Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: П.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000054 дугаартай, 146/2022/0050/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД: **********/

 

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын *************** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн:  ...Би гэм буруутай. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй... гэв.

Хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад *******гийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ЗШ/72 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 36-37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

                                                       Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын ********** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч *******ы ...намайг алгадаж аваад, энгэрээс заамдаж татаж түлхээд, ар нуруунаас цохиж, гараараа хатгаж түлхээд гэр рүүгээ явсан. ******* гэр хүртлээ намайг цохиж, алгадаж, цохиж, гараараа хатгаж түлхэж явсан. Тэгээд хашаандаа ороод л шууд нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж унагаагаад дээрээс хөлөөрөө дэвсэж, өшиглөөд, энгэрээс татаж чирж байгаад орхиод гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би шууд хашаанаас гарч гүйж зугтаагаад Холбооны байранд байдаг *******ын хамаатан *******гийнд очиж хоносон... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч *******ын ...манай дүү ******* зодуулсан гэх сургаар Хархорин суманд ирээд *******ын ээжтэй нь уулзахад *******ын ээж нь “наад 2 чинь өдөр бүр л хоорондоо маргалдаад ******* байнга л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам согтуу тавиад эхнэр хүүхдүүдээ айлгаж дарамтлаад байдаг юм. Миний мэдэж байгаа гэвэл 2021 оны 05 дугаар сарын сүүлээр зодуулчихсан гээд Хужирт суманд өөрөө замын унаанд суугаад ирсэн. Тэр үед цээж, гар нь хөхөрсөн, толгой тархи нь өвдөөд байна гэж байсан. ******* саяхан өөрийн эхнэр миний дүү болох *******г зодож баривчилгаанд ороод гарсан байна лээ, тэрийг нь бид нар мэдээгүй байсан. ******* бид нарт *******т зодуулсан, ингэлээ тэглээ гэх мэт зүйлсийг яриад байдаггүй, бүр болохоо байхаараа л өөрөө хүрээд ирдэг, эсвэл утасдаж мэдэгддэг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч *******ын ...2022 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 04 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь босоод хаалгаа онгойлгосон чинь ******* эгч нэг нүд нь хавдчихсан, амьсгаадсан /гүйж ирсэн байж болох/, нүүр нь улаан туяатай болчихсон орж ирсэн. Тэгээд манайд байхдаа ******* эгч цээжээ дараад байхаар нь би яасан юм гэхэд ах чинь миний цээжин дээр хөлөөрөө дэвсчихсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад *******гийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “...1.**** биед хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Амь насанд аюулгүй гэмтэл байна...” гэх 217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ЗШ/72 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь  2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт цохиж, *******ы биед хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нь гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Шүүгдэгч ******* нь эхнэр *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч *******д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

           

                                               Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргаж байна гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримталсан болно.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг хуульд заасан  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ДУЛМАА