Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1522

 

 

 

 

 

                                                                                               

 

 

 

Т.Пүрэвчулууны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01195 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Т.Пүрэвчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Диваачамба

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Жавхлантөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Одгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 05 сарын 13-ны өдрийн 5/28 тоот Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж ирсэн. Уг албан тушаалд ажиллахдаа Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газартай тус тус “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажиллаж байсан. Миний бие уг албан тушаалд ажиллах хугацаанд манай эрүүл мэндийн төв 2013-2016 онуудад дүүргийн шилдэг хэлтэс, 2014-2016 онд А, В үнэлгээ авч сарын цалингийн 100 хувь, 80 хувиар тус тус шагнагдаж, үр бүтээлтэй ажиллаж байсан. Гэвч 2017 оны Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын Б/17 тоот тушаалаар намайг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Уг тушаалын 1-т “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй буюу 69.9-өөс бага үнэлгээ авсан тул тус төвийн дарга Түндэвдоржийн Пүрэвчулууныг 2017 оны 02 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлсүгэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйпийн 40.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1146 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн гэжээ.

Гэтэл эдгээр үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд, Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг тус тус зөрчин төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь ажлаас халах талаар урьдчилан мэдэгдээгүй, хөдөлмөрийн тухай хуулийн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлээгүй, 2016 оны эхний хагас жилийн үр дүнгийн үнэлгээгээр "А" үнэлгээ авч сарын цалингаар шагнагдсан байхад 2017 оны 02 сарын 16-ны өдрийн А/18 тушаалаар 65.5 үнэлгээ өгсөн нь гүйцэтгэлийн гэрээг хэрхэн дүгнэсэн нь тодорхой бус, огт үндэслэлгүй байна. Уг үнэлгээг миний бие хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн уг өдрөө буюу 2017 оны 02 сарын 16-ны өдрийн А/19 тоот тушаалаар 73.7 гэж хоёр өөр үнэлгээ гарсан. Иймд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 02 сарын 22-ны өдрийн Б/17 тоот, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж заасан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан албан ёсны тайлбарт ... “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаа салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестачиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж заажээ. хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Иймд урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Т.Пүрэвчулуун нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын үүрэгт ажилд томилогдсон болно. Энэхүү тушаал нь 2013 оны Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол буюу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журмыг хэрэгжүүлээгүй нь өөрөө хууль бус шийдвэр юм. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/129 дугаартай Харьяа эрүүл мэндийн байгууллагын 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Эрүүл мэндийн байгууллагуудад үнэлгээ хийсэн. Энэхүү үнэлгээг Нийслэлийн засаг даргын А/1146 дугаар захирамжийн хүрээнд явуулж нийт 22 байгууллагын үнэлгээг нэгтгэн гаргасан болно. Энэхүү үнэлгээний дүнг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/18 дугаар тушаалаар баталгаажуулсан байна. Нийслэлийн засаг даргын А/1146 дугаар захирамжийн 9.1.3. дахь хэсэгт Тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр Хангалтгүй буюу 69.9-өөс бага оноо авсан бол тухайн байгууллага, нэгжийн удирдлагыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Иймээс бид тухайн албан тушаалтанд ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулж зохих хууль, дүрэм, журмын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулж томилохоор ажиллаж байна. Иргэн Т.Пүрэвчулуун нь энэхүү сонгон шалгаруулалтад оролцож хууль, дүрэм, журмын дагуу томилогдох эрхтэй юм. Төрийн албаны ёс зүйг сахиж, хууль, дүрэм зөрчсөн тохиолдлыг таслан зогсоож арга хэмжээ авах, дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь төрийн албаны байгууллагын үндсэн үйл ажиллагаа гэж ойлгож байна. Иргэн Т.Пүрэвчулуунтай холбоотой захиргааны шийдвэр нь аливаа хууль, дүрэм, журам зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Пүрэвчулууныг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 849 728 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Т.Пүрэвчулуунд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Пүрэвчулуун эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 60 545 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг үндэслэн Т.Пүрэвчулууныг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Т.Пүрэвчулуунд олгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй” гэснийг зөрчиж байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдах тул иргэн Т.Пүрэвчулуун тэнцсэн тохиолдолд ажилдаа эгүүлэн тогтоолгох эрх нь нээлттэй байгаа юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Пүрэвчулуун нь хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Пүрэвчулуун нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/28 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1146 дугаар захирамжийг тус тус үндэслэн Т.Пүрэвчулууныг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 40, 78/

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй буюу 69.9 хувиас бага үнэлгээ авсан гэх үндэслэлээр Т.Пүрэвчулууныг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ...” гэсэн хуулийн заалтыг биелүүлсэн болох нь тогтоогдоогүй, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Мөн энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болох нь тэмдэглэлд тусгагджээ. /хх 130/

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу түүний үр дүнгийн гэрээг дүгнэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/19 тушаалын хавсралтад 73.7 хувь, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/18 тушаалын хавсралтад 65.5 хувь гэсэн тушаалууд хэрэгт авагдсан байгаа нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв буюу Т.Пүрэвчулууныг тухайн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр “Хангалтгүй” буюу 69.9-өөс бага оноо авсан болохыг баттай нотолсон гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож 2 849 728 төгрөгөөр тогтоон хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгч Т.Пүрэвчулуунд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна.

            Хариуцагчийн “Т.Пүрэвчулууныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр нь “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй” гэж заасныг зөрчсөн гэх гомдол нь ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалын үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН