Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0224/з |
Дугаар | 221/МА2016/0631 |
Огноо | 2016-09-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2016/0631
“М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 519 дүгээр шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Хаардсервис” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ дараах үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж, хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, түүндээ буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ашиглах эрх авсан газраа зориулалтын дагуу ашиглах гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан буюу “...Шинэ яармаг хороолол төлөвлөлттэй холбогдуулж гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй ба үүнээс болж өнөөдрийг хүртэл газраа ашиглаж чадалгүйгээр явсан, газрын төлбөрийн хувьд нэгэнт газар ашиглаагүй, ашиглах боломж бүрдээгүй байхад бид үүргээ биелүүлэх боломжгүй байсан, үүнийг хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шалгаж тогтоолгүйгээр шууд гуравдагч этгээдийг хүсэлт гаргах үед түүний хүсэлтийг шийдвэрлэх байдлаар гаргасан нь хууль бус” гэж маргаж байхад эдгээр үндэслэлүүдтэй холбоотойгоор зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг дутуу цуглуулсан.
Тухайлбал, дээрх нөхцөл байдлуудыг тогтоохол шүүхээс газрыг ямар учраас зориулалтын дагуу ашиглаагүй, нэхэмжлэгчийн тавьж буй үндэслэлийн талаар холбогдох байгууллага болох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас холбогдох төлөвлөгөө, хяналт шалгалтын баримтуудыг авах зэргээр нотлох баримтуудыг цуглуулах байсан боловч үүнтэй холбоотой баримтуудыг цуглуулалгүйгээр нэхэмжлэгч нь ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэдэг нь хууль, журамд заасны дагуу яг тогтоогдсон эсэх, аж ахуйн нэгж байгууллагын ашиглаж байгаа газраа зориулалтын дагуу ашиглаад байхад нэхэмжлэгчээс ашиглаагүй байсан эсэх, нэхэмжлэгчийн ярьж байгаа үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаанд оруулах эсэх талаар баримт цуглуулж дүгнэлт хийгээгүй байна.
Дээрх баримтуудыг дутуу цуглуулсны улмаас анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн тохиолдлууд байна.
Тухайлбал, шүүхийн шийдвэрт: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад хууль тогтоомжийн актаас бүрдэх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байх тул нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах эрхгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм...” гэж дүгнэснээс үзэхэд зөвхөн эрхтэй гэх хуулийн зохицуулалтыг дүгнэсэн ба энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасны дагуу баримт бүрдүүлж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийгээгүй ба энэ нь нөгөө талаар нотлох баримтыг дутуу цуглуулсантай шууд холбоотой гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь түүний буруугаас болсон гэж үзэж байгаа бол нотлох баримтаар хангалттай нотлогдох ёстой гэтэл хариуцагчаас тэгээгүй, газар ашиглах гэрээний нэг тал болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй нь Шинэ яармаг хорооллын төлөвлөлттэй холбоотой болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг ба гэрээний хугацааг сунгах тухай асуудлыг дэвшүүлсэн байдлаас үзэхэдэ энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулах зайлшгүй шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-266 дугаар тушаалаар “Хаардсервис” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 1.4 га газар ашиглах эрх олгожээ.
Нэхэмжлэгч “М*******” ХХК-аас дээрх тушаалуудыг эс зөвшөөрч холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Шинэ яармаг хороолол барихтай холбоотойгоор газар дээрээ аялал жуулчлалын зориулалтаар үл хөдлөх хөрөнгө барьж үйл ажиллагаа явуулж чадаагүй, ...сайд газар ашиглах эрх цуцлах тухай тушаал гаргах эрхгүй, ...газрын төлбөрийг төлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн” гэж тодорхойлон маргасан байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Тухайлбал,
Маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаал болон түүний хавсралтад зааснаас үзэхэд хариуцагч “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй/, 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон байхад шүүх нэхэмжлэгч гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Шинэ яармаг хороолол барихтай холбоотойгоор газар дээрээ аялал жуулчлалын зориулалтаар үл хөдлөх хөрөнгө барьж үйл ажиллагаа явуулж чадаагүй” гэж тодорхойлсноос гадна хэрэгт авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт болон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт явуулсан мөн өдрийн 465 тоот албан бичигт ”М*******” ХХК нь Шинэ яармаг хорооллын төлөвлөлттэй холбоотойгоор төслийн үндсэн үйл ажиллагаа эхлээгүй бөгөөд байгаль хамгаалах төлөвлөгөө, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнүүлэн байгаль хамгаалах нөхөн сэргээх талаар хамтран ажилласан тул гэрчилгээний хугацааг сунгахыг дэмжиж байгаа талаар дурджээ.
Иймд шүүх нэхэмжлэгч “М*******” ХХК нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь Шинэ яармаг хорооллын төлөвлөлттэй холбоотой эсэх, тус хороолол хэзээ, хаана төлөвлөгдсөн болох, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан маргаан бүхий газрын доод хэсгээр инженерийн шугам сүлжээ явж байгаа эсэхийг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулан, түүнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ”Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Хаардсервис” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгуулах” гэж тодруулсан атлаа анхан шатны шүүх хуралдаан дээр “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” гэж нэмж тодруулсан байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ”Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Хаардсервис” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулсны дараа шаардлага тус бүрт эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т “Ерөнхий шүүгч нь ...хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч А.Насандэлгэр нарыг томилсон шийдвэрийг тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 460 дугаар захирамжаар албажуулжээ. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөнөөр хэргийг шүүгч Н.Дуламсүрэн дангаар хянан шийдвэрлэсэн байх боловч шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж томилсон шийдвэрийг албажуулаагүй байгааг тэмдэглэх нь зөв байна.
Иймд дээр дурдсан зөрчлүүд засагдаж, холбогдох баримтууд авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА