Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 155

 

Н.Шт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн өмгөөлөгч А.Б,

шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Л.О, Ж.Б, Ж.Э,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1551 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Л.О нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Шт холбогдох эрүүгийн 1806028140543 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн  Н.Ш, 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, .............................. гэх газар оршин суух бүртгэлтэй,

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ....................../;

Н.Ш нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12-319 тоотод төрсөн дүү Г.Цтай маргалдаж, улмаар түүнийг зодож, алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Н.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Шыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шт 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Н.Шт оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Шын цагдан хоригдсон нийт 224 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн савхин куртикийг эзэмшигч Н.Шт буцаан олгох, 1 ширхэг хар өнгийн савхин куртик, футболк 1 ширхэг, бор гутал 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, жинсэн өмд 1 ширхэг, тэлээ 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн хэрэг гарсан өдөр би талийгаач Г.Цтай эхнэрийг нь өмөөрснөөс болж бага зэрэг маргалдаж, түүнийг цохисон нь үнэн бөгөөд гэрч Т, О, Т нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн талийгаачийг “Б” хэд хэдэн удаа цохисон гэдэг нь үнэн. Харин би Г.Цын амь насанд хохирол учруулахуйц, хүчтэй цохиогүй. Би тухайн хэрэг гарсан өдрийн үйл явдлыг тод санаж байна. Мөн гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд дүү маань надтай муудалцсанаас хойш өөрийн ухамсартай байж, ухамсарт үйлдлүүдийг хийж байсан нь нотлогддог ба дахин бид муудалцаж, зодолдсон асуудал огт болоогүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “Г.Ц нь их, бага тархины аалзан хальсан дор тархины цус харвалт үүсч газар дээрээ нас барсан” гэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон. Дээрх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгүүд нь хоорондоо асар их зөрүүтэй байгаа. Уг зөрүүтэй мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдээр намайг төрсөн дүүгээ хөнөөсөн гэж үзэж байгаад гомдолтой байна. Миний дүүгийн амь насыг хохироосон жинхэнэ хэрэгтэн нь одоо эрх чөлөөтэй гадуур явж байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага огтхон ч анзаарахгүй, гэмт этгээдийн толгойг илж байгаа нь харамсалтай. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад, үнэн зөв шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийгдэх нөхцөл байдал үүсвэл надад холбогдох хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохих шат руу буцааж, нэмэлт мөрдөн байцаалт явуулж жинхэнэ гэмт этгээдийг ял завших боломжгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Н.Шын өмгөөлөгч Л.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дугаар зүйлийн 1, 2, 1.14 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн өгсөн “... талийгаач нөхөр маань гэрт Н.Штай зодолдоход би дүү нартайгаа нийлж салгасан. Тэгээд гэрийн зүүн талын хаяанаас босоод Н.Шын араас хэрэлдээд гарсан. Буцаж орж ирээд гарахад нь би гэр дотор унасан уньнуудыг янзлаад үлдсэн. Гэр доторхийг янзалчихаад нэг хэсэг юу болсныг санахгүй байна. Ямар хугацаа өнгөрснийг мэдэхгүй, дүү Т гаднаас, нөхрийг маань араас нь сугадаад чирээд орж ирсэн. Н.Ш дийлдэхгүй агсам тавиад араас нь гарсан. Уг нь би Г.Ц, Н.Ш хоёрыг согтуу байхад нь шууд зугтаадаг юм. Тэр өдөр салгах гэж их хичээсэн. ...” гэх нотлох баримтаар үнэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Оаас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус тус мэдүүлэг авсан ба тухайн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байна.

Гэтэл шүүхээс хохирогчийн мэдүүлгийг 2 тусдаа хүн өгсөн мэтээр дүгнэсэн. Мөн дээр дурдсанаар хохирогчийн мэдүүлгийн зөрүүг үгүйсгэсэн, эсвэл баталсан үндэслэлийг заагаагүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэрч Ө.Тийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлжээ. Гэтэл гэрч Ө.Тийн мэдүүлэг нь мөн өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Түүнчлэн гэрч Ө.Т нь Г.Ц, Н.Ш нартай ижил хэмжээний архи уусан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний согтолтын зэргийг тодорхойлох ажиллагаа хийгээгүй байх ба Ө.Т нь тухайн үеийн үйл явдлыг тодорхой санаж байгаа эсэх, үнэн зөв гэрчилж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үед гадаа харанхуй байсан тул юу ч харагдахгүй байсан талаар Б.Т, Ө.Т нар мэдүүлдэг. Мөн Н.Ш, Г.Ц нар гадаа зодоон хийгээгүй болохыг гэрч нар хүлээн зөвшөөрдөг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “Г.Г.Ц нь их бага тархины аалзан хальсан дор тархмал цус харвасан хүнд гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн” гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл гэрч Ө.Т, Б.Т нарын мэдүүлгээр Н.Ш, Г.Г.Ц нар машины хажууд 10 орчим минут хэрүүл хийж зогссон гэж мэдүүлдэг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэсэн үндэслэл бүрдсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэрч Б.Тийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр гэрч Б.Т нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл шүүх гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүтэй байдал, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй тухай мэдэгдсээр байтал нэг талыг буюу яллах талыг баримталж, цагаатгах нотлох баримт болон нотлох баримтаар үнэлсэн гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр гэм буруутайг дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байтал шүүх удаа дараа эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийг өмнөх мэдүүлэгтэй нь харьцуулан үзэлгүй гагцхүү Н.Шыг буруутгах зорилгоор мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

Шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байна.

Шинжээч эмч С.Одончимэгийн мэдүүлэгт “дээрх гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд буюу хэдэн цагаас хэдэн минут явж үйл хөдлөл хийх боломжгүй, тэр даруй буюу газар дээрээ нас барна. Үйлдэл хийх боломжгүй” гэжээ. Гэтэл прокуророос Г.Г.Цын биед учирсан тухайн гэмтэл нь хэдий үед, хаана, хэн учруулсныг тогтоогоогүй байна. Гэрч нарын мэдүүлгүүдээр Г.Г.Ц, Н.Ш нар маргалдсаны дараа хохирогч Г.Г.Ц нь 30-40 минут тодорхой ухамсарт үйлдэл хийж байсан байна. Нөгөө талаар, Г.Г.Цыг нас барах үед хамгийн сүүлд Н.Ш хамт байсан гэдгийг нотлох зүйл байхгүй, харин гэрч Б.Т хамт байсан гэдгийг гэрч нар нотолж байхад шүүх уг хэрэгт Н.Шыг буруутгаж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад прокуророос хохирогчийг гэрт болсон зодооны улмаас гэмтэл авсан гэж тайлбарлаж байсан хэдий ч шүүх хуралдааны дүгнэлт хэсэгт Г.Г.Цыг нас барахад хамгийн сүүлд байсан этгээд болон Н.Ш нь уг хэргийг хийсэн байх магадлалтай гэсэн тайлбар хэлсэн. Өөрөөр хэлбэл, прокуророос Г.Г.Цын биед учирсан гэмтэл хэзээ, хаана, хэрхэн учирсан гэдгийг тайлбарлаж чадаагүй байхад шүүх бүрэлдэхүүн өөрсдийн таамгаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж шинжлээгүй. Тухайлбал, уг хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр шинжээч Ганзоригийн гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсэгт “Дардаг товчтой, хар, савхин хүрэмний ар талд 80х85 мм, 90х45 мм хэмжээтэй гутлын 2 ширхэг гутлын мөр өнгөц гарсан байна гэжээ. Гэтэл тухайн гутлын мөр нь хэргийн газарт байсан хүмүүсийн хэнийх нь гутлын мөр болохыг тогтоогоогүй атлаа прокурор яллах дүгнэлтийнхээ үндэслэл болгосон.

Мөн мөрдөгчийн тогтоолоор 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг гарын мөр, нэг ширхэг гарын дардаст шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч О.Золзаяаг томилсон байна. Шинжээч О.Золзаяагийн дүгнэлтэд 3 ширхэг гарын мөр, 1 ширхэг гарын дардас гэжээ. Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн тогтоолын дагуу өгөөгүй гарын мөр буюу хэргийн газраас бэхжүүлэгдээгүй эд мөрийн баримтад шинжээчийн дүгнэлтийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжилгээний объектийг өөрчилж гаргасан дүгнэлт байна. Түүнчлэн мөрдөгч нь тухайн гарын мөр нь Папилон санд бүртгэлтэй гарын мөртэй тохирох эсэх талаар дүгнэлт гаргуулахаар тогтоол гарсан байна. Тухайн хэргийн газраас олдсон гарын мөрийг хэрэгт холбогдогч нарын гарын мөртэй харьцуулах ажиллагаа хийлгүйгээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх үндэслэлээр гагцхүү Н.Шын гарын мөртэй харьцуулсан гэж үзэхээр байна.   

Дээрх байдлаар уг хэргийн мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтоох бүрэн боломж байсаар байтал гагцхүү Н.Шыг буруутгах зорилгоор явагдсан гэж үзэхээр байна.

Яллагдагч Н.Шыг өмгөөллийн туслалцаа авах эрхээр нь хангаагүй. Н.Ш нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Л.Бурмаа, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр С.Батдэлгэр гэх өмгөөлөгч нарыг байлцуулж мэдүүлэг өгчээ. Гэвч тухайн үед мэдүүлэг авахдаа Н.Шыг өөрийн биеэр өмгөөлөгч сонгох боломж олгоогүй бөгөөд мөрдөгч өмгөөлөгчийн санал болгосон. Мөн Л.Б гэх өмгөөлөгч нь өмгөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар бичигдээгүй байна.

Н.Шыг сэжигтнээр татсаны дараа гэрчийн мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мэдүүлэг авах журмыг зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1551 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Н.Шын өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” тодорхой болгож ажиллагаа хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, Н.Ш бичиг үсэг мэдэхгүй. Энэ хэрэгт анх 5 хүн ижил хэмжээтэй архи уусан байхад Н.Ш болон бусад хүмүүсийг эрүүлжүүлсэн баримт байдаггүй. Тэгэхээр тусгаарлалтыг буруу явуулсан. Учир нь 5 хүн хэргийн газарт байж хэрэгт холбогдсон байхад зөвхөн Н.Шыг хорьж, бусдыг нь гадуур байлгаснаас болж хэргийн нөхцөл байдал бүрхэг болсон. Өөрөөр хэлбэл, прокурор, мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөлүүдийг хохирогч, гэрч, тэдгээрийн ах дүү, төрөл садангийн мэдүүлгээр нотолсон. Өөр хөндлөнгийн нотлох баримт огт байхгүй. Шүүгдэгч Н.Ш нь өөрөө хэл ярианы хувьд бэрхшээлтэй хүн. Хэрэг болох үед “дүүгээ алдчихлаа” гэж хэлсэн үйл баримтыг гэрч нар “дүүгээ алчихлаа” гэж мэдүүлсэн байдаг. Энэ талаар шалгаж өгнө үү гэж удаа дараа шат шатны прокурорт гомдол гаргаж байсан. Гомдлын хариу хугацаандаа ирдэггүй. Жишээ нь: хэрэг шүүхэд шилжсэн байхад прокурорын хариу ирж байх жишээтэй. Урьдчилсан хэлэлцүүлэг болох өдөр гомдлын хариугаа аваад прокуророос ийм хариу ирсэн гэж тайлбарлаж байсан. Н.Шын хувьд ч анхнаасаа маш их гомдолтой байсан. Учир нь би төрсөн дүүгээ алаагүй, надад зодож, цохиж алах гэсэн санаа байгаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох гэж буюу эхнэрээ зодох гээд дайрч байхад нь салгах гэсэндээ буруутан болж байна гэж хэлдэг. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч Н.Шын өмгөөлөгч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Шт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дугаар зүйл заалтыг зөрчсөн ноцтой зөрчлүүд харагдаж байна. Хохирогчоор тогтоогдсон хууль ёсны төлөөлөгч буюу талийгаачийн эхнэр Оийн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжтой чухал мэдүүлгийг авсан байдаг. Үүний дараа 3-4 удаа дахин мэдүүлэг авсан байдаг. Эхний мэдүүлгээс хойш, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараагаар энэ хэргийн эсрэг сонирхолтой талуудын мэдүүлэг өөрчлөгдөж, гагцхүү Н.Шын үйлдлээс болж талийгаачийн амь нас хохирсон гэдэг байдлаар мэдүүлэг өгч эхэлсэн байдаг. О нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө маш бүдэг мэдүүлэг өгсөн. Тэрээр би санахгүй байна, би согтуу байсан гэдэг. Гэтэл О нь хэрэг гарах өдөр тийм их хэмжээний архи уугаагүй, 2 шил пиво уусан, 2 балга архи уусан гэж ярьдаг. Тийн гэрт гарсан маргаан Г.Ц эхнэр Оийг зодох гэж дайрсантай холбоотой, Н.Ш түүнийг өмгөөлж Г.Цтай маргалдаж улмаар зодоон хийсэн, зодоон хийхдээ аль аль нь хүч хэрэглэсэн. Тэр үед Н.Ш нь Г.Цыг газарт унагаагаад дээрээс нь цохиж байсан гэдэг үйл баримт тогтоогдсон. Үүнийг үгүйсгэх аргагүй. Харин үүний дараа яг юу болсон бэ гэхээр Г.Цыг Н.Ш нь зодож байхад талсан зогсооход Т, О хоёр оролцсон. Үүний дараа Т орж ирсэн. Т яагаад сүүлд орж ирсэн гэхээр гэртээ орох гэхэд эхнэр Туул нь оруулаагүй. Тэгээд буцаж орж ирэхдээ Н.Шыг араас нь татаж салгасан. Энэ үед Н.Шын уур нь хүрч Тийг цохисон байсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ үед талийгаач Ттэй маргалдсан. Үүний дараа талийгаач эхнэрээсээ автомашиныхаа түлхүүрийг аваад гараад автомашин дээрээ очсон. Энэ үед Т нь талийгаач хоёрын маргааныг зогсоож, Тийг гэрт нь оруулж өгсөн. Т нь энэ хэргийг гэрчлэх ганц эрүүл байсан гэрч юм. Тэрээр нийт 2 удаа мэдүүлэг өгсөн. Түүний мэдүүлэг нь сүүлдээ өөрчлөгдсөн. Мөн Т нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “гэрийн хажуу талд Г.Цыг газарт унагаагаад Н.Ш зодож байсан” гэдэг. Харин дараагийн мэдүүлэгтээ энэ ярьсан зүйлийг хэлээгүй. Мөн шүүхэд мэдүүлэг өгөхдөө ийм зүйл болоогүй гэж өөрчлөгдсөн. Ер нь бол талийгаачийг Н.Штай автомашин дээр очсон, тэнд байсан гэдэг мэдүүлгийг Т хэлдэг. Мөн дараа нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө би хараагүй гэж хэлдэг. Яагаад ийм байдлаар мэдүүлэг өгснийг бид тайлбарлаж хэлж чадахгүй байна. Тийн мэдүүлэг нь маш их зөрүүтэй. Тухайлбал, “Т ахыг гэрт нь оруулж өгөөд гараад ирэхэд Н.Ш хохирогч Г.Цтай түлхүүрийн талаар маргалдаад зогсож байсан. Тэр үед би та нар боль гэж хэлсэн. Гэтэл миний үгэнд ороогүй” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхэд мэдүүлэг өгч байх явцдаа “та энэ хоёрын маргааныг харах боломж байсан уу” гэж улсын яллагч асуухад “Н.Ш нь талийгаачтай автомашины түлхүүрийг өгөх, өгөхгүй талаар маргалдаж байхыг сонссон, би хараагүй” гэж хэлдэг. Энэ үйл явдлаас хойш Т талийгаачийг автомашины дугуй түшээд сууж байхад нь гэрт оруулж ирсэн гэдэг. Ингэж оруулж ирэхэд О Н.Шыг гэртээ орон дээрээ дарсан байдалтай, Н.Ш нь нэлээд ууртай байдалтай байсан гэдэг. Энэ нь Н.Ш гэрээс гарсныг сүүлчийн мэдүүлгээр өөрчилж байгаа. Учир нь, Н.Ш нь талийгаач Г.Цын автомашин дээр очсон. Г.Ц тэр хоёрыг байж байхад Т 00 явсан гэдэг бөгөөд эргээд ирэхэд нь Н.Ш байхгүй, Г.Ц автомашиныхаа дугуйг налаад байж байсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийн зөрүү нь гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргаагүй, шүүхэд өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс юугаараа илүү байсан юм бэ гэдгийг шүүх тайлбарлаагүй. Шүүх гэрч, хохирогч нарын шүүхэд өгсөн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь Тийн мэдүүлэг, Тийн мэдүүлэг нь хоорондоо адилхан болж ирсэн учраас эдгээр хүмүүст үгсэж хуйвалдах боломж бий болсон гэж үзэж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн орон зайг маш тодорхой тогтоох ёстой байсан. Тухайн хашаанд хэдэн гэр байсан, хэдэн контейнер байсан, хоорондын зай нь хэд болох зэргийг хэмжиж тогтоох ажиллагаа хийгээгүйн улмаас цаг хугацааны хувьд эргэлзээтэй болсон. Ер нь бол талуудын зарим нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн үед ирсэн гэдэг. Зарим нь 02 цагт ирсэн гэдэг. Гэтэл эдгээр хүмүүс нь шөнийн 03 цагт ирсэн болох нь харагддаг. Үүнийг тогтоох талаар арга хэмжээ аваагүй. Зөвхөн 03 цаг 40 минутад түргэн тусламж дуудсан байдлаар нь 03 цагаас 03 цаг 40 минутын хооронд болсон гэж үзэхээр байна. Тэгэхээр талийгаачийн нас барсан шалтгаан нь гэрт болсон зодооноос болоогүй гэдэг эргэлзээ төрж байна. Ер нь эргэлзээ төрөхөөргүй байдлаар хэргийг шалгаж шүүхэд шилжүүлэх ёстой. Гэтэл маш их эргэлзээтэй хэргийг шалгасан. Тэгэхээр Н.Шыг буруутгах хөндлөнгийн нотлох баримт эдгээр гэрч нарын мэдүүлгээс өөр зүйл байхгүй. Хөндлөнгийн нотлох баримт буюу хэргийн газрын үзлэг болон тухайн өдөр нь хийсэн нөхөн үзлэгээр ямар нэгэн ул мөр илрээгүй. Тухайн үзлэгээр Төвшинтөгс, Т, талийгаач, Н.Ш нар яаж явсан талаар тогтоосон зүйл байхгүй. Мөн хэд хэдэн гарын мөр илэрсэн боловч яг тэмдэглэлийнхээ төгсгөлд энэ талаар дурдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч нараас хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч хангаагүй орхигдуулсан. Ер нь мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч О, гэрч Т, Т нар гэмт хэрэг үйлдээгүй гэх хариултыг удаа дараа өгч байсан. Тэгэхээр яллах тал нь хэт нэг талыг барьсан шинжтэй үйлдлийг гаргаж байсан. Н.Шын хувьд өөрийнхөө үйлдсэн хэрэгт холбогдуулан талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл учруулаагүй гэж үзэж байгаа. Харин үүнээс хойшхи хугацаанд энэ хэргийг хэн үргэлжлүүлсэн бэ, талийгаачийн амь нас хохирох гэмтлийг хэн учруулсан бэ гэдэг асуудал нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байна. Тийм учраас шүүх өмгөөлөгч нарын гаргасан үндэслэл бүхий гомдлыг хянаж үзнэ үү. Энэ хэрэг Н.Шын үйлдлээс болж үйлдэгдсэн гэдгийг нотолсон баримт байхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байгаа ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн өмгөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэргийг Н.Ш үйлдсэн гэсэн бодолтой байдаг. Ингэж бодох шалтгаан нь юу вэ гэхээр хэргийн газарт Т, Т, Н.Ш, талийгаач нар байсан. Гэр дотор болсон маргааны явцад Тийг Т урд талынх нь гэрт оруулж өгсөн байдаг. Гэрт оруулж өгч байхадТийн эхнэр Туул гэх эмэгтэй гэрийн гадаа Н.Шын дуу гараад хараалын үг хэлээд “нохойг яв” гэж хэлж байсан гэдэг. Тэгэхээр гэрийн гадаа Н.Ш байсан. Энэ явдлын дараа Тийг гэрт байхад гэрийн гадаа өөрийнхөө дүүтэй маргалдаад байсан гэж Туул мэдүүлсэн байдаг. Тэгээд Т, Тийг гэрт нь оруулж өгчихөөд эргээд гарахад автомашины гадаа талийгаач ахтайгаа цуг байсан ба дүү нь явна гээд ах нь явахгүй гээд зүй ёсны шаардлага тавьж байсан, хориглосон үйлдлийг хийж байсан байдаг. Ингээд жорлондоо орчихоод буцаад ирэхэд ах нь гэртээ орчихсон, талийгаач автомашиныхаа гадаа хөлөө жийгээд сууж байдаг. Ингээд би талийгаачийг өргөөд гэрт оруулсан гэж мэдүүлдэг. Оийн “би бүх үйл явдлыг нэг бүрчлэн сайн санахгүй байгаа. Н.Шыг гаргахгүй гээд дарж байснаа санаж байна” гэдэг. Н.Ш нь тайлбарлахдаа намайг О гэрээс гаргаагүй, байнга дараад байсан гэсэн. Гэтэл О Н.Шыг байнга дараад байсан үйл баримт хэрэгт байдаггүй. Учир нь гэрийн унь унасан байсан учраас О, Т, Т нар гэрийн унийг буцаагаад өлгөж байсан байдаг. Тэгэхээр энэ хугацаанд О Н.Шыг орон дээр дараад хэвтээд байсан үйлдэл үргэлжлээгүй юм байна гэдэг нь хэргээс харагддаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтэл нь учрах үедээ үхэлд хүргэнэ гэж гарсан байдаг. Энэ дүгнэлтийг гаргасан шинжээч эмч хүртэл мэдүүлгээрээ хэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар хамгийн сүүлд байсан хүн нь талийгаачийн амь насанд хүрсэн гэсэн. Тэгэхээр хамгийн сүүлд хамт байсан хүн нь Н.Ш автомашины дэргэд байсан. Энэ талаар Туул, Т, Т нар мэдүүлсэн ба гэр дотор байсан талийгаачийн охин гадаа аав, ах хоёр маргалдаад байна гэх яриаг ярьж байсан талаар Туулын мэдүүлэгт авагдсан байдаг. О нь анх мөрдөн байцаалтад хэрэг буцахаас өмнө би Н.Шт гомдолтой байна гэдэг байсан боловч шүүх хуралдааны явцад би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлдэг. Ингэж хэлэх болсон шалтгаан нь 2 хүүхэдтэй үлдсэн, 2 хүүхдийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй. Хэдийгээр ах нь дүүгээ алсан ч гэсэн би ганцаараа 2 хүүхдээ тэжээж явахад надад хэцүү. Тийм учраас хүссэн ч бай, хүсээгүй ч бай хадмуудын талаас тусламж авна. Тэгэхээр намайг хаялаа ч гэсэн ард нь хоцорч байгаа 2 хүүхдийг минь хаяхгүй байх гэж хэлдэг юм. Талийгаач амьд байх үедээ өөрийн автомашинтай байсан. Тухайн автомашиныг нь дүү нь аваад барьцаанд тавьсан ба талийгаачийн амьдарч байсан гэрийг нь ах, дүү нар нь аваад явчихсан байсан. Тэгэхээр миний үйлчлүүлэгч өөрийн гэсэн орон гэр байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэдтэй, түрээсийн байраар амьдарч байгаа боловч тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь Н.Ш намайг миний нөхрийн доромжлол довтолгооноос хамгаалснаас болсон гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Н.Ш нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “би бүх болсон үйл явдлыг санаж байна, талийгаачийн эхнэр нь намайг дарчихаад босгохгүй байсан” гэж тайлбарлаж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Н.Ш би дүүтэйгээ маргалдаад унтчихсан байсан. Нэг сэрэхэд миний дүү нас барчихсан хажууд байсан. Тэгээд би юу ч мэдэхгүй байсан гэж мэдүүлсэн байдаг.  Өнөөдрийн шүүх хуралдаанд санаад эхэлсэн шиг л тайлбар гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар 2 цагдаагийн албан хаагч Н.Шыг эрүүлжүүлэх гээд гавлаж дийлэхгүй байсан тухай мэдүүлэг авагдсан байдаг. Ийм хүнийг эмэгтэй хүн бүхэл бүтэн тэр удаан хугацаанд дараад байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Хэргийн газрын үзлэгээр Н.Штай холбоотой ул мөр илрээгүй гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн газарт хэн хэн байсан талаар тогтоогдсон. Мөн гарын мөр гэх асуудлыг яриад байна. Өмгөөлөгч нарын зүгээс өөр хүн гаргаж ирэх гээд байгаа юм уу, энэ талаар сайн ойлгохгүй байна. Прокурор анх яллахдаа гэр дотор болсон гэж ялласан одоо өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байгаа 12-315 тоот гэдэг нь хашааных нь дугаар байдаг. Хавтас хэрэгт авагдсан баримтаар өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг эргэлзээтэй зөрүүтэй асуудал байхгүй. Тухайн хэргийн газарт байсан хүмүүсийг анхнаасаа буруу тусгаарласан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл шуурхай бүрэлдэхүүн дуудлагын дагуу очсон цагаас эхлээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлдэг. Хойшлуулшгүй ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд хэнийг тусгаарлах вэ, хэнийг тусгаарлахгүй байх вэ гэдэг нь тухайн хэргийн газарт ажиллаж байгаа бүрэлдэхүүн шийдвэрлэдэг. Энэ талаар дуудлагаар очсон эмчийн мэдүүлэг, цагдаагийн албан хаагчийн мэдүүлэг хүртэл авагдсан байгаа. Мөн амь хохирогчийг л тавьтар муутай хүн байсан гэж тайлбарлаад байна. Энэ асуудал нь хүний л ёс журмын асуудал ийм байдлаар тайлбар гаргаж болохгүй байх гэж үзэж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч тайлбарлахдаа автомашин, орон гэр зэргийг нь аваад явчихсан гэж тайлбарлаж байна. Хохирогчийн нөхцөл байдал бодит байдал дээр яг тийм л нөхцөл байдалд байгаа. Үндсэндээ прокурорын зүгээс эргэлзэхгүй байгаа. Хэрэгт авагдсан үйл баримтаар энэ хэрэг нотлогдсон учир анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Шт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Н.Ш нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12-319 тоотод өөрийн төрсөн дүү Г.Г.Цтай маргалдаж, зодсоны улмаас тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тэрээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.О /1хх-23-27/, гэрч Д.Г /1хх-28-29/, Ө.Т /1хх-32-39/, Б.Т /1хх-40-43/, Х.Б /1хх-46-47/, Ц.Н /1хх-48/, Г.Т /1хх-49-51/, Б.М /1хх-52-53/, шинжээч эмч С.О /1хх-66-67/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 818 дугаартай дүгнэлт /1хх-60-62/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-171/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Н.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Н.Шыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Шт 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Н.Ш нь “... хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, би талийгаачийг хэд хэдэн удаа цохисон нь үнэн гэхдээ амь насанд нь хохирол учруулахуйц, хүчтэй цохиогүй тул жинхэнэ гэм буруутай этгээдийг олж тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэсэн,

Шүүгдэгч Н.Шын өмгөөлөгч Л.Онь “... хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байхад анхан шатны шүүх мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрч нарын мэдүүлгүүдээр Г.Г.Ц, Н.Ш нар маргалдсаны дараа хохирогч Г.Г.Ц нь 30-40 минут тодорхой ухамсарт үйлдэл хийж байсан. Нөгөө талаар, Г.Г.Цыг нас барах үед хамгийн сүүлд Н.Ш хамт байсан гэдгийг нотолсон зүйлгүй, харин гэрч Б.Т хамт байсан гэдгийг гэрч нар мэдүүлж байхад шүүх уг хэрэгт Н.Шыг буруутгаж байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн савхин хүрэм дээр гарсан гутлын мөр хэнийх болохыг тогтоогоогүй, гарын мөр буюу хэргийн газраас бэхжүүлэгдээгүй эд мөрийн баримтад шинжээчийн дүгнэлтийг гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Шыг өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд  тус тус гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүдэд зарим нэг асуудлын талаар зөрүүтэй мэдүүлсэн байх боловч үүнийг мэдүүлэг зөрүүтэй гэхээс илүүтэй мөрдөгч нар анхны мэдүүлгүүдээр хэргийн үйл баримтын талаар тодорхой биш, дутуу асуусан байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгчдэгч нараас удаа дараа мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүүг арилган, хэргийн үйл явцыг хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан дүгнэснээр Н.Ш нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Г.Г.Цыг алсан болохыг тогтоожээ. Тухайлбал:                                                                                                                   

Хохирогч Б.Оийн “... Н.Ш намайг өмөөрөөд дүүгээ “боль” гэхэд нөхөр Н.Ш луу дайраад хоорондоо муудалцсан. Гэрт зодолдоод хаалган дээр тогтдог, сагалдаргагүй бүх унинууд дээрээс унаад, гэрийн зүүн тал руу очиж хөргөгчний дэргэд зодолдоод, бие биеэ заамдаж байгаад нөхөр Г.Ц доор нь ороод унатал Н.Ш гараа зангидаж байгаад дээрээс нь цохиод байсан. Арай гэж салгаад нөхрийг гараад явчихаар нь би Н.Шыг араас нь гаргахгүй гэж зууралдаад үлдсэн. Удалгүй дүү Т нөхрийг сугадаад оруулж ирсэн ...” /1хх-24/,

“... талийгаач нөхөр маань гэрт Н.Штай зодолдоход би дүү нартайгаа нийлж салгасан. Тэгээд зүүн талын хаяанаас босоод Н.Шын араас хэрэлдээд гарсан. Буцаж орж ирээд гарахад нь би гэр дотор унасан унинуудыг янзлаад үлдсэн ... Н.Ш дийлдэхгүй агсам тавиад араас нь гарсан. Ямар ч байсан гэрийн гадаа манай нөхөр, Н.Ш хоёр хоорондоо маргалдаад байсан ...” /1хх-26-27/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Г-ын “... шөнө дунд болж байхад хажуу гэр дотор хүмүүс шуугилдаад нэг хүн “ална шүү” гэж хэлээд 2 хүн ноцолдоод, унь унаж байх шиг байсан, удалгүй “би яанаа, би яанаа” гээд орилоод байсан ...” /1хх-28-29/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.Тийн “... удалгүй хэрүүл маргаан болохоор нь гэрт ортол Барсаа, талийгаач хоёр хоорондоо зодолдож, талийгаачийг гэрийн хатавчны зүүн хэсэгт, машины бүтээлэг дээр унагааж, дээш харуулаад дээр нь сандайлж суугаад савхин хүрмээр нь хоолойг нь боосон байсан. Гэрийн хаалганы хэсгийн унь унасан байсан. Би Б-г араас нь татаад босгоход намайг боогоод, уруул хэсэгт гараараа цохисон. О, Т хоёр босож ирээд салгасан. Б ойртсон хүмүүс рүү дайраад байсан ба талийгаачтай хамт гараад гэрийн үүдэнд контейнерийн хажууд газар унаад Б дээр нь гараад зодоод байсан ба гартаа ямар нэг зүйл бариагүй харагдсан ... Б “би дүүгээ алчихлаа, дахин нэг дүүгээ алчихлаа гээд орилоод байсан ...” /1хх-33-34/ гэсэн мэдүүлэг,

“... Н.Ш нь Г.Цын дээр нь гараад гэдэс хэсэгт нь суучихсан, баруун гараараа заамдаад, зүүн гараараа цохихоор нь би Н.Шын хойноос барьж аваад салгахад Н.Ш намайг ална гээд заамдаад, уруул руу 2-3 удаа цохисон. Тэр үед О, Т нар салгаж, би хойморт зогссон. Тэгээд Г.Ц, Н.Ш нар хамт гадагш гарсан. Би дотор унасан унь өлгөж, тэр хавийг цэгцэлчихээд гарахад Г.Ц, Н.Ш 2 өндөр дуугаар хэрэлдэж байхаар нь холуур тойрч зугатаагаад гэртээ орсон ...” /1хх-36/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Тийн “... Г.Ц, Б хоёр Тийг зодчих гээд байгаа юм шиг санагдахаар нь Тийг авч гараад гэрт нь оруулах гэсэн чинь Туул эгч уурлаад гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байсан. Ингээд би Т ахыг дагуулаад буцаад гэрт ороход Г.Ц, Б хоёр хоорондоо зодолдоод, барьцалдаад, гэрийн зүүн урд талд эвхэж тавьсан машины хучлаган дээр унацгаасан бөгөөд Б ах дээр нь гараад заамдаад, “ахынхаа үгэнд ордоггүй юм уу” гээд цохилцоод Б нь Г.Цыг 2-3 удаа цохих шиг болсон. Тэр үед Т ах гэрийн гаднаас орж ирж таараад Барсаа ахыг тэврээд хойш нь татсан. Гэтэл Б ах салгалаа гээд уурлаад дайрсан. Тэгэхээр нь би бөөн зодоон болох нь гэж бодоод Тийг гэрээс гаргаад гэрийн гадаа орхичихоод буцаж ирээд О эгчийг Б ахыг аваад үлд, би Г.Цыг унтуулъя гэсэн. Би Т ахын араас гэрт нь оруулж өгөх гээд гарсан чинь Г.Ц ах араас дагаж гараад Тийг зуураад байхаар нь би салгаад Тийг гэрт нь оруулж өгсөн. Буцаад ирэхэд Г.Ц ах Оаас машиныхаа түлхүүрийг нэхээд машинаа асаагаад, машин дотроо сууж байснаа бууж ирээд машиныхаа дугуйг налж сууж байгаад бөөлжих гээд байгаа юм шиг байдалтай сууж байсан. Тэгэхээр нь 00 орж бие засчихаад буцаж ирээд хартал тасраад унтчихсан юм шиг байхаар нь араас нь сугадаад гэрт оруулсан ...” /1хх-40-41/ гэсэн мэдүүлэг,

“... Тийг битгий гаргаарай гэж хэлчихээд буцаад очиход талийгаач машинаа унтраачихсан гадаа нь Н.Штай байж байсан. Машинаа унаад явна гэсэн утгатай юм ярьж байхаар нь би “согтуу, машин барьж яваад осол гаргавал яах юм” гэж хэлсэн боловч миний үгийг тоогоогүй. Тэгэхээр нь би 00 орж, бие засчихаад 3-4 минут болоход тэр хоёр хоорондоо хэрэлдээд л байсан. Намайг 00-оос гараад очиход Н.Ш гэр лүү орчихсон, талийгаач машинаа налаад зүүн талд нь газар суучихсан байсан ...” /1хх-43/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.Б-ийн “... хучлаган дээр ах нь суучихсан “би дүүгээ алчихлаа, 2 охиныг нь өнчрүүлчихлээ” гээд орилоод уйлаад суугаад байсан ...” /1хх-47/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Т-ын “... дахиад л гадаа Г.Ц, Б хоёр орилолдоод ална, пизда гээд байсан. Хүүхдүүд сэрчихээд босоод суучихсан “Б ах орилж байна, аавтай л зодолдож байгаа биз” гэж хэлсэн ...” /1хх-50/ гэсэн мэдүүлэг,  

Гэрч Б.М-ийн “... нас барсан гэдгийг нь хэлэх үед “би дүүгээ алчихлаа” гээд тэврээд уйлаад байсан ...” /1хх-53/ гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч С.О-ийн “... талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь тодорхой хугацаанд буюу хэдэн цагаас хэдэн минут явж үйл хөдөлгөөн хийх боломжгүй. Тэр даруй буюу газар дээрээ нас барна. Үйлдэл хийх боломжгүй ...” /1хх-67/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Харин ах, дүү нар нь нийлж, талийгаачийн амь насыг хохироосон байж болзошгүй гэх нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй болно.

Н.Шт холбогдох хэрэгт давж заалдах гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хассан буюу хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсхүл хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Л.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1551 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1551 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Л.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН  

ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН