| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0185/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/190 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням, Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Хт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 25- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:Х.Х
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” нэртэй караокены үүдэнд хохирогч О.Бтой муудалцаж улмаар түүнийг зодсоны улмаас биед нь тархи доргилт, хамрын үзүүр, цээжний цус хуралт, цээж нурууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Х.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...2019 оны 09 дүгээр сарын 29-нд байгууллагын марш тактикийн тэмцээн болоод дараа нь Скай караокед орсон. Б бид 2 гарч тамхи татсан.Бтой муудалцаж, түүнийг нүүрэнд нь цохьсон нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг
Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 28-ны ...орой...Скай нэртэй караокед...цаг гаран болсны дараа Х надад “Хамт гарч бие засчихаад ирье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамтдаа гадагш гарцгааж бие зассан Тэгсэн Х надаас “машиныхаа түлхүүрийг өгчих” гэхээр нь би “Болохгүй ээ” гэж хэлээд өгөөгүй. Гэтэл шууд баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би ‘Чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь дахиад миний баруун шанаа орчимруу 1 удаа цохихоор нь хойшоо ухраад зайлсхийгээд явж байтал... уначихсан чинь дээрээс намайг цохиод байсан ... Х ...толгойруу гараараа цохьсон ... цээжрүү өшиглөсөн юм шиг байсан цээж өвдөөд байсан... Би томографийн зураг 120 000 төгрөгөөр авахуулсан, анх эмнэлэгт очоод үзүүлэхэд 45 000 төгрөг өгсөн, эм тарианд 70 000 төгрөг, машинд 65 000 төгрөгөөр бензин хийсэн. Ингээд нийтдээ 300 000 төгрөг болж байгаа юм...зарлагаа гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 7-8, 73-74-р тал /
Хохирогч О.Бийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар шинжилгээ хийсэн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:”...О.Бийн биед тархи доргилт, хамрын үзүүр цээжний цус хуралт, цээж, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. / хх-ийн 28-29-р тал /
Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” 2019 оны 09 дүгээр сарын 28-ны ...орой 21, 22 цагийн үед...”Скай” нэртэй караокед ... орцгоосон ...пиво, архи захиалаад ууцгаагаад дуулаад сууж байтал нэг мэдэхэд Х, Б 2 гараад явчихсан байсан...Бийн хамар амнаас нь цус гарчихсан гадаа зогсож байсан...Х хажуунаас орж ирээд Бийг 1 удаа нүүр хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-15-р тал /
Гэрч О.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2019 оны 09 дүгээр сарын 28-ны орой ...Х, Б тэр 2 үргэлжлүүлэн хэл амаараа муудалцаж эхэлсэн ба Х...араас хүрч ирээд манай дүүг нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 71-72-р тал /
Гэрч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Караокены үүдэнд Б, Х нар зодолдсон, шинжтэй манай 2 найз 2 талд хорьчихсон зогсож байсан. Тэгээд Бийг харахад Х луу хэл амаар дайрсан, хамар амнаас нь цус гарсан, цээж хэсэг нь цус болсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 16-18-р тал /
Гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б, Х 2 тамхи татна гээд хэд хэдэн удаа гадагш гарч яваад байсан. Тэгснээ сүүлд нэг гарахдаа орж ирэхгүй удаад байсан...Бэ араас нь гарсан, удалгүй би Мтай араас нь гарахад Хын хамарнаас цус гарчихсан Бэ хориод зогсож байсан...Б цаахан талд нь зогсчихсон .мөн хамраас нь цус гарчихсан зогсож байсан...Х. Б 2 хэрэлдээд л байсан... ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-21-р тал /
Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...Б, Х нар хоорондоо муудалцаад зодолдчихсон байдалтай хоёулангийнх нь хамарнаас цус гарчихсан байсан...хоорондоо цохилцоод байсан...толгой, нүүр зэрэг рүүгээ цохилцоод байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 23-24-р тал /
Гэрч Ж.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...караокены гадаа Х, Б нар маргалдсан зодолдсон байдалтай манай хэд салгаж байгаа дүр харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 25-26-р тал /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-52 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” нэртэй караокены үүдэнд хохирогч О.Бтой муудалцаж түүнийг зодсоны улмаас биед нь тархи доргилт, хамрын үзүүр, цээжний цус хуралт, цээж нурууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 28-ны ...орой... шууд баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би ‘Чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь дахиад миний баруун шанаа орчим руу 1 удаа цохихоор нь хойшоо ухраад зайлсхийгээд явж байтал...уначихсан чинь дээрээс намайг цохиод байсан... Х... толгой руу гараараа цохьсон...цээж рүү өшиглөсөн юм шиг байсан цээж өвдөөд байсан......” гэсэн мэдүүлэг, гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” 2019 оны 09 дүгээр сарын 28-ны ...орой 21, 22 цагийн үед...”Скай” нэртэй караокед ... орцгоосон ...пиво, архи захиалаад ууцгаагаад дуулаад сууж байтал нэг мэдэхэд Х, Б 2 гараад явчихсан байсан...Бийн хамар амнаас нь цус гарчихсан гадаа зогсож байсан......” гэсэн мэдүүлэг, гэрч О.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2019 оны 09 дүгээр сарын 28- ны орой ...Х, Б тэр 2 үргэлжлүүлэн хэл амаараа муудалцаж эхэлсэн ба Х...араас хүрч ирээд манай дүүг нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Караокены үүдэнд Б, Х нар зодолдсон шинжтэй манай 2 найз 2 талд хорьчихсон зогсож байсан. Тэгээд Бийг харахад Х луу хэл амаар дайрсан, хамар амнаас нь цус гарсан, цээж хэсэг нь цус болсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б, Х 2 тамхи татна гээд хэд хэдэн удаа гадагш гарч яваад байсан. ...араас нь гарахад Хын хамарнаас цус гарчихсан Бэ хориод зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...Б, Х нар хоорондоо муудалцаад зодолдчихсон байдалтай хоёулангийнх нь хамарнаас цус гарчихсан байсан......толгой, нүүр лүүгээ цохилцоод байсан...” гэсэн мэдүүлэг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/0459 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Хт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Х.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов. Хохирогч О.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Х.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 52 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хөндийхөн овогт Хүрэлсүрэнгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Х.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН