Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/0466

 

2015 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/1466

Улаанбаатар хот

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н. г, нэхэмжлэгч А., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ср, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цн, Б.Энарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[1] 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК-ийн захирал А.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч З.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжаар С ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байсан газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар үйлчилгээний орон сууцны зориулалтаар С ХХК-иас шилжүүлэн авсан.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 677 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгуулж, газраа зориулалтын дагуу ашиглахаар 16 давхар бүхий 2 барилга барихаар холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцлийг бүрдүүлэн 2010 оны 09 дүгээр сард барилга барихаар хашаа хатгах явцад оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ нөхцөл байдлаас үүдэн зураг төсөл, техникийн нөхцөлийг өөрчлөх, дахин зөвшөөрөл авах шаардлагатай болж, холбогдох баримтуудыг бүрдүүлэх явцад Нийслэлийн Засаг даргын зүгээс газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 674 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилээр сунгахад эрх зүйн зөрчил, үр дагавар байгаагүй. Зөвшөөрөл авахаар 2011 оны 04 дүгээр сарын 18-нд барилгын хяналтаар орж батлуулсан, сүүлд 2012 оны 08 дугаар сарын 16-нд авто зам, цахилгааны инженерүүд зөвшөөрч, зөвшөөрлүүдийг авч байсан нь газраа ашиглаж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна. Хуулийн дагуу зөвшөөрлүүдийг авч байж барилга барьдаг, зөвшөөрлүүдийг авахад хугацаа шаардлагатай байдаг.Барилгаа барих гэхэд иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, маргаан үүссэн нөхцөл байдал нь мөн нөлөөлсөн. Газрын төлбөрийг тухайн жилдээ төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болно. Н ХХК-ийн хувьд газрын төлбөрийг эхний 1, 2 дугаар улиралд төлөөгүй байж байгаад 3 дугаар улиралд бөөнд нь төлсөн. Гагцхүү төлбөрийн хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээнд зааснаар алданги тооцохоор заасан тул газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Газрын төлбөрийг жилдээ төлдөг практик тогтсон, газрын төлбөрийг улирлаар төлнө гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/600 дугаар захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Тө болон Д.Ц, Б.Эр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байна.

Н ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/600 дугаар захирамжаар хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл байсан.

Н ХХК-ийн хувьд газар эзэмших эрх анх 2006 оноос эхэлсэн, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг 2011 оны 677 дугаар захирамж гарснаас хойших хугацааг тооцсон бөгөөд 2 жилийн хугацаа 2013 оны 10 дугаар сард дууссан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны захирамж гарах хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Н ХХК нь 2 удаагийн техникийн нөхцлийг авсан, уг нөхцөлийг авч байсан нь газрыг ашиглаж байсан гэж үзнэ гэж байгаа боловч 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын хавсралтад газар дээрээ мэдэгдэхүйц хэмжээний барилга байшин бариагүй байхыг ойлгох-оор заасан. Н ХХК нь тухайн газар ямар нэг объект бариагүй болох нь газрын үзлэгээр нотлогдсон.

Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх үүрэгтэй. Н ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн 133008/0051 дугаартай гэрээ байгуулсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг гэрээнд тусгадаг. Уг гэрээний 2.3-т газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлэх-ээр улирал бүрээр тус тусад нь тогтоосон.

Мөн гэрээний 3.4-т газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэнэ гэж заасан бөгөөд Н ХХК нь 2011 онд тооцоо нийлсэн акт хийгдсэн. Уг актад 2010 онд төлбөрөө дутуу төлж байсан, 774.400 төгрөг төлөхөөс 193.600 төгрөг төлсөн, 2011 ондоо алдангитай тооцоо нийлсэн, 2012 онд мөн 774.400 төгрөг төлөхөөс 387.200 төгрөг дутуу төлж, 2013 онд алдангитай тушаагдсан. 2014 оны 1, 2 дугаар улиралд бүрэн төлөгдөөгүй бөгөөд газар эзэмших эрх хүчингүй болгосон захирамж гарснаас хойш 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлсөн. Газрын төлбөрийг урьдчилж төлж болох талаар заасан боловч энэ тохиолдолд буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа бөөнд нь төлөх талаар хуульд заагаагүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/600 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/600 дугаар захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн Н ХХК-ийн захирал А.Б давж заалдах гомдолдоо: Манай компани анх Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 434 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 55, 56 дугаар байрны баруун талд байрлалтай, нэгж талбарын 3008/0057 дугаар бүхий 2200 м.кв газрыг, орон сууцны зориулалттайгаар эзэмшихэрхтэй болсон бөгөөд мөн засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байдаг.

Анх газар эзэмших эрх олгосноос хойш бид газраа зориулалтын дагуу ашиглахаар буюу барилга барихаар төлөвлөж холбогдох ажлыг хийж, газрыг ашиглаж байсан. Тухайлбал, 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгын инженер геологийн судалгааны дүгнэлтийг Э  ХХК-иар хийлгүүлж, архитектуртөлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын зураг төслийг хийлгэн эрх бүхий байгууллагаар батлуулж, нийтийн орон сууцны барилга барихад зайлшгүй шаардлагатай техникийн нөхцлүүдийг хийлгэх зэргээр бүхий л зөвшөөрлийг зохих журмын дагуу батлуулж, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2010 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр авсан даруй буюу 2010 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр барилгын ажлаа эхлүүлэхээр газар дээрээ хамгаалалтын бүс тогтоон хашаа барих үед ойролцоох орон сууцны оршин суугчид болон "С 956" СӨХ-ны эсэргүүцэлтэй тулгарч бидний үйл ажиллагааг зогсоосон. Улмаар тус СӨХ манайкомпанийн эзэмшлийн газрыг нийтийн эзэмшил хэмээн үзэж 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 17 тоот албан бичгээр өөртөө шилжүүлэх тухай хүсэлтийг хүртэл Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байдаг. Компанийн газар эзэмших эрхийн хугацаа 2011 онд дуусгавар болж байсан тул сунгуулах тухай хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг дарга 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан. Түүнчлэн энэ хугацаанд дулааны шугам ачаалалтай холбогдуулан"Улаанбаатар Дулааны Сүлжээ" ХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 12 хорооллын ЦТП-1-ийн төв салааны 2ф250 мм-ийн голчтой шугамыг 2ф350 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлыг 4 компани хамтран нийт 160.632.106 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд манай компани өөрт оногдсон 40.158.026төгрөгийг зарцуулж, уг ажлыг дуусгасан болно.

Ийнхүү дээрх хүчин зүйлүүдийн улмаас 16 давхар барилгыг 15 давхар болгон өөрчилж холбогдохтехникийн нөхцлийг дахин авах, сунгуулах шаардлагатай болсон юм. Ингээд техникийн нөхцлүүдийг дахин олгох болон сунгуулах ажлуудыг холбогдох төрийн захиргааны байгууллагад хүсэлт тавьж шийдвэрлүүлж, Ажлын зураг зөвшөөрөлцсөн тухай баримтад заасны дагуу эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийг бүрдүүлэн барилгын ажлаа эхлүүлэхээр бэлтгэж байхад Нийслэлийн Засаг дарга 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр А/600 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг газрын төлбөрөө төлөөгүй, газраазориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтыг тус тус үндэслэн хүчингүй болгосон.

Дээр дурдсан саад бэрхшээл болсон үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан баримтууд нотлох бөгөөдталууд энэхүү үйл баримтууд дээр маргадаггүй ба анхан шатны шүүх ч энэхүү нөхцөл байдлыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гагцхүү үүнийг Газрын тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүй хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэх хэсэг болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь "Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж ..." гэсэн заалтад тус туснийцэхгүй байна. Учир нь дээрх бүх үйл ажиллагаа нь газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас огтхон чхамааралгүйгээр бий болсон нөхцөл байдлууд юм.

Мөн манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нэг үндэслэл нь газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй шалтгааныг заасан байдаг. Гэтэл бид газрын төлбөрөө тухайн жилдээ багтаан төлж байсан бөгөөд улиралд төлөх газрын төлбөрөө хугацаа хожимдуулсан ч алдангийн хамт зохих ёсоор төлснийг газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болгож буй хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хариуцлагаа хүлээж алдангийг төлж, үүргийн гүйцэтгэлээ зохих ёсоор ханган, үүргээ гүйцэтгэсэнд тооцуулсан тул төлбөрийн үүргээгүйцэтгээгүй гэх үндэслэлгүй болно. Түүнчлэн гэрээний нэг зөрчилд хоёр удаа хариуцлага хүлээлгэх нь ойлгомжгүй байна.

Нэгтгэн дүгнэвэл манай компанид хамааруулсан маргаан бүхий захиргааны актын үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 416 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н ХХК-ний нэхэмжлэлд дурдсан үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн, Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/600 дугаар захирамжаар Н ХХК-нийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа газрыг 2 жил дараалан ашиглаагүй шалтгаанаа ... 2006 онд газар эзэмших гэрчилгээ авснаас хойш зориулалтын дагуу ашиглахаар холбогдох зөвшөөрлөө авахаар үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд зөвшөөрлөө аваад 2010 онд барилгын ажил эхлэхэд оршин суугчид эсэргүүцсэн. Хугацаатай олгогдсон зөвшөөрөл, техникийн нөхцлийг дахин сунгуулах шаардлагатай болсон тул захиргааны байгууллагад хандаж дахин сунгуулах зэргээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбарлажээ.

Маргаан бүхий газрыг эзэмших эрхийг Н ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр захирамжаар шилжүүлэн аваад тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахаар үйл ажиллагаа явуулж, 2008 онд маргаан бүхий газарт 12 дугаар хорооллын ЦТП-1 рүү явсан ф250 мм-ийн голчтой дулааны гол шугамыг 2ф 350мм-ийн голчтой шугам болгон өргөтгөх ажлыг 3 компанитай хамтран нийт 160 сая 632 мянга 106 төгрөг зарцуулан Боорчи ХХК-иар[2] гүйцэтгүүлсэн, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх 2010 оны 09 дүгээр сарын 06-ны зөвшөөрөл[3], Эрчим хүчний газрын 2011 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн техникийн нөхцөл зэрэг зөвшөөрлүүдийг авч, улмаар хугацаа сунгуулж байсан болох нь хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газрын 2013 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 1/883 тоот техникийн нөхцөлийн хугацаа сунгасан талаарх албан бичиг[4], Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн техникийн нөхцөл[5], Эрчим хүчний яамны 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10/2013 техникийн нөхцөл сунгалт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 1169/2013 тоот техникийн нөхцөл зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Дээрх зөвшөөрлүүдийг аваад, шугам сүлжээг шилжүүлэн барилгын ажлаа эхлүүлэхэд нь ойролцоох орон сууцны оршин суугчид болон С 956 СӨХ-ны эсэргүүцэлтэй тулгарсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, С 956 СӨХ-ноос Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж гаргасан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар албан бичигт ... Н ХХК нь 2010 оны 09 дүгээр сард оройн 19 цагийн үед дээрхи талбайд барилгын ажил эхлүүлэхээр хашаа хатгахыг завдсан боловч оршин суугчид эрс эсэргүүцэж, компанийн удирдлагуудтай уулзаж, ажлыг нь зогсоосон. Нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулахад БЗД-ийн Газрын албаны дарга Энхманлай хорооллын дотор барилга барихыг Н ХХК-д зөвшөөрөөгүй ... гэх зэргээр дурдсан байдлаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх СӨХ-ний буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэхгүй ... гэж дээрх баримтыг буруу үнэлжээ. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаараагүй, СӨХ-ны үйлдлийн улмаас барилгын ажлыг эхлүүлж газраа ашиглах боломжгүй болжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ... 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... гэж заасан бөгөөд хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө дээрх хуульд заасан нөхцөл буюу газар эзэмшигч газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр хүчингүй болгох эрх олгосон. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний агентлаг Нийслэлийн өмч, газрын харилцааны алба нь нэхэмжлэгчээс энэ талаар шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчийг тухайн газарт барилга бариулахыг эсэргүүцсэн СӨХ-ны албан бичиг хүргэгдсэн байдлыг харгалзалгүй газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус болжээ.

Анхан шатны шүүх бусдын үйлдлийн улмаас газар эзэмшигч газраа ашиглаагүйг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байхад Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага / албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ гэж, 12 дугаар зүйлийн 1-д Газрын төлбөр төлөгчид хүлээлгэх хариуцлагыг Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасантай нийцүүлэн газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгана., Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д газар эзэмших гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг, 34.6.7-д гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тус тус тусгахаар, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг газар эзэмшүүлэх гэрээнд тодорхой тусгахаар байна.

Нэхэмжлэгч Н ХХК болон Нийслэлийн газрын албаны хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний /цаашид гэрээ гэх/ 4.6-д төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлнө гэж, 5.5-д Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгоно ... гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь 2012-2013 оны зарим улирлын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу улирал бүрийн 25-ны дотор төлөөгүй буруутай байх боловч дээрх гэрээний 4.6 дахь заалтын дагуу төлбөрөө алдангийн хамт тухайн жилд нь багтаан төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Харин хариуцагч нь тухайн үед газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн хариуцлага болох алдангийг төлүүлснээр Газрын тухай хуулийн 40.1.5 болон гэрээний 5.5-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголгүй, газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлсээр байжээ.

Гэрээнд газрын төлбөр төлөөгүйгээс хүлээлгэх хариуцлагын талаарх дээрх 2 өөр заалтыг хэзээ, хэрхэн, уялдуулж хэрэглэхээ тодорхой заагаагүй байх бөгөөд нэг заалтынх нь дагуу хариуцлага ногдуулан алданги төлүүлж, нөгөө заалтыг хэрэглэлгүй газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж байсан атлаа 2014 оны 7 сард газрын төлбөрийг 2011-2013 онд хугацаанд нь төлөөгүй гэх шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож гэрээний агуулга тодорхойгүй байхад газар эзэмшигчийн эрхийг дордуулан хэрэглэснийг зөвтгөх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч нь гэрээг дүгнэх хугацаа /2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан/ буюу 2014 оны 10 сар болоогүй байхад гэрээг дүгнэж, 2014 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг хугацаанд төлөөгүй гэж үзэж, 2014 оны 7 дугаар сард газар эзэмших гэрээг хүчингүй болгосон нь дээрх гэрээний 3.4-т газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх гэж заасныг зөрчжээ.

Нэхэмжлэгч Н ХХК нь 2014 оны 1, 2, 3 дугаар улирлын төлбөрийг 2014 оны 8 дугаар сард төлсөн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 2014 оны төлбөрийг газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа төлсөн ... гэх тайлбар нь тухайн /гэрээний/ жил дуусаагүй байхад гэрээг дүгнэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой бөгөөд уг тайлбарыг хүлээн авч газар эзэмшигчийг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/600 дугаар захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/600 дугаар захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ