Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 01117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Х аймгийн У суманд 19.. онд төрсөн, ..... настай, эмэгтэй, бага боловсролтой,  ам бїл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Х аймгийн У сумын М багт мал маллан амьдардаг гэх А овогт С-ийн О -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн У суманд 19.. онд төрсөн, .. настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Х  аймгийн У сумын  М багт мал маллан амьдардаг гэх, А овогт Л-ын  Х-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нэхэмжлэгч С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие С.О нь Л.Х-тай 2008 онд танилцан үерхэж байгаад 2008-10-22-нд хууль ёсоор бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдарлын явцад хүү Б нь 2009-6-6-нд, охин Б нь 2013-6-22-ны өдөр төрсөн, Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй боллоо.

Иймд 2008 оны 001005162 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Б, охин Б нарыгаа өөрийн асрамжинд авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй, Эд хөрөнгийн маргаангүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү

Нэхэмжлэгч С.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цаашид бид хамтран амьдрах ямар ч боломжгүй би хоёр хүүхдээ өөрөө авах гэсэн боловч нөхөр Л.Х нь хүүгээ өөрөө авна гэсэн. Бид харилцан тохиролцсон. Хүү маань багаасаа аавдаа ойр өссөн учраас тэндээ аавынхаа тал дээр өсөхөд ямар нэгэн муу зүйлгүй гэж бодож байна. Тэгээд ч мөн над дээр ирэн очин байгаа юм. Л.Х бид хоёр суусан цагаасаа эхлэн эд хөрөнгөний хувьд бүх юм маань тус тусдаа тооцоотой явсан учраас эд хөрөнгөний хувьд маргаангүй Энэ нь таарамжгүй байдлыг бий болгодог байсан юм.Нөхөр маань хүүдээ хувцас хунарыг нь авч өгнө, би охиндоо хувцас хунарыг нь авч өгнө. Мөн хоол хүнсээ хоёр талаасаа адилхан бэлтгэнэ. Мөн би өөртөө зөвхөн өөрийнхөө юмнаас л авч болно гэх зэрэг байдлаас 9 жил хамт амьдарсан. Энэ нь их хэцүү байсан. Би үүнийг хэлж байсан боловч Х ойлгоогүй. Архи хааяа ууна, уухаараа хардаж намайг уурлана. Хутга хүртэл тулгаж байсан байдаг юм. Эхлээд манайхан энэ байдлыг мэддэггүй байсан. Сүүлдээ аав ээж маань мэдээд би салсан. Бидний хувьд эвлэрэх ямар ч боломжгүй. Надад Х-тай амьдрах их хэцүү байсан. Тохиролцсоноороо Х-ын асрамжинд хүүгээ үлдээгээд, охиноо би өөрийнхөө асрамжинд авна, эд хөрөнгөний хувьд бидэнд маргаангүй.

Иймд гэрлэлтийг минь цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь С.О-тэй 2008 онд гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2009 онд хүү Х.Б, 2013 онд охин Х.Б нь тус тус төрсөн. Бид амьдралын эхний жилүүдэд сайхан амьдарч байсан хэдий ч сүүлдээ зан харьцааны хувьд таарамжгүй, байнгын хэрүүл маргаантай байх болж цаашид хамт амьдрах боломжгүй байдалд  хүрсэн нь үнэн. Манай эхнэр С.Ог бид хоёр хүүхдийн асрамжийн талаараа хамтран ярилцаж байгаад том хүү Б-ыгаа Л.Х миний бие, бага охин Х.Б-ийг манай эхнэр С.О нь өөрийн асрамжинд тус тус авахаар, харилцан хүүхдийн тэтгэлэг төлөхгүйгээр тохиролцсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.

Иймд 2008 оны 001005162 дугаар бүхий С.О, Л.Х бидний гэрлэлтийг цуцалж хүү Б-ыг Л.Х миний ,охин Л.Б-ийг эх С.О-ийн асрамжинд тус тус үлдээн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Л.Х нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Л.Х-ыг оролцуулахгүйгээр түүнийг эзгүйд шийдвэрлэж өгөөч Л.Х нь тайга руу малаа аваад нүүсэн мөддөө ирэхгүй ирж очихоос эхлээд чирэгдэл их гарах учраас дахин дахин явуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэж өгөөч гэсэн санал хүсэлтийг гаргасан  байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Л.Х-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.О, хариуцагч Л.Х нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Л.Б, охин Л.Б нар төрсөн болох нь. Тухайлбал;

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн “... Монгол улсын иргэн, РН............ регистрийн дугаартай Х овогт Л-н Х, Монгол улсын иргэн, РХ............. регистрийн дугаартай А овогт С-ийн О нарын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг Х аймгийн У сумын 40 дүгээрт 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх 00/005162 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 

Х овогт Л-ын Х /РН................/, А овогт С-ийн О /РН................../ нарын гэр бүлд 2009 оны 06 дугаар сарын 06-нд төрсөн хүү Х-ын Б /РН................./, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х-ын Б /РН................./ нарын төрсөн талаархи Хөвсгөл аймгийн Иргэний бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар  зэргээр нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэрлэгчид нь таарамжгүй харьцаатай болсон, эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, мөн цаашид дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжгүй / тус тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр Л.Х нь олон сараар тайгад гарсан/ зэрэг үндэслэлээр гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Харин 8 настай хүү Л.Б-ыг эцэг Л.Х-ын асрамжинд, 4 настай охин Л.Б-ийг эх С.О-ийн асрамжинд  үлдээж, зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Учир нь 8 настай хүү Л.Б-ын санал болоод зохигчдын хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х-аас шүүхээр гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх хэмжээ буюу 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгох нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х овогт Л-ны Х  /РН.............../, А овогт С-ийн О /РН................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 6 дугаар сарын 06-нд төрүүлсэн хүү Б /РН.............../-г эцэг Л Х-ын, 2013 оны 6 дугаар сарын 22-нд төрүүлсөн охин Б /РН............../-г эх С.О-ийн  асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг,хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х-аас 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА