| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-07-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Хохирогч ******* /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.*******д холбогдох 2132000000071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1988 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, хамтран амьдрагчийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум """"""""""" тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халх ургийн овогт ******* ******* /рд:*******/.
Холбогдсон хэргийн талаар: Халх ургийн овогт ******* ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, “СИТИ” худалдааны төвийн “Зулаагийн арьсан гутлын дэлгүүр”-ээс 2 удаагийн үйлдлээр ноолууран хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 1765000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахиж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Авсан эд зүйлээ цүнхэндээ хийсэн байсан. Эхлээд айгаад буцаагаад өгье гэж бодож байсан. Зараад аавдаа эмчилгээний төлбөр олох гэж байсан юм... гэжээ.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Энэ бол 3-5 удаагийн үйлдлээр байгаа. Тэр өдөр 7 ширхэг хувцас яг манай дэлгүүрээс авсан. Бас 6 ширхэг хувцас нь урьдын 5 удаагийн дандаа нэг хоёр үлдсэн юмнууд байгаа. Тэгээд буцаагаад хоёр сая зургаан зуун хэдийг өгснөөс биш яг үнэндээ 11 сая хэдэн төгрөгийн өрөнд оруулсан. Компанид 2 сая хэдийг буцаагаад өгсөн чинь цаана нь 9 сая нэг зуун жаран хэдэн цаасны төлбөр над дээр гараад би сая 18 хоногийн өмнө арай гэж 5 саяыг өгөөд сая 4 хоногийн өмнө 3 саяыг нь өгчихсөн байгаа. Одоо нэг сая хоёр зуун мянган цаас байгаа. Үндсэндээ би *******гийн өмнөөс л өрөнд орчхоод байгаа. Гэтэл тухайн үед цагдаа камер үзэж байж барьсан болохоос урьд нь 3-5 удаа орж ирсэн. Наад охин чинь хоёрхон гээд байгаа. Би өмсөж байгаа өмдийг нь хүртэл чи авсан байна шүү дээ гэхэд үгүй би хотоос авсан гээд худал мэлзээд байгаа юм. Тэгэхэд цэнхэр хүзүүвч гэхэд дахиад 1 өдөр алдагдсан юм. Ингээд 3 удаагийн үйлдэл, 3-5 удаагийн ч үйлдэл орж ирсэн байгаа. Тэрнээс бусдыг нь чи бүгдийг нь зарж борлуулсан шүү дээ чи. Цэцэгсүрээн битгий ингэж худлаа яриад бай миний дүү. Чамайг залуу хүн болохоор уучилж өршөөе гэж бодсон. Чи өвчин яриад л би ч гэсэн тусгаарлалтад ороод надад өвчин зовлон байгаа шүү дээ. Чи хулгай хийсэн хүн. Чи зарсан юмаа чи өөрөө мэдэж байгаа. Наад шүүж байгаа шүүгч өмгөөлөгч нар нэг нь ч хараагүй учраас худлаа л ерөөсөө яг чамайг бол, чи бол өөрөө яг бүрэн мэдэж байгаа шүү дээ. Тэдэн төгрөгийн ашиг олчихсон байгаа. Би өөрөө боломжтой хүн учраас өөрийн дэлгүүрээс 1000 төгрөгийн ч хулгай хийхгүй. Би өөрөө бололцоотой. Би хэдэн зуун саяар нь гутлаа татдаг. Тэр өдөр 6 ширхэг юмыг зүгээр л сийхгүй аваад гарч байгаа. 3-5 удаа хэдэн ч юм авч хэдэн төгрөгийн хохиролд оруулснаа наад хүн чинь яг мэдэж байгаа. Манай камер даанч 7 хоног шүүдэг байсан. Анх би хулгайч байхгүй байх гэж бодсондоо алдчихаад байна. Наад хүн чинь 1000 төгрөг ч төлөхгүй байгаад би хохиролтой. Би компанид 9 сая төгрөгийн өр төлж байна шүү дээ. Тэгж болохгүй. Миний оны өмнө авсан эрээн цамц өмсөж байгаа өмдийг нь хүртэл би чиний салтаанд орсон өмдийг авахгүй гэж байсан. Тэр өмд хүртэл 300000 төгрөгийн өмд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүнээс 1000 төгрөг ч авахгүй гэхээр гомдолтой байна. Гэхдээ би орон шоронд залуу хүнийг явуулахгүй. Чи уйлан дугараад байх юм байхгүй. Манай дэлгүүр зун орлого байхгүй. Компанийн өрийг бүгдийг нь төлж байна шүү дээ. Чамаас хураагдсан хоёр сая хэдийг чинь өгөөд 11 саяас хасагдаад одоо 9100000-аас би одоо яг 8 сая төгрөг компанид өгчхөөд одоо сая гурван дөрвөн зуун мянган төгрөг л үлдчихээд байна. Би хүний өмнөөс төлж байна. Чи бол бүгдийг нь зараад мөнгө болгосон байгаагаа хүлээн зөвшөөрөөд бололцоогоороо 2-3 сая төгрөгийн хохирлыг өг. Би олон хүүхэдтэй. Би бол зовлогоо зовоож мөнгөө олдог хүн. Би ерөөсөө оролцмооргүй байна. Буянаараа болог. Та өмгөөлөгч хүн та буруу яриад байна. Хэрвээ би өмгөөлөгч авсан бол миний өмнөөс юм хэлээд суух байсан. 11 саяас 2 сая хэдийг буцааж өгөөд 9 сая хэд үлджээ. Тэрнээс би 5 саяыг хийгээд одоо 4 сая хэдийг нэхэмжлэх нь зөв шүү дээ.5 сая төгрөг өгсөн он сар яг байхгүй байна. Ямартаа ч эхлээд 5 сая, дараа нь 3 саяыг өгсөн. 4 сарын 08-нд 5 сая төгрөг өгсөн. 7 сарын 13-нд 3 саяыг өгсөн байна. Баримтаа хавтаст хэрэгт хавсаргаагүй. Би мэдээгүй.Өмсчихсөн өмд нь 12 сарын 20-нд алдагдсан өмд шүү дээ. Тэгэхээр доод тал нь 3-4 орсон байгаа. өнөөдөр надад мянган төгрөг ч оногдохгүй би хохирогч болж үлдээд байна. Хамаа алга би 2,3 сая бол тоохгүй. Наад хулгайчаа та нар өмгөөлөөд байгаа бол би хуралд ороод байх шаардлага алга...гэжээ.
Эрүүгийн 2132000000011 тоот хавтаст хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд Л.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ганцаараа талхны цех орж талх авчхаад замаараа "Зулаа" дэлгүүр лүү орж бараа үзэж байгаад худалдагч дэлгүүрийнхээ цаад буланд хүнтэй уулзаад завгүй байхаар нь би хоёр ширхэг цамц, 1 өмд, 1 малгай, 2 ороолт, 1 хүзүүний ороолт зэрэг эд зүйлийг өөрийн өмсөж явсан хар куртикний халаас болон өөрийн хар өнгийн гар цүнхэнд хийж авч гарсан. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ганцаараа "Хоёр хүү" дэлгүүр орж юм авчхаад замаараа "Зулаа" арьсан гутлын дэлгүүр лүү дахин орж юм сонирхож байгаад 1 цамц, 1 майк, 1 юүдэнтэй малгай, 1 ороолт, 2 хүүхдийн малгай, 1 банзал зэрэг эд зүйлийг өөрийн куртикний халаас болон дэлгүүрийн торонд хийж авч гарахад дэлгүүрийн худалдагч нь цаад буландаа намайг анзаарахгүй байсан." гэх мэдүүлэг /ХХ-ийн 73 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Х.Намуунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би Мандал сумын 2 дугаар багт байрлах Зулаа арьсан гутлын дэлгүүрт өдрийн 12 цагаас оройны 18 цаг 30 минутад ганцаараа ажилласан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ээж Гэрэлзул дэлгүүрт очоод өдрийн 13 цагийн үед манай ээж надаас өлгөөтэй байсан малгайгаа зарсан юм уу гэхээр нь би малгайгаа зараагүй гэж хэлээд ээж Гэрэлзултай хамт хяналтын камерын бичлэг үзэхэд хар куртиктэй, ягаан өнгийн өмдтэй хүн өлгөөтэй байсан малгай, наад цамцны тасагт байсан бор өнгийн цамц авч явж байгаа бичлэгийг үзээд цагдаагийн байгууллагад хадсан." гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч “Гоёл кашмер” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Ариунаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай компани Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Зулаа” арьсан гутлын дэлгүүрт 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Манай компаниас ноолууран хувцас тухайн аж ахуйн нэгжээр дамжуулан борлуулдаг байсан. Хамгийн сүүлд тухайн аж ахуй нэгжид 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 264000 төгрөгийн 3 ширхэг бараа явуулсан. Манай байгууллага 2021 оны 03 дугаар сард “Зулаа” дэлгүүрээс бүх бараагаа татаад авчихсан. Тэгээд “Зулаа” дэлгүүрийн эзэн Гэрэлзул гэх хүнтэй тооцоо нийлж тулгахад 4262346 төгрөгийн борлуулсан барааны үлдэгдэл төлбөр гарсан. Гэрэлзул нь өөрөө манай компаний барааг хулгайд алдсан гэх тайлбар хэлж байгаа.., манай компани “Зулаа” гэх дэлгүүрийн Гэрэлзул гэх хүнтэй гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан. Тиймээс би байгууллагад учирсан хохирол болох 4262346 төгрөгийг Гэрэлзул гэх хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 148-149 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч “Гоёл кашмер” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Ариунаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Манай Үндэсний үйлдвэрлэгч 5035066 тоот регистрийн дугаартай “Гоёл кашмер” ХХК нь 2005 оноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дотоод болон гадаад худалдааг өөрийн нэрийн дэлгүүр болон гэрээт харилцагчаар дамжуулан борлуулах үйл ажиллагаа явуулж байна. Гэрээт харилцагч ******* /МИ72120100/ нь манай байгууллагатай 2020 оны 09 сарын 23-ны өдөр 01/28 тоот “Гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ’’ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээт харилцагчийн гэрээний дагуу гэрээт борлуулагч нь барааг зээлээр авч худалдан борлуулсан дараа тооцоо нийлэх нөхцөлтэйгөөр хамтран ажилладаг ба Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон буюу манай байгууллага 100% ажиллаагүй байх үед гэрээт борлуулагч *******тай тооцоо нийлж чадаагүй байсан юм. Улмаар гэрээт борлуулагчийн объектод хулгай орсон асуудал үүссэн байна. Гэрээ байгуулмагц буюу 2020 оны 9 сард ******* нь үйлдвэрийн төв байрнаас нийт 2770 ширхэг 253600500 төгрөгийн үнийн дүн бүхий барааг гэрээний үндсэн дээр татан авсан. 2021 оны 05 сарын 11 -ний байдлаар манай байгууллагын санхүүгийн баримтын дагуу 3.Гэрэлзулаас 4262346 төгрөгийн авлагатай байна. Гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээний дагуу гэрээт борлуулагчид нийт борлуулалтын 20-27 хувийг урамшуулал болгон олгодог бөгөөд санхүүгийн дэлгэрэнгүй задаргааг хавсаргав. “Ковид-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор *******ын авсан барааны тооллого хийх боломж байгаагүй тул 2021 оны 03 сараас хойш тооллого хийгдээгүй. *******ын худалдаалж байсан манай бараа бүтээгдэхүүн хулгайд алдагдсан талаар мэдэгдсэн ч манай компани одоогийн байдлаар түүнээс 4262346 төгрөгийн авлагатай болохыг үүгээр тодорхойлж байна.
Бидний зүгээс *******аас гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнээр тооцоо гаргуулж авах бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэх шуух хуралдаанд манай зүгээс оролцох боломжгүй болно...” гэх хүсэлт.
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6, 62-63 дугаар хуудас/,
"Ашид Билгүүн" ХХК-ийн "...1765 000 төгрөг" гэх үнэлгээний дүгнэлт /ХХ-ийн 56-61 дүгээр хуудас/,
Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 24 дүгээр хуудас/,
Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 27-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Л.*******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, “СИТИ” худалдааны төвийн “Зулаагийн арьсан гутлын дэлгүүр” гэх нэртэй дэлгүүрээс 2 удаагийн үйлдлээр ноолууран хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 1765000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:..Насанд хүрээгүй гэрч Х.Намуунцэцэгийн мэдүүлэг /ХХ-ийн 38 дүгээр хуудас/, Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6, 62-63 дугаар хуудас/, "Ашид Билгүүн" ХХК-ийн "...1765 000 төгрөг" гэх үнэлгээний дүгнэлт /ХХ-ийн 56-61 дүгээр хуудас/, Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 24 дүгээр хуудас/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 27-32 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч “Гоёл кашмер” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Ариунаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 148-149 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Л.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, “СИТИ” худалдааны төвийн “Зулаагийн арьсан гутлын дэлгүүр” гэх нэртэй дэлгүүрээс 2 удаагийн үйлдлээр ноолууран хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 1765000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Гоёл кашмер” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Ариунаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:”...Иргэний нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 9 сард ******* нь үйлдвэрийн төв байрнаас нийт 2770 ширхэг 253600500 төгрөгийн үнийн дүн бүхий барааг гэрээний үндсэн дээр татан авсан. 2021 оны 05 сарын 11-ний байдлаар манай байгууллагын санхүүгийн баримтын дагуу 3.Гэрэлзулаас 4262346 төгрөгийн авлагатай байна. Гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээний дагуу гэрээт борлуулагчид нийт борлуулалтын 20-27 хувийг урамшуулал болгон олгодог бөгөөд санхүүгийн дэлгэрэнгүй задаргааг хавсаргав. “Ковид-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор *******ын авсан барааны тооллого хийх боломж байгаагүй тул 2021 оны 03 сараас хойш тооллого хийгдээгүй. *******ын худалдаалж байсан манай бараа бүтээгдэхүүн хулгайд алдагдсан талаар мэдэгдсэн ч манай компани одоогийн байдлаар түүнээс 4262346 төгрөгийн авлагатай болохыг үүгээр тодорхойлж байна. Бидний зүгээс *******аас гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнээр тооцоо гаргуулж авна” гэсэн ба хохирогч ******* мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд “...шүүгдэгч Л.******* нь өмнө нь манай дэлгүүрээр олон удаа орж ирдэг байсан, энэ 2 удаагийн үйлдлээс гадна манай дэлгүүрээс 3-5 удаа ноолууран хувцас хулгай хийсэн, найзынхаа хүүхдэд ноолууран хувцас бэлэглэж байсан гэж би хүнээс сонссон, манай дэлгүүрээс дутсан ноолууран хувцасны үнийг Л.*******гээс би гаргуулмаар байна, би уг хохирол төлбөрийг хулгай хийсэн Л.*******гийн өмнөөс “Гоёл кашмер” ХХК-д төлж байгаа” гэж мэдүүлэг өгөн нийт 9262346 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хохирогчийн мэдүүлж буй “шүүгдэгч Л.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 удаагийн үйлдлээр “Зулаагийн арьсан гутлын дэлгүүр”-ээс ноолууран хувцсыг хулгайлан авч 1765000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг”-ээс гадна шүүгдэгч Л.******* нь “Зулаагийн арьсан гутлын дэлгүүр” гэх дэлгүүрээс 3-5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гээс хохирогч *******ын нэхэмжилсэн 9262346 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Л.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 удаагийн үйлдлээр “Зулаагийн арьсан гутлын дэлгүүр” гэх нэртэй дэлгүүрээс ноолууран хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч *******д 1765000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, хулгайд алдагдсан эд зүйлсийг буцаан олгосон байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх иргэний нэхэмжлэл, хохирол төлбөргүй гэж дүгнэх нь зүйтэй байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганбаатараас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Ганхуягт хандан “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 2132000000011 дугаартай хэргийг хянахад “Гоёл кашмер” ХХК-н гэрээт борлуулагч, хохирогч *******ын өмчлөлийн “Зулаа” арьсан гутлын дэлгүүрээс 4262346 төгрөгийн ноолууран хувцас алдагдсан гэх бөгөөд эрүүгийн 2132000000011 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 1765000 төгрөгийн эд зүйлийг Л.******* хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Харин 2497346 төгрөгийн эд зүйл нь гэмт хэргийн замаар алдагдсан эсэх, гэмт хэргийн улмаас үйлдэгдсэн болох нь тогтоогдвол эзэн холбогдогчийг олж тогтоох ажиллагаа явуулах шаардлагатай байх тул хавтаст хэргийн материалаас холбогдох баримтуудыг хуулбарлан хүргүүлэв. Уг гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэнэ үү “гэсэн утга бүхий 2021 оны 06 дугаар сарын 04-ны 1/388 дугаартай албан бичгээр хохирогчийн гомдол, мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдаагийн хэлтэст шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /ХХ-н 176 дугаар хуудас/
Гурав.Шүүгдэгч Л.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, “СИТИ” худалдааны төвийн “Зулаагийн арьсан гутлын дэлгүүр” гэх нэртэй дэлгүүрээс 2 удаагийн үйлдлээр ноолууран хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 1765000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйл “Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ”, 3.1 дах хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна”, 3.1.2 дах хэсэгт “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасан ба шүүгдэгч Л.******* дээрх гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дах хэсэг “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно”, 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэг “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.*******д холбогдох эрүүгийн 2132000000011 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Зулаа” арьсан гутлын дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Халх овогт ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1765000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д холбогдох эрүүгийн 2132000000011 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гээс хохирогч *******ын нэхэмжилсэн 9262346 /есөн сая хоёр зуун жаран хоёр мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Энэ хэрэгт Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, “Зулаа” арьсан гутлын дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дах хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.