Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 77

 

“НАБД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Р.Батболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 762 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0797 дугаар магадлалтай, “НАБД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 762 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.21, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч НАБД ХХК-ийн XV-10975 дугаартай хайгуулын тусгай тусгай зөвшөөрлийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгож, Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэснийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0797 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 762 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын тусгай тусгай зөвшөөрлийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэснийг хүчингүй болгож, гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хайгуулын тусгай зөвшөөрлийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгож, Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэснийг хүчингүй болгож гэснийг хүлээн авахаас татгалзаж гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянахдаа Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд гаргаагүй. Нэхэмжлэгч компанийн хувьд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өргөдөлөө гаргах хангалттай хугацаа байхад энэ хугацаанд өргөдлөө хавсралтын хамт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлдээ дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад 1 сарын хугацаанд үргэлжлээгүй байсан учраас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд багтаж өргөдлөө гаргах боломжтой байсан.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан баримт материал буюу хуульд заасан бүрдэлийг хангасан эсэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ зөв үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж үнэлэлт, дүгнэлт хийсэн.

Хэрвээ 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хавсралтын хамт хуулийн хугацаанд гаргаж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол гомдлоо хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотолсон холбогдох баримтуудаа хавсарган Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргад болон захиргааны журмаар өргөдөл, гомдлыг урьдчилан хянан шийдвэрлэдэг дотоод орон тооны бус зөвлөл болох Захиргааны журмаар өргөдөл, гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлөөр оруулж гомдлоо захиргааны журмаар урьдчилан хянан шалгуулах боломжтой байсан.

“НАБД” ХХК-ийн ХВ-010975 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгож, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн бүртгэлд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэснийг хүчингүй болгож бүртгэсэн Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул хуулийн 54.1.8 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юм.

“НАБД” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ огт гаргаж өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын бүртгэлийн системд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын ХV-010975 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0797 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Тайван-1 нэртэй газар 3789 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-10975 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “НАБД” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох, нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж...” гэх хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацааны дотор гаргаагүй, гаргах боломжгүй байсан үндэслэлээ “...Монгол Улсад байгаагүй, гэр бүлийн хүн нь эмчилгээнд байсан ...” нь хүндэтгэн үзэх шалтгаан хэмээн тайлбарлаж, холбогдох баримтууд ирүүлснийг 2 шатны шүүх зөв дүгнэн, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуулиар тогтоосон журамд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгасан нь үндэслэлтэй.

Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор хариуцагч захиргааны байгууллага бие даасан захиргааны акт гаргадаггүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан нь түүнийг дуусгавар болгох үндэслэл болохыг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тодорхой заасны дагуу захиргааны байгууллага “НАБД” ХХК-ийн тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэсэн байна.   

Захиргааны байгууллагын дээрх үйл ажиллагааг анхан шатны шүүх бие даасан захиргааны акт гэж дүгнэсэн нь буруу талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болно.

Мөн “...нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд багтаан гаргах боломжтой байсан ...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй талаар шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.  

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх үндэслэлийг тодорхойлсон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэсэн зохицуулалт нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй талаарх энэ маргаанд хамааралгүй юм.

Иймээс “... нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжтой байсан..., .... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй ..., ... шүүх хууль буруу хэрэглэсэн, ... нотлох баримт буруу үнэлсэн... ” гэх хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0797 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ