Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/291

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-д холбогдох эрүүгийн 1821003990261 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1971 оны 07 дугаар сарын 27ы өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын  2 дугаар баг....оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 36 хоногийн хорих ялаар сольсон,  бие эрүүл гэх, .... регистрийн дугаартай, Б овогт Х.

Шүүгдэгч Х нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд тус аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух Ц-ийн гэрт болон Хэрлэн сумын 6 дугаар багийн худалдаа үйлчилгээний Шүр зах дээр өөрийн эхнэр Ц-г гутаан доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийхийг албадаж, харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргаж 2 удаа баривчлах шийтгэл эдэлж байсан боловч, 2018 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шүр зах дээр согтуугаар Ц-г гутаан доромжилж, биед нь халдан зодож, харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй, үйлдсэн хэргээ зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Хэрлэн сумын 6 дугаар баг худалдааны үйлчилгээний “Шүр” худалдааны төвийн 23, 24 дүгээр лангууг түрээслэн худалдаа наймаа хийдэг хамтран амьдрагч Ц-маа дээр удаа дараа согтуугаар очиж “янхан, гичий, хуучин нөхөртэйгээ унтаж хэвтдэг, чи муу сэтгэл мэдрэлийн өвчтэй, чи 97 хувийн групптэй биз дээ” гэж элдвээр хэлж доромжилсон нь үнэн. ...Би хамтран амьдрагч Ц-маа жаахан гомдсон юм. Эд нарын төлөө би таксинд явж байгаад аваар хийж шоронд орсон. Тэгэхэд ганц ч удаа эргээгүй, ядаж яаж байна, ийж байна гэж асуугаагүй учраас тэрэнд нь гомдоод согтуу дээрээ янз бүрийн юм хэлсэн бол уучлаарай, миний буруу, эрүүл саруул бол би хэрүүл хийгээд байдаггүй юм. Харин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн мэдэлгүй ажил дээр нь очиж, олон нийтийн газар хэл амаар доромжилсон нь миний буруу, би гаргасан зөрчлөө ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Надад бол өөр хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Хохирогч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/

-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 18-19/

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 57/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 454 /хх-ийн 36/, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шүүхийн шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 38-41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Х нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчимд хамтран амьдрагч Ц-г гэртээ байж байхад нь “янхан, гичий, биеэ үнэлдэг биздээ” гэх зэргээр гутаан доромжилж, зодох гэж дайрч давшлан, айлган сүрдүүлсэн,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Шүр” зах дээр “чиний зан ааш чинь хувирчиж, чи өөр хүнтэй болсон байна, чи өөр хүнтэй суух гэж байгаа юм уу, тэгвэл тэрийгээ хэлээрэй” гэх мэтээр дайрч давшлан хүмүүсийн хажууд бэлэг эрхтэнээ өмднийхөө гадна талаас базлан гутаан доромжилж сэтгэл санаагаар дарамталсан,  

2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ц-ийн “Шүр” зах дээр байдаг лангуун дээр удаа дараалан согтуу ирж олон нийтийн газарт хэлэх хэлэхгүй үгээр гутаан доромжилсон,

2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Шүр” зах дээр “би удахгүй шоронд орох гэж байгаа, надад шоронд ороод гараад ирэх нас байна. Гарч ирээд тооцоо хийнэ гэж хэлээд гараа далайж нүүр рүү болон гар руу нь алгадаад зарж байгаа бараан дээр шүлс нусаа хаяж, хохирогч Ц-ий нам руу салаавч гаргаж биед нь халдаж, хэрцгий харьцсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Хэрлэн сумын 6 дугаар баг худалдааны үйлчилгээний Шүр худалдааны төвийн 23, 24 дүгээр лангууг түрээслэн худалдаа наймаа хийдэг хамтран амьдрагч Ц-маа дээр удаа дараа согтуугаар очиж “янхан, гичий, хуучин нөхөртэйгээ унтаж хэвтдэг, чи муу сэтгэл мэдрэлийн өвчтэй, чи 97 хувийн групптэй биз дээ” гэж элдвээр хэлж доромжилсон нь үнэн. ...Би хамтран амьдрагч Ц-маа жаахан гомдсон юм. Эд нарын төлөө би таксинд явж байгаад аваар хийж шоронд орсон. Тэгэхэд ганц ч удаа эргээгүй, ядаж яаж байна, ийж байна гэж асуугаагүй учраас тэрэнд нь гомдоод согтуу дээрээ янз бүрийн юм хэлсэн бол уучлаарай, миний буруу эрүүл саруул бол би хэрүүл хийгээд байдаггүй юм. Харин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн мэдэлгүй ажил дээр нь очиж, олон нийтийн газар хэл амаар доромжилсон нь миний буруу би гаргасан зөрчлөө ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Надад бол өөр хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч Ц-маа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчимд ажлаасаа буугаад гэртээ ирээд байж байхад хамтран амьдрагч Хүдэрзүрх нь гэрт согтуу орж ирээд намайг “янхан, гичий минь биеэ үнэлдэг биздээ” гэх зэргээр доромжилж дайрч давшлан, айлган сүрдүүлсэн учир цагдаад өгч улмаар шүүхээр баривчлах шийтгэл оногдуулж байсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зах дээр ажлаа хийгээд зогсож байхад Х согтуу ирээд олон нийтийн газар намайг “чиний зан ааш чинь хувирчиж, чи өөр хүнтэй болсон байна, чи өөр хүнтэй суух гэж байгаа юм уу, тэгвэл тэрийгээ хэлээрэй” гэх мэтээр над руу дайрч давшлан хүмүүсийн хажууд бэлэг эрхтэнээ өмднийхөө гадна талаас базлаад зогсоод байсан.  Тэгэхэд нь чи одоо болиоч дээ гэхээр яадгий сайхан байна гэх мэтээр хэлчихээд надтай хэрэлдээд өдөржин зогсоод салахгүй байхаар нь аргагүй эрхэнд цагдаад өгч баривчлуулсан. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Шүр зах дээр байдаг лангуун дээр удаа дараалан согтуу ирж олон нийтийн газарт хэлэх хэлэхгүй үгээр элдэв бусаар доромжилсон, 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ирээд явахдаа би удахгүй шоронд орох гэж байгаа, надад шоронд ороод гараад ирэх нас байна. Гарч ирээд тооцоо хийнэ гэж хэлээд гараа далайж нүүр рүү болон гар руу алгадаад зарж байгаа бараан дээр шүлс нусаа хаяж, миний ам руу салаавч гаргаж байгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 23-24/, гэрч С-маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц-маа эгч миний баруун талд 23, 24 дүгээр лангууг түрээслээд 10 гаруй жил болж байна. Түүний нөхөр Х-х нь өдөр болгон шахуу “Шүр” зах дээр ирж архи уудаг. Уусан үедээ Ц-маа эгч дээр ирж хэрүүл үүсгэн, эгчийг хэлэх хэлэхгүй үгээр гутааж, харгис хэрцгий харьцдаг. Ц-маа эгчийг худалдаа хийж байхад нь хүмүүсийн хажууд элдвээр хэлж, орилж чарлан хүмүүсийг нь үргээдэг. 2018 оны 06 дугаар сарын 16, 17-ны хоёр өдөр 14 цаг өнгөрч байхад согтуу ирж “муу янхан гичий, сэтгэц мэдрэлийн өвчтэй 97 хувийн групптэй биз дээ? гэх мэтээр элдвээр доромжилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

гэрч У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ц-ийн нөхөр Х согтуу эхнэр дээрээ байн байн ирж хэл амаар доромжлоод байсан. Маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 17-ны үдийн хойно Х нь дахин согтуу ирээд элдвээр хэлээд байсан ба нэг харахад Ц-ийн нүүрэн тус газарт нь нулимаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, мөн хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан байх бөгөөд хохирогч Ц-маань шүүгдэгч Г.Х-тэй гэр бүлийн баталгаагүй боловч хамтран амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг шүүгдэгч Г.Х-тэй гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж үзэх бөгөөд хохирогчийн сэтгэлд санаанд байнга дарамт учруулж хэрцгий харьцсан шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Х-эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчийг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.       

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Ц-маа нь шүүгдэгч Х-ээс нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х-ийн .... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Хийг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-эд оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн 1821003990261 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний  эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х-ийн .... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР