Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч Ц.Ц, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

Шүүгдэгч П., түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Бод холбогдох эрүүгийн 2034002900271 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.Б, 1959 оны 3 дугаар сарын 01- ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо 3 дугаар хэсгийн 1429 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УХ59030193 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч П.Бын өгсөн: "Цын эхнэр бид хоёр төрсөн ах дүүгийн хүүхдүүд. Энэ хүн угаасаа бие муутай хүн. Айлд шээдэг би хүндрүүлж байнга асардаг. Эхнэрт нь энэ хүнийг үзүүл гэж хэлж байсан. Айл нүүж ирэхэд энэ хүн согтуу байсан. 19-ний өдрөөс 22-ний өдөр хүртэл энэ л архи уусан. Шинэ айл нүүж ирээд явахад манай дүү нар лаазтай архи өгсөн. Үхэр саачхаад орж ирээд архиа ууж байсан чинь тугалаа уясан уу гэхэд гарч шалгая гээд гартал энэ хүнийг үхэр дайрч хавсарч мөргөж унагасан. Энэ хүн угаасаа унадаг. Энэ хүн үйлдлээ мэддэггүй. Бид хоёр үхэр малаа янзалчаад буцаж гэрт орж ирэхэд унаад ширээний хөл хугалсан. Бие өвдөөд байна гээд байхаар нь архинаас нэг нэг татаад унтсан. Өглөө сэрээд харахад орой унтсан газраа унтаж байсан. Надад охиныхоо нөхрийг том мундаг хүн гээд яриад байсан би охиных нь нөхрийн томыг мэдэхгүй. Нэг очиход тогооч хийдэг хятад хүн байсан. Би Ц чи үнэнээ хэлээ гэж хэлсэн. Гэтэл хоёр охин намайг тэжээнэ охиныхоо үгэнд орно гэж хэлсэн. Манай 2 ах дүү нар бүгд энэ хүнийг угаасаа бие муутайг нь мэднэ. Энэ хүн шил зүүдэг шил нь уначихад унасан гэдгийг нь мэддэггүй тийм л бие муутай хүн. Надад энэ хүнийг зодох шалтгаан байхгүй. Хавирга нь хугарсныг би мэдэхгүй." гэх мэдүүлэг,

 Хохирогч Ц.Цын өгсөн: "Би болсон явдлыг санаж байна. Энэ хэрэг жилийн өмнө болсон. Цогоо намайг орж амаръя гээд дагуулж ороод зодсон. Энэ үүдэнд унтаж байсан. Би гараад нөгөө айлд ороод унтсан. Цагийг нь сайн мэдэхгүй байна. Би үхэрт мөргүүлээгүй энэ хүнд зодуулсан. Би шүүгдэгчээс 5 сая төгрөг нэхэмжилж байгаа. Мөнгөн гүүр болон нэг өөр эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Намайг гараараа болон хөлөөрөө зодсон. Би ийм болтлоо зодуулсандаа харамсаж байна. Энэ хүн намайг зодож байгаад унтаад өгсөн тэгээд би хажуу айл руу орсон. Гаднаас орж ирээд шууд гараараа нүүр лүү цохисон, нуруу руу өшиглөсөн. Би нүүрээ хамгаалаад цохиулсан." гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Цын өгсөн мэдүүлэг /хх 7/, Гэрч П.Оийн өгсөн мэдүүлэг /хх 10-11/, Гэрч Д.Цгийн өгсөн мэдүүлэг /хх 12-13/, Гэрч Б.Оийн өгсөн мэдүүлэг /хх 14/, Гэрч Б.Гийн өгсөн мэдүүлэг /хх 15/, Гэрч Ж.Угийн өгсөн мэдүүлэг /хх 154-155/, Гэрч Ж.Бийн өгсөн: "Б, Ц нарыг хоорондоо зодолдсон талаар огт мэдэхгүй." гэх мэдүүлэг /хх 166-169/, Гэрч Э.Сгийн өгсөн мэдүүлэг /хх 172-173/, Шинжээч Б.Гийн өгсөн мэдүүлэг /хх 69-70/, Шүүгдэгч П.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 8-9, 16-17, 32-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №4140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19-22/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №47 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 149-150/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 34/, хохирлын баримтууд /хх 46- 50/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 158-164/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 57-59/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно. Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг "Сөгнөгөр" гэх газар 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ц.Цтай архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Ц.Цыг зодож эрүүл мэндэд нь "зүүн талын 7, 8, 10-р хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх /субдурал/ цус хуралт" бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Цын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: “2020 оны 3-р сарын 19-ны өдөр хадам ах Б хөдөө Сөгнөгөр явах гэж байна гэхээр нь гэрт хийх юмгүй хэвтэж байхаар хамт агаарт гарья гээд ирсэн. Тэгээд Б ахын дүүгийнх нь мал дээр ирж хоёулаа хамт байсан. Тэгээд шинэ малжих гээд гэр бүлээрээ 3 хүмүүс ирсэн. Тэднийд архи ууж байгаад орой болоод хажуу өрөөнд орж унтахаар болсон. Тэр үед би нилээн халамцуу хүргэнээ магтаад л байсан юм шиг байгаа юм. Б ах хоёулаа гэртээ очиж унтая гээд дагуулж гараад өрөөндөө оруулж хаалга хааж байгаад чи яасан том хүргэнтэй юм гээд түлхэж унагаад өшиглөөд зодсон. Би Буянаа ахаа болиочээ гээд л намайг зодоод байсан. Би нүүрээ хоёр гараараа хаагаад л бөөр, бөгс, гэдэс рүү өшиглөөд байсан. Нэг сэрээд харсан Буянаа ах орон дээр унтаж байсан. Би хаалга онгойлгож нөгөө шинэ ирсэн малчингийнд орж орон дээр унтсан. Маргааш нь өглөө намайг нөгөө айлд хэвтэж байхад орж ирээд авсан бөгөөд гэртээ оруулж ахыгаа уучлаарай гээд гарч яваад архи авчираад би дахиад хувааж уусан. Тэгээд хотоос дүү нь манай эхнэрийг авчирч намайг орой нь хот руу авч явсан. Тэгээд ирэх замдаа үхэрт мөргүүлсэн гэж эхнэр Цд хэлсэн юм шиг байна лээ. Би хамаатан садан улс гээд хэл амаар яахав гэж бодсон. Миний сэртэн яс, 3 хавирга хугарсан байна лээ. Би гомдолтой байна. Намайг яагаад зодох болсон талаар гайхаад л байна. Эмчилгээний зардалаа нэхэмжилнэ. Бид хоёр хоёулахнаа байсан. Шинээр ирсэн малчин мэдэхгүй байна дуу чимээ гараагүй, сонсоогүй гээд л байна лээ. Би охидууддаа л хэлсэн. Бид хоёр нилээн уусан. Шинээр ирсэн малчин архи уугаагүй. Фермер рүү урьд өдөр нь нэг удаа орсон, тэрнээс хойш фермер лүү нь ороогүй. Би үхэрт мөргүүлээгүй. Урьд өдөр нь үхэр дайрч үүднийх нь баганыг нь эвдэж нэг үхэр хашаа давж гарсан түүнийг л хэлсэн. Хэлээрэй гээд байсан. Юунаас болж намайг зодох болсоныг нь би мэдэхгүй. Хүргэнээ магтаад тэгээд л танай хүргэн яасан их том юм гээд цохиод байсныг нь санаж байна. Тэрнээс өөр намайг зодох, хэрэлдэх, маргалдах шалтгаан байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна." гэх мэдүүлэг /хх 4-6/, "П.Б нь манай эхнэрийн авга ах байгаа юм. Тухайн үед П.Бтой Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт отгон дүүгийнх нь малыг харж байх хугацаанд бид хоёр архи согтууруулах ундаа уусан. Б гэрийн хаалгыг цоожилж байгаад намайг гар, хөлөөрөө цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /хх 7/,

Гэрч П.Оийн өгсөн: “2020 оны 3-р сарын 23 өглөө 11 цагийн үед шинэ малчин Угийн эхнэр нь залгаж "Сүүгээ сүүний машинд өгсөн гэх мэдээг өгөнгөө энэ хоёр ахын нэгнийх нь нүд хавдчихсан согтуу байна." гэхээр нь "Хоорондоо зодолдсон юм уу" гэж асуухад "Тийм зүйл мэдэгдээгүй." гэхээр нь хотоос Б ахын эхнэр, охин, хүүг аваад Сөгнөгөрт ирсэн. Ирхэд хоёулаа согтуу унтаж байсан. Тэгээд Ц ахыг аваад хот руу Буянаа ахыг машинтай нь хүүтэй нь үлдээсэн. Тэгээд 7 буудал дээр Ц ахын охин тосч авсан. Би замдаа та үнэнийг нь хэлээрэй гэсэн чинь "Ах нь 3 хоног болоод л эдэгчихнэ. Эмнэлэгт үзүүлэхгүй." гэхээр нь юу ярьж байгаа юм гээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хүзүү духны яс хуучин цөмрөлттэй хамрын яс хуучин хугаралтай тархи нь доргисон, 3 хавирга зөрүүгүй хугаралттай, шинэ сэртэн яс хугарсан байна гэж шинжилгээг эмч нь уншиж өгсөн. Тэр үед охин Цэвэлмаа нь байсан. Эмч хэлэхдээ энэ гэмтэл нь хэвтэж эмчлүүлэх заалт даралт өндөр настай хүн болохоор 3-5 хоног хэвтүүлье гэж хэлсэн. Эхэндээ би согтуу унасан гээд дараа нь үхэрт мөргүүлсэн гээд байсан. ” гэх мэдүүлэг /хх 10-11/,

Гэрч Д.Цгийн өгсөн: “Манай нөхөр Ц.Ц нь 2020 оны 3-р сарын 19-ны өдөр П.Бын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрт байх хамаатаны дүү Оийн малыг хэд хоног харахаар хотоос хамт явсан. Тэгээд 3-р сарын 23-нд миний гар утас руу дүү О залгаад Цогоо ахыг Буянаа ах зодсон байна та хурдан хүрээд ир хамт явж авчирья гэж хэлсэн. О рүү малчин нь залгаж хэлсэн байсан. Тэгээд хотоос дүү О Б ахын хүү, охин хоёртой нь ирээд нөхөр Цтай уулзахад жоохон архи уучихсан намайг бушуухан эндээс аваад яв гээд байсан. Б ах нилээн согтуу хүү нь машиныг нь барьж Батсүмбэрт ирсэн. Нөхөр Цын хоёр нүд нь хөхөрсөн цээжиндээ хөхөрч няцарсан байсан. Тэгээд хэн ийм болгосон юм гэсэн чинь би 3 хоноод зүгээр больчихно амбаар дээрээс архи авах гэж байгаад уначихсан гэж хэлээрэй гээд байхаар нь бас хамаатан садан улс тэгж хэлэх юм байх л гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч Б.Оийн өгсөн: “2020 оны 3-р сарын 23-ны өдөр авга эгч О, дүү Г, Цогоо ахын эхнэр Ц нар Батсүмбэр явна гээд манайд 4 ирсэн. Очход аав Б, Цогоо ах хоёр согтуу унтаж байсан. Цогоо ахын 2 нүд нь хөхөрч хавдсан байсан. Эгч О та хоёр хоорондоо зодолдсон юм уу гэж асуухад аав согтуу би юугаа зодохов дээ гээд Цогоо ах болохоор би гэртээ хариад 2, 3 хоноод зүгээр болчихно гээд байсан. ...амьсгалахдаа Цогоо ах ёолоод байсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

Гэрч Б.Гийн өгсөн: “2020 оны 3-р сарын 23-ны өглөө О эгч залгаад нөгөө хоёр хөдөө согтуу байх шиг байна. Манай малчин залгаж байна. Хамт яваад аваад ирье гэж хэлсэн. Өдөр намайг гэрээс О эгч ирж аваад замаараа Цогоо ахын эхнэр Ц мөн эгч О нарыг авч Батсүмбэр лүү явсан. Ирэхэд аав Б, Цогоо ах хоёр согтуу унтаж байх шиг байсан. Цогоо ахын хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан. Эгч О хоорондоо зодолдсон юмуу гэж асуухад юу гэж хүн зодолдох юм гээд Цогоо ах би гэртээ хариад 2-3 хоноод зүгээр болчихно гээд л байсан.” гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Ж.Угийн өгсөн: "2020 оны 3 дугаар сарын 22-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багт айлын мал маллахаар шөнө нүүж ирээд эд зүйлээ байшинд оруулсан. Тэр үед залгаа байшинд малыг нь харж байгаад гээд өндөр, нам хоёр хөгшин ах байсан. Орой гэрээ оруулж дуусчхаад байж байтал нөгөө 2 ах дуудаад танилцъя гээд гээд нэг шил төмөр савтай архи тавьчихсан хоёулаа уугаад сууж байсан. Тэр үед намхан биетэй ахын нүүр царай нь зүв зүгээр байсан. Надад хийгээд өгөхөөр нь би уудаггүй гээд ёслоод орж амрахаар гарсан. Тэгээд нүүдэлдээ ядраар нам унтсан. Шөнө 4 цаг өнгөрч гэгээ орчихсон байхад хаалга нүдээд онгойлгосон чинь нөгөө намхан биетэй ахын нүд нь хөхөрчихсөн байдгаараа чичирчихсэн байхаар нь гэртээ оруулж орон дээр амраасан. Юу болоо вэ гэхэд юу дуугарахгүй унтаад өгсөн. Өглөө нөгөө өндөр ах нь орж ирээд гэртээ унтахгүй яасан юм гээд аваад гарсан. Манай эхнэр малын эзэн дүү рүү ярьж ийм болсон байна шүү гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш ах, дүү нар нь ирээд аваад явсан. Шөнө зодолдсон талаар мэдэхгүй. Уг нь чимээ гарвал мэдэгдэх л ёстой. Дүү нь зодолдоогүй гэж хэлээрэй гэсэн." гэх мэдүүлэг /хх 67/,

Гэрч Э.Сгийн өгсөн: "Би эдгээр хүмүүсийг танихгүй. Юу болсон талаар бид мэдэхгүй өглөө 5 цагийн орчим Ц манай гэрт зодуулчихсан орж ирж байсан. Та хэнд зодуулсан юм бэ гэхэд Буянаа намайг зодчихлоо ах нь жоохон унтаад гаръя гээд согтуу их даарсан манайд унтаж байгаад 07 цагийн орчим манай гэрээс явсан." /хх 172- 173/,

Шинжээч Б.Гийн өгсөн: “Би 2020 оны 3-р сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор 2020 оны 4-р сарын 01-ны өдөр Ц.Цын гэрт үзлэг хийж дүгнэлт гаргасан. Тухайн үед зүүн 7, 8, 10 дугаар хавирга бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, дагз, чамархайн хэсгийн хатуу хальс доорхи цусан хураа, нүүр, хоёр чих, хүзүү, хоёр тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагай, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгарал гэмтлүүд тогтоогдсон ба дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйл хамаарах бөгөөд үүнд: гар, хөл, мод, чулуу зэрэг эд зүйлс орно. Ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдсэн, хатгагдсан, цавчигдсан зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг бол мохоо зүйлийн үйлчлэлээр няцрал, зулгарал, цус хуралт зэрэг гэмтлүүд үүсдэг.” гэх мэдүүлэг /хх 69-70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №4140 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Цын биед зүүн 7, 8, 10-р хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын баруун зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамарахай хэсгийн субдурал цус хуралт, нүүр, 2 чих, хүзүү, 2 тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн 5 байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх 19-22/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №47 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Цын биед үүссэн зүүн 7, 8, 10 хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх /субдурал/ цус хуралт гэмтэл нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүр, 2 чих, 2 тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 149-150/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 158-164/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 57-59/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ц нь үхэр тугал хаших гэж байхад үхэр хашааны хаалга дайрч Цыг дайрч унагаан түүнээс болоод босож чадахаа болисон, гэрт оруулсны дараа Ц хөл дээрээ зогсож чадахгүй салгалж байгаад нүүрээрээ ширээн дээр унаж бэртэл авсан гэж маргасан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан; хохирогч Ц.Цын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: “Б ах хоёулаа гэртээ очиж унтая гээд дагуулж гараад өрөөндөө оруулж хаалга хааж байгаад чи яасан том хүргэнтэй юм гээд түлхэж унагаад өшиглөөд зодсон. Би Буянаа ахаа болиочээ гээд л намайг зодоод байсан. Би нүүрээ хоёр гараараа хаагаад л бөөр, бөгс, гэдэс рүү өшиглөөд байсан. Нэг сэрээд харсан Буянаа ах орон дээр унтаж байсан. Би хаалга онгойлгож нөгөө шинэ ирсэн малчингийнд орж орон дээр унтсан." гэх мэдүүлэг /хх 4-6/, "П.Б нь манай эхнэрийн авга ах байгаа юм. Тухайн үед П.Бтой Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт отгон дүүгийнх нь малыг харж байх хугацаанд бид хоёр архи согтууруулах ундаа уусан. Б гэрийн хаалгыг цоожилж байгаад намайг гар, хөлөөрөө цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /хх 7/ үүнийг нотолсон; гэрч Ж.Угийн өгсөн: "...орой гэрээ оруулж дуусчхаад байж байтал нөгөө 2 ах дуудаад танилцъя гээд нэг шил төмөр савтай архи тавьчихсан хоёулаа уугаад сууж байсан. Тэр үед намхан биетэй ахын нүүр царай нь зүв зүгээр байсан. Надад хийгээд өгөхөөр нь би уудаггүй гээд ёслоод орж амрахаар гарсан. Тэгээд нүүдэлдээ ядраад нам унтсан. Шөнө 4 цаг өнгөрч гэгээ орчихсон байхад хаалга нүдээд онгойлгосон чинь нөгөө намхан биетэй ахын нүд нь хөхөрчихсөн байдгаараа чичирчихсэн байхаар нь гэртээ оруулж орон дээр амраасан. Дүү нь зодолдоогүй гэж хэлээрэй гэсэн." гэх мэдүүлэг /хх 67/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №4140 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Цын биед зүүн 7, 8, 10-р хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын баруун зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархай хэсгийн субдурал цус хуралт, нүүр, 2 чих, хүзүү, 2 тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 19-22/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №47 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Цын биед үүссэн зүүн 7, 8, 10 хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 6 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх /субдурал/ цус хуралт гэмтэл нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүр, 2 чих, 2 тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 149-150/,

шинжээч Б.Гийн өгсөн: “Би 2020 оны 3-р сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор 2020 оны 4-р сарын 01-ны өдөр Ц.Цын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Тухайн үед зүүн 7, 8, 10 дугаар хавирга бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, дагз, чамархайн хэсгийн хатуу хальс доорхи цусан хураа, нүүр, хоёр чих, хүзүү, хоёр тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагай, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгарал гэмтлүүд тогтоогдсон ба дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйл хамаарах бөгөөд үүнд: гар, хөл, мод, чулуу зэрэг эд зүйлс орно. Ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдсэн, хатгагдсан, цавчигдсан зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг бол мохоо зүйлийн үйлчлэлээр няцрал, зулгарал, цус хуралт зэрэг гэмтлүүд үүсдэг.” гэх мэдүүлэг /хх 69-70/ зэргээр үгүйсгэгдсэн бөгөөд шүүгдэгч П.Быг хохирогч Ц.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулаагүй байна гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.Бын архидан согтуурсан үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг гараараа болон хөлөөрөө зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь зүүн 7, 8, 10 хавирга, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын дагзны арын хэсгийн болон зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх /субдурал/ цус хуралт бүхий хүндэвтэр, нүүр, 2 чих, 2 тохой, шуу, нуруу, бүсэлхий, ташаа, баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Ц.Цын эрүүл мэндэд учирсан хохирол шүүгдэгч П.Бын үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой гэж үзэв. Иймд улсын яллагчийн шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас эмчилгээний болон унааны зардалд хавтаст хэргийн 46-49-р хуудсанд 5 586 195 төгрөгийн баримт ирүүлснийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч П.Бын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх хуульд хамрагдах хэдий ч хохирол төлөөгүй төлөхөө шүүх хуралдааны явцад илэрхийлээгүй, гэм буруу дээрээ маргадаг зэргээс Өршөөлийн хууль хэрэглэх боломжгүй гэх санал, Шүүгдэгчийн өмгөөлөгч нэгэнт шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулж өгөөч, шүүхээс гаргуулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч П.Бын үйлдсэн гэмт хэрэг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болсон байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч түүний үйлдсэн гэмт хэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамаарч байгаа хэдий ч шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй гэж шүүх үзэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т тус тус зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.", 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна." заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэжээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд тохирно гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2034002900271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бод оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр 8 тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Боос 5 586 195 /таван сая таван зуун наян зургаан мянга нэг зуун ерэн тав/ төгрөг гаргуулж олгосугай.

6.Эрүүгийн 2034002900271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.БАТЖАРГАЛ