхаж ирсэн. Б намайг чи манай нутгийн дүүг мөргөлөө, ямар овоо гар вэ? чаддаг юм бол намайг мөрөлчих гэж хэлээд надруу салаавч өгч, хэл амаар доромжилсон. Довжоон дээр Бтай нийлээд 4 хүн сууж байсан. Намайг орох гэсэн оруулахгүй, намайг мөрөлчих гээд байсан. Би дөхөөд чи юу яриад байна аа гээд нүүрэнд нь тулсан. Тэрнээс биш тулж, дээр нь гарсан асуудал байгаагүй. Б намайг мөргөчихлөө ш дээ гээд орилсон. О, З нар ирээд та яаж байна аа гээд бужигнаан үүссэн. Бгийн дүү Б гүйж ирсэн ба Б чи намайг мөргөчих юм бол би чамд гомдолгүй гэсэн. Хажуунаас О би бичлэг хийж байна гэж байсан. Тэр бичлэгээс тухайн үед ямар авир гаргаж байгаа нь харагдах байх. Бгийн дүү нь чамайг энд байлгахгүй, тахир дутуу хүн зодлоо гэж хэлсэн. Би согтууруулах ундаа хэрэглэсэн боловч ухаантай байсан. А та мөргөчихлөө гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ би мөргөөгүй. Гэртээ ороод би шууд 102 руу залгасан. Тэгэхэд надад 7052102 гэсэн дугаар өгсөн. Би залгаад дуудлага өгсөн. Төд удалгүй нэг дугаараас залгаад очих боломжгүй байна, маргааш очъё гэж хэлсэн ч ирээгүй. Тэгэхээр нь дахиад маргааш нь залгасан, бас ирээгүй. Гэтэл 1 дэх өдөр нь цагдаагаас надруу залгаад та хүн зодсон байна, ирж мэдүүлэг өгнө үү гэж хэлсэн. Тухайн үед энэ хүний нүүр нь яагаа ч үгүй байхад намайг дээр нь гараад цохьсон, мөн мөргөсөн гэдэг. З орцноос гарахдаа намайг мөрөлсөн. Тэгэхээр нь би ээжид чинь хэлж алуулна даа гэж хэлэхэд ээжтэй чинь хамт ална шүү гэж хэлсэн гэж бухаад байсан. Ээж нь манай төмөр замын ажилтан байсан болохоор энэ талаар хэлсэн. Б согтуу байсан гэдэг нь хэргийн материалаас харагдана. Гадаа орилоод явж байсан хүн байгаа юм. Гэтэл зүгээр байж байгаад эгчийнхрүүгээ орох зам зуур гэнэт нэг танхай хүн ирээд мөргөсөн юм шиг ярьж байна. Тийм зүйл болоогүй, тухайн үед Б Зг өмөөрсөн. Маргааш нь ээж нь орж ирэхээр нь би мөргөсөн бол энэ хүний нүүр ямар байх вэ? Та хар л даа гэж хэлсэн. 11-ний өдөр шинжилгээ өгөөд ирэхдээ тохой болоод гарч ирсэн. Тэгэхэд маргааш нь энэ хүн өртөөн дээр архи уугаад явж байгаа харагдсан. Мөн цэцэрлэгийн хашаанд ганцаараа явж байсан. Яагаад өвдсөн хүн эмнэлэг дуудаагүй юм. Хэрэв би ухаангүй согтолттой байсан бол буруугаа хүлээнэ. Гэтэл би бүх юм аа мэдэж байна. Манай эхнэр хүүхдээ тэврээд байж байсан. Байцаалтын явцад хохирогчийг эрүүл байсан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нь энэ талаар тодруулуулахаар хүсэлт тавьсан учраас Бг хаана хэдэн хундага уусан бэ гэдэг нь гарч ирсэн. Намайг хэлээгүй байсан бол үүнийг тогтоож чадахгүй байсан. Цагдаагийн байгууллагад гомдолтой байна.Тухайн үед нь ирээд асуудлыг шийдсэн бол энэ хүний хэлж байсан мөрөлсөн гэдэг үг нь мөргөсөн болж, мөргөсөн нь сүүлдээ дээр нь гарч 2 цохьсон гэж ярихгүй байсан.” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүүгээ дуудаж Зүүнбаян явсан. Ээжийндээ орж цай, хоол идчихээд 16 цагийн орчим гадагшаа гараад 2 найзтайгаа таарсан. Найзууд маань архи авч өгөхөөр нь уугаагүй харин амссан. Цаг орчим юм ярьж сууж байгаад О гэдэг эгчийнд орж суусан. Тэндээс 20 минутын дараа гарсан. 19 цагийн үед дүүгийндээ орсон. Тэндээ байж байгаад 22 цагийн үед дэлгүүр явж тамхи авчихаад буцаад орсон. Шөнийн 00 цагт гараад эгчийнхрүүгээ амрах гээд явж байхад орцны гадна О, ЗГ нар сууж байсан. Би хамт суугаад тамхи татсан. Тэгэхэд З надад сая Г намайг мөргөчихөөд Баян явсан гэж хэлсэн. Би ордог юм уу гээд байж байтал Г эхнэртэйгээ хүрээд ирсэн. Би мэндэлчихээд босох гэтэл пудволкноос татаж, боож унагаагаад мөргөж унагаасан. Дээрээс 2 цохьсон. О Гг барьж хорьсон. Аийн нөхөр нь салгасан. Харанхуй байсан гээд байна. Өмссөн хувцсыг минь сайн мэдэж байгаа юм байж нүүрийг минь нь тонгойж хардаг юм бэ? Тэрийг ойлгохгүй байна. Түүнээс хойш Гтэй тааралдаагүй. Маргааш нь Баянгийн эмнэлэгээс ирж үзсэн. Хугарал гэмтлийг нь би мэдэхгүй, шанд явж үзүүл гэж хэлсэн. Маргааш нь цагдаа дуудах гээд залгахад Баянгийн цагдаагийн утас холбогдохгүй байсан. Маргааш өглөө нь ярьсан чинь энд шийдэхгүй шандруу өргөдлөө гарга гэсэн учраас нөгөөдөр өглөө нь ирж үзүүлээд цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2 дугаар байрны үүдэнд очсон ба довжоон дээр нь энэ хэд хаалга хаагаад зэрэгцээд сууж байсан. Г Б юу хийж байгаа юм? гэрлүүгээ орж болох уу гэхэд мөрлөөд гарахгүй юу гэсэн. Г Бг тоглоод байна уу гээд хацар луу нь барьсан. Өөр юм болоогүй. Хүн мөргөсөн асуудал байгаагүй. Хэрэв мөргөсөн бол хойшоо савж унана, цохьсон бол гэмтэл авах байсан... Цагийг нь сайн санахгүй байна, эхнэрээ хүргэж өгч байхад араас Б тамхи нэхээд байсан. 2 дугаар байрны 1 орцноос гарч ирэхэд хашхираад байсан. Эхнэр юун хүн юм чамайг нэрээр чинь дуудаад байна гээд намайг аваад явсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“Тогтуун сартай байсан... Зг Г ална гэж хөөсөн гэж утсаар ярьсан болохоор нь очсон. Би ээжийн ажил дээр юм шивж байсан... хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 4 хүн байсан. А эгчээс архи үнэртсэн хэрнээ зүгээр байсан. Г болон түүний эхнэр, Б бас уусан байсан ч гайгүй байсан...Би ертөнцийн зүгээр зүүн талд нь суугаад миний хажууд Б ах, дараа нь Г, З нар суусан байсан. Цаанаас нь Г эхнэртэйгээ ирсэн. Б ах мэндэлсэн чинь түс тас хийгээд мөргөж аваад цохьсон. Цаанаас нь Д ах Г ахыг тэвэрч аваад салгасан... Мөргөөд хойшоо савахад нь дээрээс нь цохьсон... би бичлэг биш дууг нь хураасан байсан. Утас эвдрээд засуулахад устсан байна лээ... А, Б ах, Цогзолмаа эгч, Тунгаа эгч, З нар манай гэрт сонссон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт:“Намайг гэрээс гарч ирэхэд Б дөрөв тавуулаа сууж байсан. Хэн хэн сууж байсныг мэдэхгүй байна. Машинаас Г, эхнэр нь мөн Ч ар араасаа бууж ирсэн... 00 цагийн үед байсан. Ямар ч гэрэлтүүлэг байгаагүй. Сарны гэрэлтэй байсан байх... Тэр өдөр Б согтуу таягаа тулаад явж байсан. Дараа нь би ажил дээрээ нөхрөө авах гээд очиход шатны хажууд шалан дээр хөлөө жийгээд сууж байхаар нь юу хийж байгаа юм бэ? Харьж амраач гэхэд одоо харилаа гэж байсан... Юунаас болж маргасан талаар мэдээгүй. Хойшоо унах шиг болсон. Хохирогч мөргөчихлөө гэхээр нь та мөргөчихлөө шдээ гэсэн. Тухайн үед мөргөсөн, мөргөөгүй талаар маргаад байсан. Харанхуй байсан болохоор хойшоо унахаар нь мөргөчихлөө л гэж харсан. Нүүр нүүрээрээ тулсан байсан. Мөргөсөн, мөргөөгүй талаар Гтэй маргаж байсан. Дараа нь би мөргөөгүй, хацрыг нь бариад хоошоо түлхсэн гэдэг зүйл ярьж байсан... Цохьсон талаар би хараагүй... Б уусан байсан, бусдыг нь таниагүй байсан... Өдөр нь хэдэн хүмүүстэй цэцэрлэгийн хашаанд суугаад байсан. Дараа нь уусан байдалтай ажлын шалан дээр суугаад байж байсан... Хэрэг гарсны дараа мансуурсан байдалтай байсан. Хэрэг гарахын өмнө ч бас цэцэрлэгийн хашаанд хэдэн хүмүүс суусан. Ууж байгааг нь хараагүй ч гэсэн эрүүл байгаагүй...Гадаа байсан хүмүүсээс З Б нарыг л мэдэж байна. Харанхуй байсан болохоор хэн, хэн байсныг нь мэдээгүй. Би орцноосоо гарч ирээд муу усны таган дээр зогсож байсан. Эд нар орцны үүдэнд сууж байсан... Г 2 хацраас нь бариад хоошоо түлхсэн гэдэг. Б мөргөсөн гээд байсан. Тэрийг нь би мөргөсөн гэж харсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г намайг үгийн зөрүүгүй подволкны захаар миний хоолойг боож миний нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн тэгээд би арагш ойчсон гэтэл миний дээрээс толгой руу хоёр удаа гараараа цохьсон намайг цохиж байхад Гг О хорьж салгасан... Миний баруун гарын тохойн хэсгийн хуучин гэмтэл сэдэрч баруун гарын тохой гүйцэт нугаларахаа больсон эмч нарт үзүүлэхэд эмээ ууж бай болохгүй бол хагалгаанд орно гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч С.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах босоод Г ахтай мэндлэх гээд эостол Г Б ахыг мөргөсөн Б ахыг арагшаа унахад нь “ан-Өлзий ах Б ахын дээрээс нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон тэгэхээр нь манай ах О бид нар салгасан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд л Г ирээд довжоон дээр сууж байсан Бг мөргөх шиг харагдсан тэр үед Б хойшоо нуруугаараа цементэн довжоон дээр ойчсон. Тэр үед Б сууж байх шиг байсан. Би тухайн үед та яаж байгаа юм бэ хүн мөргөчихлөө ш дээ гэхэд Г би мөргөөгүй зүгээр хацарнаас нь барьж байгаад түлхсэн ш дээ гээд байсан ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах юу байна гэж Г ахтай мэндлээд босох гэтэл Г ах яасан гээд тулж очоод Б ахыг таягаа тулаад босож амжаагүй байхад 2 гараараа хацарны 2 талаас нь алгадах маягтай барьж аваад шууд мөргөсөн. Гэтэл Б ах хойшоогоо саваад тохойгоороо орцны үүдний цементэн довжоон дээр унасан юм. Тэгтэл дээрээс Г ах нүүр хавьд нь хоёр удаа цохиод авсан юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ахыг ирэхэд Б ах мэнд мэдээд сууж байсан орцны цементэн довжоон дээрээс босох гээд өндийтөл Г ах шууд Б ахын нүүрэнд мөргөчихсөн юм... Гэтэл Б ах ар талаараа цементэн довжоон дээр ойчсон ба дээрээс нь Г ах 2 удаа нүүр хавьд нь цохиод авах шиг болсон. Тэр үед хажууд нь байсан О болон Г ахтай хамт явж байсан П ах нар салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шинжээчийн .. дугаартай “...Б.Бгийн биед баруун тохойн залаа ясны хугарал гэмтэл тогтоогдлоо Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Довжоон дээр Бтай нийлээд 4 хүн сууж байсан. Намайг орох гэсэн оруулахгүй, намайг мөрөлчих гээд байсан. Би дөхөөд чи юу яриад байна аа гээд нүүрэнд нь тулсан. Тэрнээс биш тулж, дээр нь гарсан асуудал байгаагүй. Б намайг мөргөчихлөө ш дээ гээд орилсон. О, З нар ирээд та яаж байна аа гээд бужигнаан үүссэн.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шөнийн 00 цагт гараад эгчийнхрүүгээ амрах гээд явж байхад орцны гадна О, ЗГ нар сууж байсан. Би хамт суугаад тамхи татсан. Тэгэхэд З надад сая Г намайг мөрөлчихөөд Баян явсан гэж хэлсэн. Би ордог юм уу гээд байж байтал Г эхнэртэйгээ хүрээд ирсэн. Би мэндэлчихээд босох гэтэл пудволкноос татаж, боож унагаагаад мөргөж унагаасан. Дээрээс 2 цохьсон. О Гг барьж хорьсон. Аийн нөхөр нь салгасан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2 дугаар байрны үүдэнд очсон ба довжоон дээр нь энэ хэд хаалга хаагаад зэрэгцээд сууж байсан. Г Б юу хийж байгаа юм? гэрлүүгээ орж болох уу гэхэд мөрлөөд гарахгүй юу гэсэн. Г Бг тоглоод байна уу гээд хацар луу нь барьсан. Өөр юм болоогүй. Хүн мөргөсөн асуудал байгаагүй. Хэрэв мөргөсөн бол хойшоо савж унана, цохьсон бол гэмтэл авах байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ертөнцийн зүгээр зүүн талд нь суугаад миний хажууд Б ах, дараа нь Г, З нар суусан байсан. Цаанаас нь Г эхнэртэйгээ ирсэн. Б ах мэндэлсэн чинь түс тас хийгээд мөргөж аваад цохьсон. Цаанаас нь Д ах Г ахыг тэвэрч аваад салгасан... Мөргөөд хойшоо савахад нь дээрээс нь цохьсон... би бичлэг биш дууг нь хураасан байсан. Утас эвдрээд засуулахад устсан байна лээ... А, Б ах, Цогзолмаа эгч, Тунгаа эгч, З нар манай гэрт сонссон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Юунаас болж маргасан талаар мэдээгүй. Хойшоо унах шиг болсон. Хохирогч мөргөчихлөө гэхээр нь та мөргөчихлөө шдээ гэсэн. Тухайн үед мөргөсөн, мөргөөгүй талаар маргаад байсан. Харанхуй байсан болохоор хойшоо унахаар нь мөргөчихлөө л гэж харсан. Нүүр нүүрээрээ тулсан байсан. Мөргөсөн, мөргөөгүй талаар Гтэй маргаж байсан. Дараа нь би мөргөөгүй, хацрыг нь бариад хоошоо түлхсэн гэдэг зүйл ярьж байсан... Цохьсон талаар би хараагүй... Хэрэг гарсны дараа мансуурсан байдалтай байсан. Хэрэг гарахын өмнө ч бас цэцэрлэгийн хашаанд хэдэн хүмүүс суусан. Ууж байгааг нь хараагүй ч гэсэн эрүүл байгаагүй...Гадаа байсан хүмүүсээс З Б нарыг л мэдэж байна. Харанхуй байсан болохоор хэн, хэн байсныг нь мэдээгүй. Би орцноосоо гарч ирээд муу усны таган дээр зогсож байсан. Эд нар орцны үүдэнд сууж байсан... Г 2 хацраас нь бариад хоошоо түлхсэн гэдэг. Б мөргөсөн гээд байсан. Тэрийг нь би мөргөсөн гэж харсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах босоод Г ахтай мэндлэх гээд бостол Г Б ахыг мөргөсөн Б ахыг арагшаа унахад нь “Г ах Б ахын дээрээс нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон тэгэхээр нь манай ах О бид нар салгасан... “ гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд л Г ирээд довжоон дээр сууж байсан Бг мөргөх шиг харагдсан тэр үед Б хойшоо нуруугаараа цементэн довжоон дээр ойчсон. Тэр үед Б сууж байх шиг байсан. Би тухайн үед та яаж байгаа юм бэ хүн мөргөчихлөө ш дээ гэхэд Г би мөргөөгүй зүгээр хацарнаас нь барьж байгаад түлхсэн ш дээ гээд байсан ...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч О.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ахыг ирэхэд Б ах мэнд мэдээд сууж байсан орцны цементэн довжоон дээрээс босох гээд өндийтөл Г ах шууд Б ахын нүүрэнд мөргөчихсөн юм...Гэтэл Б ах ар талаараа цементэн довжоон дээр ойчсон ба дээрээс нь Г ах 2 удаа нүүр хавьд нь цохиод авах шиг болсон. Тэр үед хажууд нь байсан О болон Г ахтай хамт явж байсан П ах нар салгасан юм...” гэсэн мэдүүлэг,Шинжээчийн .. дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Г нь иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Хохирогч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгч Э.Гд зодуулсанаас .. дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг авсан гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар дээр дурьдсан цаг хугацаанд ямар үйл явдал болсныг бүрэн гүйцэд тогтоолгүй дан ганц хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заажээ.
Иймд шүүгдэгч Э.Гд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэж энэ үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэн шүүгдэгч Э.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Гг шүүхээс гэм буруутайд тооцоогүй тул хохирогч Б.Бгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Хэргийг прокурорт очтол Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн прокурорын газраас Э.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг аймгийн прокурорт буцаасугай.
3.Шүүгдэгч Э.Гд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
4.Хохирогч Б.Бгийн энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5.Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлд зааснаар тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА