Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/244

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,                                       

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч И.Чимидбадам

Хохирогч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Зоригоогийн Ад холбогдох эрүүгийн 201625021277 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  А нь:

 

Цахим сайтуудад “Хүүтэй мөнгө зээлнэ. Хятад улсаас камер оруулж ирнэ” гэх мэт зарлал тавьж утасны дугаараа байршуулснаар 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Ганбат холбогдон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзахад нь “Би Хятад улсаас хяналтын камер оруулж ирдэг бизнес эрхэлдэг. Хамтран ажиллана. Камераас олсон ашгаа компаний данс руу оруулаад тэнцүү хувааж авна” гэж итгүүлэн хамтарсан компани байгуулах зэргээр төөрөгдөлд оруулан нийт 9.999.998 төгрөгийг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч улмаар Б.Ганбатад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Ганбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би анх үнэгүй.мн сайт харж байгаад суурилуулалтын камер Хятад улсаас оруулж ирнэ гэх зарын дагуу З.А гэх хүнтэй холбогдсон ба З.Атэй уулзаад камерны асуудлыг ярилцаад хамтран ажиллаж урдаас буюу Хятад улсаас камер оруулахаар болсон ба гэрээ хийсэн. З.А камернаас олсон ашгаа компанийн данс руу оруулаад ашгаасаа надад өгөхөөр тохиролцсон. Ингээд надад ашиг гэж хэлээд 20.000, 40.000, 60.000 төгрөг миний данс руу хийсэн. Хамгийн анх би 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2 удаа 999.999 төгрөгийг З.Амар-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Дансаар шилжүүлсэн болон бэлнээр өгсөн мөнгө нийлээд 10.000.000 төгрөг болсон. Анхнаасаа намайг залилах зорилготой, хуурамч компани хүртэл байгуулж даажигнасан. Худлаагаасаа ашиг оллоо гээд дансанд мөнгө хийж надад итгэл төрүүлж байсан. Би мөнгөө З.Ад өгөхдөө бид хоёр уулзаж байгаад өгч байсан. Өөр хүн хамт байдаггүй байсан. Мөн дансаар шилжүүлчихдэг байсан гэжээ. / хх 20-21, 141-142 /

 

- Зээлийн гэрээ / хх 60, 70, 72, 76 /

 

  • “Секрит Ай “ ХХК-ний дүрэм /  хх 80-85 /

 

  • “ Секрит Ай “ ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ / хх 86 /

 

Шүүгдэгч З.Амар-Эрдэнийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 48-49 /, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 50-53, 133-134  /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 26 / зэрэг болно.

 

Шүүгдэгч З.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирол болох 8.150.000 төгрөгийг цалингаараа төлнө. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

Хохирогч Б.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сард Үнэгүй.мн сайтад тавигдсан зарын дагуу З.Атэй холбогдож танилцсан бөгөөд З.А хяналтын камерын бизнес эрхэлж байгаа тул хөрөнгө оруулаад ашгаа авч болно гэсэн. 2016 оны 08 дугаар сард 999.999 төгрөгөөр 2 удаа буюу 2.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 2015.10.05-нд 5 сая төгрөг,  2015.10.14-нд 500.000 төгрөг 2 удаа З.Ад бэлнээр өгсөн. Хамтарсан компани байгуулъя гээд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр компани байгуулж миний итгэлийг олсон. БНХАУ-с камер ирж байгаа, урьдчилгаа хэрэгтэй, тээвэрлэлтийн зардал, шинээр камер татаж оруулах хэрэгтэй байна гэх зэргээр мөнгө авч байсан. Хамтарсан компани байгуулсан, данс байршуулсан тул гайгүй байх гэж бодоод би мөнгөө өгсөн. Эхэндээ мөнгөнийхөө ашиг гэж 20.000 төгрөг, 40.000 төгрөг, 60.000 төгрөг өгч байсан болохоор би итгэсэн. Нийт 9.999.998 төгрөг өгсөн. Одоо 8.149.998 төгрөг нэхэмжилж байна. Ашиг гэж авсан мөнгө нь 1.850.000 төгрөг болсон. Би мөнгөө авахыг хүсэж байна. Иймд З.Анар-Эрдэнэд 6 сарын баривчлах ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч З.А нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр иргэн Б.Ганбат холбогдон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзахад нь “Би Хятад улсаас хяналтын камер оруулж ирдэг бизнес эрхэлдэг. Хамтран ажиллана. Камераас олсон ашгаа компаний данс руу оруулаад тэнцүү хувааж авна” гэж итгүүлэн хамтарсан компани байгуулах зэргээр төөрөгдөлд оруулан 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртлэх хугацаанд дансаар болон бэлнээр нийт 9.999.998 төгрөгийг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч улмаар Б.Ганбатад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Би анх үнэгүй.мн сайт харж байгаад суурилуулалтын камер Хятад улсаас оруулж ирнэ гэх зарын дагуу З.А гэх хүнтэй холбогдож, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2 удаа 999.999 төгрөг,  2015. 10.10-нд 2 сая төгрөг тус тус дансаар,  2015.10.05-нд 5 сая төгрөг,  2015.10.14-нд 500.000 төгрөг 2 удаа З.Ад бэлнээр өгч нийт 10.000.000 төгрөг өгсөн. Ашгаа хуваана гээд хамтарсан компани байгуулсан. Гэвч энэ бүхэн нь худлаа байсан гэж мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Ганбатын мэдүүлсэн мэдүүлэг / хх 20-21, 141-142 /, …Хохирогчоос авсан мөнгөө хүүгийн хамт буцан төлөхөөр хийсэн Зээлийн гэрээнүүд  / хх 60, 70, 72, 76 /, …Хохирогчтой хамтарсан компани байгуулсан тухай “ Секрит Ай “ ХХК-ний дүрэм /  хх 80-85 / …” Секрит Ай “ ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ / хх 86 /,  ... Мөнгө шилжүүлсэн дансны хуулгууд / хх 87-95 /  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.Амар-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Зоригоогийн ..........- ийг бусдыг залилан мэхэлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

2. Хэрэгт эд мөрийн баримтар хураагдаж ирсэн зүйлгүй, З.А нь цагдан хоригдоогүйг дурьдсугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар З.Аэс 8.149.998 төгрөг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар Бичил хороолол, Хасбаатарын гудамж, 5-Б байрны 56 тоото оршин суух Цогбадрах овогт Бат-Эрдэнийн Ганбат, / РД: ЧД 86022471 /-д олгосугай.

 

4. З.Амар-Эрдэнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ