Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0369

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 26 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0369

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Н ХХК

Хариуцагч: Т е г д У т о, х г у б Ц.С, Т.Б

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн дүнгээс 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Ж.Б, Д.У, хариуцагч Ц.С, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар Н ХХК-ийн 2013-2016 онуудын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсаар 2,95 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан ба энэхүү шийтгэлийн хуудастай холбогдох татвар төлөгчийн гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл нь гомдол гаргагчийг оролцуулахгүйгээр зөвхөн өөрийн татварын улсын байцаагчдын аман тайлбарт тулгуурлан хэлэлцэж тэдний шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээхээр 2019 оны 12 дугаар сарын 23-нд 37-р тогтоолыг гаргаснаа 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бидэнд гардуулж өгсөн болно.

Бид Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудасны хавсралт “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ийн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал”-ын 2-т “Тайлант онд татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогод хамааралгүй 2014 оны 28,776,457,471.60 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчил нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн “Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх”-ийн 14.7-д заасныг зөрчсөн...” гэж, мөн Үндэслэн хэсгийн 3- т “ 2014 онд 28,776,457,471.60 төгрөгийн чөлөөлөгдсөн борлуулалтанд ногдох худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчилд 2,877,645,747.20 төгрөгийн нөхөн татвар ногдуулах...” гэснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль /ЭЗИТБДТХ/ нь 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө нуусан орлого байвал түүнийгээ ил болгоод шинэчилсэн тайлан гаргаад мэдүүлвэл тайланг “эхлэлтийн баланс" гэж үзэх ба энэ шинэчилсэн тайлангаар ил болгосон нуугдмал орлоготой чинь холбогдуулан нэг удаа татвар, хариуцлага ногдуулахгүй, цаашид мөрдөн шалгахгүй, энэ талаарх бүх мэдээллийг чинь нууцална ” гэсэн төрийн амлалт, баталгаатай, далд эдийн засгийг багасгах зорилгод чиглэсэн агуулгатай.

Н ХХК нь энэ хуулиар олгогдсон эрх, боломжоо ашиглаж Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайланг гаргаснаар хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэсэн хуулийн хамгаалалтанд хамаарсан болно.

Татварын байцаагч нар ЭЗИТБДТХууль батлагдсанаар татварын эрх зүйн орчинд шинэ нөхцөл байдал үүсч татварын хуулиудын үйлчлэл хугацаагаар хязгаарлагдан зогссон, шинэчилсэн тайлан гаргасан хувь хүн, хуулийн этгээдийн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах нь ач холбогдолгүй болсон, нөхөн татвар ногдуулахгүй болсон зэргийг үл ойшоон компанийн 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан их хэмжээний нөхөн татвар ногдуулсан шийтгэл  тооцсон байна.

Иймээс илт хууль зөрчин Захиргааны хариуцлага хүлээлгэсэн энэхүү Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэх хуудасны нөхөн татвартай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

ЭЗИТБДТХуулиар хуулийн этгээдийн шинээр мэдүүлсэн тайланд хамаарах баримт, мөнгөн дүнг нууцлах, ашиглахыг хориглох баталгаа /хуулийн 6.2/-г төрөөс хуулиар гаргаж өгсөн.

Татварын улсын байцаагч нар “зөрчил” гэж 28,776,457,471.60 төгрөгийн дүн гаргаж ирснийг бид Энэ мөнгөн дүнг хаанаас яаж гаргаж ирсэн юм бэ” гэж татварын байцаагчдаас асууж лавлахад тэд:

76,233,088,123.83 + 6,068,445,515.30 = 82,301,533,639.13 төгрөг

/76,233,088,123.83 төгрөг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинэчилсэн тайлангаар нэмж мэдүүлсэн борлуулалтын орлогын дүн, 6,068,445,515.30 төгрөг нь 2014 оны тайланд тусгагдсан борлуулалтын орлогын дүн/

6,068, 445,515.30 : 82,301,533,639.13 = 0,07 хувь

31,067,173,597.40 х 0,07 хувь = 2,290,716,125.80 төгрөг

/31,067,173,597.40 төгрөг нь 2014 оны тайланд тусгагдсан баримтаар нотлогдох зардал/

31,067,173,597.40- 2,290,716,125.80 = 28,776,457,471.60 төгрөг гэсэн тооцооллыг гаргаж өгсөн болно.

Татварын байцаагч нар энд мөн л бидний ЭЗИТБДТХуулийн дагуу гаргасан “Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлан”-д тусгагдсан 76,233,088,123.83 гэсэн хуулиар нууцлагдсан, ашиглахыг хориглосон орлогын дүнг ашигласан байна.

Энэ нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 /... хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын ... тайлан, ...-т тусгасан албан татвар ногдох орлого,... тэдгээрийнх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно/ заалтыг шууд зөрчсөн байна.

Иймээс хуулиар нууцалсан, ашиглахыг хориглосон тоон дүнг ийнхүү хууль бусаар ашигласан нь илэрхий тул татварын байцаагчийн шийтгэлийн хуудас, түүгээр тогтоосон нөхөн татварын дүнг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ЭЗИТБДТХуулиар шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайланг тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан баланс гэж үзнэ Iхуулийн 5.2/ гэж заасан нь бизнесийнх нь өнгөрсөн хугацааны бүх үйл ажиллагааг арагш хөөн үзэхгүй, үйл ажиллагаагаа уг шинэ тайлан баланстайгаар цоо шинээр эхлүүлж байна гэж үзэх болно гэсэн хэрэг мөн.

Санхүүгийн ойлголтоор “Эхлэлтийн тайлан, баланс” гэж бизнесийн үйл ажиллагааг шинээр эхлэх үед бизнестээ оруулж байгаа хөрөнгө, эх үүсвэрийг харуулдаг. ЭЗИТБДТХуулийн энэ заалтаараа, бас энэ агуулгаараа уг хуулийн дагуу шинээр санхүүгийн болон татварын тайлан гаргаж өгсөн бол тухайн этгээдийг үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа этгээдтэй адилтган үзэж санхүү, татварын асуудлаар өмнөх үйл ажиллагааг сөхөж үзэхгүй, шинээр харилцаж явна гэсэн төрөөс өгсөн баталгаа мөн.

Үүнээс үзэхэд: Татварын байцаагчдын зүгээс тус компанийн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны ЭЗИТБДТХуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан 6 төрлийн татварын асуудлаар шалгалт хийх, хариуцлага тооцох, татвар ногдуулах ач холбогдол, үр дүн нь бүхэлдээ ЭЗИТБДТХ-иар хязгаарлагдсан байна.

Татварын байцаагч нар ийнхүү хуулиар хязгаарласан зааг, төрөөс хуулиар олгосон баталгааг даван өөрийн үзэмжээр шалгалтанд хамаарахгүй зүйлийг шалган их хэмжээний нөхөн татвар тогтоосон нь ЭЗИТБДТХуулийн 5 дугаар зүйлийн 5.2 заалтыг шууд зөрчсөн байна.

Н ХХК нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болох барилгын дуусаагүй үйлдвэрлэлтэй холбогдох худалдан авалтуудыг өртгөөр нь зардалд, түүний нэмэгдсэн өртгийн албан татварыг авлагаар бүртгээд сар бүр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнаад явж ирсэн бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн борлуулалтын орлогын нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээр дээрх үүссэн нэмэгдсэн өртгийн албан татварын авлагаас хасаад тооцоод явж ирсэн.

Одоо ч нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэл, тайлан ингэж хийгдэж байгаа ба энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болохгүй.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны болон 2015 оны хуулиудын 14 дүгээр зүйлийн 14.1-д худалдан авсан, импортолсон бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцохоор журамласан байгаа болно.

Бид сар бүр НӨАТ-ын тайлан гаргаж харьяалах Татварын албаар шалгуулан баталгаажуулж ирсэн.

Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалын хавсралтаар баталсан “НӨАТ-ын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдох харилцааг зохицуулах журам”-ын 8-д “ Татварын алба НӨАТ-ын тайланг хүлээн авах бүртээ борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийн хөтлөлтийг НӨАТ-ын падаан болон тайлангийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулган шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл татварын хяналт шалгалт хийж тайланг баталгаажуулна” гэж зааснаар Татварын алба нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн НӨАТ-ын тайланг шалгаж баталгаажуулах үүрэгтэй. Тус компанийн 2014 он төдийгүй бусад бүх оны сар бүрийн баримтад үндэслэн гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг Татварын албаны зүгээс хүлээж авахгүй байх, баталгаажуулахгүй байх буюу буцаасан тохиолдол гараагүй, байнга баталгаажуулж ирсэн болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн борлуулалтанд ногдуулахаар тогтоосон.

Тус компанийн тухайн тайлант хугацаа буюу 2014 оны борлуулалтын орлого гүйцэд орж ирээгүй, тодруулбал эцсийн борлуулалт хийгдээгүй, хийгдсэн борлуулалт нь л тооцогдоод явж байсан болно.

Учир нь барилга угсралтын ажил бол 2-5, түүнээс дээш жил үргэлжилдэг ба эхэндээ их хэмжээний НӨАТ-тай худалдан авалтын зардал гардаг, харин борлуулалтын орлого нь дараа нь жил дамжин цувж орж ирдэг онцлогтой, энэ онцлогт ч тохируулан хуульд дээрх зохицуулалтыг оруулсан нь тодорхой юм.

Гэтэл татварын байцаагч нар нь бодитой хийгдсэн, баримтаар нотлогдох, сар бүрийн НӨАТ-ын тайланд тусгагдаж Татварын албаар хянагдаж баталгаажсан 2014 оны 31,1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг зөвхөн тухайн оны борлуулалтын орлого /6.6 тэрбум төгрөг/-той харьцуулах байдлаар /Тайлант оны борлуулалтын орлогод хамааралгүй гэж/ хандсан нь хэтэрхий хийсвэр, үндэслэлгүй болсон байна.

Татварын байцаагч нарын нөхөн татвар тогтоох үндэслэл болгож дурдсан бас нэг үндэслэлгүй зүйл нь “Чөлөөлөгдөх борлуулалтанд ногдох худалдан авалт” гэсэн нэр томьёо юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 13-р зүйлд НӨАТ-ын татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг тодорхойлж өгсөн байгаа.

Бид хуулийн энэ зүйлд тодорхойлсон бараа, ажил, ажил үйлчилгээг 2014 оныг оролцуулаад татварын шалгалтанд хамрагдсан хугацаанд огт мэдүүлээгүй, тайлагнаагүй, чөлөөлөгдөх борлуулалт ч хийгээгүй байна.

Энэ нь НӨАТ-ын сар бүрийн тайлангууд болон “Борлуулалт” ба “Худалдан авалтын дэвтэр”-ээс харагдана, баталгаажна.

Татварын байцаагч нар эсхүл манай компанийн ЭЗИТБДТХуулийн хүрээнд орлогоо ил тодоор шинээр тайлагнасан байгааг “чөлөөлөгдөх борлуулалт” гэж үзээд байгаа бололтой.

Тэгвэл тэр орлого нь дээрх хуулийн дагуу зөвхөн хуулийн хариуцлага болон татвараас чөлөөлөгдөж байгаа ба бүхэлдээ нууцлагдаж байгаа учраас “чөлөөлөгдөх борлуулалт” гэж үзэх хуулийн болоод өөр ямар ч үндэслэл байхгүй.

Энэ бүхнээс үзвэл Татварын байцаагч нарын тодорхойлсноор чөлөөлөгдөх борлуулалтад ногдох 28,776,457,471.60 төгрөгийн худалдан авалт гэж огт байхгүй байгаа юм.

ЭЗИТБДТХууль нь 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж мөн өдрөөс мөрдөгдсөн ба уг хуулиар 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо бүртгүүлж мэдүүлэхээр хугацааг хязгаарласан.

Н ХХК-ийн энэ хязгаарласан хугацаа буюу 2015 оны 3 дугаар сарын 31-ний НӨАТ-ын тайлангийн үлдэгдэл 1,607,073,601 төгрөг байсан ба шинэчилсэн тайлан гаргаснаар уг тайлангийн энэ үлдэгдэл, татварын өр, авлагын дүнг өөрчлөөгүй, шинэчилсэн тайлантай холбоотойгоор ямар нэгэн татварын өр, авлага шинээр үүсгээгүй болно.

ЭЗИТБДТХуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн тайлан гаргасантай холбогдуулан санхүүгийн тайлан, бүртгэлээ цэгцлэх ажлын хүрээнд 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр саруудад дээрх данснуудад орлогын бүртгэл, бичилтүүд хийгдсэн байна. Эдгээр нь санхүү бүртгэлийн программд он сар өдөртэйгээ байгаа ба түүнийг хэн нэгэн дур мэдэн өөрчлөх боломжгүй юм.

Татварын хяналт шалгалт нь өө хайсан, хууль зөрчсөн, байцаагчийн үзэмжээр байж болохгүй. Хяналт шалгалт хийж байгаа татварын байцаагч нь зөрчил юм уу эсхүл гэмт хэрэг юм уу гэдгээ тогтоох үйл явц нь журамлагдаагүйгээс гэмт хэрэг хийсэн этгээдэд ногдуулдаг торгуулиас ч хэдэн зуу дахин их хэмжээний нөхөн татварыг зөрчил гэдэг нэрийн дор тавигдаж байна.

Хэрвээ татварын байцаагчид биднийг хууль бусаар шалгасан, шалгаж байна гээд бид татварын байцаагчидтай холбогдуулан гомдол гаргая гэхэд манайд ямар хууль зөрчиж шалгасан бэ гэдгийг шүүхээс өмнө шийдэж шалгах боломж байхгүй, түүнийг яаж шалгах вэ гэдэг ч журамлагдаагүй байна.

Энэ нь татварын байцаагч нарт хууль зөрчих, дур зоргоороо бусдыг хуулиар далайлган татвараар дарамтлах нөхцөлийг бүрдүүлж татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэгч зөвхөн ямар ч усны хамгаалалтгүй дан цаасан малгай төдий зүйл болоод байна.

Татварын улсын байцаагч нар нь дээр дурдсан зөрчил гэгчийг үйлдсэн нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтгүй, нотлогдоогүй, зөрчил мөн эсэх талаар шаардлагатай нөхцөл байдлуудыг тогтоогоогүй атлаа биднийг зөрчил үйлдсэн гэж хүлээн зөвшөөрүүлэхээр гарын үсэг зурахыг тулган шаардаж, албадсан төдийгүй улмаар өөрсдийн үзэмжээр Зөрчлийн хэрэг үүсгэж бас түүнийгээ үндэслэлгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан нь бүхэлдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-ийн 1,2, 1,3, 3, болон 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг шууд зөрчсөн хэрэг мөн.

Сангийн яамны 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 4-2/5772 албан бичигт “Түүнчлэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.1, 6.2-т зааснаар татвар төлөгчийн ил болгон мэдүүлж байгаа мэдээлэл болон түүний эх үүсвэрийг нууцлах бөгөөд ийнхүү мэдээлсэн мэдээллийг нь хууль хэрэгжиж дууссаны дараа хянаж шалгахгүй байхаар заасан. Өөрөөр хэлбэл ил тодын тайлан гаргасан татвар төлөгчийн ил болгосон холбогдох хэсэгт дахин хяналт шалгалт хийхгүй бөгөөд харин ил тодоор тайлагнаснаас бусад татвар төлөлтийг хянаж шалгах чиг үүрэг хэвээр байна.” гэжээ.

Гэтэл Татварын байцаагч нар НӨАТ-ын хяналт шалгалт явуулахдаа хууль тогтоомж, дээрх чиглэлийг бус, харин Сангийн яам, Татварын Ерөнхий газрын зарим албан тушаалтны албан бичгээр өгсөн хууль тогтоомжоос давсан агуулгатай чиглэл, зааврыг удирдлага болгож байгаа нь шалгаж байгаадаа ч шалгуулж байгаадаа ч хүндрэл төвгийг бий болгож байна гэж үзэж байна.

Энэ маргаантай яг ижилхэн нөхцөлийг зөрчил гэж үзсэн болон түүнтэй төстэй олон маргааныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөл, Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс ЭЗИТБДТХуулийг баримтлан гомдол гаргагчийн талд шийдвэрлэсэн практик байна.

Уг нь “өөрийгөө илчил, татвар, хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж ЭЗИТБДТХууль гаргачхаад түүгээр илэрсэн баримтыг Татварын байцаагч нар ашиглаад татвар төлөгчид дарамт үзүүлж байгаа нь яав ч сайн зүйл биш төдийгүй хууль бус хэрэг мөн.

Иймээс энэхүү нэхэмжлэл, түүний үндэслэлд анхааралтай хандаж Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл, хохирол, нөхөн төлбөрийн дүнгээс үндэслэлгүй, хууль бусаар ногдуулсан 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож өгнө үү.“гэв.

Хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тайлант онд татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогод хамааралгүй 2014 оны 28,776,457,471.60 төгрөгийн худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчлийн талаар:

Н ХХК нь барилгын зураг төсөл хийх, барилга угсралтын ажил, барилга засвар үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.

Тус компани 2013-2016 онуудад Хан уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “Ривер гарден-1 ” хотхоны 311,316,318 байрыг гражийн хамт, нэгдсэн граж, Богины аманд 8 таун хаус, Эрдэнэт хотод “Эрдэнэт өнөр” 101,102 байр, гражийг ашиглалтанд оруулж худалдан борлуулсан байдаг.

Байцаагчид Татварын хяналт шалгалтын явцад дээрхи үйл ажиллагаатай холбоотой баримт материалууд болох борлуулалтын гэрээнүүд, борлуулалтын тооцоо, борлуулалтын журнал, өглөг авлагын журнал, дансны хуулга, худалдан авалтын падаан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэг анхан шатны баримтуудыг үндэслэн ашиглалтанд оруулж худалдан борлуулсан объект тус бүрээр борлуулалтын орлогыг тулган шалгахад Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2014 онд нийт 82,301,533,639.20 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнахаас 6,068,445,515.30 төгрөгийг тайлагнаж 76,233,088,123.80 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан байсан.

Дээрхи дутуу тайлагнасан борлуулалтын орлогыг тус компани татварын албанд тайлагнаж төлөөгүй бөгөөд ЭЗИТБДТ хуулийн дагуу НӨАТ-ын тайлангаар тайлагнаж чөлөөлүүлсэн байсан.

Тус компани 2014 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 6,068,445,515.30 төгрөгийн борлуулалтын орлоготой, 31,067,173,597.40 төгрөгийн 1 хасагдах худалдан авалттай, 2,499,872,808.20 төгрөгийг төсвөөс буцаан авахаар тайлан гаргасан байсан.

Иймээс татварын улсын байцаагчид бид тооцоолол хийж 76,233,088,123.80 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох 28,776,457,471.60 худалдан авалтыг 2014 онд татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогод хамааралгүй чөлөөлөгдсөн орлого гэж үзэж Нэмэгдсэн өртгийн нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” заасан заалтын дагуу төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон 2,877,645,747.20 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хууль эрхзүйн хувьд авч үзвэл, ЭЗИТБДТ хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно” гэж заасан байх тул татварын хяналт шалгалтаар 2014 онд 2,877,645,747.20 төгрөгийн илүү төлөлт буюу төсвөөс авлага үүсгэсэн гэж үзсэн.

Мөн дээрхи асуудалтай холбоотой асуудлаар Сангийн Яамнаас 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 3-2/4412 дугаар албан бичгээр, Татварын Ерөнхий Газраас 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 07/1058 дугаар албан бичгээр чиглэл өгсөн болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Н ХХК нь Татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-аар гомдлын шаардлагаа тодруулсан байна.

Гомдол гаргагчаас 2014 оны 28,776,457,471.60 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчил гаргаагүй тул уг зөрчилд 2,877,645,747.20 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагчаас тайлант онд татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогод хамааралгүй 2014 оны 28,776,457,471.60 төгрөгийн худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь хууль бус гэж үзэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсаар 2.877.645.747,20 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Н ХХК нь 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 6,068,445,515.30 төгрөгийн борлуулалтын орлого, 31,067,173,597.40 төгрөгийн хасагдах худалдан авалт тайлагнаж 2,499,872,808.20 төгрөгийг төсвөөс буцаан авахаар тусгажээ.

Тус компанийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2013/470 дугаар  актаар ашиглалтанд оруулж, худалдан борлуулсан орон сууцны барилгын  борлуулалтын гэрээ, тооцоо, борлуулалтын журнал, өглөг авлагын журнал, дансны хуулга, худалдан авалтын падаан зэргээр 82,301,533,639.20 төгрөгийн борлуулалтын орлого татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 6,068,445,515.30 төгрөгийг тайлагнаж, 76,233,088,123.80 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй.

Харин орон сууцны барилга барихтай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтаар тайлагнаж, хасалт хийлгэсэн атлаа уг орон сууцны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогод тайлагнаагүй, санхүүгийн тайландаа урьдчилж олсон орлого, дуусаагүй барилгын нэхэмжлэх гэсэн дансанд бүртгэж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр мэдүүлсэн тайланд тусгажээ.

Хариуцагчаас Н ХХК-ийн 76,233,088,123.80 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох 28,776,457,471.60 худалдан авалтыг 2014 онд татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогод хамааралгүй, чөлөөлөгдсөн орлого гэж үзэн 2,877,645,747.20 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, Н ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “... тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.”, гэж заасны дагуу хамааруулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь уг хуулийн  6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.7.”Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.” гэж заасантай нийцээгүй.

Иймээс гомдол гаргагч Н ХХК-иас Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах, шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн хэмжээг бууруулах үндэслэлгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.7, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг баримтлан Татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн дүнгээс 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий Н ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.АДЪЯАСҮРЭН