Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч А.Т, П.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нийн О, Аийгийн Т нарт холбогдох эрүүгийн 1838006590337 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.Ттай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч А.Т нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Отай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.Ттай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч А.Т нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Отай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед би ганцаараа хүргэн ах Бынхаа вакум цонхны үйлдвэр дээр нь очсон юм. Хүргэн ах Бын маань вакум цонхны үйлдвэр Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Хийтийн гол зочид буудлын хажууд байдаг. Намайг тэнд очиход Т, Б ахын эхнэр У нар хоорондоо маргалдаад хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэж байхад Т гэж хүүхэн миний үснээс дараад нүүрийг маажсан. Тэгэхээр нь зөрүүлээд үснээс нь зулгааж маажсан. Тэгээд Ттай харилцан зодолдож байхад миний нуруу ууц руу өшиглөсөн. Би тэр эмэгтэйтэй зодолдож байхдаа өрөөсөн ээмэг, гинжээ алга болсон. Тэгж байхад вакум цонхонд ажилладаг Л нэртэй ах бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Би хохирогч Таас уучлалт гуйж түүнтэй эвлэрхээр болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

Шүүгдэгч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би хуримын юм цуглуулахаар зах орсон. Зах орохдоо машинаа Хийтийн голын зочид буудлын хажууд вакум цонхны үйлдвэрийн гадаа тавьчхаад явсан. Тэгээд зах орж юмаа цуглуулчхаад нөхрийгөө хөдөө явуулчихаад машинаа авахаар очсон. Машинаа авах гээд асаагаад байж байхад зүс таних нэг эмэгтэй машины маань ард талаас өшиглөөд байхаар нь бууж очоод уулзахад У /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ гэх эмэгтэй нөхрөө хямгадаж явахад яадаг юм бэ гэснээ миний нүүр лүү алгадаж, үснээс зулгаасан. Тэр үед би эсэргүүцэл үзүүлээд адилхан барьж авахад: бид хоёрын дундуур О /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ гэх эмэгтэй орж ирээд намайг үстэж зодсон. Тухайн үед би ч гэсэн тэр эмэгтэйтэй өөрийгөө хамгаалах зорилгоор зодолдсон. Би О гэх эмэгтэйтэй нэлээн удаан барилцаж авсан. Бид хоёрыг барилцаж аваад зодолдож байхад дундуур маань Л гэх хүн дундуур орж салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Надад урьд хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ нэмж болон залруулж ярих зүйл алга байна. Би хохирогч Н.Оаас уучлалт гуйж түүнтэй эвлэрхээр болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

Гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 8 дугаар сарын 18-ны 18 цаг өнгөрч байхад би нөхөртэйгөө Ирээдүй хоолны газар орчоод гарч ирсэн. Нөхөр бид хоёр ажил руугаа орох гээд явж байсан дүү О дуудсан. Бид хоёр уулзаад байж байхад Т гээд эмэгтэй машинтай хөдөлж байсан. Би Тыг их зантай дуугарахгүй болчхож гэж хэлсэн чинь сонсчхоод эргэж ухарч ирэхдээ намайг өвдөг рүү мөргөсөн. Т машинаасаа бууж ирэхээр нь би мөргүүлсэндээ үсдээд авсан. Тэгээд зодоон эхэлсэн нилээн ноцолдож байхад дүү О салгах гээд орж ирэхэд Т, О хоёр хоорондоо буруу ойлголцоод зодолдсон. Нүүр, гар, хуруундаа маажилцсан байсан. Тэгж байгаад салсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 18-ны 18 цаг өнгөрч байхад би эхнэртэйгээ Ирээдүй зоогийн газар орчхоод гарч ирсэн. Ажил руугаа орсон чинь эхнэр ажлын гадаа үлдсэн. Нэг цагаан машин ухарч ирээд мөргөх шиг болсон би гайгүй байх гээд ажлаа хийж байсан чинь гадаа юу болоод байгааг мэдээгүй. Ажил руу манай эхнэр У, Т гээд эмэгтэй, манай эхнэрийн дүү О тэд нар ажил руу маргалдсан байдалтай орж ирсэн. Үсдэлцээд байсан би салгаад болиулахаар буцаад зууралдаад хүчрэгдэхгүй байсан. Тэгээд удаа ч үгүй цагдаа Ог ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 413 дугаартай: 1. Н.Оын биед дээд уруулын баруун хэсгийн салстад шарх, зүүн шанаа, баруун хөмсөгний дотор булан, зүүн хацрын доод хэсэг, баруун шууны баруун доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний дотор булан, зүүн бугалганы гадна дээд хэсэг, нурууны гол доод хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүссэн байна. 3. Н.Оын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаартай: “1. А.Тын биед зүүн дээд зовхи, цээжний баруун хажуу дээд хэсэг, зүүн өвдөг, цээжний гол дунд хэсэг цус хуралт, хамрын зүүн булан, баруун хацар, эрүүний баруун хажуу хэсэг, хүзүүний баруун дунд хэсэг, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүссэн байна. 3. А.Тын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.Ттай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч А.Т нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Отай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Н.У, С.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.О, А.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.О, А.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Н.О, А.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Н.О, А.Т нар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгч Н.О, А.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 80 дугаар хуудас/, Эрүүгийн 1838006590337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Нийн О, С овогт Аийгийн Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Тд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838006590337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР