Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 011/2014/0563 |
Дугаар | 221/МА2015/0073 |
Огноо | 2015-02-05 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2015/0073
Иргэн Я.Г ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Я.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Я.Г ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын бүртгэлийн ***** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16-52 дугаар орон сууцыг 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С.Б, Д.Ц нарын өмчлөлөөс Д.Ц, Б.Г, Б.Н нарын өмчлөлд шилжсэн бүртгэл болон дээрх хүмүүсийн нэр дээр гарсан 4-16-52 дугаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь Цагдаагийн байгууллагаас анх хориг тавьсан албан бичгийг ирүүлсэн албан тушаалтан нь 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хоригийг цуцалсан тухай 05/2121 дугаарын албан бичгийг манайд ирүүлж, уг албан бичиг, өв залгамжлалын гэрчилгээг үндэслэн манай байгууллага 4-16-52 дугаар орон сууцыг Д.Ц, Б.Г , Б.Н нарын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн.
Цагдаагийн газрын 05/2121 дугаарын албан бичиг хууль бус гэж байгаа бол түүнийг нь тогтоолгох шаардлагатай байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой байдаг.
Тухайн үед хууль хяналтыг байгууллагаас 4-16-52 дугаар орон сууцтай холбоотой ямар нэг шийдвэр манайд ирүүлээгүй тул 2012 оны 9 дүгээр сарын 13-нд Д.Цоос манайд гаргасан баримт бичгийг үнэн зөв гэж үзэж бүртгэлийг хийсэн гэжээ.
Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Я.Г ийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй. Өв залгамжлалын гэрчилгээ хүчин төгөлдөр байна. Я.Г Улсын дээд шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага тавьжээ. Гэрэл өв залгамжлалын гэрчилгээ гарсан гэдгийг мэдэж байсан. Эрүүгийн хэрэгт өв залгамжлалын гэрчилгээ авагдсан байгаа. Улсын бүртгэлийн хэлтэс ч хариуцагч нь биш. Я.Г анх байраа зар өгч байгаад 16.000.000 төгрөгөөр зарж, 15 сая төгрөгийг авчихаад одоо байр үнэд орохоор байраа авна гэж нэхэмжлэх эрхгүй. П ийн хэргийн шийдвэр нь шүүхийн практикт байхгүй сонин шийдвэр гарсан, Я.Г ийг шүүхэд нөлөөлж тийм шийдвэр гаргуулсан гэж үздэг. Я.Г 7 жилийн өмнө байраа зарчихаад гэнэт байраа нэхсэн нь гуравдагч этгээдийг хохироож байна. Улсын бүртгэлийн алба хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16-52 дугаар орон сууцны өмчлөгчөөр Д.Ц, Б.Г , Б.Н нарын 3 хүнийг улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, Д.Ц, Б.Г , Б.Н нарын нэр дээр олгогдсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16-52 дугаар орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Д.Ц давж заалдах гомдолдоо: Шүүх намайг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16-52 дугаар орон сууцыг үр хүүхдүүдийн хамт, талийгаач нөхрийнхөө өв залгамжлагчийн хувьд өвлөн авч өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Би хууль бус үйлдэл хийгээгүй, талийгаач нөхрийнхөө өв залгамжлагч гэдэг нь тодорхой тул нотариатч надад өв залгамжлалын гэрчилгээ олгосон. Энэ гэрчилгээг авах үед миний өмчлөх эрх хэвээр байсан. Өөрөөр хэлбэл С.П ийн гэмт хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. Шүүх, цагдаа, прокурорын байгууллагаас миний худалдан авсан 4-16-52 дугаар орон сууцыг битүүмжилж, захирамж зарцуулсан тухай огт мэдэгдэж байгаагүй. Хориг гэж ямар үг хэллэг, ямар хуульд байдаг юм бэ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ийм нэр томьёо байхгүй байна. Би ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Шүүх зөвхөн Я.Г ийн өмчлөх эрх сэргэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг үндэслээд л миний орон сууцны бүртгэл, гэрчилгээг хүчингүй болголоо. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Орхон аймгийн Хүрэнбулаг багийн 4-16-52 дугаартай орон сууц анх С.Б нарын 3 иргэний өмчлөлд бүртгэлтэй байснаа Бэлэглэлийн гэрээ-гээр 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.П ийн, 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр П.Г ийн, 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн С.Б ын өмчлөлд тус тус шилжсэн. Үүний дараа 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн С.Б нас барснаар өвийн журмаар иргэн Д.Ц, Б.Г , Б.Н нар орон сууцыг 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс өмчлөх болжээ.
Гэтэл тухайн орон сууцыг С.П өөрийн өмчлөлд гэмт хэрэг үйлдэх замаар шилжүүлэн авсан, тодруулбал, тэрээр 2006 оны 08 дугаар сард С.Б оос худалдаж авна гэсэн итгэлийг төрүүлэх замаар орон сууцыг залилан мэхэлж авсаныг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоожээ. Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолоороо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасныг баримтлан С.Б С.П нарын хооронд, С.П , П.Г нарын хооронд, П.Г С.Б нарын хооронд тус тус байгуулагдсан 4-16-52 дугаартай орон сууцыг бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Я.Г Ц нарыг бүртгэхийг, С.Б ын нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийн 2101003688 дугаартай Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон сууцны бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор хэвээр үлдэж, хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.
С.П эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр албан бичиг ирүүлснээр Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс орон сууцны шилжилт хөдөлгөөнийг 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хориглосон, өөрөөр хэлбэл уг байгууллага Орхон аймгийн Хүрэнбулаг багийн 4-16-52 дугаар орон сууцны эрхийн талаар маргаантай гэдгийг мэдсэн атлаа тухайн маргааныг эрх бүхий байгууллага шийдвэрлээгүй байхад зөвхөн мөрдөн байцаах газраас тавьсан хоригийг цуцлуулах тухай хүсэлтийг үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хоригийг цуцалж, уг орон сууцтай холбоотой бүртгэлийг дахин хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтыг зөрчсөний зэрэгцээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д тодорхойлсон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Хүрэнбулаг багийн 4-16-52 дугаартай орон сууцыг С.Б агсан өмчлөх үндэслэл болсон бэлэглэлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заагдсан хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг учир С.Б агсан болон түүний өв залгамжлагч нарт дээрх орон сууцыг өмчлөх эрх анхнаасаа үүсээгүй байна. Тиймээс Я.Г ийн нэхэмжлэлийг хангаснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР