Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/02349

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г*******  ХХК-д холбогдох,

Үүргийн гүйцэтгэлд 228 204 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагчийн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г******* ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж, өөрийн Б******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн зориулалттай газрыг Г******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлж газрын төлбөрт тус компанийн төслийн хүрээнд барьж ашиглалтанд оруулах орон сууцнаас авахаар тохиролцсон. Гэтэл төслийг хэрэгжүүлэгч Г******* ХХК гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, орон сууцнуудыг хүлээлгэж өгөөгүй Б******* дүүргийн 12-р хороонд баригдах Т******* нь 2013 оноос хойш өнөөг хүртэл 4 жил гаруй хугацаанд газрыг янзалж суурь цутгасанаас өөр барилгын ажил хийгдээгүй, хэзээ баригдаж ашиглалтанд орох нь тодорхойгүй зэрэг байдлаас үзэхэд гүйцэтгэгч Г******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй байх бодит нөхцөл байдал үүссэн бөгөөд захиалагч нь гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 112, 114 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 1.3-т “Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэрээ байгуулагдсан боловч захиалагч Б.Б*******ид Г******* ХХК-иас гурван талт гэрээний хувь гэж өгөөгүй. Энэхүү гурван талт гэрээ байгуулагдсаны үндсэн дээр Г******* ХХК барилгын ажлаа эхлүүлсэн. Хангай хотхон баригдаж ашиглалтанд орсон байдлаас үзэхэд гурван талт гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзнэ. Гэрээний 3.1-д “гэрээ байгуулах явцад гарсан санал, зөрөлдөөнийг харицлан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ” гэж заасан. Энэхүү заалтыг үндэслэж Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг болон бусад албан тушаалтнуудтай уулзахад янз бүрийн шалтаг хэлсээр өнөөдрийг хүрч байна. Иймд Б******* дүүргийн ******* Т******* ******* тоот орон сууцны төлбөрт 61 344 000 төгрөг, Б******* дүүргийн ******* Т******* ******* 26 тоот орон сууцны төлбөрт 69 930 000 төгрөг, тус хотхоны *******, тоот орон сууцны төлбөрт 96 930 000 төгрөг нийт 228 204 000 төгрөгийг Г******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн газрыг ямар байдалтай хүлээж авсан талаар газрын кадастрын зураг, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай баримтаар нотлогдох байх. Г******* ХХК нь тухайн газарт барилгын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд  нэхэмжлэгчид Г******* ХХК-иас Хангай хотхоны гэрээгээр хүлээсэн зарим орон сууцыг хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар тухайн  орон сууцны газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Мөн тухайн газрыг хашаалж, газрыг ухаж байшинг буулгаснаас өөр ямар ч ажил хийгээгүй 3 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Г******* ХХК нь тухайн орон сууцыг барьж, үүргийн биелэлтийг гүйцэтгэх, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох эсэх асуудал нь тодорхойгүй болж ирсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гурван талт гэрээг хүчин төгөлдөр бус гэж байна. Үнэхээр хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байгаа бол хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь байсан. Өнөөдрийн хугацаанд хариуцагч талаас бичгээр тайлбар гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн нэхэмжлэгч талд утсаар ярьж дарамт, шахалт үзүүлж байсан. Энэ хууль бус үйлдлүүд эргээд үүргээ гүйцэтгэхгүй байх бодит нөхцөл байдал үүсээд байхад уг нөхцөл байдлыг нуун дарагдуулж хариуцлагаас зайлсхийх үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Гурван талт гэрээг байгуулах гэсэн шаардлага нь нэхэмжлэгч Б.Б*******ийн хүлээх үүргийн хариуцлага биш, хоёр талт гэрээ талуудын хооронд байгуулагдсан. Гурван талт гэрээний төсөл ч гэсэн тухайн үед Б.Б*******той байгуулагдаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээж авсан гэдэг баримтаа гаргаж өгөхгүй байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад хийж, энэ баримт бичиг нь алга болсон. Тухайн үед гурван талт гэрээг байгуулахгүйгээр уг гэрээ нь хүчин төгөлдөр байсан бол барилгын ажлыг хийж, зарлага гаргаж, бусдын өмч хөрөнгө рүү халдаж, бусдын газрыг албадан чөлөөлүүлэх гэх зэрэг үйлдэл хийхгүй байх ёстой байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүргийн гүйцэтгэлд 228 204 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ үнийн дүнгийн гэрээнд заасан орон сууцны үнийн дүнгээс бодож гаргасан гэв.

 

Хариуцагч Г******* ХХК-ийн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн маргаж буй гэрээний 1.1-т “гэрээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ”, 1.5-т “талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний нөхцөлийг өөрчлөх, өөр этгээдтэй ижил төрлийн гэрээ байгуулах гэрээний үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд гурван талт гэрээ байгуулагдах хүртэл энэ гэрээний үүргийн биелэлтийг шаардахгүй” гэж заасан ба гэрээний 1.3-т “гэрээнд талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно” гэж  тус тус заасан байгаа. Өөрөө хэлбэл гурван талт гэрээ байгуулагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болно. Тэгэхээр нэхэмжилж байгаа гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй, мөн гурван талт гэрээ байгуулаагүй учраас энэ гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна.  2015 оны 6 сарын 26-ны өдрийн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн тусгасан бөгөөд 8.1.7-т “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загварыг батлах” гэж заасны дагуу Нийслэлийн засаг дарга буюу Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас үргэлжилсэн загварыг баталдаг. Тухайн хуулийн 24 дүгээр зүйлд 24.1-т “төсөл хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна” гэж заасан. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн тэргүүлэгчдийн 2014 оны 2 сарын 20-ны өдрийн тогтоолын 2.2.6-т гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэг хоёр талт болон гурван талт гэрээний загвар батлахыг Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын эрх, үүрэгт тусгаж өсгөн байгаа.  Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолын 3.15-т “төслийн танилцуулгыг хамгийн өндөр дэмжлэг авсан аж ахуй нэгж, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-иас доошгүй хувийн зөвшөөрөл авч, хоёр талт гэрээнд, гурван талт гэрээний хавсралт баримт бичиг байна” гэж бичсэн байгаа. Иймээс гурван талт гэрээ байгуулагдаагүй учраас хоёр талт гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна гэж үзэж байна. Хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй. Мөн талуудын хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулах анхны зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэвшүүлэх зорилготой байсан. Манайх газрыг орон сууцаар солихоор гэрээ байгуулсан. Хэрвээ гэрээг мөнгөөр солихоор байгуулсан бол гэрээг байгуулахгүй байсан. Иймээс талуудын хооронд ямар нэгэн мөнгөн солилцоо байгаагүй. Манай компани гэрээний 1.5-т заасны дагуу нэхэмжлэгч талын газрыг орон сууцаар солих гэрээгээр газрыг шилжүүлж аваагүй. Иймээс гурван талт гэрээ байгуулагдсаны дараа үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Мөн хоёр талт гэрээнд орон сууцыг хэзээ хүлээлгэн өгөх талаар тусгаагүй. Хэзээ хүлээж авах талаар гурван талт гэрээгээр тохиролцоно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 228 204 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №112, №114 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнүүд байгуулагдаж, №112 тоот гэрээгээр Б.Б нь Б******* дүүргийн *******, тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1222 м.кв талбайтай, , дугаар гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийн Г-2204, дугаартай газрыг Г ХХК-д шилжүүлж, Г ХХК нь С дүүргийн , тоот 37.9 м.кв 2 өрөө орон сууц, 57 тоот 37.08 м.кв 2 өрөө орон сууц, 89 тоот 37.9 м.кв 2 өрөө орон сууц, 95 тоот 37.9 м.кв 2 өрөө орон сууц, Б******* дүүргийн ******* Т******* ******* тоот 34.8 м.кв 2 өрөө орон сууц, 26 тоот 38.85 м.кв 2 өрөө орон сууц, /...иргэн газраараа нийт 216.6 м.кв орон сууц сольж авахаар тохиролцсон бөгөөд үүнээс 223.71 м.кв орон сууц олгогдоод илүү гарсан 7.11 м.кв-ыг №114 тоот гэрээнд заасан орон сууцан дээр нэмж тооцох, төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс үнэ төлбөргүй олгогдох үйлчилгээний 10 м.кв талбайг Т*******д ирээдүйд баригдах үйлчилгээний зориулалттай обьектоос олгоно..гэж/, №114 тоот гэрээгээр Б******* дүүрэг, ******* а тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний 355 м.кв талбайтай, 0004 дугаар гэрчилгээтэй газар болон 96 м.кв талбайтай хувийн сууцыг Г ХХК-д шилжүүлж Б******* дүүргийн ******* Т*******, ******* тоот 46.95 м.кв 2 өрөө орон сууц /...газраараа нийт.96 м.кв орон сууц сольж авахаар тохиролцсон бөгөөд үүнийг №112 тоот гэрээнд заасан орон сууцны илүү гарсан 7.11 м.кв дээр 46.95 м.кв байр нэмж нийт 54.06 м.кв орон сууц авахаар, үлдсэн 6.9 м.кв-ыг тус бүрийг 1 800 000 төгрөгөөр тооцож Т*******ы байр ашиглалтанд ороход буцаан авах болон бусад граж, обьект худалдаж авахад хасч тооцно, төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс үнэ төлбөргүй олгогдох үйлчилгээний 5 м.кв талбайг Т*******д ирээдүйд баригдах үйлчилгээний зориулалттай обьектоос олгоно...гэж/-аар тус тус газар үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон байна. /хх-ийн 5-11/

 

Дээрх гэрээг талууд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ гэж гарчигласан байх боловч нэхэмжлэгч Б.Б-оос авсан 355 м.кв газар болон 96 м.кв хувийн орон сууц, мөн  1 222 м.кв газрын үнийг 6 ширхэг орон сууц болон үйлчилгээний зориулалттай талбайгаар төлөх үүрэг хүлээсэн тохиролцоог Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан арилжааны гэрээний гол нөхцлийг агуулсан, талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх үүрэг хүлээсэн арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.  

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан байх ба 274 дүгээр зүйлийн 274.1-д “уг гэрээгээр талууд тодорхой эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь Б******* дүүргийн *******, тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1222 м.кв талбайтай, , дугаар гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийн Г-2204, дугаартай газрыг Г ХХК-д суллан өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан газрын байршлын кадастрын зураг, фото зураг, эд хөрөнгө хүлээлцсэн акт /2014.06.09/ зэргээр тогтоогдож байна. 

Түүнчлэн гэрээний дагуу хариуцагч Г ХХК нь С дүүргийн , тоот 37.9 м.кв 2 өрөө орон сууц, 57 тоот 37.08 м.кв 2 өрөө орон сууц, 89 тоот 37.9 м.кв 2 өрөө орон сууц, 95 тоот 37.9 м.кв 2 өрөө орон сууцуудыг нэхэмжлэгч Б.Б-д хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаангүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх ба хариуцагч Г ХХК нь гэрээний үүргээс тодорхой хэсгийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ бүрэн биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагчийн төлөөлөгч нь “талуудын байгуулсан гэрээний 1.3-т “гэрээнд талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд гурван талт гэрээ байгуулагдаагүй учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, мөн уг гэрээгээр орон сууцнуудыг хэдийд хүлээлгэж өгнө гэсэн үүрэг хүлээгээгүй” гэх тайлбарыг гаргаж, маргасан байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч Г ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд оролцож ГХДТ-2013/7 багцад төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 сарын 29-ний өдрийн А/533 дугаар захирамжаар Төсөл хэрэгжүүлэгчээр Г ХХК-ийг шалгаруулж, батламжилсан байна.

Дээрх төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, 2014 оны 23 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан журмыг тус тус баталжээ.

 

Уг журмын 1.3.4-т “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ гэж дахин төлөвлөлтийг төсөл хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч болон Нийслэлийн Засаг дарга харилцан тохиролцож, байгуулсан баримт бичгийг” ойлгохоор заасан байна. Мөн журмын 2.1, 2.2.6-д Гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хороо байгуулагдаж, уг хороо нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээний загварыг батлах үүргийг хүлээсэн байна.

Дээрхээс дүгнэхэд гурван талт гэрээ байгуулах үүрэг нь нэхэмжлэгч болон хариуцагч нарт байхгүй байх бөгөөд уг гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамаарч төслийн үйл ажиллагаа хэрэгжиж 2015 оны 11 сарын 09-ний өдөр гэрээнд заагдсан эхний барилгууд ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 72-74/

Иймд гурван талт гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэлээр дээрх гэрээний үүргээс болон хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл хариуцагч Г ХХК-д тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нь уг гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа  шалтгаанаа нотлоогүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 228 204 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, дугаар зүйлийн.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 300 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ