Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/0074

 

С  СӨХ-ны төлөөлөн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж,шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, гуравдагч этгээд иргэн Ч.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч , Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 574 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С  СӨХ-ны төлөөлөн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжийн иргэн Ч.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжаар иргэн Ч.Э д Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энэтхэгийн элчингийн хойно Ардчиллын ордны зүүн урд талд байрлах газрын кадастрын ***** нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн ***** тоот гэрчилгээтэй 0.0169 м2 газрыг олгосон байна. С  СӨХ-ны нэхэмжлэлд дурдагдсан маргаан бүхий газар нь манай мэдээллийн санд газрын байршлын кадастрын зурагт давхцаагүй байна. Маргаан бүхий уг газрыг ашиглах эрх, газар ашиглах гэрээ болон кадастрын зураг С СӨХ-нд байхгүй тул эрх ашиг нь зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй.

Иймд С СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Э  нь маргааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг анх контор, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар Газар эзэмшигч иргэний эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамжийг үндэслэж тус дүүргийн Газрын албатай 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн 3010/5006 дугаарын Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0293114 дугаарын гэрчилгээ авч, дахин газрын төсөл сонгон шалгаруулалтад орж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/474 дүгээр захирамжийг үндэслэж Нийслэлийн газрын албатай улсын бүртгэлийн 143010/0116 дугаарын Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн ***** дугаарын гэрчилгээ авч, 169 м2 газарт барилга барих эрхээ баталгаажуулж авсан байна.

Гэтэл С  СӨХ гэх байгууллага гэнэт гарч ирж бусдын газар руу хууль бусаар дайрч, шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь иргэн Ч.Э ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ...захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэсэн заалтыг зөрчсөн.

Сүхбаатар дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрүүд 2012 онд гарч, иргэн Ч.Э ы эрхийг баталгаажуулсан байхад С  СӨХ нь захирамж, шийдвэрийг хэзээ мэдсэн, хүлээж авсан гэдгээ заагаагүй. С  СӨХ гэдэг байгууллага хэзээ, яаж байгуулагдсан, үйл ажиллагаа явуулж эхэлсэн эсэх нь тодорхой бус, нэхэмжлэлд дурдсан 9/1, 5б байрнуудын оршин суугчдыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд С  СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 574 дүгээр шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасныг тус тус баримтлан С  СӨХ-ны төлөөлөн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжийн иргэн Ч.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д:... холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ... гомдлоо гаргана гэж заасан бөгөөд энэхүү хугацааг нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээхээс хариуцагч, гуравдагч этгээд хүлээхгүй юм. Мөн маргаан бүхий газрын хөрш, залгаа байрлах 5б хаягтай орон сууцыг барих зөвшөөрлийг анх 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх 306/2011 дүгээр зөвшөөрлийг, 2013 оныг дуустал энэхүү барилгын ажил үргэлжилсэн байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч /захиалагч/ нар өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг мэдэх боломжтой байсан.

2. Барилга техникийн хяналтын улсын байцаагч Т.Г ын 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийн асуулт б-ийн хариултад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Ч.Э ы барилгын батлагдаж хянагдсан шифр:В8-22/2012 зургийг хянахад инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсийн норм дүрэм зөрчөөгүй байна хэмээн заасан байхад шинжээчийн дүгнэлтийн эсрэг үндэслэл гаргасан.

3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д:... энэ хуулийн 33.1.1-д зааснаар бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэж, иргэн Ч.Э  нь маргаан бүхий газрын дуудлага худалдааны жишиг үнийг төлж, үүнийг үндэслэж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны А/457 дугаар захирамжаар иргэн Ч.Э ы газар эзэмших эрхийг баталгаажуулсан байдаг.

Энэхүү үйл явц нь хууль ёсны үйлдэл бөгөөд Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт:... Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны А/457 дугаар захирамжаар иргэн Ч.Э д орон сууц барих зөвшөөрөл олгосон 166 м.кв газарт хүүхдийн тоглоомын талбай, авто зам байхаар орчны ерөнхий төлөвлөгөөг баталсан... гэх, мөн ... хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, мөн энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох тохиолдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, гуравдагч этгээдэд өөр байршилд газар эзэмшүүлэх байдлаар хууль бус захиргааны актын улмаас түүнд учруулсан хохирлыг барагдуулах боломжтой гэсэн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, гуравдагч этгээд Ч.Э д эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ.

4. К  ХХК-ийн барьсан гэх 5б байрны иргэд нь С  СӨХ-д хамаарагдаж байгаа эсэхийг тодруулаагүй байгаа бөгөөд нэхэмжлэл гаргасан Ч.Б, А.С, В.Н , Ч.Н, Д.Г нарын иргэд нь ийнхүү нэхэмжлэл гаргах эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн эсэх, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс иргэний эрх, ашиг хохирох ёсгүй. Дүгнэлтэд дурдсан нөхцөл байдал, гуравдагч этгээд Ч.Э д газар эзэмшүүлэхээр захирамж гарч байх үед тодорхой байсан бол Нийслэлийн Засаг даргаас захирамж, шийдвэр гаргахгүй байх бүрэн боломжтой боловч маргаан бүхий газрын асуудал К  ХХК нь 5б байрыг барьж, ашиглалтад оруулсан үеэс үүссэн байдаг.

Энэхүү маргаанд 5б байрны оршин суугчдын эрх ашиг хөндөгдөхөөс илүү К  ХХК-ийн хувийн ашиг сонирхол илүү байгааг, К  ХХК-ийн захирал, одоо хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа н.Чинбат нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцож эхэлсэн үеэс тухайн байрны оршин суугч нарыг бидэн рүү турхирч танай байрны хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг энэ хүмүүс авч байна гэх мэт маргаан үйл ойлголцох байдлыг удаа дараа гаргуулж, эцэст нь өөрийн байгуулсан СӨХ-ийг өөрөө төлөөлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хууль бус үйлдлийг анхаарч үзэхийг хүсье.

Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 дүгээр захирамжаар Энэтхэгийн элчингийн хойно автозасварын зориулалтаар Түвшин ундраа ХХК-д 540 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжаар тухайн газрын 450 м.кв талбайд үйлчилгээтэй, орон сууцны барилга барихыг зөвшөөрснөөр үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилга бариулахаар К  ХХК-тай тохиролцсон, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгогдож, барилгын ажлыг гүйцэтгэсэн, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зоорийн давхартаа 14 автомашины дулаан зогсоол бүхий үйлчилгээтэй 40 айлын орон сууцыг хүлээн авснаар тухайн барилгад оршин суугчид суурьшин, өөрсдийн өмчлөх эрхээ баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан нь цугларсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

 

Түүнчлэн Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2007 онд тус барилгын эскиз зурагт хүүхдийн тоглоомын талбай, автозам байхаар орчны ерөнхий төлөвлөгөөг баталсан байжээ.

 

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар захирамжаар иргэн Ч.Э д эзэмшүүлэн 646 м.кв газрын зориулалтыг өөрчлөн барилга барих зөвшөөрлийг олгохдоо дээрх 2007 онд хүүхдийн тоглоомын талбай, автозам байхаар төлөвлөгдсөн, урд нь мэргэжлийн байгууллагын хүсэлт, бодит нөхцөл байдлыг харгалзан галын аюулгүй байдлыг хангах зорилгоор автомашины нэвтрэх орц гарц хэмээн чөлөөлөгдөж байсан газарт барилга барихыг зөвшөөрсөн нь Газрын тухай болон Барилгын тухай хуульд нийцэхгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч албан тушаалтан Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-д хотын нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасан бөгөөд мөн хуулийн 12.2-д нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай... зэрэг газар хамаарахаар, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг барилгын орчны тохижилтод хамаарахаар заасныг анхаараагүй байна.

 

Хуулийн дээрх заалтууд болон газар эзэмших эрхийг олгохтой холбоотой заалтуудаас үзвэл нийтийн эдэлбэрийн талбайд хамаарах газрыг Нийслэлийн Засаг дарга шууд бусдын эзэмшилд олгох боломжгүй бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээдэд үүссэн газар эзэмших эрхийг хууль ёсны гэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар маргаан бүхий газарт иргэн Ч.Э ы төлөвлөсөн барилга баригдсанаар галын аюулгүй байдлын норм дүрмийн шаардлага хангагдахгүй, түүнчлэн 11, 5б байрны суурийн давхарт байрлах автозогсоолын орц, гарц, автомашины зам хаагдаж, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нь тогтоогдсон байна. Энэ тохиолдолд иргэн Ч.Э ы төлөвлөгдөн барилгын батлагдаж хянагдсан шифр:BS-22/2012 зураг инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсийн норм дүрэм зөрчөөгүй нь маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 574 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР