| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2018/0004/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/13 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч Г.Ц,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С Эөд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б.С Э,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.С Э нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч Г.Цыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Замын хөдөлгөөний дүрэм мэднэ. Үзэгдэх орчинд байгаагүй, толинд харагдаагүй. Гэрээс түлхүүр аваад гарсан. Энэ
хоёрыг араас гарсан гэдгийг мэдээгүй.Машиндаа сууж байснаа санаж байна. Гэрлүүгээ очсон байна лээ” гэв.
Хохирогч Г.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз С.Э, түүний эхнэр С.О, манай эхнэр Ц.Эын хамт хамрын хийд 13 цагийн үед яваад 19 цагийн үед ирсэн. Манайд 2 шил архи уусан. Тэгээд С.О, С.Э хоёр муудалцаад байсан. Тэгээд би тэр хоёрыг согтуу машин бариулахгүй гэж гэрээсээ гарсан юм шиг байгаа юм. Тэрнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд миний дээгүүр машин гарч байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машин шарвах шиг болсон. Тэгээд гартал манай нөхөр газар хэвтчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр С.Э машины түлхүүрээ Г.Цаас аваад машиндаа сууж машинаа асааж байхад Г.Ц бид хоёр машины ард зогсож байхад машин гэнэт ухарч бид хоёрыг мөргөсөн. Би ертөнцийн зүгээр машины ард баруун талд, Г.Ц зүүн талд зогсож байсан би хажуу талаар унаж миний нүүрний баруун хацар хэсэгт зулгарсан. Харин Г.Цыг яаж унасан талаар мэдэхгүй байна. Тэгээд С.Э шууд яваад өгсөн болохоор би босоод гэрт оруулчихаад эмнэлэг рүү дуудлага өгсөн. Г.Цын толгойноос цус гарч байсан болохоор эхнэр Э нь цус алдаад байна гэж орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шинжээч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн жолооч хашаан дотор тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож байгаа нь замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэхгүй. Хэрэв уг осол нь нийтийн хэрэгцээний зам дээр болсон бол замын хөдөлгөөний зүйл заалтыг зөрчсөн гэж үзнэ... Замын хөдөлгөөний дүрмийн 1 дугаар бүлгийн 2.7.а-д зааснаар жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байдаг...” /хх-ийн 24 дүгээс хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн N55007 дугаартай өвчний түүхээс үзэхэд "Цийн биед баруун суудал ясны хугарал, умдаг ясны заадлын салалт, тархи доргилт, баруун шанаа, нурууны зулгаралт, баруун түнх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн .... дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-31 тоот хашаанд өөрийн эзэмшлийн “Ниссан пресейж” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч Г.Цыг дайрч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С Эийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч С.Э нь хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэмд заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хэм хэмжээг зөрчиж хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсанд гийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болго.
Хохирогч Г.Ц нь шүүх хуралдаанд: “... С.Э нь миний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2 жилээр төлж эрүүл мэндийн даатгалын дэвтэр авч өгсөн. Эмчилгээнд 40 000-өөд мянган төгрөгний эм тариа авсан баримтаа хэрэгт өгсөн байгаа, харин ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авмаар байна...” гэжээ.
Хохирогч Г.Ц нь ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авмаар байна гэсэн хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд түүний гаргасан “Интер Транс” ХХК-ны 2018-01-07-ны өдрийн 02/87 дугаарт албан бичигт Г.Цыг өвчины улмаас 2017-11-01-ны өдрөөс 2018-01-07 өдөр хүртэл ажилдаа ирээгүй, сард 1 000 000 төгрөгний цалин авдаг гэж тодорхойлсон, хавтаст хэргийн 77 дугаарт авагдсан “Интер Транс” ХХК-ын 2017-12-01-ны өдрийн 02/86 дугаарт албан бичигт 1 сард дунджаар 6 000 00 төгрөгний цалин авдаг гэж тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд хохирогчийн цалингийн хэмжээ зөрүүтэй байгаа ч 6 000 00 - 1 000 000 төгрөгний цалин авдаг ба ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 2 000 000 төгрөгийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогч энэ талаар мөн маргаагүй тул 2 000 000 төгрөгийг гаргуулж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 39 375 төгрөгний эм тариа авсан нь тогтоогдож байх тул бүгд 2 039 375 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Э нь эмчилгээний зардал төлөөгүй, түүнчлэн шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэнээр өөрийн эзэмшлийн “Ниссан пресейж” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүнд өгөх өрөндөө өгөхөөр Улаанбаатар хотод аваачаад байгаа гэснээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор авто машиныг хурааж хохирлыг гаргуулах албадлагын арга хэмжээг оногдуулах ял дээр нэмж хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Эийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.С Эийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч С.Эийн өмчлөлийн “Ниссан пресейж” маркийн ... улсын дугаартай автомашиныг хурааж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эөд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч С.Эөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эийн өмчлөлийн “Ниссан пресейж” маркийн ... улсын дугаартай “Ниссан пресейж” маркийн автомашиныг хурааж хохирол төлүүлэхэд зарцуулахыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эөөс 2 039 375 төгрөг гаргуулж хохирогч Г.Цт олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлыг хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Эийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА