Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1523

 

 

 

 

 

 

                                                                                   

 

 

Ц.Чагцалын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/01225 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Ц.Чагцалын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хүсэлт гаргагч Ц.Чагцалын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Ц.Чагцал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.  

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын карьерийн нэгдсэн аж ахуйн даргын 1981 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 81 тоот тушаалаар Полигон цехэд бетончноор ажилд орсон. Миний бие тус байгууллагад тасралтгүй 20 жил бетончноор ажилласан бөгөөд “Сонсголон” ХК нь 1996 онд “Сонсголон бармат” ХК болж нэрээ өөрчилсөн. Захиргааны зөвлөлийн хурлын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатарын карьерын нэгдсэн аж ахуйн Полигон цех, Сонсголон ХК, Сонсголон бармат ХК-д бетончноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би 1990 оноос 2000 оны хооронд ажилласан байдлаа “Ажиллсан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасны дагуу нөхөн тооцуулсан тул энэ хугацаанаас өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Цэрэннадмидын Чагцалыг 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын карьерийн нэгдсэн аж ахуйн Полигон цехэд бетончноор ажилласан байдлыг сэргээн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Чагцал давж заалдах гомдолдоо “...Шүүх намайг 1981 оны 07 сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990-2000 оны хооронд ажилласан байдлаа "ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу нөхөн тооцуулсан байх тул 1990 оноос хойш ажилласан байдлыг тогтоох шаардлагагүй гэж дүгнэсэн. Миний бие улсад 20 жил тасралтгүй ажилласан бөгөөд энэ байдлаа шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргахад шүүх үндэслэлгүйгээр дүгнэн, миний ажилласан жилийг дутуу тогтоосны улмаас би бүрэн тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдалд хүрээд байна. Нийгмийн даатгалын байгууллага нь "та хэдийгээр шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосон боловч энэ хугацаа улсаас өгсөн жилтэй нийлээд 18 жил 5 cap 25 хоног болж байгаа тул бүрэн тэтгэвэрт гарах боломжгүй гэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

            Тухайлбал, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “1981 оны 07-ны дугаар сарын 06-ны өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Улаанбаатарын карьерийн нэгдсэн аж ахуйн Полигон цехэд бетончноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэж, хэргийн 30 дугаар тал дахь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...1981-1991 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан жил тогтоолгох...” гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...1981 оны 07-ны дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар карьерийн нэгдсэн аж ахуйн Полигон цехэд бетончноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа зөрүүтэй тодорхойлсон байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. /хх 1, 30, 31/   

Хэргийн 17-19 талд авагдсан маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шүүх мөн хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй  байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/01225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Чагцалын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                           ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН