Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0342

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 19 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0342

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: У б е г д

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/407 тоот тушаалын Д.Бод холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

 “Миний бие 2007 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт  улсын бүртгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оноос эхлэн Нийслэлийн Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/407 тоот тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэхүү тушаалыг гаргах үндэслэл нь “хуурамч нотлох баримтад үндэслэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтөлсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй” нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж заасан, Грийн ресурс хэмээх барилгын компанийн дуусаагүй барилгаас Төрийн банкны барьцаанаас айл айлаар хэсэгчлэн чөлөөлсөн тухай бүртгэлд нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн этгээдийг шалгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд гэрчийн хувьд би мэдүүлэг өгч, хуурамчаар үйлдсэн этгээдийг илрүүлж өгөхийг хүссэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас шалгаж дууссан эсэх, ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй байна. Уг баримт бичгийн хуурамч болохыг нь тусгай төхөөрөмж, хангамжгүйгээр ердийн нүдээр хараад мэдэх боломжгүй байсан, тухайн компаниас ирүүлсэн бичиг баримтад эд хөрөнгийн бүртгэл хийсэн нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлсэнгүй хэмээн халах сахилгын шийтгэл ногдуулсныг бодит нөхцөл байдалд нийцээгүй, тодорхой үйл баримтад үндэслээгүй, харгалзах нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнээгүй, хууль зүйн үндэслэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлийг хэрэглээгүй, Төрийн албаны хуулийн 48.1.3-ийг буруу хэрэглэсэн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ийн дарга, ТАЗ-ийн даргын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот тушаалын хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.4.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, 1.4.5-д зааснаар хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг тус тус зөрчсөн байна. Тус журмын 3.3-т сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзах нөхцөл байдлыг тодорхойлсон бөгөөд 3.4-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал миний нөхцөл байдлын тухайд огт байгаагүй, харин 3.5.2-т заасан болгоомжгүйгээр зөрчил гаргасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар байна. Тиймээс гаргасан болгоомжгүй зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байж болох ч халах шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/407 тоот тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хууль, журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулах гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан боловч миний гомдлыг хангаагүй нь хууль ёсны үндэслэл бүхий бус байна. Төрийн албаны зөвлөлийн хариу албан бичигт дурьдсан УБЕГ-ын 2019 оны А/582 тоот тушаалаар байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудсанд 12 төрлийн зөрчилд тухайлбал, албан хэргийн хөтлөлтийн бүртгэлийн алдаа бүрийг бие даасан зөрчилд тооцсон нь хууль ёсны үндэслэлгүй. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/407 тоот тушаалын Д.Бод холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2007 оноос хойш эд хөрөнгийн улсын бүртгэгчээр тасралтгүй 13 жил ажилласан. Төрийн албан хаагчийн ажил дүгнэдэг буюу үр дүнгийн гэрээгээр хангалттай сайн ажилласан гэж гэрчилж байгаа. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын бүртгэлийн тушаалд дурдсан хуурамч нотлох баримтыг үндэслэж бүртгэл хөтөлсөн гэж буруутгадаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүртгэл хийхдээ мэдүүлэгч гаргагч хуульд заасан холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн байдаг. Улсын бүртгэгч нь нотлох баримт бүрэн бүтэн болоод завсартай байгаа эсэхийг нотолж шалгадаг. Улмаар нотлох баримтын шаардлага хангаагүй бол бүртгэл хийхээс татгалздаг. Миний хувьд ажлын байрны үүргээ биелүүлж бүртгэл хийсэн байдаг. Тухайн үед өгсөн бичиг баримт нь алдаагүй завсарлаагүй тамга тэмдэгтэй байсан. 2018 онд техникийн шинжтэй 130-аад алдаа гэж гаргасан байдаг. Тус алдаанууд нь бүртгэлийн програмаар бүртгэх боломжгүй байсан.

... Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 01-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хяналт шалгалт хийгдээд тус хяналт шалгалтын үр дүнд үндэслэлээд улсын байцаагчийн 3 дүгнэлт гарсан. Байцаагчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах тушаал гаргасан. Төрийн банкны хуурамч бичиг баримт үндэслэж бүртгэл хөтөлсөнтэй холбоотой 24 бүртгэл гэж байгаа. Захиргааны байгууллага албан тушаалтан захиргааны актыг гаргахдаа түүнийг гаргах үндэслэл хууль журмыг нарийн сайн тогтоох үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Мөн хуулийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна гэж заасан. Захиргааны акт гаргахдаа тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох ёстой.

Төрийн банкны албан бичиг хуурамч нотлох баримтад үндэслэж бүртгэл хөтөлсөн гэдэг зөрчлийг бүрэн тогтоолгүй төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Хавсаргах ёстой бичгийг хавсаргаж өгөөд бүртгэгч үүнийг хүлээж авч байгаа. Бүртгэгч хүлээж авахад ямар нэгэн асуудал байхгүй бол бүртгэгч бүртгэх үүрэгтэй. Төрийн банктай холбоотой албан бичгийг хүлээж авахад ямар нэгэн байдлаар хуурамч гэж тогтоох боломжгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь энэ асуудлыг цагдаад шалгуулахаар өгсөн байдаг. Цагдаа бол асуудлыг судлаад Шүүх шинжилгээний төв рүү шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар авчирсан. Улсын бүртгэгч Төрийн банкны албан бичгийг хараад шууд хуурамч гэж мэдэх боломжтой талаар асуулт тавигдсан. Энэ асуудалд шинжээч улсын бүртгэгч хараад тусгай багажгүйгээр мэдэх боломжгүй гэсэн.

Хариуцагч хуурамч гэж тогтоосон гэдгийг Төрийн банкны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19/197 албан бичгээр тогтоосон гэж хариуцагчийн хариу тайлбарт дурдсан байдаг. Энэ нь бас эргэлзээтэй юм. Төрийн банк 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр манайхтай холбоотой хэдэн бүртгэл хийгдсэн талаарх асуулга явуулахад Баянгол дүүргийн Улсын бүртгэлээс 53 бүртгэл хийсэн гэж мэдээлэл солилцож байсан. Энэ мэдээллийн дагуу хяналтын улсын байцаагч нар нь тодруулга хийсэн. Тодруулгын үндсэн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас бичиг явуулсан. 53 бүртгэлтэй холбоотой албан бичгийг шалгаж үзнэ үү гэсэн бичиг явсан. Үнэн зөв эсэхийг хариулахдаа 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хариу ирүүлсэн. Тус албан бичигт манайх 10 орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар хавсралтад дурдсан 8 албан бичиг хүргүүлсэн гэж байгаа. 53 бүртгэлээс улсын хяналтын байцаагчид дүгнэлтээр 30 бүртгэлийг хуурамч гэж үзсэн. 53-аас 30-ыг хасахаар 43 болоод 43- аас Төрийн банк үнэн зөв гэж үзсэн 10 гэж байгаа. 13 бүртгэл үлдэж байгаа. Төрийн банкны албан бичигт дурдаагүй ч гэсэн үлдсэн 13 бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар тэр дундаа хяналтын улсын байцаагч нь үнэн зөв гэж үзсэн. Хариуцагч бол бодит нөхцөлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Төрийн банкны албан бичгээр хуурамч гэдэг нь тогтоогдож байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн банкны албан бичигт бид нар 10 байрны 8 албан бичиг явуулсан гэж байгаа. Бусад нь хуурамч гэж дурдаагүй байгаа. Тухайн нөхцөл байдлын тухайд шийдвэр гаргахдаа бодитой шийдвэр гаргаагүй. Хуурамч бүртгэл хийгдсэн бол хэн яаж хариуцлага хүлээх вэ? гэхээр үнэхээр энэ нөхцөл байдлыг мэдэх боломжгүй бол хариуцлага хүлээх үү? гэдэг асуудал байна. Ямар хуулийн хүрээнд улсын бүртгэгч шалгах ёстой вэ? гэдэг асуудал байна. Төрийн албан хаагч хуульд заасны дагуу шалгах байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй бол гэж заасан. Мөн хуулийн 8.2-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасан. Бүртгэгч ямар хэмжээнд шалгах талаар хуульд тодорхой зааж өгсөн. Хэрэв хуульд заасан тохиолдол байхгүй бол улсын бүртгэгч нь хүлээж авахаас татгалзах эрх байхгүй. Төрийн албаны бичиг баримт нь ямар нэгэн асуудалгүй байсан тул улсын бүртгэгч хүлээж аваад бүртгэсэн. Энэ бүртгэлээр улсын бүртгэгчийг буруутгах үндэслэл байхгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан. Бүртгэгч хуульд заасан хүрээнд шалгасан бол улсын бүртгэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Илт хуурамч байсан байхад улсын бүртгэгч бүртгэсэн бол хариуцлага хүлээнэ. Ийм учраас Төрийн банкны хуурамч албан бичгийг хөтөлж бүртгэл хөтөлсөн гэдэг зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын байцаагчийн 2 дахь дүгнэлт нь Л******* ******* ББСБ-ийн албан бичигтэй холбоотой хуурамч нотлох баримтад үндэслэж барьцааны гэрээг дуусгавар болгосон байхад бүртгэсэн, үрэгдүүлсэн гэрчилгээг шинээр олгосон гэх 4 бүртгэгчийн тухай байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. Л******* ******* ББСБ-ийн бүртгэл хийсэн хувийн хэргийг бид нар хэрэгт нотлох баримтаар татаж авсан байгаа. Зээлээ бүрэн төлсөн тул барьцаат хөрөнгийг нь чөлөөлж өгнө үү гэсэн албан бичиг байгаа. Үүн дотор мөн адил ямар нэгэн алдаа байхгүй байсан. Энэ талаар хуурамч гэдгийг улсын бүртгэгч хүлээж аваад мөн адил мэдэх боломжгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Л******* ******* ББСБ-ийн бичиг баримтыг хуурамч гэж яаж тогтоосон нь тодорхой бус байдаг. Тэгсэн мөртлөө хуурамч бичиг баримт бүртгэсэн гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа. Барьцаанаас чөлөөлөөд 4 бүртгэлд өмчлөгч өөрөө хаясан учир шинээр бүртгэл гаргаж өгнө үү гээд бүртгэл хийлгээд бүртгэсэн байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно гэж заасан. Мөн хуулийн 5.6-д Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол өмчлөгчийн өргөдөл, гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцож, улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор дахин олгоно гэж заасан. Мэдүүлэг гаргагч нь сонингын зарыг хавсаргаж өгч байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрээр энэ бүртгэл хүчингүй болж байгаа. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг улсын бүртгэгч Д.Б хэрэгжүүлж байгаа. Гэтэл шууд нэхэмжлэгчийг буруутгаад зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Улсын байцаагчийн 2 дахь дүгнэлттэй холбоотой зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3 дахь дүгнэлтийн тухайд өмнө нь бүртгэсэн бүртгэл хүчинтэй байхад эрхийн улсын бүртгэл давхардуулж бүртгэсэн гэх нэг бүртгэлийн тухайд гэж байгаа. Бодит байдал дээр нэг хүн хашаа байшин худалдаж аваад хашаандаа модон байшинтай байсан. Ингээд өмчлөгч эрхийг шилжүүлж аваад өөрөө хожим нь шинээр байшин бариад байшиндаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан байгаа. Үүн дээр нь шинэ улсын бүртгэлийн дугаар гаргуулаад тухайн өмчлөгчийн эрхийн хамгаалаад гэрчилгээ олгосон. Тэгсэн үүнийг давхар бүртгэсэн гэж буруутгасан байгаа. Давхардуулж олгох нь нэг үл хөдлөх дугаар дээр хоёр бүртгэлийн дугаар олгох эсвэл нэг бүртгэлийн дугаараар хоёр үл хөдлөх хөрөнгө бүртгэх асуудлыг ойлгож байгаа. Гэтэл бодит байдал дээр хуучин байшин нь Ү-2205******* гэдэг дугаартай. Шинээр бүртгэл хийсэн гэрчилгээ нь Ү-2205******* гэсэн шинэ бүртгэлийн дугаартай бүртгэсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “улсын бүртгэлийн дугаар” гэж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг гэж заасан. Ямар ч үндэслэлээр дахин давхардуулж олгосон гэх үндэслэл байхгүй. Хуучин байшингийн тухайд нэгэнт байшин байхгүй болсон бол хуучин өмчлөгч хэзээ ч өргөдөл гаргаад улсын бүртгэлээс хасуулах эрх нь нээлттэй. Гэтэл нэхэмжлэгчийг дахин гэрчилгээ гаргаж давхардуулсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн бусад асуудлын тухайд техникийн шинжтэй асуудал гэж үзэж байгаа. 2018 оны 6 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнийг дагаад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэгдэж гарсан. Энэ хуулиуд нь өөрсдөө 2018 оны 11 дүгээр сараас эхэлж үйлчилж эхэлсэн. Шинэ хууль баталсантай холбоотойгоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай журмууд шинэчлэгдсэн. Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хариуцагч байгууллагаас өөрсдөө бүртгэгч нартаа арга зүйн зөвлөгөө өгөөгүйтэй холбоотой техникийн шинжтэй асуудлууд гарсныг шууд илтгэх хуудсаар сахилгын зөрчил гэж хэлсэн нь өөрөө үндэслэлгүй юм. Үл хөдлөх хөрөнгийг анх удаа бүртгэхдээ газрын нэгж талбарын дугаарыг улсын эрхийн бүртгэлд тусгаагүй гэх 59 бүртгэл байгаа. Нийт хувь нь техникийн шинжтэй асуудлууд байгаа. Хуучин хуульд нэгж талбарын дугаарыг бүртгэх асуудал байхгүй байсан. Шинэ хуулийн зохицуулалтаар орж ирсэн. Өөрөөр хэлбэл нэг барилгын компани 100 айлын орон сууц бариад гэрчилгээ гаргахдаа гэрчилгээний ард нь тавигдахгүй. Мэдээллийн санд нь барилгын компанийн эзэмшиж байгаа газрын нэгж талбарын дугаарыг тавих байгаа. Өмчлөгч мэдүүлэг өгөхдөө барилгын компанийн нэгж талбарын дугаарыг мэдэх боломж байхгүй. Хаанаас улсын бүртгэгч нэгж талбарын дугаарыг олж мэдэж тавих ёстой вэ? гэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д Улсын бүртгэгч нэгж талбарын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч, нягтлан шалгана гэж заасан. Дундын мэдээлэлтэй холбоотой журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаар тогтоолоор баталсан. Хяналт шалгалт 2019 оны 5 дугаар сард орж ирээд 2019 оны 6 дугаар сарын 01-нээс өмнөх бүртгэлийг шалгасан. Дундын сантай холбоотой журам 6 дугаар сарын 15-нд батлагдсан. Гэтэл энэ боломжоор нь хангаагүй. Дундын мэдээллийн санд нэвтрэх, ашиглах яаж бүртгэл хийсэнтэй холбоотой арга зүйн өгөгдөл өгөөгүй байхад улсын бүртгэгчийн алдаа нь үндэслэлгүй юм. 2019 оны 10  дугаар сарын 19-ний өдөр давахын зөвлөлийн хурал болсон. Баянгол, Баянзүрх дүүрэгт орсон шалгалтын дүнг нэгж талбарын дугаартай холбоотой цахим мэдээллийн санд орсон алдаанууд байна. Үүнийг яах вэ? гэдэг асуудал хэлэлцсэн байсан. Гэрч энэ талаар тодорхой ярьсан. Нэгж талбарын дугаар зөвхөн цахим мэдээллийн санд орж байгаа. Хэн нэгэн өмчлөгчийн эрх ашигт нөлөөлсөн ямар нэгэн өргөдөл байхгүй. Одоо ч гэсэн бүх дүүргийн улсын бүртгэгч нар нөхөөд хийх боломжтой. Үүнд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Дуусаагүй барилгаар бүртгэлтэй байсан үл хөдлөх хөрөнгийг бүрэн гүйцэтгэлтэйгээр салгаж бүртгэхдээ хувь хэмжээний өөрчлөлтийг улсын бүртгэлд тусгаж оруулаагүй. Барилгын компани дуусаагүй байхад үл хөдлөх хөрөнгө хөрөнгийн гэрчилгээ авдаг юм байна. 80-тай бүртгэлийн гэрчилгээ авдаг юм байна. Дуусаагүй барилга дээр гэрчилгээ аваад хойно нь 100 хувь болгоод улсын комиссод өгөөд улмаар гэрчилгээ гаргуулах хүсэлт өгснөөр бүртгүүлээд явдаг юм байна. Шинэ журманд байж байгаа. Хуучин жагсаалт хүлээж аваад тус бүр гэрчилгээ гаргадаг байсан. Хариуцагч болохоор 80 хувьтай улсын бүртгэлийн гэрчилгээ байсан бол дунд нь 100 хувь гэж ахиж бүртгээд тэгээд салгаж бүртгэх шаардлага тавьж байгаа юм байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт гэж заасан. Хуулийн заалт дээр салгаж бүртгэхдээ хувь хэмжээний өөрчлөлтийг заавал бүртгэх зохицуулалт байхгүй байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүртгэх журмын 6.3-д Барьж дуусаагүй барилгаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс зарим хэсгийг бүрэн гүйцэтгэлтэйгээр шилжүүлэн авсан гэрээ, хэлцлийг үндэслэн өмчлөх эрхийг салгаж бүртгэхэд гүйцэтгэлийн хувийг анхны бүртгэлд тусгаж, үл хөдлөх эд хөрөнгийн хувь, хэмжээний өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд оруулсны дараа бүртгэнэ гэж заасан. Энэ журам нь 2018 оны 12 дугаар сарын 26-нд батлагдсан. Журам үйлчилж эхлэхээс өмнөх бүртгэл дээр нэхэмжлэгчийг буруутгасан. Хууль журам хэзээ ч буцааж хэрэглэхгүй. Яаж бүртгэх талаар улсын бүртгэгч нар бүгдээрээ мэдэхгүй байгаа. Нэгдсэн арга зөвлөгөө өгөөгүй зүйл дээр нэхэмжлэгчийг буруутгасан. Барьцааны гэрээ дуусгавар болгохдоо барьцаалбар хураан авч хувийн хэрэгт хавсаргаагүй гэдэг 4 бүртгэлийг дурдсан байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэж заасан. Барьцаалагч хүсэлтээ өгөөд дуусгавар болох хүсэлттэй байгаа бол энэ эрхийг хуулиар олгосон байгаа. Барьцаалбар хурааж авахдаа холбоотой зохицуулалт хуульд байхгүй. Ийм учраас хууль зөрчсөн гэж хариуцагч нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Бид бүртгэлтэй холбоотой татвар төлсөн баримтыг хэрэгт өгсөн. Нэхэмжлэгчийг буруутгасан 3 байцаагчийн дүгнэлт буюу сахилгын шийтгэл оногдуулахад санал олгосон маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон дүгнэлтүүдээр дурдсан зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Илтгэх хуудсаар дурдсан зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь өөрөө техникийн шинжтэй мөн Улсын бүртгэлийн байгууллага өөрсдөө мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөгүй байж бүртгэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.”  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Д.Бод сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/407 дугаар тушаалаар иргэн Д.Бод төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Д.Б нь 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт улсын бүртгэгч, 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 04- ний өдрийг хүртэл Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр ажиллаж байсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Шалгалт зохион байгуулах тухай” А/582 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгахад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.Б нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөхдөө Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.3 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.3.2, 10.3.4, 10.3.5, 10.6.8 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”ын 5.3, 6.3, 5.8, 11.7-д заасныг зөрчсөн зэрэг 12 төрлийн 135 бүртгэлийн зөрчил гаргасан нь ажлын хэсгийн шалгалтын илтгэх хуудас, хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2839, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2859, 2860 тоот дүгнэлтээр тогтоогдсон болно.

Дээрх зөрчлийг шинж байдлыг дурдвал:

  • Илтэд хуурамч нотлох баримт үндэслэн бүртгэсэн - 27
  • Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нотлох баримт /жагсаалт/-ыг үндэслэн салгаж бүртгэсэн - 3
  • Дуусаагүй барилгаар бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн гүйцэтгэлтэйгээр салгаж бүртгэхдээ хувь хэмжээний өөрчлөлтийг улсын бүртгэлд тусгаж оруулалгүй бүртгэсэн - 25
  • Үйлчилгээний хураамж, тэмдэгтийн хураамж, татвар тушаасан баримт зөрүүтэй, өөр өөр иргэний тушаасан баримт эвлүүлсэн - 2
  • Нотлох баримт зөрүүтэй байхад бүртгэсэн -4
  • Нотлох баримтын бүрдэл дутуу байхад бүртгэсэн - 2
  • Үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгэхдээ газрын нэгж талбарын дугаар эрхийн улсын бүртгэлд тусгаагүй - 59
  • Барьцаалбартай барьцааны гэрээ дуусгавар болгохдоо барьцаалбар хураан авч хувийн хэрэгт хавсаргаагүй -4
  • Эд хөрөнгийн зориулалт буруу бүртгэж гэрчилгээ олгосон - 6
  • Газрын кадастрын зураг зөрүүтэй байхад, мөн газрын кадастрын зурагт үл хөдлөх эд хөрөнгө тусгагдаагүй байхад бүртгэсэн -1
  • Нас барсан хүнийг хамтран өмчлөгчөөр бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон -1 алдаатай бүртгэл хийсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Д.Бод сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/407 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Төрийн банкны хуурамч бичиг баримт бүртгэсэн баримтын тухайд хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар улсын бүртгэгч 19.1.14-д зааснаар бүртгэлийн үнэн зөвийг хариуцах ёстой. Мэдүүлэгч гаргагч нотлох баримтаа бүрдүүлж өгснөөр бүртгэл хийгдээд байх юм шиг яриад байна. Нотлох баримтыг хянаж шалгах үүрэг улсын бүртгэгчид байдаг. Үүнтэй холбоотойгоор Төрийн банкнаас ирүүлсэн жагсаалт урд нь бүртгэсэн бүртгэлийг бүрэн хянах боломжтой. Хуурамч гэдгийг тогтоогоогүй байхад гэж байна. Төрийн банк нэгэнт манайх бүртгэсэн үүнээс өөр улсын бүртгэлийн дугаартай бүртгэлийг чөлөөлөөгүй байхад хуурамч бүртгэл хийгдсэн байна гэдгийг албан бичгээр мэдэгдсэн. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаад өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд улсын бүртгэгч эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан. Улмаар шинжлэх ухааны анхан шатны мэдлэгтэй улсын бүртгэгч эд хөрөнгийн улсын бүртгэлийг хөтөлнө гэж заасан. Хуурамч бичиг баримт бүртгүүлэх боломжтой тул бид нар улсын бүртгэгчийг эрх зүйч байхаар шаарддаг. Хуурамч нотлох баримтаас урьдчилсан сэргийлэх сургалтуудыг бид нар жил болгон удаа дараа зохион байгуулдаг. 13 жил ажилласан улсын бүртгэгч үүнийг ор тас мэдэх боломжгүй гэж дүгнэж байна. Нотлох баримтыг тулгаж шалгах үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй бүртгэснээс болоод өнөөдөр 27 айлын гэрчилгээ гаргасан. 27 айл яах талаар мэдэхгүй байна. Захиргааны хэрийн шүүхээр Л******* ******* ББСБ-тай холбоотой хуурамч бичиг баримт үзлэг хийсэн гэдэг бүртгэл мөн адил хүчингүй болж шийдвэрлэгдсэн. Тухайн хаяг дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараад дахиад өмчлөгч шинээр байшин бариад дугаар өөр боловч хаяг давхацсан байхад дахин бүртгэл хийсэн. Нурааж хаясан байшингийн гэрчилгээ хаана барьцаанд тавигдаж дахиж арилжаанд орох үр дагавар үүсэх учраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд давхардуулан бүртгэхийг хориглосон байдаг. Энэ хуулийн заалтыг зөрчиж бүртгэсэн байдаг. Техникийн шинжтэй алдааны талаар бүх хуулинд тийм ойлголт байхгүй. Хуулиар хориглосон бол бүртгэхээс татгалзах ёстой. Хуулиар бүртгэлийн үнэн зөв оруулж өгөх үүрэгтэй. Нийт 135 зөрчил байна. Арилжааны гэрээтэй холбоотой үйлчилгээний хураамжийг нөгөө мэдүүлэгт хавсаргасан байсан. Татвар төлсөн өөр иргэний баримтуудыг эвлүүлж хийж нотлох баримтыг бүртгэсэн байдаг. Улсын бүртгэгч өөрөө санаатай бүртгэх боломжтой. Бүртгэлийн үнэн зөвийг бүртгэгч өөрөө хариуцах үүрэгтэй. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Д.Бод сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/407 тоот тушаалын Д.Бод холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/407 дугаар тушаалаар Баянгол дүүрэг дэх бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Бод төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

            Ийнхүү шийтгэл ногдуулахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2839, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2859, 2860 дугаар дүгнэлтээр зөрчил нь тогтоогдсон тухай дурдсан байна.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/582 дугаар тушаалаар батлагдсан Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд шалгалт хийх удирдамжийн дагуу шалгалт хийгдэж, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Илтгэх хуудсаар “... Д.Бт 12 төрлийн 135 зөрчил гаргасан”,

            2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2839 дүгээр дүгнэлтэд: “... өмнө нь бүртгэгдсэн эрх /Ү-22050*******/ хүчинтэй байхад эрхийн улсын бүртгэлийн Ү-22050******* дугаарт үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулж, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасныг зөрчиж бүртгэсэн.”,

            2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2859 дугаар дүгнэлтэд: “... Төрийн банкны хэсэгчлэн чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн 30 тохиолдол илэрсэн нь Төрийн банкны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19/197 дугаар албан бичгээр тогтоогдож байна. ... улсын бүртгэгч Д.Б нарт  төрийн албан тухай хуульд заасан хариуцлага тооцох...”,

            2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2860 дугаар дүгнэлтэд: “... Д.Б хуурамч нотлох баримтыг үндэслэн удаа дараагийн бүртгэл хийсэн нь тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцсон байж болзошгүй байх тул Цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгуулах...”-аар тус тус шийдвэрлэж, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 8/5975 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт мэдээлэл хүргүүлжээ.

            Хариуцагчаас П.Б ыг

  • Илтэд хуурамч нотлох баримт үндэслэн бүртгэсэн - 27
  • Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нотлох баримт /жагсаалт/-ыг үндэслэн салгаж бүртгэсэн - 3
  • Дуусаагүй барилгаар бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн гүйцэтгэлтэйгээр салгаж бүртгэхдээ хувь хэмжээний өөрчлөлтийг улсын бүртгэлд тусгаж оруулалгүй бүртгэсэн - 25
  • Үйлчилгээний хураамж, тэмдэгтийн хураамж, татвар тушаасан баримт зөрүүтэй, өөр өөр иргэний тушаасан баримт эвлүүлсэн - 2
  • Нотлох баримт зөрүүтэй байхад бүртгэсэн -4
  • Нотлох баримтын бүрдэл дутуу байхад бүртгэсэн - 2
  • Үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгэхдээ газрын нэгж талбарын дугаар эрхийн улсын бүртгэлд тусгаагүй - 59
  • Барьцаалбартай барьцааны гэрээ дуусгавар болгохдоо барьцаалбар хураан авч хувийн хэрэгт хавсаргаагүй -4
  • Эд хөрөнгийн зориулалт буруу бүртгэж гэрчилгээ олгосон - 6
  • Газрын кадастрын зураг зөрүүтэй байхад, мөн газрын кадастрын зурагт үл хөдлөх эд хөрөнгө тусгагдаагүй байхад бүртгэсэн -1
  • Нас барсан хүнийг хамтран өмчлөгчөөр бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон -1 алдаатай бүртгэл хийсэн зөрчил гаргасан гэж тайлбартаа дурдсан байна.

             Эдгээр зөрчлийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэж зааснаар бүрэн тогтоогоогүй, шинж байдлыг харгалзан үзэлгүйгээр шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

             Тухайлбал, гэрч Ж.А шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын хурлын зааланд 2019 оны 10 дугаар сарын 19-нд хийсэн хурлаар зөрчилд тооцож байсан дуусаагүй барилгын гэрчилгээг заавал 100 хувьд хүргэх шаардлагагүй, барьцааны гэрээг дуусгавар болгон бүртгэхэд барьцаалбарыг хураан авах шаардлагагүй болсныг мэдэгдсэн.” гэж дурдсан.

            Мөн тус шүүхээс явуулсан албан бичгийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 27/858, 27/3-1468 дугаар албан бичгээр Д.Бод холбогдох хэрэг шалгагдаагүй талаар дурдсан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар тогтоолоор “... улсын бүртгэгч Д.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна.” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

            Д.Бын гаргасан илтэд хуурамч нотлох баримт үндэслэн бүртгэсэн гэх 27 зөрчлийг шалгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 8/5975 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн тогтоолын дагуу томилогдсон шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1274 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуурамч нотлох баримтыг үндэслэн бүртгэл хийсэн гэж нэхэмжлэгч Д.Быг буруутгасан Төрийн банкны хэвлэмэл хуудас, гарын үсэг хуурамч эсэхийг шинжилж, хуурамчаар хэвлэснийг тогтоосон бөгөөд, эдгээрийг ямар нэгэн техник хэрэгсэл ашиглахгүйгээр, тусгай мэдлэг эзэмшээгүй хүн хуурамч эсэхийг тогтоох боломжгүй талаар дурджээ.

            Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагчаас Д.Бод сахилгын шийтгэл хүлээлгэхдээ эцэслэн тогтоогдоогүй үйл баримт буюу хуурамч бичиг баримтыг үндэслэн бүртгэл хийсэн зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах боломжтой эсэх, бусад зөрчлийн тухайд төрийн албанаас халах шийтгэл ногдуулах нь зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг дахин шалгаж тогтоох шаардлагатай байна.

            Иймд Д.Бын гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”  зарчимд нийцээгүй тул  сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалтай хэрхэн тохирч байгааг дахин тогтоож, шинээр акт гаргах хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/407 дугаар тушаалын Д.Бод холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан дахин шинээр акт гаргах хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/407 дугаар тушаалын Д.Бод холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН