Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1521

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01353 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Т.Батчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батмөнх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.  

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Батчимэг нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй ажиллаж байсан.

Гэтэл сонгуулийн үр дүнгээр тус газрын удирдлагууд шинээр томилогдож, мөн жирийн ажилчдыг халж сэлгэж эхэлсэн бөгөөд Т.Батчимэгийг тус төвийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ийнхүү ажлаас халсны улмаас амьжиргаагаа залгуулах орлогогүй болсон.

Т.Батчимэгийн ажилласан ажил, албан тушаал хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд ангилагдах байнгын ажлын байр болохын хувьд ажилтан Т.Батчимэг ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3-т зааснаар ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтод заасан зорчих тасалбарыг бичиж борлуулалтын орлого бүрдүүлэх, мөнгөн хөрөнгийн тайлан тооцоо гаргах зэрэг чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай үйл ажиллагааг ажил олгогчоос олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар тогтоосон горимын дагуу тасалбар түгээгчийн ажил, үүргийг гүйцэтгэсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол гаргаж тус төвийн захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан ба уг тогтоол болон түүний хавсралтаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ажил, албан тушаалын жагсаалтаас тасалбар түгээгчийн ажлын байрыг хасаагүй тул Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод төв хооронд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах хүрээнд тус чиглэлийн зорчих тасалбарыг худалдан борлуулж, түгээх ажлыг Төв аймгийн Автотээврийн Төв гүйцэтгэсэн хэвээр байгаагаас үзвэл нэхэмжлэгч Т.Батчимэгийн ажиллаж байсан тасалбар түгээгчийн ажлын байрны үндсэн чиг үүрэг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө байсан тасалбар түгээгчийн ажлын байрны 3 албан тушаалыг хассанаар Төв аймгийн Автотээврийн Төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн боловч тасалбар түгээгчийн ажлын байрыг хассан үндэслэл нь тодорхойгүй байна.

Учир нь, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-д дүрмээр болон Автотээврийн тухай хуулиар үүрэг болгосон нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тасалбар түгээж, худалдан борлуулах ажил, үүргийн хэрэгцээ бодитой байна.

Ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх бодит хэрэгцээ шаардлагын үндэслэлийг хариуцагч нотлоогүй байх тул ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө байсан тасалбар түгээгчийн ажлын байрны 3 албан тушаалыг хассанаар Төв аймгийн Автотээврийн Төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн нь үндэслэлгүй байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан тул үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох Захирлын эрх хэмжээгээр ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлаж, ажлын байрны орон тоог хасах эрх олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй. Эрх олгогдоогүй байтал ажлын байрны орон тоог хассан үндэслэлээр албан тушаалтныг чөлөөлсөн нь хууль бус.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7-т зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан зохион байгуулалтын бүтэцийн хүрээнд удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлах, шаардлагад нийцсэн мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, ажилд томилох, өөрчлөх, чөлөөлөх, тэдгээртэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхийг захиралд олгосон боловч уг эрхийг хууль зүйн хувьд өөрт олгогдсон эрх, хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй тул ажлын байрны орон тоог хасахаар зохицуулаагүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасч,  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дүрмийн 6.12-т заасан захирал нь эрх хэмжээний хүрээнд тушаал гаргана гэснийг зөрчсөн.

Нэхэмжлэгч Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэл аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсныг тодорхой заагаагүй. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтынгазрын 55 дугаартай тогтоол эсвэл Төв аймгийн Автотээврийн Төвийн ажил, албан тушаалтын жагсаалтаас тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хассан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Захирлын А/275 дугаартай тушаал, түүний Арван долоодугаар хавсралтыг үндэслэл болгоогүй нь ажилтан Т.Батчимэгийг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус.

Тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасах, энэ үндэслэлээр ажилтан Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бодит хэрэгцээ, шаардлага байгаагүй нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Захирлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/49 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө тогтоосон тээвэр зохицуулагчийн 4 албан тушаалын орон тоог 1-ээр нэмэгдүүлж, тээвэр зохицуулагчийн албан тушаалыг 5 болгож, Төв аймгийн Автотээврийн Төвийн нийт 11 болгосноор нотлогдож байна.

...Иймд Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-т Захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.Батчимэгийг Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн. Тус үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын аймгийн автотээврийн төвүүдийн ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/89 дүгээр тушаалаар Төв аймгийн Атотээврийн төвийн орон тоог 15 байхаар тогтоож тасалбар түгээгч 3 байхаар баталсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан Захирлын 2016 оны 10 дугаар сайрын 28-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталж менежер 1, тасалбар түгээгч 3, үйлчлэгч 1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно. Бид байхгүй орон тоонд Т.Батчимэгийг ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан тус газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай Т.Батчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Батчимэгийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

НЭГ. Хөдөлмөрийн харилцаа тогтоосон болон ажлын байрны чиг үүрэг тухай:

“Автотээврийн үндэсний төв” Монгол Улсын Зам Тээвэр, Хөгжлийн Яамны харъяа Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 9 дугаартай хөдөлмөрийн гэрээ иргэн Төмөрбатын Батчимэгтэй байгуулснаар Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсч, ажилтан Т.Батчимэг нь Төв аймгийн Автотээврийн Төвд тасалбар түгээгчээр ажиллаж эхэлсэн.

Иргэн Т.Батчимэгийн ажилласан ажил, албан тушаал Төрийн албаны тухай хуулийн9.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах Төрийн үйлчилгээний албан тушаалд ангилагдана.

Тус албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7.10, 9.2-т заасны дагуу батлагдсан Албан Тушаалын Ангилал, Зэрэглэлийн 13-т заасны дагуу Техникийн гүйцэтгэх албан хаагчид ангилагдах бөгөөд ажилтан Б.Дэнсмаагийн ажлын байрны үндсэн чиг үүрэг нь ажил олгогчтой байгуулсан гэрээний 1.3-т зааснаар ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтод заасан “Зорчих тасалбарыг бичиж борлуулалтын орлого бүрдүүлэх, мөнгөн хөрөнгийн тайлан тооцоо гаргах зэрэг” ажил үүрэг байсан.

Гэтэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаартай тушаалаар  ажилтан Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг дурьдаж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоо байхгүй болсон гэх боловч тус ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг ажил олгогчийн хөдөлмөрийн бүтцээс байхгүй болоогүй, хэвээр хадгалагдаж буй бөгөөд тухайн ажлын байрыг хасах бүрэн эрх “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захиралд бус Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.5-д зааснаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдахаар хуульчилсан байтал ажилтнуудыг ажлаас халахын тулд хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирал эдэлж, ажлын байрыг хэлбэрийн төдий хассан гэж үзэх үндэслэлтэй байна.

ХОЁР. А/275 болон А/49 дугаартай тушаал үндэслэлгүй тухай:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4-т зааснаар ажлын байрын орон тоог хасах эрхийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захиралд олгоогүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.5-д зааснаар захиргааны албан тушаалын жагсаалтыг батлах эрх Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газарт олгогдсон.

Тиймээс шүүхийн шийдвэрт хуулийн дараах хэм хэмжээний бүтэц диспоцизийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тул дор заасан дүгнэлт үндэслэлгүй байна.

            Учир нь Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-д дүрмээр болон Автотээврийн тухай хуулиар үүрэг болгосон нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тасалбар түгээж, худалдан борлуулах ажил, үүргийн хэрэгцээ бодитой хэвээр байна.

А/275 дугаартай тушаал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.1 болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрэм (цаашид “Дүрэм” гэх)-ийн 6.12-т заасныг тус тус үндэслэсэн бөгөөд Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол, түүний хавсралтыг үндэслэл болгоогүйгээс үзвэл дээд шатны захиргаанаас ажлын байрыг хасах талаар тогтоогоогүй байхад дур зоргоор хассан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Тасалбар түгээгч нь Төрийн албаны тухай хуулийн7.10, 9.2-т зааснаар ангилагдах албан тушаал болохын хувьд тус хуулийн 7.1, 7.1.10-т заасныг төсөөтэй хэрэглэвэл захиргааны албан тушаал мөн тул түүнийг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаартай хавсралтаар батлагдах захиргааны албан тушаалд үл хамааруулах үндэслэлгүй бөгөөд ИХ-ийн 29 дүгээр зүйлд заасан салбаргүй тул 55 дугаартай тогтоолын 3 дугаартай хавсралтаар баталсан захиргааны албан тушаалын жагсаалт “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын аппаратын бүх нэгжид хамаарах учир Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газраас баталсан жагсаалтыг үндэслэж ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48.1.3-т заасан ажил, албан тушаалын жагсаалтыг батлах үүрэгтэй.

...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.5-д заасны дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан захиргааны албан тушаалын жагсаалтаар хасагдсанаас бусад тохиолдолд тухайн ажлын байрны орон тоог “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирал хасах талаар бие даан шийдвэр гаргах эрх олгоогүй бөгөөд 751 орон тооны хязгаарын хүрээнд зөвхөн тухай албан тушаалын орон тоог цөөрүүлэх боломжтой.

Хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл захиргааны албан тушаалын жагсаалт батлах болон зохион байгуулалтын бүтэц тогтоох функцыг нэг эрхэд багтааж ойлгож болохгүй бөгөөд тус бүртээ өөр өөр этгээдэд олгогдсон ялгаатай эрх тул зохион байгуулалтын бүтцийг тогтоох нэрээр ажлын байрны орон тоог хасах эрх олгогдоогүй.

ГУРАВ. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын чиг үүрэг болон бүтэц, орон тооны тухай:

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас нийтийн тээврийн үйлчилгээний тасалбарыг түгээсэн хэвээр байна. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т заасан нийтийн тээврийн үйлчилгээг Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Автотээврийн тухай хуулийн 6.1.10-т зааснаар зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолын Нэгдүгээр Хавсралтаар батлагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн дүрмийн 4.1.4-т зааснаар тус чиг үүргийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аар гүйцэтгүүлдэг.

            Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13.1-т зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийг ангилдаг бөгөөд тус хуулийн 15.1-т зааснаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ангилагдах тул Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.5-д заасныг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол гаргаж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн орон тооны дээд хязгаар болон захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан байна.

            Тус тогтоол болон түүний хавсралтаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажил, албан тушаалын жагсаалтаас тасалбар түгээгчийн ажлын байрыг хасаагүй тул Автотээврийн тухай хуулийн 6.1.10 болон Дүрмийн 4.1.4-т заасан чиг үүргийн дагуу Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод төв хооронд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах хүрээнд тус чиглэлийн зорчих тасалбарыг худалдан борлуулж, түгээх ажлыг Төв аймгийн Автотээврийн Төв гүйцэтгэсэн хэвээр байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан тасалбар түгээгчийн ажлын байрны ажил, үүрэг хэвээр хадгалагдаж, үргэлжлэн хэрэгжиж байна.

ДӨРӨВ. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй тухай.

...Ажил олгогчийн Б/789 дугаартай тушаал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4, 20.10, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ийг тус тус үндэслэсэн боловч аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль үндэслэлээр ажилтан Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж буйг тодорхой заагаагүй нь Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаартай тогтоолын 15-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино, Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэж тайлбарласантай нийцэхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй боловч тус эрхийг хэрэгжүүлэх журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-40.5, 42 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан ажилтны төлөөлөгчид мэдэгдэж, хэлэлцээ хийх журмыг зөрчиж тасалбар түгээгчийн ажлын байранд ажиллаж байсан нийт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, бөөнөөр халсан.

ТАВ. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй тухай:

...Тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилтын чиг үүрэг болох тасалбарыг худалдан борлуулж, түгээх ажил, үүргийг тээвэр зохицуулагчийн ажлын байранд ажиллаж буй албан тушаалтан гүйцэтгүүлж буйгаас үзвэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хөдөлмөрийн зохион байгуулалтын бүтцээс тасалбар түгээгчийн ажлын байрыг хасаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тээвэр зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтод тасалбар түгээх чиг үүрэг байхгүй хэдий ч тухайн ажил, үүргийн бодит хэрэгцээ, шаардлага байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 31.1-т заасныг зөрчиж тээвэр зохицуулагчаар гүйцэтгүүлж байна.

Хэрэв Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор тогтоосон 751 орон тооны дээд хязгаарт багтаахын тулд албан тушаалын тоог цөөрүүлж, төсөв хэмнэх бодит хэрэгцээ шаардлагын улмаас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирал А/275 дугаартай тушаал гаргаж Төв аймгийн Автотээврийн Төвийн ажил албан тушаалын орон тоог өмнө байснаас 5-аар бууруулж, нийт 10-аар тогтоосон гэж үзвэл 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тээвэр зохицуулагчийн 4 орон тоог дахин 1-ээр нэмэгдүүлж, Төв аймгийн Автотээврийн Төвийн орон тоог нийт 11 хүргэсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Захирлын А/49 дугаартай тушаал гаргахгүй байсан.

            Улмаар ажилтан Т.Батчимэгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халж, тасалбар түгээх ажил, үүргийг тээвэр зохицуулагчаар гүйцэтгүүлсэн хэрнээ тээвэр зохицуулагчийн ажлын байрны сул орон тоонд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Р.Мөнхтуяаг шинээр ажилд авч түүнийг 2017 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллуулж, цалин хөлс бодож олгосон нь ажилтан Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасах бодит хэрэгцээ, шаардлага байгаагүй нь давхар илэрхийлж байна.

Нөгөөтэйгүүр ажилтны эрхэд халдаж буй хамгийн ноцтой хэлбэр болохын хувьд ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх нь бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан үндэслэлтэй байх ёстой бөгөөд энэхүү хэрэгцээ, шаардлагын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3-т заасны дагуу ажил олгогч нотлох үүрэгтэй.

            Гэвч бодит хэрэгцээ шаардлагын үндэслэлийг Хариуцагч нотлоогүй тул ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн ажлын байрны орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлгүй, хууль бус байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулна уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Батчимэг нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан тус газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Т.Батчимэг нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Төв аймгийн автотээврийн төвд үйлчлэгчээр 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 4, 5-10, 114-122/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/89 дугаар тушаалаар Төв аймгийн автотээврийн төвийн ажилтан, албан хаагчийн орон тоог нийт 15 хүнтэйгээр баталсан байх бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалаар Төв аймгийн автотээврийн төвийн ажилчдын орон тоог Дарга-1, Ахлах нягтлан бодогч-1, Тээвэр, бүртгэлийн мэргэжилтэн-1, Техникийн хяналтын үзлэгийн инженер-1, Техникийн хяналтын үзлэгийн техникч-1, Тээвэр зохицуулагч-4, Нярав, бичиг хэрэг-1, нийт 10 хүнтэйгээр баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан тасалбар түгээгчийн орон тоог оролцуулан бодитойгоор 5 орон тоог хассан үйл баримт тогтоогдож байна. /хх 24-28, 29-30, 31-33/

 

            Нэгэнт орон тоо цөөрсөн байгаа тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх журамтай.

 

Нэхэмжлэгч Т.Батчимэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардуулж, хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дүгээр тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан тус газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Т.Батчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх 4, 22/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН