Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

 

2020       01         10                                       2020/ШЦТ/16

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Амаржаргалын Ад холбогдох эрүүгийн 1934010720018 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.        

      

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1988 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гаргнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,  улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, С А.А,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.Амаржаргал нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Н.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А:

...                              ... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 19340010720018 дугаартай хэрэгт хохирогч Н.Баярмаа /хх-ийн 9, 39-41 дүгээр хуудас/, гэрч Ч.Адъяасүрэн /хх-ийн 10-11, 45-47 дугаар хуудас/, холбогдогч А.А /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч О.Баасанбалжир /хх-ийн 46-49 дүгээр хуудас/, яллагдагч А.А  /хх-ийн 57-59 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн  2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 801 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч Н.Баярмаагийн гэмтлийн дараах зургууд /хх-ийн 16-17 дугаар хуудас/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаа /хх-ийн 20-26 дугаар хуудас/, хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 31 дүгээр хуудас/, шүүгдэгчийн гадаад паспортны хуулбар /хх-ийн 32 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 33-35 дугаар хуудас/, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч А.Амаржаргал нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Н.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Н.Баярмаагийн ...2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цагт ажлаас тараад дарга Уранчимэгийн хамт вино уугаад сууж байхад манай нөхөр намайг авах гээд орж ирээд би аавын гэрт хүлээж байя гээд гараад явсан. Уранчимэг дарга бид хоёр виногоо ууж дуусгаад би аав Настын гэрт очоод нөхөртэйгөө цуг гэрлүүгээ явсан. Тэгээд гэртээ хоол ундаа идчихээд сууж байгаад гэр бүлийн маргаанаас болж нөхөртэйгөө хэрэлдсэн. Тэгээд манай нөхөр би энэ гэрийн бүх юмыг хийж байна гэхээр нь тэгвэл чи хийхээ болчилдоо ажлаа тараад ирээд хийж байя гэхэд миний толгой руу нэг удаа гараараа цохиход би уйлсан. Тэр үед нөхөр А намайг уйллаа гэж дахин зодоод байхад нь би тэсэхээ болиод том охин Солонгоог эмээрүүгээ нууцаар залгаж хэлж эмээ рүү нь залгуулсан боловч утсаа аваагүй. Тэгээд удалгүй унтсан... ...Толгойн оройгоор үс халцарч унасан, нүд, хамар, зүүн дал орчим хөхөрсөн... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч Ч.Адъяасүрэнгийн ...2019 оны 11 сарын 22-ны орой манай охин ажлаа тараад манад орж ирсэн чинь нүүр царай нь хачин юм болчихсон орж ирэхээр нь би охиноосоо чи яачихсан юм бэ гэсэн чинь толгой өвдөөд халуураад байна гэхээр нь яасан нөгөөх чинь зодсон уу гэсэн чинь тийм гэсэн. Орой ажлаас чинь тарахад ирж авсан биздээ тэгэхэд эрүүл байсан биздээ гэсэн чинь эрүүл зодож байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд охин маань даараад байна гээд цамц сольж өмсөх гээд цамцаа тайлсан чинь бие нь хөхөрсөн юм болчихсон байсан. Бас үс нь ширэлдээд салахын эцэсгүй байхаар нь би үсийг нь тайраад авсан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч А.Солонгын ... Аав ээжийг ажлаас нь аваад орж ирчихээд тэгээд хоол ундаа идчихээд тэр хоёр нэг том пиво ууж байхад нь би унтаад өгсөн тэгсэн ээж чарлаад байхад нь сэрсэн чинь ээжийг үсдээд аав зодож байсан. ...Тэгээд аав ээжийг доош нь харуулаад нурууруу нь аймаар их цохисон. Тэгээд бас дэгээ төмөр мурийчихсан байсан ээжийг цохисон юм шиг байна лээ. ...Тэгээд байж байгаад аав ээжээс уучлалт гуйгаад ууж байсан пивоноос нь нэг аяга үлдсэн байсан тэрийг ээжид өгсөн чинь уухгүй гэсэн чинь уу гээд бас хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би та хоёр болиоч гэсэн чинь аав ээж рүү чи хүүхэд айлгаад байна гээд дахиад ээжийг зодсон... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч О.Баасанжалжирын ...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө Настын Баярмаа 35 настай эмэгтэй хүнд зодуулсан гээд ээжийнхээ хамт ирж үзүүлсэн... Хэсэг газрын үзлэгт: зүүн гарын бугалганы булчин дунд 3,1 хөхрөлттэй, зүүн далны орчим хөхрөлттэй зулгарсан шарх байсан, нүүр аманд илэрхий гэмтэл байгаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

яллагдагч А.Аын ... Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, урьд нь 2017 онд Улаанбаатар хотод байхдаа эхнэртэйгээ маргалдаж Сонгинохайрхан дүүргийн шүүхээр орж 14 хоног баривчлуулсан түүнээс хойш эхнэр Баярмааг зодож цохисон асуудал гаргаагүй... /хх-ийн 47-59 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 801 дугаартай ...Н.Баярмаагийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалага, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч А.Аын согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Н.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзсэн ба цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч А.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Баярмаагийн биед хөнгөн хохирол учирсан байна.

 

Түүнчлэн хохирогч Н.Баярмаа, шүүгдэгч А.Ааас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.   

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялыг долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр оногдуулах нь үйлдсэн гэмт хэргийнх нь нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирно гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

             36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овгийн Амаржаргалын Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Сартуул овгийн Амаржаргалын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     

4. Шүүгдэгч С А.Ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч С А.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Н.Баярмаа нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ГАНДАНСҮРЭН