| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0305/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/314 |
| Огноо | 2017-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хохирогч С.А
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 1725002680109 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, “Бамбай” харуул хамгаалалтын газар хамгаалагч ажилтай, ам бүл 7 эхнэр, аав ээж, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн баруун **ийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Э-ын М, регистрийн дугаар /хх**********/
Яллагдагч Э.М 2017 оны 09 сарын 24-ний шөнө Орхон аймгийн БаянӨндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт С.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: Э.М нь 2017 оны 09 сарын 24-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт С.Аг “хэл амаар доромжилсон” гэснээс маргалдан зодож биед нь хамрын ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч С.Агийн... “би зам хөндлөн гараад явж байтал нөгөө залуу араас хөөсөн, би зугтааж байгаад аймгийн захиргааны хажууд ирээд гайгүй байх гэж бодоод зогссон чинь араас хүрч ирснээ боож хамар руу цохисон. Хамраа бариад доошоо суутал дээрээс өшиглөсөн. ..Одоогийн байдлаар 500-600 мянган төгрөгийн зардал гараад байна, эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа”... гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/
-Гэрч С.А-ийн... “согтуу залуу хөөш нааш ир булан тойроод үзье гээд дуудаад байсан, тэгэхээр нь би нөхрийгөө боль боль гээд явуулаагүй. Тэр залуу манай нөхрийг янхан дагуулчихаад гээд хэл амаар доромжлоод байсан чинь манай нөхөр нөгөө залууг хөөгөөд араас нь гүйсэн. Тэр үед манай нөхрийн ажлын Тайванбаяр, Ерөөлтхүү хоёр ирчихсэн байсан, би тэр хоёрын машинд суугаад нөхрийнхөө араас аймгийн захиргааны баруун талд очсон. Манай нөхрийн найз Ерөөлтхүү машинаас буугаад манай нөхрийг авчирсан. Манай нөхөр машинд суугаад гэр лүү явах замдаа нөгөө залууг нэг удаа цохичихлоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/
-Гэрч Н.Е-ийн... “ М манай жолооч Т руу залгаад “Төгөл” дэлгүүр дээр дуудсан. Бид хоёр яваад очтол эхнэр нь зам дээр зогсож байсан, харин М “Зохимж” дэлгүүр рүү явдаг зам руу гүйж байсан. Араас нь би яваад очтол М нэг хүнтэй зодолдож байсан. Би машинаас буугаад салгах гээд очсон чинь тэр хоёр заамдалцаад зогсож байсан ба Мөнх- Эрдэнэтэй зодолдсон залуугийн хамраас цус гарчихсан байсан. Намайг салгах үед нөгөө залуу цаашаа гүйгээд явчихсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
-2017 оны 09 сарын 28-ны өдрийн 830 дугаартай шинжээчийн...С.Агийн биед хамрын ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1,-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/
-Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн: Тэр орой энэ залуу эхнэртэйгээ маргаад байхаар нь эмэгтэй хүнтэй хэрэггүй,надтай үзчих гэсэн.Тэгээд явж байтал араас ирээд мөргөөд цохиж унагасан.Бас нэг залуу ирж өшиглөсөн.Гомдолтой байна.Төлбөрөө авч чадаагүй байгаа.Тонгойсон байхад нэг хөл орж ирж өшиглөсөн.Хамраа янзуулах шаардлагатай байгаа.4 сая төгрөг нэхэмжилснээс татгалзаж байгаа.Одоо эмчилгээний зардал 568,250 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-47-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Э.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Эхнэртэйгээ хамт айлд очоод харих гээд явж байсан чинь нэг залуу үзье зодолдъё гээд байсан. Араас орилоод доромжлоод байхаар нь араас нь очоод нэг удаа цохисон. Үйлдлээ зөвшөөрч байна. Эмчилгээний төлбөрийг төлнө гэжээ.
Шүүгдэгч Э.М нь 2017 оны 09 сарын 24-ний шөнө Орхон аймгийн БаянӨндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт С.Аг зодож биед нь хамрын ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, хохирогчид учруулсан гэмтлийн эмчилгээний зардал 568,250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар зааж шийдвэрлэлээ. Хохирогч 10 хоног өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү гаргуулна гэж мэдүүлсэн боловч нийгмийн даатгалын дэвтэр хэрэгт авагдаагүй, цалингийн зөрүүг тооцох боломжгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг заалаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Э М хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Мэс 568,250 төгрөг гаргуулан С.Ад олгож, цалингийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 сая төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ