Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 653

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00577/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: ............ оршин суух, Р.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............... оршин суух, Р.Б-д холбогдох 

            “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, уг газрын хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эцэг Равзанагийн нэртэй ээж Цэдэвийн Уртнасан, ах Равзанагийн Чинсүх, Равзанагийн Р.Б, Равзанагийн Р.Г, Гансүхийн Ганбаатар гэсэн 7 хүний дундын өмчлөлийн газрын 1 өмчлөгч нь байсан. 2007 онд аавыгаа нас барснаас хойш 2009 он хүртэл уг газрын гэрчилгээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байх үед 2009 оны 05 дугаар сарын 01-нд Дорнод аймгийн Мэнэнгийн 0306 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан үед миний 3 дахь ах Р.Б нь ээж, эгч, ах нараас хашааныхаа газрыг өөрийн нэр дээр болгож банкны барьцаанд тавьж мөнгө зээлдэх гэсэн юм гэхэд тэд уг гуйлтыг түр нэр дээр нь шилжүүлэн зээлээ төлж дуусгаад  газар эргээд дундын өмч байна гэж ойлгоод газар шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зурсан. Би цэрэгт байсан учир уг газар шилжүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй. Газар эзэмших эрхээ хууль ёсоор татгалзаагүй байтал ах маань ээж бид хэдийг уг хашаанд байдаг байшингаасаа гар, би хашаа газраа хамтад нь зарлаа гэж хөөсөн. Ээж минь уг газраа дундаа өмчлөөрэй гэж хэлж байтал ах миний өмчлөх эрхэнд халдаж, намайг эзгүйд миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд ах Р.Бгийн нэр дээр дангаар эзэмшүүлсэн өрхийн хэрэгцээний хашаа газрын гэрчилгээг хүчингүй болгож, хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү  гэжээ. /хх-ийн 1-2х/..Бидний эцэг Равзанагаас үлдсэн энэ газрыг ах Р.Б нь биднийг хууран мэхэлж газрыг ганц өөрийн нэр дээр өмчилсөн байна. Энэ газраа 40 саяар зарна гээд зар тавьсан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Р.Б-гийн өмчлөлийн газрын тал нь минийх тул уг газрын гэрчилгээг хүчингүй болгож, газрын хамтран эзэмшигч, өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Р.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү Р.Г тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг цэрэгт явсан хойгуур газрыг маань ах Р.Б-д эзэмшүүлсэн өрхийн хэрэгцээний газрын гэрчилгээг хүчингүй болгож, намайг хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэлийг шаардлагыг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус. Надад хэзээ, ямар хаягт байршилтай, ямар хэмжээний газрыг эзэмшүүлсэн хэд дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулж, ямар газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нь тодорхой бус байна. Газар өмчлөлтэй холбоотой эсхүл эзэмшилтэй холбоотой эрхийг нь миний бие хэрхэн яаж зөрчсөн болох нь тодорхойгүй, ямар учраас надад холбогдуулж газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Иймд би үүнийг ойлгож тайлбарлах боломжгүй байна. Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн газар олгодог бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэж болно гэж заасан тул дээрх улсын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь ерөнхий харъяалалын шүүхийн шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна. /хх-ийн 22х/....Миний эцэг Чойн Равзана нь нас барахаасаа өмнө 2009 онд Хэрлэн сумын  2 дугаар баг Булгийн 8 дугаар гудамжийн 03 тоот 997 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хүүдээ өгнө гээд энэ газрыг надад өв залгамжлуулан өгсөн. Би энэ газарт хашаа хороо, байшин саваа барьж гэр бүлийн хамт одоог хүртэл амьдарч байна. Ээж дүү нар өөрсдөө газартай, мал хөрөнгөтэй байж миний энэ газарт шунах хэрэггүй л юмсан. Р.Г дүү маань өөрөө Хэрлэн сумын 2 дугаар баг Булагт газартай хүн шүү дээ гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 7х/, Өв залгамжлах эрхийн гэрчилгээ, хариуцагч Р.Б-гийн Г-1817000904 улсын бүртгэлийн дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч Р.Г-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн Хэнтий аймгийн засаг даргын 2011.02.24-ний өдрийн №50 дугаартай захирамж болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Р.Б-д холбогдуулан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 8 дугаар гудамжийн 03 тоот 997 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран эзэмшигч /өмчлөгч/ мөн болохыг тогтоолгох, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Р.Г нь 2009.06.10-ны өдөр газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хариуцагч Р.Б нь хуурамчаар хийсэн, өмчлөх эрх шилжүүлсэн гэж байгаа зарим хүмүүс нь гарын үсэг зураагүй, зурсан хүмүүс нь Р.Б-д хууран мэхлэгдэж хийсэн гэрээ тул уг газрын эзэмших /өмчлөх/ эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох ёстой гэж маргаж байх ба хариуцагч Р.Б-гийн зүгээс эцэг Чойн Равзана нь нас барахаасаа өмнө 2009 онд Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 8 дугаар гудамжийн 03 тоот 997 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хүүдээ өгнө гээд энэ газрыг надад өв залгамжлуулан өгсөн. Би энэ газарт хашаа хороо, байшин саваа барьж гэр бүлийн хамт одоог хүртэл амьдарч байна. Ээж дүү нар өөрсдөө газартай, мал хөрөнгөтэй байж миний энэ газарт шунах хэрэггүй юмсан. Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар хийсэн зүйл байхгүй. Манай ээж ах дүү нар бүгд гарын үсгээ зурж, хууль журмынх нь дагуу гэрээ хийсэн. Р.Г дүү маань өөрөө Хэрлэн сумын 2 дугаар баг Булагт газартай хүн шүү дээ гэж маргаж байна.

 

            Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Р.Г нь Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №50 тоот захирамжаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын  2 дугаар баг Булгийн 37-20 тоотод байрлалтай 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан болох нь тогтоогдож байна.

            Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ гэж заажээ.

            Иймд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг давхардуулж, өөрөөр хэлбэл 1 хүн      2 газрыг өмчлөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч  Р.Г-ын хувьд урьд нь энэ зориулалтаар газар өмчилж аваагүй байснаар сүүлд 2011 онд газар өмчилж авах эрх нь нээлттэй байсан байна.           

            Харин хариуцагч Р.Б-гийн хувьд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 8 дугаар гудамжийн 03 тоот 997 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай одоо зохигчдын маргаж байгаа газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь №000084099 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Уг газрыг хариуцагч Р.Б нь өөрийн эцэг Ч.Равзанагаас 2009 оны 06 дугаар сарын 10-нд гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлөх эрхийг өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн авсан байна.

            Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас хариуцагч Р.Б-гийн газар өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

           Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т: эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заажээ.               

            Иймд нэхэмжлэгч Р.Г-ын Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 8 дугаар гудамжны 03 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, уг газрын хамтран эзэмшигч /өмчлөгч/ мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.      

            Дашрамд нэхэмжлэгч талаас 2009.06.10-ны өдөр газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хариуцагч Р.Б нь хуурамчаар хийсэн, өмчлөх эрх шилжүүлсэн гэж байгаа зарим хүмүүс нь гарын үсэг зураагүй, зурсан хүмүүс нь Р.Б-д хууран мэхлэгдэж хийсэн гэрээ гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч талаас нотлох баримт болгон өгсөн Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 7х/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан: бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг зөрчсөн байх ба гэрээний хуулбар нь албан ёсны баталгаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д: нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заажээ. Иймд 2009.06.10-ны өдөр хийгдсэн газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хууль бусаар хийгдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:        

           1. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Г-ын хариуцагч Р.Б-гийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, уг газрын хамтран эзэмшигч /өмчлөгч/ мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Г-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР