Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1524

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

Г.Амарсанаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00932 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Г.Амарсанаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Уран-Ухаан групп” ХХК, Х.Түмэнбаяр нарт холбогдох

Ажлын хөлс, барилгын материалын зардалд нийт 559 539 174 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Г.Амарсанаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Амарсанаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Хаш-Эрдэнэ

Хариуцагч Х.Түмэнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Батмандах

Хариуцагч “Уран-Ухаан групп” ХХК-ийн өмгөөлөгч: А.Зүмбэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.  

Нэхэмжлэгч Г.Амарсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Түмэнбаяр нь 2010 оны 09 дүгээр сард надад хаус бариулах ажил санал болгосон. Адууны зүчээндээ хаус бариулах санал тавихад би зөвшөөрч эхлээд зураг үзүүлсэн. Энэ дагуу 2010 оны 11 дүгээр сараас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7х10 хэмжээтэй торх угсарсан. Үүний дараа 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г.Оргил гэдэг хүний машинаар угсарсан торхыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Х.Түмэнбаяр аваачсан. Дараа нь Х.Түмэнбаяр 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр энэ байшингаа энд бариулахаа болилоо Өмнөговь аймгийн Даланзадгадын төвөөс 35 км-ын зайтай газар жуулчны баазад аваачиж бариулъя гээд тийшээ зөөж барьсан. Х.Түмэнбаяр захирал надад жуулчны баазад яг ийм торхоор ресторан бариулмаар байна гэж дахин ажлын санал хэлсэн. Үүний дагуу би зураг төсөл гаргаад танилцуулсан. Түүнийг хүлээн зөвшөөрөөд 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бид барилгуудынхаа суурийг цутгаж эхэлсэн. 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос эхний дүнзэн моднуудаа зөөж эхэлсэн. Эхний машинаар Цогтцэций суманд байсан 7х10 хэмжээтэй байшингаа задалж авчирсан. 2011 оны 09 дүгээр сарын дундуур рестораны барилгаа эхэлсэн. 2012 оны 04 дүгээр сарын сүүлээр намайг “Уран-ухаан групп” ХХК-ийн байранд дуудаж уулзсан. Намайг очиход гүйцэтгэх захирал н.Сэлэнгэ, одоо гэрчээр асуугдах гэж байгаа н.Батцэцэг, “Уран-ухаан групп” ХХК-ийн нягтлан бодогч н.Анхбаяр, Х.Түмэнбаяр нар байсан. Хонгор-2 баазын ресторан гологдоод байна. Үүнийг бас өөрчлөх саналтай байна гэсэн. Тэгэхээр нь би мөнгөний асуудалтай байгаа гэсэн чинь эхлүүлж бай би бага багаар төлөөд явна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд зургаа гаргаад үзүүлсэн. Сэлэнгэ захирал гоё болсон байна наад зураг төслөөрөө эхлүүлчих гэж хэлсэн. Тэгээд би тэр барилгыг барьж эхэлсэн. 2012 оны 07 дугаар сарын сүүлээр санхүүгийн ямар ч үүсгэвэргүй болоод 7х10, 22х8 харьцаатай урагшаа хойшоо 4х4 харьцаатай өргөтгөлтэй 20х16 харьцаатай барилга зэргийг дуусгах ямар ч боломжгүй болсон. Үүний талаар хэлээд санхүүгийн боломжгүй болчихлоо гэхэд тэгвэл өөр хүнээр бариулъя орхичих гэж хэлсэн. 7х10 хэмжээтэй байшин болон дүнзэн ресторан зэргийг бол 08 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусгаад Улаанбаатар хот руу ирсэн. Ингээд дуусгаад Х.Түмэнбаяр захиралтай уулзах гэхэд утсаа авахаа больж, зайлсхийсэн. Хэсэг хүлээсэн тэгээд 2013 оны 11 дүгээр сараас шүүхэд гомдол гаргасан. Иргэн Г.Амарсанаа миний бие Х.Түмэнбаяртай харилцан тохиролцсоноор түүний захиалгаар амаар хэлцэл байгуулж нийтдээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Мандах багт 7х10 харьцаатай нийт 98 м.кв талбайтай, саравч нь 24 м.кв талбайтай 2 давхар мансардтай орон сууц үйлчилгээний зориулалттай дүнзэн барилгыг өөрөө материалаа гаргаж, өөрийн ажилчдаар бариулсан. Мөн Ханхонгор сумын нутаг Мандах багт 22х8 метр урттай, урагшаа хойшоо 4 метр, 4 метр сунасан нийт 280 м.кв талбайтай, гадагшаагаа гарсан 68 м.кв саравчтай мансардтай 2 давхар үйлчилгээний зориулалттай дүнзэн барилгыг өөрөө материалаа гаргаж өөрийн ажилчдаар бариулсан. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Мандах багт 2 ширхэг дүнзээр хийсэн сүүдрэвч, дүнзэн хаалга, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элсний хойно орших жуулчны бааз дээр үйлчилгээний зориулалттай 20х16 метр харьцаатай гадагшаа гарсан 108.5 м.кв саравчтай модон краказан бүтэцтэй рестораныг ажлын 80 хувийн гүйцэтгэлтэй барьж, материалыг бүрэн бэлдсэн. Эдгээр барилгуудын дүнзэн мод, бусад материалуудыг худалдан авч, тээврийн хөлсийг төлж, ажилчид хөлсөлж, зарим ажлыг мэргэжлийн хүмүүсээр гүйцэтгүүлэн цалин хөлс болон бусад зардлуудыг өөрөөсөө гаргасан болно.

Хэдийгээр хоорондоо гэрээ байгуулаагүй ч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар тухайн хэлцэл маань энэ шинжийг агуулж байна. Одоогийн байдлаар тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн нь эд хөрөнгийг ашиглаад ашиг орлого олж байгаа. Тиймээс Г.Амарсанаа шүүхэд хүсэлт гаргаад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт тавьсан. Тэгэхэд хариуцагч нар энэ арга хэмжээгээ зогсоогоод өгөөч манайх ашиг орлогоо олохгүй байна гэж тайлбарласан байдаг. Гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрх нь Г.Амарсанаад байгаа. Х.Түмэнбаяртай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу Х.Түмэнбаяр нь ажил гүйцэтгэх явцад тухай бүрд нь мөнгийг өгч байсан байдаг. Мөн “Уран ухаан групп” ХХК-иас 12 500 000 төгрөгийг авсан байдаг. Энэ нь ажлыг гүйцэтгэх явцад төлбөрийг тухай бүрд төлөөд явна гэдгийг илэрхийлж байна. “Уран ухаан групп” ХХК-тай яагаад холбогдоод байна вэ гэхээр анх Г.Амарсанаатай энэ хэлцлийг хийхдээ өөрийгөө “Уран ухаан групп” ХХК-ийн ерөнхий захирал гэж танилцуулсан байдаг. Мөн Х.Түмэнбаярын ажлыг гүйцэтгэж байх үед “Уран ухаан групп” ХХК-иас Х.Түмэнбаярын төлбөрийг хийж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа барилгын материалын зардал 238 459 670 төгрөг, барилгын ажлын хөлс үйлчилгээний зардал 238 578 424 төгрөг, нийт 477 038 094 төгрөгөөс Х.Түмэнбаярын өгсөн 62 000 000 төгрөгийг хасч, үлдэх 415 038 094 төггрөгийг Х.Түмэнбаяраас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар “Уран ухаан групп” ХХК-ийг татан оролцуулсан. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зардлыг 691 763 933 төгрөг гэж тогтоосон бөгөөд Х.Түмэнбаярт барьж өгсөн 7*10 м.кв хэмжээтэй байшинг 157 892 938 төгрөгөөр үнэлсэн тул уг төлбөрөөс түүнээс авсан 49 500 000 төгрөг, н.Даваазагдад өгсөн 7 000 000 төгрөгийг хасаад нийт 101 392 938 төгрөгийг Х.Түмэнбаяраас нэхэмжилж байна.

“Говь-1” жуулчны баазад барьсан 22*8 м.кв хэмжээтэй ресторан, 2 ширхэг сүүдрэвч, 1 ширхэг хашааны хаалга, Хонгор-2 баазад барьсан 20*16 м.кв хэмжээтэй карказан байшин зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр 533 870 995 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнээс “Уран ухаан групп” ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд нягтлан н.Анхбаяраас авсан 12 5000 000 төгрөг, дүнзэн рестораны дээврийн ажлын хөлсний үлдэгдэл 1 710 000 төгрөг, барилга барьж байхад “Уран ухаан групп” ХХК машинаараа материал зөөсөн тээврийн хөлс 18 560 800 төгрөг, Хонгор-2 жуулчны баазын рестораны ажлын үлдэгдэл 20 000 000 төгрөг, Хонгор-2 баазын рестораны гадна пасатны үлдэгдэл замаскны үнэ 1 134 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул зочид буудлын няраваас бэлнээр авсан 3 550 000 төгрөг, “Уран ухаан групп” ХХК нь “Макс өргөө” ХХК-иас худалдаж авсан модны 5 741 500 төгрөг, “Уран ухаан групп” ХХК нь “Макс өргөө” ХХК-иас худалдаж модон хаалгануудын үнэ 12 528 459 төгрөг зэргийг хасаад 458 146 236 төгрөгийг “Уран ухаан групп” ХХК-иас нэхэмжилж байна” гэжээ. 

Хариуцагч Х.Түмэнбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Амарсанаа нь хамгийн анх 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлд дурьдсан барилгуудыг барихад нийт 477 038 094 төгрөгийн зардал гаргаж барьсан гэж нэхэмжилдэг ба хариуцагчаас авсан мөнгийг хасч тооцоход үлдэгдэл 415 038 094 төгрөгийг хариуцагч надаас гаргуулахаар нэхэмжилдэг. Гэтэл 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин шүүхэд 153 501 080 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлэн нийт 568 539 174 төгрөгийг нэхэмжилж байгаа юм шиг боловч нэхэмжлэлд дурьдсан зүйл нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Г.Амарсанаа нь анхны нэхэмжлэлдээ хариуцагчаас барилгыг барихад нэг ч төгрөг авалгүйгээр барилгаа барьсан гэж тайлбарладаг боловч сүүлийн нэхэмжлэлдээ хариуцагчаас нилээдгүй хэдэн төгрөгийг авсан гэж тайлбарласан. Г.Амарсанаагийн хүсэлтээр шүүх хөрөнгийн үнэлгээг “Дамно” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээг хариуцагч би хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл “Дамно” ХХК-ний үнэлгээ нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан үнэлгээ болж чадаагүй. Би Г.Амарсанаа гэх иргэнтэй зах зээлийн үнэлгээний дагуу ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж барилга бариулахаар тохиролцоогүй байхад хөрөнгийн үнэлгээний дагуу мөнгө нэхэмжлээд байгаа нь хуульд хэр нийцсэн, иргэд хоорондын хийгээгүй хэлцэлд хэр холбогдолтой вэ гэдэг асуулт урган гарах нь тодорхой тул ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн нь үүгээр тодорхойлогдох юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ болон тохиролцсон тохиролцоо байдаггүй. Х.Түмэнбаяр руу 2009 оны 10 дугаар сард Г.Амарсанаа яриад торх байна үүнийг зармаар байна та авах уу гэж асуусан байдаг. Үүний дагуу Х.Түмэнбаяр нь дүнзийг 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. 2011 оны 04 дүгээр сарын үед Цогтцэций суманд аваачиж өгсөн байдаг. Ингэхдээ зүгээр л аваачаад буулгачихсан. 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн говь-1 жуулчны баазад хүргэж өгсөн. Эгч нь бас ажлын санал тавьсан байдаг. Х.Түмэнбаяр нь нэхэмжлэгчээс худалдаж аваад өөрийн өмчлөлд шилжүүлсэн зүйл байдаггүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Уран-Ухаан групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунжаргал, өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд зайлшгүй тусгагдах зүйлийг хуульд дэлгэрэнгүй заасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.Амарсанаа хариуцагч “Уран ухаан групп" ХХК, Х.Түмэнбаяр нараас "Дамно" Хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээ болох 691 763 933 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа "Уран ухаан групп " ХХК-иас хэдэн төгрөг, Х.Түмэнбаяраас хэдэн төгрөг, юун тухай, ямар шаардлага гаргасан нь тодорхой бус байна. Мөн "Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээ болох 691 763 933 төгрөгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт №10 "Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх үүргийг нь тайлбарлан өгсөн тухай" баримт хэрэгт авагдаагүй, шинжээч урьдчилж дээрх хуультай танилцаагүй байна.

Түүнчлэн шинжээч томилох тухай шүүгчийн захирамж 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байхад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хөрөнгийн үнэлгээний тооцоог тухайн өдөрт нь хийсэн гэж “Дамно” ХХК тайландаа тусгасан нь үндэслэлгүйгээс гадна уг тайланд бичсэнээр "захиалагч талын төлөөлөгч Г.Амарсанаатай уулзаж, түүнээс өгсөн материалд үндэслэж дүгнэлт гаргалаа" гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудыг зөрчжээ. Шүүхээс томилогдсон шинжээч дүгнэлтээ дутуу, эсхүл эргэлзээтэй гаргасан тохиолдолд шүүх нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай болдог. Иймд хууль зөрчиж үндэслэлгүйгээр гаргасан "Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээ болох 691 763 933 төгрөгт үндэслэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, хариу тайлбар өгөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэргийн 6-50 хуудсанд авагдсан анхан шатны нотлох баримтуудаас аль хэсэг нь Х.Түмэнбаяр, “Уран-Ухаан групп” ХХК нарт холбогдох хэсэг гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн үнэлгээний байгууллагын үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжилж байна. Гэрээний талууд гэрээний нөхцлийг тодорхой тохиролцсон байх ёстой. Хэрвээ тохиролцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж заасан байдаг. Хэрвээ гэрээ хэлцэл хийсэн бол үнийн дүн нэг байх ёстой. “Уран ухаан групп” ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй. Хэрвээ энэ харилцаа үүссэн гэж үзвэл түүнийг тогтоох хэрэгтэй. “Уран ухаан групп” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй н.Сэлэнгэ, Г.Амарсанаа нарын хооронд аман болон бичгээр тохиролцоо хийгдээгүй. Мөн Х.Түмэнбаяртай тохиролцсон гэх зүйл ч нотлогддоггүй. Х.Түмэнбаяртай тохиролцсон яриаг “Уран ухаан групп” ХХК-тай тохиролцсон болгож болохгүй. Г.Амарсанаа нь “Уран ухаан групп” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. ”Уран ухаан групп” ХХК нь Г.Амарсанаагийн өмнө ямар хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй байна. Г.Амарсанаа нь Х.Түмэнбаяртай тохиролцсон бол Х.Түмэнбаяр нь “Уран ухаан групп” ХХК-ийг компанийн тухай хуульд зааснаар төлөөлөх эрхгүй этгээд юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Амарсанаагийн хариуцагч Х.Түмэнбаяр, “Уран ухаан групп” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний хөлс, материал, үйлчилгээний зардалд Х.Түмэнбаяраас 101 392 938 төгрөг гаргуулах тухай, “Уран ухаан групп” ХХК-иас 458 146 236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Амарсанаагаас улсын тэмдэгтийн хураамжид Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 5585042119 тоот дансанд төлсөн 3 223 596 төгрөгөөс илүү төлсөн 222 951 төгрөгийг буцаан олгож, үлдэх 3 000 645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Амарсанаагаас шүүхийн зардалд 11 880 000 төгрөг гаргуулж, “Лэндс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Амарсанаа давж заалдах гомдолдоо “...хариуцагч Х.Түмэнбаяр болон түүний “Уран ухаан групп” ХХК нь “Говь дисковери тур” ХХК-ийн тухай огт дурсаж байгаагүй ба тухайн үед ч уг компани байгаагүй. Хэрэв уг компани дүнзэн барилгуудыг хийсэн бол эхнээсээ л уг компанид хамаатай асуудал гэдгээ мэдүүлэх байсан. Гэтэл 4 жил шүүхийн ажиллагаа үргэлжилсний эцэст огт сонсож байгаагүй, цоо шинэ “Говь дисковери тур" ХХК-ийг хариуцагч нар гаргаж ирсэн, хариуцагчийн төрсөн эгч мэдүүлсэн, үүнийг нь шүүх онцгой анхаарч зөв байна гэж шийдсэнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Х.Түмэнбаяр болон “Уран ухаан групп” ХХК нь анх шүүхэд тайлбар гаргахдаа "Үнэлгээгээр төлбөр төлнө гэдэг талаар тохиролцоогүй, гэрээний дагуу төлбөрөө төлж байсан" гэх агуулга бүхий тайлбаруудыг гаргаж өгч байсан ба хариуцагч нар нь энэ тайлбараараа миний хийсэн ажлыг болон өөрсдөө уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн болохоо үгүйсгээгүй байхад анхаараагүй. Хариуцагч Х.Түмэнбаяр нь өөрөөсөө зугтаалгаж өөрийнхөө эгч, дүү нарынхаа нэр дээр шилжүүлсэн “Хан-уул говьдисковери” ХХК, “Говь дисковери” ХХК, хожим шинээр бий болгосон “Говь дисковери тур” ХХК-иуд руу дамжуулан, эдгээр компанийн нэрээр хуурамч гэрээ хийж /цагдаагийн байгууллага шалгаж тоггоосныг хэрэгт өгсөн/, эдгээр байгууллагуудынхаа ажилтан, ах дүүсээрээ хуурамч мэдүүлгүүд өгүүлж /мөн цагдаагийн байгууллага шалгаж тогтоосныг хэрэгт өгсөн/ өнөөдрийг хүртэл шүүхийн ажиллагааг хойшлуулж, намайг хохироосон. Шүүх хэргийг шалгах 4 жилийн хугацаанд хуурамч мэдүүлэг өгсөн хүмүүс /Анхбаяр гэх мэт/-ийг цагдаагаар шалгуулсан, хуурамч гэрээ үйлдсэн болохыг цагдаагаар шалгуулсан зэргийг шүүх огт анхаараагүй. Энэ талаар прокурорын тогтоолууд гарсан. Бүгдийг хэрэгт өгсөн. Надтай ажиллаж байсан н.Баасанжав, н.Даваазагд /Х.Оюунцэцэг эдгээр хүмүүсээр бас хийлгэсэн гэдэг/ болон тухайн үед тэнд ажилласан бүх хүмүүс шүүхэд гэрчээр мэдүүлэг өгснийг шүүх огт тоогоогүй. “Говь дисковери тур” ХХК яагаад өөрөө биш “Уран ухаан групп” ХХК, Х.Түмэнбаяр нараар зуучлуулаад байгаа, эдгээрээр дамжуулж мөнгөө өгөөд байгаа гэх зэрэг Х.Оюунцэцэгийн илт худал мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй. Х.Оюунцэцэг нь энэ ажлыг анх хийж эхэлж байхад Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нярав байсан ба бүр сүүлд жуулчны баазын менежерээр ажиллах болсон. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтаар, хариуцагчийн тайлбар мэдүүлгээр миний барьж өгсөн эд хөрөнгийн анхны захиалагч нь Түмэнбаяр, “Уран ухаан групп” ХХК болох нь тогтоогдож байхад “Говь дисковери тур” ХХК-д хамаатай гэж шүүх үзсэнийг ойлгохгүй байна. “Говь дисковери" ХХК болон "Уран ухаан групп" ХХК-иуд нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулж, “Говь дисковери” ХХК-ийн эзэмшлийн газар дээр “Уран ухаан групп” ХХК хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар тохиролцож, уг барилгуудыг бариулсан /”Уран ухаан групп” ХХК захиалагч байсан/ гэдгийг хариуцагч зөвшөөрсөн, мөн шүүх өөрөө тогтоогдсон гэх боловч “Уран ухаан групп” ХХК-ийг /захиалагчийг/ ажлын хөлс төлөхөөс чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл захиалагчийг ажлын хөлс төлөхөөс чөлөөлж, сүүлд зохиомлоор бий болгосон "өмчлөгч" гэх этгээдээс нэхэх эрхтэй гэж шийдсэн нь ойлгомжгүй байна. ХТүмэнбаяр, “Уран ухаан групп” ХХК нь захиалгаар бариулсан барилгаа дараа нь ямар ч зорилгоор хэний ч өмчлөлд шилжүүлж болох бөгөөд сүүлийн өмчлөгчөөс нэхэх эрхтэй гэдгийг ойлгохгүй байна. Би өөрийн шаардлагаа нотлож “Уран ухаан групп” ХХК-ийн нягтлан бодогч, захирал нартай барилгын ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгч, зураг төслийг хянуулж зөвшөөрөл авч байсан, барьж байх явцын зураг, ажлын гүйцэтгэлийг нягтлан бодогч руу нь явуулж харилцаж байсан талаарх и-мэйл болон бусад нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтыг анхаараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Г.Амарсанаа нь хариуцагч Х.Түмэнбаярт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу зарцуулсан барилгын материалын зардал, ажлын хөлс, үйлчилгээний зардал нийт 415 038 094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Уран ухаан групп” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч Х.Түмэнбаяраас ажил гүйцэтгэх гэрээний дагуу зарцуулсан барилгын материалын зардал, ажлын хөлс, үйлчилгээний зардал 101 392 938 төгрөг гаргуулахаар, хариуцагч “Уран ухаан групп” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу зарцуулсан барилгын материалын зардал, ажлын хөлс, үйлчилгээний зардал 458 146 236 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч Г.Амарсанаа нь хариуцагч Х.Түмэнбаярт холбогдуулан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Говь дисковери” ХХК-ийн Өмнөговь аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Говь” жуулчны баазад барьсан: 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууц, 22х8 метрийн хэмжээтэй, урагшаа болон хойшоо 4х4 метрийн хэмжээтэй сунасан хэлбэртэй, гадагшаа гарсан 68 м.кв талбай бүхий саравчтай, монсардтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, Хашааны дүнзэн хаалга, “Говь дисковери” ХХК-ийн Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байрлах “Хонгор” жуулчны баазад барьсан: “20х16 метрийн хэмжээтэй, гадагшаа гарсан 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны зориулалттай дүнзэн барилгуудад зарцуулсан барилгын материалын зардал 238 459 670 төгрөг, барилга барьсан ажлын хөлс, үйл ажиллагааны зардал 238 578 424 төгрөг, нийт 477 038 094 төгрөгөөс Х.Түмэнбаярын өгсөн гэх 62 000 000 төгрөгийг хасч, үлдэх 415 038 094 төгрөгийг Х.Түмэнбаяраас гаргуулна” гэж тайлбарласан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шүүхээс “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь дээр дурдсан хөрөнгүүдийг 691 763 933 төгрөг гэж үнэлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.Амарсанаа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хасагдах зардлыг 123 224 759 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг 559 539 174 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Амарсанаагийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу “Уран ухаан групп” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд хамтран хариуцагч татагдсантай холбогдуулан нэхэмжлэгч Г.Амарсанаа нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодруулга хийсэн байна. Үүнд:

1. Хариуцагч Х.Түмэнбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-“Говь дисковери” ХХК-ийн Өмнөговь аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Говь” жуулчны баазад барьсан 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууцыг Х.Түмэнбаярын захиалгаар барьсан гэж үзэж уг барилгыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ болох 157 892 938 төгрөгөөс Х.Түмэнбаяраас авсан 49 500 000 төгрөг, Даваазагдад өгсөн гэх 7 000 000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 101 392 938 төгрөгийг Х.Түмэнбаяраас нэхэмжилсэн байна. 

2. “Уран ухаан групп” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-“Говь дисковери” ХХК-ийн Өмнөговь аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Говь” жуулчны баазад барьсан 22х8 метрийн хэмжээтэй, урагшаа болон хойшоо 4х4 метрийн хэмжээтэй сунасан хэлбэртэй, гадагшаа гарсан 68 м.кв талбай бүхий саравчтай, монсардтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, хашааны дүнзэн хаалга, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байрлах “Хонгор” жуулчны баазад барьсан 20х16 метрийн хэмжээтэй, гадагшаа гарсан 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны зориулалттай дүнзэн барилга зэргийг “Уран ухаан групп” ХХК-ийн захиалгаар барьсан гэж үзэж уг барилгуудыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ болох 533 870 995 төгрөгөөс “Уран ухаан групп” ХХК-ийн нягтлан бодогч н.Анхбаяраас 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд авсан 12 500 000 төгрөг, дүнзэн рестораны дээврийн ажлын хөлсний үлдэгдэл 1 710 000 төгрөг, барилга барьж байхад “Уран ухаан групп” ХХК машинаараа материал зөөсөн тээврийн хөлс 18 560 800 төгрөг, Хонгор-2 жуулчны баазын рестораны ажлын үлдэгдэл 20 000 000 төгрөг, Хонгор-2 баазын рестораны гадна пасатны үлдэгдэл замаскны үнэ 1 134 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул зочид буудлын няраваас бэлнээр авсан 3 550 000 төгрөг, “Уран ухаан групп” ХХК-ийн Макс өргөө компаниас худалдаж авсан модны үнэ 5 741 500 төгрөг, мөн компаниас худалдаж авсан модон хаалгануудын үнэ 12 528 459 төгрөг зэргийг хасч, үлдэх 458 146 236 төгрөгийг “Уран ухаан групп” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Х.Түмэнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Г.Амарсанаатай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж барилга бариулахаар тохиролцоогүй,Г.Амарсанаа 7х10 метрийн хэмжээтэй торх байна та авах уу гэж асуусны дагуу Х.Түмэнбаяр нь дүнзийг авсан боловч уг торхыг Х.Түмэнбаярын өмчлөлд шилжүүлээгүй. Торхыг 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр “Говь дисковери” ХХК-ийн Өмнөговь аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Говь” жуулчны баазад хүргэж өгсөн. Х.Түмэнбаяр нь өөрийн эгч Х.Оюунцэцэгт Г.Амарсанааг зуучилж өгсөн байдаг. Уг барилгууд нь бүгд “Говь дисковери” ХХК-ийн өмчлөлийн жуулчны баазад байдаг. Х.Түмэнбаярын өмчлөлд нэг ч хөрөнгө шилжүүлээгүй ...” гэж, хариуцагч “Уран ухаан групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Г.Амарсанаа нь “Уран ухаан групп” ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй. “Уран ухаан групп” ХХК нь Г.Амарсанаагийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй...” гэж тус тус тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

Хэрэгт гэрч Д.Энхцэцэгийн “...Г.Амарсанаагийн захиалгаар 2011.07.09, 2011.07.20-нд Төв аймгийн Бугын сангийн аж ахуйн баруун талын хашаанаас 150 ширхэг дүнзэн модыг Өмнөговь аймгийн “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад нийт 2 удаа, 2011.08.01-нд 42 ширхэг дүнзэн модыг Улаанбаатар хотын “ТЭЦ-4”-ийн ар талын хашаанаас Өмнөговь аймгийн “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад 1 удаа, 2011.07.13-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас “Говьдисковери” ХХК-ийн жуулчны бааз руу 1 удаа 10х7 хэмжээтэй дүнзэн байшинг буулгаж, тээвэрлэж хүргэж өгсөн. Г.Амарсанаагаас нийт 16 500 000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх, гэрч И.Болдбаатарын “...Г.Амарсанаагийн хүсэлтээр 2011 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ар талд байсан адууны зүчээд барьсан байшинг буулгаж, Даланзадгадын хойно “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад барьж эхэлсэн. “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад барьсан барилгын ажилд 1 жил барилгын туслахаар ажилласан...” гэх, гэрч А.Амаржаргалын “...2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 600 м.кв, 2012 оны 05 дугаар сарын 10-нд 400 м.кв, 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500 м.кв байшингийн доторлогооны модыг /1 м.кв нь 22 000 төгрөг буюу 33 000 000 төгрөгийн/ худалдаж авсан. Харин зарим модыг нь Сонгинохайрхан дүүргийн Таван шард байрлах “Уран-Ухаан” ХХК-ийн хашаанд буулгаж байсан. Г.Амарсанаа модон материалынхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөг байсан...” гэх, гэрч Д.Гончигийн “...Анх Х.Түмэнбаяр дүнзэн байшин байриулахаар захиалга өгсөн. Г.Амарсанаа өөрөө болон хүнээс мөнгө зээлж байшингийг нь бариад байсан, би Х.Түмэнбаяраас мөнгийг нь аваад ажлыг нь үргэжлүүлэхгүй юм уу гэхэд “Х.Түмэнбаяр нэг мөсөн байшингуудаа хийж дуусгаад мөнгөө сүүлд нь бөөнөөр нь ав гэж байна” гэж хэлсэн. 2010 оны 11 дүгээр сараас 2011 оны 04 дүгээр сар хүртэл, мөн 2011 оны 10 дугаар сараас 2012 оны 05 дугаар сар хүртэл “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад баригдаж байгаа барилгын ажилд туслахаар ажилласан...” гэх, гэрч Б.Нямзаяагийн “...2010 оны 10 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад барьсан ажилд аав С.Баасанжавын хамт Г.Амарсанаагийн удирдлаган доор барилгын туслах ажилтнаар нийт 6 сар ажилласан. Г.Амарсанаа барилгын материал, багаж хэрэгсэл, ажлын хувцас, хоол хүнс, ажилчдын цалин хөлс, унаа тээврийн зардлыг бүгдийг нь өөрөөсөө гаргаж байсан. Х.Түмэнбаяр 7 хоногт 1-2 удаа ирж ажлын байдалтай танилцдаг байсан...” гэх, гэрч Д.Даваазагдын “...Г.Амарсанаагийн захиалгаар Өмнөговь аймгийн “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад 1 сар 15 хоногийн хугацаанд 9 хүнтэй бригад ажилласан. Чулуу, мод, рек, мод зүлгэж лакдах, плита наах ажил хийсэн, урьдчилгаа 5 сая, ажил дууссаны дараа 6.4 сая төгрөг Г.Амарсанаагаас бэлнээр авсан...” гэх, гэрч Г.Оргилын “...2011 оны 03 дугаар сарын 12-нд “ТЭЦ-4”-ийн араас торхон байшин ачиж Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд захиалгаар тээвэрлэж байсан. Дараа нь 2012 оны 01 дүгээр сарын 22-нд Булган аймгийн Уньтаас Өмнөговь аймгийн төвөөс 40 км зайд байрлах “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад Г.Амарсанаагийн захиалгаар торхон байшин ачиж байсан. Г.Амарсанаагаас хөлсөө авдаг байсан...” гэх, гэрч Н.Лхагвасүрэнгийн “...Г.Амарсанаагийн захиалгаар 2010 оны 05 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад 16х20 харьцаатай модон караказан байшинг сар гаруй хугацаанд угсарч барьсан. Г.Амарсанаа удирдаж ажиллуулж байсан...Г.Амарсанаагаас ажлын дунд үед, ажил дууссаны дараа ажлын хөлсөнд нийт 42.8 сая төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлгүүд,

мөн эрүүгийн хэрэгт гэрчээр байцаагдсан Л.Бэгзсүрэнгийн “...Г.Амарсанаа өөрийн ажилчидтайгаа ирж Ханхонгор сумын нутагт байрладаг жуулчны бааз дээр дүнзээр 2 байшин барьсан. Нэг нь рестораны байр байсан. Нөгөө жуулчны бааз дээр модон караказтай байшин барьж өгсөн. Г.Амарсанаа ажилчидтайгаа яах аргагүй Х.Түмэнбаярт байшин барьж өгсөн. Г.Амарсанаагийн барьсан барилгууд одоо хүртэл байгаа...” гэх, Х.Түмэнбаярын Авлигатай тэмцэх газарт өгсөн “...Г.Амарсанаад “Говьдисковери” жуулчны баазын рестораны барилгыг бариулахаар санал тавьж байсан. Г.Амарсанаатай гэрээ байгуулаагүй, амаар ярилцаж байсан...” гэх тайлбар, гэрч С.Баасанжавын “...2011 оны 07 дугаар сард Өмнөговь аймгийн “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад ресторан буюу амралтын байр, саравч зэргийг Г.Амарсанаагийн удирдлага доор барьж өгсөн...тэгээд байшингуудыг бариад 2012 оны 09 дүгээр сард дуусгаад Г.Амарсанаа болон бид нар хот руу явсан...хүмүүсийн цалин, байр, хоол, эд материалыг Г.Амарсанаа өөрөө хувиасаа гаргаж өгч байсан...” гэх, гэрч Д.Гончигийн “...Өмнөговь аймгийн “Говьдисковери” ХХК-ийн жуулчны бааз дээр очсон. Намайг очиход рестораны барилга барьж эхэлж байсан. Тэгэхэд Г.Амарсанаа бригадын дарга хийгээд бид нарыг удирдаж байна. Тэрнээс хойш хаусны байр, рестораны байр, 2 саравч зэргийг барьсан...” гэх, гэрч Д.Батзоригийн “...Өмнөговь аймгийн Хонгорын элс гэх газар очоод жуулчны бааз дээр 20х16 харьцаатай рестораны суурь гүйцэтгэж өгсөн...Өмнөговь аймгийн төв рүү ороод 45 орчим км зайтай газар очиж гэрийн буурь цутгаж өгсөн. Г.Амарсанаагийн удирдлага доор байшинг барьж байсан...” гэх, гэрч  Х.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан “... Өмнөговь аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Говь” жуулчны баазад барьсан 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууц, 22х8 метрийн хэмжээтэй, урагшаа болон хойшоо 4х4 метрийн хэмжээтэй сунасан хэлбэртэй, гадагшаа гарсан 68 м.кв талбай бүхий саравчтай, монсардтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, хашааны дүнзэн хаалга, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байрлах “Хонгор” жуулчны баазад барьсан 20х16 метрийн хэмжээтэй, гадагшаа гарсан 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны зориулалттай дүнзэн барилга зэрэг нь “Говьдисковери тур” ХХК-ийн өмч бөгөөд би тус компанийн захирал. Компанийн зардлаар барилгуудыг барьсан. Г.Амарсанаа нь уг барилгыг бариагүй ба барилгын материал нийлүүлж байсан...” гэх тайлбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1475 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд хариуцагч Х.Түмэнбаяр нь нэхэмжлэгч Г.Амарсанаагаар ажил гүйцэтгүүлж байшин бариулсан, “Уран-Ухаан групп” ХХК нь байшин болон бусад зүйлийг “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад бариулсан гэдэг үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ. /I-хх 200, 206, 209, 221, 226, 229, 231-232, II-хх 63, 65, III-хх 197, 202, 217, VI-хх 125-132/

 

Нэхэмжлэгч Г.Амарсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт барилгын материал худалдан авсан санхүүгийн баримтууд, барилгын материал тээвэрлэсэн тээвэрлэгч нарын тодорхойлолт, тээврийн зардал төлсөн баримт, барилгын туслан гүйцэтгэгч нарын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь хариуцагч Х.Түмэнбаяр, “Уран-Ухаан групп” ХХК нарын эзэмшилд буй уг байшингуудыг барихад зарцуулагдсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Иймд талуудын маргаж буй ажлын гүйцэтгэлийн төсвийн талаар гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн ажлын өртгийг тодорхойлох шаардлагатай байна.

 

Хэрэгт “Дамно” ХХК, “Итгэлт-Эстимэйт” ХХК, “Тэгш сонголт эстимент” ХХК-иудыг шинжээчээр томилж, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу шинжээчээр томилогдсон шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоох, шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт болгох боломжгүй байна. Харин шүүхээс зохих журмын дагуу шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан, ажиллагаа зохих ёсоор хийгдсэн байх тул “Лэнд” ХХК-ийн хийсэн үнэлгээг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэж, ажлын хөлсний зөрүүг тооцон гаргах боломжтой гэж үзлээ.

 

“Лэндс” ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжлэгч Г.Амарсанаагийн Х.Түмэнбаяр, “Уран-Ухаан групп” ХХК нарт гүйцэтгэсэн гэх ажлын зардлыг нийт 393 088 818 төгрөг гэж тооцжээ. Үүнээс Х.Түмэнбаярын бариулсан “Говь дисковери” ХХК-ийн Өмнөговь аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Говь” жуулчны баазад барьсан 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууцны хувьд 67 362 459 төгрөгийн үнэлгээ гарч, хэрэгт авагдсан баримтаар 56 500 000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон /V-хх 59-62/ байх тул зөрүү ажлын хөлс 10 862 459 төгрөг, “Уран-Ухаан групп” ХХК-ийн хувьд 22х8 метрийн хэмжээтэй, урагшаа болон хойшоо 4х4 метрийн хэмжээтэй сунасан хэлбэртэй, гадагшаа гарсан 68 м.кв талбай бүхий саравчтай, монсардтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин 160 415 329 төгрөг, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, хашааны дүнзэн хаалгыг 12 327 280 төгрөг, сауны зориулалттай дүнзэн байшинг 13 736 597 төгрөг, “Говьдисковери” ХХК-ийн “Хонгор” жуулчны баазад барьсан үйлчилгээний зориулалттай 20х16 метрийн хэмжээтэй, гадагшаа гарсан 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны барилгыг 139 247 153 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 325 726 359 төгрөгийн ажлын үр дүнг авсан гэж үзнэ. Үүнээс төлөгдсөн гэж тогтоогдсон 75 724 759 төгрөгийг хасч, “Уран-Ухаан групп” ХХК-иас 250 001 607 төгрөгийг тус тус олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. /V-хх 245-251, VI-хх 1-60//

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Амарсанаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардалд нэхэмжлэгч Г.Амарсанаагаас 6 332 040 төгрөг, хариуцагч “Уран-Ухаан групп” ХХК-иас 5 322 240 төгрөг, хариуцагч Х.Түмэнбаяраас 225 720 төгрөгийг тус тус гаргуулж “Лэндс” ХХК-д олгож олгох нь зүйтэй байна.

 

            Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00932 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хөлс, материал, үйлчилгээний зардалд хариуцагч Х.Түмэнбаяраас 10 862 459 төгрөгийг, хариуцагч “Уран-Ухаан групп” ХХК-иас 250 001 607 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Амарсанаад олгож, Х.Түмэнбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90 530 479 төгрөгийг, “Уран-Ухаан групп” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 208 144 636 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...үлдээсүгэй...” гэснийг “үлдээж, хариуцагч Х.Түмэнбаяраас 188 749 төгрөгийг, хариуцагч “Уран-Ухаан групп” ХХК-иас 1 407 958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Амарсанаад олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд нэхэмжлэгч Г.Амарсанаагаас 6 332 040 төгрөг, хариуцагч Х.Түмэнбаяраас 225 720 төгрөг, “Уран-Ухаан групп” ХХК-иас 5 322 240 төгрөгийг тус тус гаргуулж “Лэндс” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Амарсанаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 955 645 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Т.ТУЯА

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН