Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 085

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх,

хохирогч Д.Шижирдэлгэр,

шүүгдэгч Т.Хүрэлтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөр-Очирын Хүрэлтулгад холбогдох эрүүгийн 2016 2501 0194  дүгээр хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Төмөр-Очирын Хүрэлтулга, Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, “Хүрмийн овоо” ХХК-д механик ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай 13 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн, регистрийн МЙ92092214  дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Т.Хүрэлтулга нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай 13 дугаар гудамж 19 тоот хохирогч Д.Шижирдэлгэрийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн гэрт нь нэвтрэн орж 42 инчийн LG брэндийн LED маркийн зурагтыг хулгайлж бусдад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Хүрэлтулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Шижирдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би зурагтаа ломбарднаас авсан. Тэр үед Хүрэлтулга гаднаас орж ирээд “эхнэр, хүүхэд Хөвсгөлөөс ирж байгаа замын зардал байхгүй, зурагтаа ломбарданд тавиад өг” гэж хэлсэн. Би “чадахгүй” гэж хэлсэн. Би  даргатайгаа яриад орой мөнгө авахаар болсон байсан тул Хүрэлтулгад 100.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд Хүрэлтулга гараад явсан. Би амарч байсан тул баярынхаа бялууны мөнгийг олъё гэж бодоод эхнэрийн хамт таксинд явсан. 15 цагийн үед Хүрэлтулгын дээд талын эгч залгаад “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Гэртээ очоод цагдаа дуудсан. Гэрч болох таксины жолооч “Хүрэлтулга таараад 16 дээр буусан” гэж хэлсэн. Би зурагтны хохиролд Хүрэлтулгаас 900.000 төгрөг авсан. Тухайн үед 1.200.000 төгрөгөөр манай дүү авч өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Шижирдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Саранчимэг бид хоёр таксинд явах гээд хоёр хүүхдээ хадам ээжийнд үлдээгээд гэрээ түгжээд гарсан. 18 цагийн үед манай хадам дүү Өлзийбилгүүн над руу залгаад “танайд хулгай орсон байна, хаалга чинь онгорхой зурагт чинь алга байна” гэхээр нь эхнэр бид хоёр гэртээ ирээд хартал гадна үүдний амбаарын түгжээг галын хайчаар мулт татаж онгойлгоод гэрт байсан 42 инчийн  LG брэндийн LED маркийн зурагт алдагдсан байсан. Энэ хэрэгт хадам дүү Хүрэлтулгыг сэжиглэж байна. Яагаад гэвэл алга болсон зурагтыг эхнэр бид хоёр тэр өдөр ломбарднаас аваад гэртээ ирэхэд хадам дүү Хүрэлтулга “зурагтаа буцаагаад ломбардандаа тавьчих, надад мөнгөний хэрэг байна” гээд байхаар нь би “үгүй тавихгүй” гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр хүүхдээ хадам ээжийн гэрт нь оруулж тавьчихаад хадам дүү Анужин, Өлзийбилгүүн нарт” манай гэрийг сайн харж байгаарай, сая Хүрэлтулга манай зурагтыг ломбарданд тавьчих мөнгөний хэрэг гараад байна гээд байсан, хулгай хийгээд аваад явчиж мэднэ” гэж хэлээд захиад орхисон юм. Мөн зурагт алга болсон болохоор байхаар нь ойр хавийн хүмүүстэй уулзаж асуухад 500 төгрөгний таксинд явдаг Буурал ах надад “танай зурагтыг Хүрэлтулга барьчихсан надаар 16 дугаар хорооллын “Сайн” ломбардны хажуу талын хуучнаар “Хакуба” ломбарданд хүргүүлсэн, тэгээд таксины мөнгө байхгүй,  зурагтыг уг ломбарданд оруулж тавиад эргэж таксины мөнгө гаргаж ирж өгсөн”  гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-26 дугаар тал/

Гэрч П.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын автобусны буудлаас 442 дугаар худаг хүртэл буудлаас 442 дугаар худаг хүртэл 500 төгрөгөөр хүн зөөх гээд 442 дугаар худаг дээр зогсож байхад хавтгай дэлгэцтэй ЛСД зурагт барьчихсан, гэр нь 442 дугаар худгийн тэр хавьд байдаг зүс таних Хүрэлтулга гэх залуу миний машинд сууж 16 дугаар хороололд байдаг “Сайн” нэртэй ломбардны гадна буусан,  буухдаа надад мөнгө өгөөгүй хөх саарал өнгийн мэдрэгч точтой гар утас өгөөд “энэ гар утасыг аваад зогсоол дээрээ очоод байж бай,  би араас чинь очиж таксины мөнгийг чинь өгье” гэж хэлээд надыг явуулсан, удалгүй 30 гаруй минутын дараа Хүрэлтулга надыг 16 дугаар хорооллын автобусны буудал дээр зогсож байхад миний таксины мөнгө болох 5000 төгрөгийг авчирч өгөөд надаас гар утсаа аваад явсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27-28 дугаар тал/

 

Т.Хүрэлтулгын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: ”Би 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэр хүүхэд Хөвсгөлөөс хотод ирж надад мөнгөний хэрэг гараад хүргэн ах Шижирдэлгэрээс мөнгө гуйхад “надад одоо мөнгө алга маргааш ав” гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал Шижирдэлгэр ах эхнэр Саранчимэгийн хамт гараад явчихсан, гэр нь эзгүй цоожтой байхаар нь би Шижирдэлгэр ахын гэрийн цоожийг эвдэн орж гэрийнх нь хойморт байсан зурагтыг аваад гарсан. Би зурагтыг нь авч гараад 442 дугаар худагруу алхаж Буурал гэх 500 төгрөгөөр 16 дугаар хороолол 442 дугаар худаг хоёрын хооронд таксинд явдаг ахаар 16 дугаар хорооллын Сайн ломбарданд очиж авсан уг зурагтыг тавих гэхэд ломбарданд зурагт авахгүй гэсэн. Тэгэхээр нь би гараад такси бариад 3 дугаар сургууль руу явж ломбарданд тавих гээд явж байтал уг таксины жолооч надад зурагтаа зарчих гээд гуйгаад байхаар нь 200.000 төгрөгөөр таксины жолоочид зарсан. Зурагт зарсан мөнгөөрөө эхнэр хүүхэдтэйгээ уулзаж ойр зуурын юм авч замын зардлыг нь өгч явуулсан. Би тэгээд 2016 оны 12 дугаар  сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл сум руу дуудаад байхаар явсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 45 дугаар тал/

 

Эд зүйлийн үнэлгээ,

/хх-ийн 15 дугаар тал/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 5 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 29 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 49 дүгээр тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 57-58 дугаар тал/

 

Хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Т.Хүрэлтулга нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай 13 дугаар гудамж 19 тоот хохирогч Д.Шижирдэлгэрийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн гэрт нь нэвтрэн орж 42 инчийн LG брэндийн LED маркийн зурагт хулгайлж бусдад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Шижирдэлгэрийн өгсөн2015 оны  12 дугаар сарын 30-ны өдөр би зурагтаа ломбарднаас авсан. Тэр үед Хүрэлтулга гаднаас орж ирээд “эхнэр, хүүхэд Хөвсгөлөөс ирж байгаа замын зардал байхгүй, зурагтаа ломбарданд тавиад өг” гэж хэлсэн. Би “чадахгүй” гэж хэлсэн. Би  даргатайгаа яриад орой мөнгө авахаар болсон байсан тул Хүрэлтулгад 100.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд Хүрэлтулга гараад явсан. Би амарч байсан тул баярынхаа бялууны мөнгийг олъё гэж бодоод эхнэрийн хамт таксинд явсан. 15 цагийн үед Хүрэлтулгын дээд талын эгч залгаад “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Гэртээ очоод цагдаа дуудсан. Гэрч болох таксины жолооч “Хүрэлтулга таараад 16 дээр буусан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад гэрч П.Гантулгын өгсөн: “…442 дугаар худаг дээр зогсож байхад хавтгай дэлгэцтэй ЛСД зурагт барьчихсан, гэр нь 442 дугаар худгийн тэр хавьд байдаг зүс таних Хүрэлтулга гэх залуу миний машинд сууж 16 дугаар хороололд байдаг “Сайн” нэртэй ломбардны гадна буусан, буухдаа надад мөнгө өгөөгүй хөх саарал өнгийн мэдрэгч точтой гар утас өгөөд “энэ гар утасыг аваад зогсоол дээрээ очоод байж бай,  би араас чинь очиж таксины мөнгийг чинь өгье” гэж хэлээд надыг явуулсан.” гэх /хх-27-28/,

 

Т.Хүрэлтулгын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн ”Би 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэр хүүхэд Хөвсгөлөөс хотод ирж надад мөнгөний хэрэг гараад хүргэн ах Шижирдэлгэрээс мөнгө гуйхад “надад одоо мөнгө алга маргааш ав” гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал Шижирдэлгэр ах эхнэр Саранчимэгийн хамт гараад явчихсан, гэр нь эзгүй цоожтой байхаар нь би Шижирдэлгэр ахын гэрийн цоожийг эвдэн орж гэрийнх нь хойморт байсан зурагтыг аваад гарсан.” гэх /хх-45/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь Т.Хүрэлтулгыг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Төмөр-Очирын Хүрэлтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Хүрэлтулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч Т.Хүрэлтулгад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Т.Хүрэлтулгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хохирогч Д.Шижирдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт “900.000 төгрөг хүлээн авсан, одоо шүүгдэгч Т.Хүрэлтулгад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар шүүгдэгч Т.Хүрэлтулга нь хохирогч Д.Шижирдэлгэрт  900.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Төмөр-Очирын Хүрэлтулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Хүрэлтулгад эд хөрөнгө хураахгүйгээр  2 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Хүрэлтулгад  оногдуулсан 2 жил 6 сар  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Хүрэлтулга урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Т.Хүрэлтулгад оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Хүрэлтулгад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ