Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 156

 

       Ц.Б, Ц.Ба нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч, хохирогч Ц.Бгийн өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч, хохирогч Ц.Ба, түүний өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Ц.Баийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б, Ц.Ба нарт холбогдох эрүүгийн 1805053271025 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц.Б, 1971 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетинг, менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Б овгийн Ц.Ба, 1974 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

Ц.Б, Ц.Ба нар нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн плаза” төвийн гадаа ижил төрлийн бараа зарж борлуулсан гэж маргалдаж, Ц.Б нь Ц.Баийн зүүн гарыг мушгиж, зүүн гарын 5 дугаар хурууны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ц.Ба нь Ц.Бгийн цээж болон толгойн тус газар нь 2-3 удаа цохиж, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Баийн үйлдлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ц.Баийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Баийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Ц.Ба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Бгийн үйлдэл нь нийгмийн аюул, хор уршиг, надад учруулсан хохирол зэргийн хувьд илүү хүнд байхад түүнд надтай адил хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёсны болон ял шийтгэл нь ялгамжтай байх зарчимд үл нийцэж байна. Учир нь, Ц.Б миний гарын зүүн сарвууны 5 дугаар хуруунд далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ гэмтлээс болж би анхан шатны шүүх хуралдаанаас өнөөг хүртэл 2 сарын хугацаанд өөрийн эрхэлж байсан хүнсний өргөн хэрэглээний бараа худалдах, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж чадаагүйгээс их хэмжээний /15.000.000 төгрөг/ орлогоо алдсан, гарын зүүн сарвууны эмчилгээ одоог хүртэл үргэлжилж байгаа, одоо гэртээ эд зүйл угаах, хоол хийх гэх мэт наад захын ажил хийж чадахгүй байгаа зэргээр Ц.Ба надад ихээхэн хэмжээний хор уршиг учраад байхад Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Түүнчлэн Ц.Б нь анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, гарын сарвууны гэмтлийг эдгээх зорилгоор “хийсэн чиг баригчаа шүүх хуралдаан дээр авчихаач, би чамд учирсан бусад хохирлыг барагдуулж өгнө” гэх зэргээр гуйж байгаад надаар шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлүүлчихээд одоо болохоор “чи одоо заргалдаад хаа хүрэх юм бэ, надаас чи юу ч авч долоохгүй, би чамайг хаана ч дийлнэ” гэх зэргээр тавлаж доромжлоод сууж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Ц.Бд оногдуулсан ялыг хүндрүүлэн Ц.Ба миний эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого 15.000.000 төгрөгийг Ц.Бгаас гаргуулан шийдвэрлэх, эсхүл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Ц.Б давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Энэ хэрэгт би ч мөн адил хэргийн хохирогч, мөрдөн байцаалтаар болон шинжээчийн дүгнэлтээр надад учирсан гэмтэл тогтоогдсон. Гэхдээ өөрт учирсан гэмтлээс шалтгаалах эрүүл мэндийн зардлыг Ц.Баээс нэхэмжлээгүй. Харин би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож, Ц.Баийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг бэлнээр, хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид хүлээлгэн өгч хохирлыг бүрэн барагдуулсан.

Миний хувьд Ц.Баээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй.

Миний бодлоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчмыг хуульчилсан боловч ял шийтгэл ялгамжтай байх зарчим хуульчлагдаагүй болно. Харин шударга ёсны зарчмыг эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй”, “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Үүнээс үзэхэд, Ц.Ба бид хоёрын хувьд учруулсан хор уршгаар нь ялгамжтай хандаж, харин гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял шийтгэл оногдуулжээ. Ц.Ба нь өөрийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан байхад торгуулийн хэмжээ адил байгаад гомдолтой байна гэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилснаас харахад шүүгдэгчийн хувийн байдал, хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан шүүгч тухайн зүйл ангийн санкцийн хэмжээг сонгож болохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, Ц.Баийн надтай адил хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэх нь шүүгчийн бие даасан хараат байдал, бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэхээс биш давж заалдах гомдол гаргах хууль зүйн үндэслэл биш юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэжээ. Ц.Ба нь мөрдөн байцаалтын явцад ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлогоо нотолсон ямар нэгэн баримт гаргаагүй, үүнийг тогтоосон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй ба анхан шатны шүүх энэ талаар шинжлэн судлаагүй болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах гэж хуульчилжээ. Гэтэл Ц.Ба нь анхан шатны шүүхийг ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж байгаа үндэслэлээ гаргаагүй, нотлоогүй болно.

Миний хувьд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зүйл байхгүй ба хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд Ц.Баийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

  Шүүгдэгч, хохирогч Ц.Баийн өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Баийн гомдлын агуулга нь Ц.Б болон Ц.Ба нарын бие биедээ учруулсан гэмтэл, нийгмийн аюулын шинж зэрэг нь харилцан адилгүй байхад адилхан ял оногдуулсан нь хуульд буюу шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд хүндэвтэр гэмтэл, хөнгөн гэмтэл хоёрыг тус тусад нь гэмт хэрэг гэж зааж, нийгмийн хор аюул, гэмт хэргийн шинжээр нь ялгамжтай ял оногдуулахаар тогтоож өгсөн байхад хүндэвтэр гэмтэл учруулсан хүнтэй адилхан эрүүгийн хариуцлага хүлээсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна гэх агуулгатай гомдол гаргасан. Тийм учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ц.Бд оногдуулсан торгох ялыг хүндрүүлэх, Ц.Бад учирсан эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны орлогыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх агуулгатай гомдол гаргасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ц.Ба нь “Ц.Бд учирсан хөнгөн гэмтлийг яг би учруулсан уу, эсхүл Ц.Бгийн нөхөр нь учруулсан уу гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдал байхад мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй” гэдэг зүйлийг надад хэлсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх хүсэлт бичигдсэн гэж тайлбарласан. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл болон 11.6 дугаар зүйлүүд нь тус тусдаа бие даасан гэмт хэрэг тул нийгмийн хор аюул, гэмт хэргийн шинжийн хувьд харилцан адилгүй байхад хоёуланд нь 450.000 төгрөгийн торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Ц.Бгийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоос харахад хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан байхад адилхан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэсэн агуулга харагдаж байна. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлал нь хүнд гэмт хэрэг үйлдээд 2 жилийн ял, хөнгөн гэмт хэрэг үйлдээд 5 жилийн ялаар шийтгүүлэх боломжтой хууль байгаа. Энэ нь тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нь тохируулж шүүх өөрийн үзэмжээр ял оногдуулахаар заасан байдаг. Энэ хэргийн хувьд адил ял оногдуулсан нь харин ч энэ хуулийн үзэл баримтлалд нийцэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхой хуульчилсан. Ц.Бгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, төлбөрөө барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байдаг. Тийм учраас анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Давж заалдах гомдлыг үзэхэд гэм буруугийн тал дээр маргаж, гомдол гаргаагүй. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг нээж өгөөч, мөн 450 нэгжээр торгосон ялыг хүндрүүлж өгнө үү гэх агуулгатай байна. Энэ хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх болон мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэхэмжлэлтэй холбоотой баримт материал гаргаж өгсөн зүйл байхгүй. Харин 500.000 төгрөг төлсөн байдал, гомдол, саналгүй, нэхэмжлэхгүй байдлыг нь харгалзан тус бүрт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан гэж үзэж байна. Ц.Ба нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэлээ нэмэгдүүлье гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтгүй байна. Тийм учраас энэ асуудалд өөрчлөлт оруулах боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул эрхийн хүрээнд шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гэж үзэж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Б, Ц.Ба нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Ц.Б, Ц.Ба нар нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн плаза” төвийн гадаа ижил төрлийн бараа зарж борлуулалаа гэсэн маргааны улмаас Ц.Б нь Ц.Баийн зүүн гарыг мушгиж, зүүн гарын 5 дугаар хурууны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ц.Ба нь Ц.Бгийн цээж болон толгойн тус газар нь 2-3 удаа цохиж, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Ц.Б, Ц.Ба нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ба /хх-15-16/, Ц.Б /хх-19-20/, гэрч Ц.Б /хх-22/, Ц.Бгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн /хх-39-40, 51/, Ц.Баийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн /хх-41-42, 47-48/ мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12309 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12554 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Прокуророос Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Баийн үйлдлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв гэж үзэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ц.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ц.Баийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Баийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин Ц.Б нь хохирогч Ц.Баийн биед хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нь харилцан адилгүй байхад анхан шатны шүүх Ц.Бг мөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ял шийтгэлийг адил тэнцүү оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, ял хөнгөдсөн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээнээс их, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанараас хамаарч харилцан адилгүй байхаар хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт адил хэмжээний ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг хүндрүүлэн шийдвэрлэв. 

Шүүгдэгч, хохирогч Ц.Ба нь “... миний эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого 15.000.000 төгрөгийг Ц.Бгаас гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Ц.Баийн 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч, хохирогч Ц.Ба, Ц.Б нарын хэн аль нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч, хохирогч Ц.Б, Ц.Ба нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч, хохирогч Ц.Баийн гаргасан давж заалдах гомдлын “... Ц.Бд оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү ...” гэснийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН  

ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН