Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 146/ШЦТ/48

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

          Шүүгдэгч *******,

     Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******гийн *******д холбогдох эрүүгийн 2227000160026 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг Асгат гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж тэнссэн, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/,

               Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед болсон таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч *******ын ар нуруу хэсэгт нэг удаа хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

       Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл манай нөхөр ******* гэр орны эд зүйлийг тараагаад хаячихсан орон дээр согтуу хэвтэж байсан. Би уур хүрээд ар нуруу руу нь гараараа нэг цохиж авсан. Тэгээд уурлаад галаа түлээд байж байтал утас дуугарсан. ******* утас авах гэж байхаар нь булааж аваад ярьтал Цэрэнханд гэх авгай залгаж байсан. Тэгээд утсыг нь өдөөс нь шидчихээд галаа түлэх гээд сууж байтал ******* тогооны сав ухаад түжигнүүлээд байхаар нь чүдэнз авах гээд байна гэж бодоод өөдөөс нь май чүдэнз гээд шидсэн. Тэгсэн чинь араас хутгаар дүрээд хаясан. Би яаж байгаа юм бэ гэж хэлээд өөдөөс нь түлхчхээд барьж байсан утсыг нь булааж аваад гараад явсан. Тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлж боолт хийлгүүлсэн. Архи ууцан их согтолттой байсан. Гэр орны эд зүйл тараагаад хаячихсан, согтуу байна гээд уурласан. Цохиж зодоогүй. Ар нуруу хэсэгт хоёр далны хооронд нэг удаа хутгалсан. Архи уух болгондоо цохиж зоддог байсан. 2020 оны өвөл 12 сард агсам тавьж миний суга руу хутгалж байсан. 2021 оны намар 08 сард хутга бариад хавирганы хажуу талаас зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-06-дугаар хуудас/,

                   Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №79 дугаартай дүгнэлтэд: “1. *******ын биед нуруунд шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. б.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, /хх- ийн 15-17 дугаар хуудас/,

       Хужирт сумын эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, амбулаторийн картын хуулбар /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 37-40 дүгээр хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

        Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч *******ын ар нуруу хэсэгт нэг удаа хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 05-06 дугаар хуудас/, шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №79 дугаар дүгнэлт /хх 15-17 дугаар хуудас/, ******* сумын эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, амбулаторийн картын хуулбар, /хх-ийн 20-22 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 37-40 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

       Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.

           Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

          Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

          Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол төлбөргүй  гэж шүүх үзлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч *******г шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэж, 

          шүүгдэгч *******г 2 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож,

          шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч ******* нь 5 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай, ажлын хэсгийн урт 12 см урттай бор өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт даалгаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж,

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3. Шүүгдэгч *******г шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй. 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 2 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          6. Шүүгдэгч ******* нь 5 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай, ажлын хэсгийн урт 12 см урттай бор өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт даалгасугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.ЭНХ-АМГАЛАН