Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

 Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Д.Б********,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д********ийн Б********од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201622000699 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч Д.Б******** нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө Рэнчинлхүмбэ сумын төвд байрлах "Халиун" нэртэй хүнс барааны дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж 11 шил архи, 20 хайрцаг esse нэртэй тамхи, бэлэн 18.000 /арван найман мянга/ төгрөг зэргийг хулгайлан авч нийт 218.000 /хоёр зуун арван найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б******** нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө Рэнчинлхүмбэ сумын төвд байрлах "Халиун" нэртэй хүнс барааны дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж 11 шил архи, 20 хайрцаг esse нэртэй тамхи, бэлэн 18.000 /арван найман мянга/ төгрөг зэргийг хулгайлан авч нийт 218.000 /хоёр зуун арван найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Шүүгдэгч Д.Б********ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн гэртээ байж байгаад орой 19 цагийн үед гэрээсээ гарч яваад Нямхишиг ах, Тайванбаяр ах хоёртой гудамжинд таарсан. Тухайн үед Нямхишиг ах, Тайванбаяр ах хоёр халамцуу явж байсан. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаж байгаад 1 шил архи авч ухаар болсон. Бид гурав мөнгөө нийлүүлж байгаад дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи авсан. Уг авсан архиа сумынхаа зүүн хооронд гудамжинд уусан. Уг архийг уугаад дууссаны дараа Нямхишиг ах, Тайванбаяр ах хоёр гэрлүүгээ харих гээд явсан. Бид нарыг архи уугаад дуусахад гадаа нилээн орой болсон байсан, барагцаагаар 23 цаг өнгөрч байсан байх. Нямхишиг ах Тайванбаяр ах хоёрыг явсны дараа би тэндээсээ гэрлүүгээ харьсан. Би гэрийнхээ хашаанд орчихоод гэртээ оролгүй түлээн дээр байсан модон иштэй сүхээ аваад Халиун нэртэй хүнсний дэлгүүр лүү очсон. Би тэр дэлгүүр лүү архи хулгайлж уух зорилгоор очсон. Намайг Халиун нэртэй дэлгүүр дээр очиход дэлгүүр хаалттай. дэлгүүрт ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгэхээр нь хаалганых нь доод талыг сүхээрээ дээш нь хөшиж сөхөж онгойлгоод дотогш орсон. Уг дэлгүүр лүү ороод дотроос нь 2 шил Болор, 1 шил Экс, 5 шил Буудай 2 шил Улаанбаатар, хоёр паачиг эссе нэртэй тамхи, бэлэн 18.000 төгрөг зэрэг зүйлүүдийг авсан. Тэгээд авсан эд зүйлүүдээ гялгар уутанд хийгээд авч гарсан. Тэр дэлгүүрээс хулгайлсан зүйлүүдээ бариад гэрлүүгээ очоод амбаарынхаа орон дээр хулгайлсан эд зүйлүүдээ нууж тавиад гэрлүүгээ орж амарсан. Уг дэлгүүрээс авсан архинуудаа 3 өдрийн турш гэрийнхнээсээ нууцаар уусан. Мөн 1 паачиг тамхийг нь татсан. Намайг хулгай хийснээс хойш 4 хоногийн дараа намайг хэсгийн төлөөлөгч Батзаяа дуудаж уулзсан. Тэр үед би хулгай хийснээ түүнд хэлж хэргээ хүлээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 Хохирогч Х.Б********ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оиы 11 дүгээр сарын 02-ны өглөө манай дэлгүүрийн худалдагч Д******** над руу утсаар яриад манай дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би тэр үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан тул утсаар ярьж сумын цагдаад хэлж тэмдэглүүлсэн. Дэлгүүрт хулгай орохдоо бүргэд хаалгыг доогуур нь сөхөж хөшиж орсон байсан. Манай дэлгүүрээс 7.5 литрийн "Болор" нэртэй архи 2 ширхэг, 0,75 литрийн Экс архи 1 ширхэг 0 5 л Буудай нэртэй архи 5 ширхэг, 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи 3 ширхэг ченж эссе нэртэй тамхи 10 хайрцаг, буюу 1 паачиг, энгийн эссе нэртэй тамхи 10 хайрцаг буюу 1 паачиг, бэлэн 18.000 /арван найм/ мянган төгрөгийг хулгайлж аваад явсан байсан. Манай дэлгүүрт хулгай орохдоо Бүргэд хаалгыг маань хөшиж эвдсэн дэлгүүрийнхээ хаалгыг 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр шинэ хаалга авч сольсон. Миний хохирлыг 5890015495 дугаартай дансанд шилжүүлсэн байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 Гэрч Ч.Д********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Рэнчинлхүмбэ сумын төвд байрлах "Халиун" нэртэй хүнс барааны дэлгүүрт худалдагч хийдэг. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дэлгүүртээ зогсож байгаад орой 18 цаг 30 минутын орчимд дэлгүүрээ хаагаад явсан юм.Тэгээд өглөө 8 цагийн үед дэлгүүртээ ирэхэд дэлгүүрийн бүргэд хаалгыг нь дээш нь сөхөөд хулгай орсон байсан. Тэр үед би сумынхаа цагдаад хандан дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Хэрэг учралын газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4- 5-р хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай /хх-ийн 7-р хуудас/,

 Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тухай тогтоол /8-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хурааж авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р хуудас/,

Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /24-р хуудас/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 25-р хуудас/, зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б******** бусдын эд хөрөнгийг орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь хавтаст хэргийн 45-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Б******** нь хохирогч Х.Б********д 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 470.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай баримт /48-р хуудас/-аар тогтоогдож байх тул хохирол, төлбөрөө төлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б********од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт хураагдан ирсэн сүхний ишийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Чонод овогт Д********ийн Б********ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Б********ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Б********од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Б********од оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүхний ишийг шүүхийн тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай. 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б********од урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН