Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1543

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

“Монгол Улсын Эрдмийн их сургууль” БСБ-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00781 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Монгол Улсын Эрдмийн их сургууль” БСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Пума” ХХК-д холбогдох

Тус сургуулийн Б блокийн барилгын дулааны 4-р магистраль шугамыг тасалж барилгын гадна орчны талбай дээр техникийн нөхцөлгүй бөгөөд зөвшөөрөлгүйгээр явуулж буй “Пума” ХХК-ийн дулааны шугам холболтын хууль бус үйл ажиллагааг зогсоож, барилгын орчны талбайг өмнөх байдалд сэргээхийг даалгах, дулааны шугамыг буулгаж аваагүйгээс учирсан хохиролд 3 401 876 төгрөг гаргуулах, барилгын зоорийн давхраас “Пума” ХХК-ийн дулааны шугамыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн, хохиролд 4 783 634 төгрөг гаргуулах, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гараашт байх “Пума” ХХК-ийн шугамаас дулаан цэвэр усны холболт хийсэн хууль бус үйл ажиллагааг зогсоож, өмнөх байдалд нь сэргээхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Энхбулгантамир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Сүхбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Жаалхүү

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баяржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир, өмгөөлөгч З.Сүхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сургууль нь Б блокийн барилгын дулааны 4 дүгээр магистраль шугамыг тасалж барилгын гадна орчны талбай дээр техникийн нөхцөлгүй бөгөөд зөвшөөрөлгүйгээр явуулж буй “Пума” ХХК-ийн дулааны шугам холболтын хууль бус үйл ажиллагааг зогсоож, барилгын орчны талбайг өмнөх байдалд сэргээхийг даалгах, дулааны шугамыг буулгаж аваагүйгээс учирсан хохиролд 3 401 876 төгрөг гаргуулах, барилгын зоорийн давхраас “Пума” ХХК-ийн дулааны шугамыг албадан чөлөөлүүлэх тухай 4 шаардлага гаргасан бөгөөд эхний 2 шаардлагатай холбоотой асуудлыг захиргааны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлж байгаа тул уг шаардлагуудаас татгалзаж байна. 

Өргөтгөлийн Б блокийн барилгад дэд бүтцийн асуудал буюу дулааны болон цэвэр усны шугамын холболтын асуудлыг “Пума” ХХК нь түлхүүр гардуулах нөхцөлийн хүрээнд хийх ёстой байсан боловч хийгээгүй учир манай сургуулиас нэмэлт хөрөнгө гаргаж 2016 оны 10 дугаар сард өөрийн хөрөнгөөр дулааны холболтыг хийлгэхээр болсон. Дулааны холболт нь 2014, 2016 онд олгогдож, сунгагдсан техникийн нөхцөлийн дагуу хийгдсэн. Тус дулааны холболтын асуудалд өнөөдрийн маргаж байгаа трубаны асуудал хөндөгдөж байгаа юм. Б блокийн зоорийн давхраар дамждаг дулаан болон цэвэр усны шугам нь нэг эхлэлтэй бөгөөд өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн А болон манай Б блокийн барилгыг хангах техникийн нөхцлөөр хийгдсэн шугам юм. 

Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр холболтын ажлыг манай сургууль өөрийн хөрөнгөөр мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй “Өндөр бар” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Энэ компани нь трубаг буулгах болон буцааж залгах, угсрах бүх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд гэрээ нь хэрэгт авагдсан. Бид хариуцагчид дулааны шугамыг буулгах талаар удаа дараа шаардлага хүргүүлэхэд “Пума” ХХК нь шугамаа аваагүй бөгөөд буулгаагүй, мөн буулгахаасаа өмнө бид гаргасан зардлаа төлүүлнэ шүү гэсэн хугацаатай шаардлага тавихад ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Өндөр бар” ХХК-иар хариуцагчийн эзэмшлийн дулааны шугамыг буулгуулсан.

Тус буулгасан зардлыг манай тал төлж, нийт 3 401 876 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжилсэн. Одоогийн байдлаар уг буулгасан труба нь манай зоорийн давхарт байгаа бөгөөд үүнийг одоо хүртэл аваагүй. Уг трубанууд нь дахин ашиглаж болохоор тайрч хураасан байгаа. Нийт гаргасан 4 нэхэмжлэлийн шаардлагаас эхний 2 шаардлагыг захиргааны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлж байгаа учраас татгалзаж байна. Сүүлийн 2 шаардлага нь хохиролд 3 401 876 төгрөгийг гаргуулах болон манай барилгын зоорийн давхраас “Пума” ХХК-ийн дулааны шугамын трубаг чөлөөлүүлэх шаардлага гаргасан байгаа гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаалхүү, өмгөөлөгч Б.Баяржаргал нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн хийсэн гадна дулааны шугамыг нэхэмжлэгч нь өөрсдөө хийсэн мэтээр ярьдаг. Эрчим хүчний газрын техникийн нөхцлөөр “Пума” ХХК, Хүмүүнлэгийн ухааны сургуулийг дулаанаар хангахаар 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн техникийн зөвлөлийн хурлаар 2012/41 тоот техникийн нөхцөл олгогдсон, тухайн барилгыг ашиглалтанд оруулах хугацаанд 2 жилээр өгөгдсөн учраас дахин 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр техникийн комиссын зөвлөлийн хурлаар 17/2014 гэсэн сунгалттайгаар “Пума” ХХК нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан.

Энэ ажлын хүрээнд гадна дулааны шугам сүлжээний өргөтгөлийн ажил, халаалтын цогц төхөөрөмжийн байршлыг зөөж өөрчлөн солих ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн. Гэтэл 2016 онд манай техникийн нөхцлийг Эрчим хүчний газраас нэрийг нь өөрчилж 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн техникийн зөвлөлийн хурлаар 21/2016 сунгалт гээд Монгол Улсын Эрдмийн их сургуулийн нэр дээр гаргасан байсан. Үүнийг бид 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шөнийн цагаар хууль бусаар манай шугамыг тайрч авсан асуудлаас мэдсэн юм. Ингээд техникийн нөхцөлгүй атлаа яагаад ийм асуудал гаргасан талаартехникийн нөхцөл олгодог “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хандахад техникийн нөхцөл нь хуурамч, нэр өөрчлөгдөн гарсан байна гэж Эрчим хүчний яамнаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/3100 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Үүнд дээрх техникийн нөхцөлийн хугацааг дахин сунгахдаа “Пума” ХХК болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хүсэлтгүйгээр, мөн хэрэглэгчийн нэрийг Эрдмийн их сургууль болгон, 21/2016 дугаартай техникийн нөхцөлийн сунгалт гэж өөрчлөгдснийг хүчингүй гэж үзсэн тухай бичсэн.

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зоорийн давхраар манай өмчлөлийн 150 мм-ийн 80 метр шугам, 100 мм-ийн 40 метр, дулаалга бүхий иж бүрэн шугам угсрагдсан байсан. Гэтэл нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүйгээр тухайн шугамд холболт хийсэн. 2016 оны 10 дугаар сард холболт хийхээс өмнө манайд мэдэгдсэн гэж худлаа хэлж байна. Холболтоо хийгээд манай трубануудыг тайрсны дараа биднийг сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1/192 албан тоот албан бичгийг манайд хүргүүлсэн, манай гүйцэтгэх захирал 29-ний өдрийн 14 цаг 30 минутад хүлээж авсан байдаг. Шугамыг очиж үзэхэд дахин ашиглах боломжгүйгээр тайрч буулгасан учир буцааж авах боломжгүй юм. Мөн буулгах ажлын хөлс болох 3 401 876 төгрөг нь нийт угсралтын ажлын цалингийн 40 хувь байдаг. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаалхүү, өмгөөлөгч Б.Баяржаргал нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зоорийн давхраар дамжсан 150 мм-ийн 8 ширхэг, 100 мм-ийн 4 ширхэг отводтой халаалт, цэвэр ус дамжуулах 3 хос шугам, угсрагдсан дулаалгатайгаа иж бүрэн шугамын гүйцэтгэсэн ажил болон материалын үнэ болох 4 783 634 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн. Энэ нь тухайн шугамын ажлыг гүйцэтгэсэн хөлс болон материалын үнэ орсон өртөг буюу 3 900 000 төгрөг нь трубаны үнэ, 900 000 орчим төгрөг нь ажлын хөлс юм. Талбай дээр очиж үзэхэд шугамыг дахин ашиглах боломжгүйгээр тайрч хураасан байдаг. Мөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гараашт байрлах манай эзэмшлийн дулааны шугам, сүлжээнээс шөнийн цагаар техникийн нөхцөлгүй, зөвшөөрөлгүйгээр огтолгоо хийж дулаанаар холбосон нь хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгож, манай шугамыг ажлын зургийн дагуу өмнөх хэвийн байдалд нь оруулж сэргээж өгөхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир, өмгөөлөгч З.Сүхбаатар нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь болсон нөхцөл байдал болон үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар ойлгоход бэрхшээлтэй байдлаар тайлбарлаж байна. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харвал бид нар нэг асуудлаар л маргаж байна. Тодруулбал, П хэлбэрийн байшин байгаа бөгөөд бидний гаргаж өгсөн зурагт улаанаар зурсан хэсэг нь маргаж байгаа труба шугамын асуудал юм. Б блок нь Монгол Улсын Эрдмийн их сургуулийнх, А блок нь “Пума” ХХК-ийн барьсан н.Нацагдорж гэдэг хүний нэр дээр гэрчилгээтэй байшин байна.

Анх “Пума” ХХК нь энэ барилгын ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд тус компанийн буруугаас болж гэрээ цуцлагдсан. Энэ талаарх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт байгаа. Пума ХХК нь гүйцэтгэгч байхдаа Хүмүүнлэгийн ухааны сургууль болон Ч.Зэгиймаа захирлын хамтран өмчилж байсан гараашийн хэсгээр дамжуулан Б блокийн зоорийн давхрын доогуур шугамыг явуулсан гүйцэтгэлийн ажил байсан юм. Ер нь цахилгааны дэд өртөөнөөс цахилгаанаар хангахгүй, техникийн нөхцөл байхгүй гэж маргаж, цахилгаан өгөхгүй хүнд байдалд оруулж, Б блокийн барилгыг зогсоож байгаад 200 000 000 төгрөг авсан.

Гурван шатны шүүхийн шийдвэрээр “Пума” ХХК-д техникийн нөхцөл байгаа, үүнийг гаргаж өгөх үүрэгтэй гэсэн, хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн тогтоолд Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь 2010 оны 5 дугаар сард 2 хуваагдан, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь А блокийг, Монгол Улсын Эрдмийн их сургууль нь Б блокийн барилгыг бариулахаар 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Пума” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Тиймээс аль аль техникийн нөхцөлд хамаарч байгаа учраас “Пума” ХХК-ийнх гэдэг нь үндэслэлгүй гэж шийдсэн. Сөрөг нэхэмжлэлээр хохиролд 4 783 000 төгрөгийг шаарддаг. Нэгэнт маргаантай учраас трубаг ав гэж шаардахаар авахгүй гэсэн учраас бид ашиглаж болохоор мэргэжлийн байгууллагаар гагнаас хэсгээр нь салгасан бөгөөд түүний фото зураг нь хэрэгт байгаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас Монгол Улсын Эрдмийн их сургууль салж гараагүй байхад Хүмүүнлэгийн ухааны их сургууль гэж олгосон техникийн нөхцөл нь 2 блоктой бөгөөд уг техникийн нөхцөл аль алинд нь хамаарна гэдэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Өмнөх байдалд нь сэргээх шаардлагагүй, “Пума” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглахын тулд саадыг арилгуулахаар шийдвэрлүүлэх ёстой бөгөөд энэ нь шийдвэрлэгдсэн асуудал юм. 

“Пума” ХХК нь 2 өөр холболтыг өөр цаг хугацаанд хийсэн. Тухайн үед харилцаа холбоо сайн байхад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гараашийн дотуур, манай барилгын доогуур шугамыг явуулж А блокийн барилгатай холбож, өөрсдөө гүйцэтгэсэн. Харин бид нар гаднаас орж ирсэн шугамнаас нь өөрийн шугам руу татаж холбосон. Ингэж холбоход “Пума” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байгаа зүйл байхгүй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр дээрх үйл баримтууд нотлогдоно. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт гэрээ хэлцэл цуцлагдсан гэдгийг шүүхээс тогтоосон нөхцөлд талууд анхны байдалд оруулах үүрэгтэй бөгөөд үүний дагуу хийсэн, авсан зүйлээ салгаж буцааж авах ёстой. Бид салгаж авч болох зүйлийг буцааж ав гэсэн шаардлагыг тавьсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Пума” ХХК-иас халаалт, цэвэр усны шугамын труба тайрч буулгасан зардалд 3 401 876 төгрөгийг гаргуулах, уг трубаг Монгол Улсын Эрдмийн их сургуулийн барилга Б блокийн зоорийн давхраас албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч “Монгол Улсын Эрдмийн их сургууль” БСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд 4 783 034 төгрөг гаргуулах, Хүмүүнлэгийн их сургуулийн гараашт байрлах, “Пума” ХХК-ийн өмчлөлийн дулааны шугамаас дулаан, цэвэр усны холболт хийсэн хууль бус үйл ажиллагааг зогсоож, өмнөх байдалд сэргээхийг “Монгол Улсын Эрдмийн их сургууль” БСБ-д даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол Улсын Эрдмийн их сургууль” БСБ нь хариуцагчид холбогдуулан тус сургуулийн Б блокийн барилгын дулааны 4-р магистраль шугамыг тасалж барилгын гадна орчны талбай дээр техникийн нөхцөлгүй бөгөөд зөвшөөрөлгүйгээр явуулж буй “Пума” ХХК-ийн дулааны шугам холболтын хууль бус үйл ажиллагааг зогсоож, барилгын орчны талбайг өмнөх байдалд сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 800 төгрөг, “Пума” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Нэхэмжлэгч “Монгол Улсын Эрдмийн их сургууль” БСБ нь өөрийн хөрөнгөөр Эрчим хүчний яамнаас олгогдсон барилгын дулааны шугамын холболтын техникийн нөхцлүүдийн дагуу “Эрдэм тауэр” барилгыг дулааны шугамд холбуулсан. Ийнхүү уг ажилтай холбоотойгоор “Пума” ХХК-д манай сургуулийн өргөтгөлийн Б блокийн барилгын зоорийн давхарт байруулсан цэвэр ус, халаалтын шугамыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор буулгаж ав, авахгүй тохиолдолд бид буулгаж холбогдох зардлыг нөхөн төлүүлнэ гэж мэдэгдсэн боловч хариу өгөөгүй тул бид хийж гүйцэтгэсэн.

Шүүх “Пума” ХХК-ийн дулааны шугамыг манай барилгын доорх зоорийн талбайгаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлээгүй нь шугамын өмчлөлтэй холбоотой асуудлыг тодорхойгүй байдалд буюу маргаантай хэвээр үлдээсэн. Бид дулааны шугам буулгах, холбох ажлыг нийтэд нь “Өндөр бар” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд төлбөрийг хамтатган шилжүүлж, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгчид учирсан хохирол 3 401 876 төгрөгийн хувьд төлбөрийг шилжүүлсэн тухай санхүүгийн баримтгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж гаргасан баримтууд болох халаалт, цэвэр усны шугам буулгах ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээг дүгнэсэн акт, төлбөр төлсөн баримт зэргийг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,  хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Монгол улсын Эрдмийн их сургууль” БСБ нь хариуцагч “Пума” ХХК-д холбогдуулан тус сургуулийн Б блокийн барилгын дулааны 4 дүгээр магистраль шугамыг тасалж барилгын гадна орчны талбай дээр техникийн нөхцөлгүй бөгөөд зөвшөөрөлгүйгээр явуулж буй “Пума” ХХК-ийн дулааны шугам холболтын хууль бус үйл ажиллагааг зогсоож, барилгын орчны талбайг өмнөх байдалд сэргээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Пума” ХХК нь дулааны шугамыг буулгаж аваагүйгээс гарсан зардал, хохиролд 3 401 876 төгрөг гаргуулах, сургуулийн барилгын зоорийн давхраас “Пума” ХХК-ийн дулааны шугамыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч зөвшөөрөлгүйгээр техникийн нөхцлийг өөрийн нэр дээр болгож, манай эзэмшлийн дулаан цэвэр усны шугам сүлжээг хааж, таслан өөрийн барилгад холбон, тус сургуулийн зоорийн давхарт байсан манай өмчлөлийн 150 мм-ийн 80 метр, 100 мм-ийн 40 метр ган цайрдсан дулаалга бүхий трубануудыг хууль бусаар жижиглэн тайрч, цаашид ашиглагдахгүй болгон хохироосон гэж хохиролд 4 783 634 төгрөг гаргуулах, техникийн нөхцөлгүйгээр ХУИС-ийн гараашид байх “Пума” ХХК-ийн өмчлөлийн шугамаас дулаан, цэвэр усны холболт хийсэн хууль бус үйл ажиллагааг зогсоож, өмнөх байдалд сэргээхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч байгууллага нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяаллаас гарч тусдаа хуулийн этгээд болсон бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 18-нд дахин олгосон 0000121890 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр Монгол улсын Эрдмийн их сургууль боловсрол сургалтын байгууллагаар бүртгүүлсэн, нэхэмжлэгч Монгол улсын Эрдмийн их сургууль нь өөрийн өмчлөлийн барилга буюу Б блокийн барилгын зоорийн давхарт угсарч суурилагдсан трубаг тайрч буулгасан үйлдлийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. /I-хх 1 /

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах, өөрийн өмчлөлийн барилга буюу Б блокийн барилгын зоорийн давхарт угсарч суурилагдсан хариуцагч “Пума” ХХК-ийн өмчлөлийн цэвэр ус, халаалтын шугамын 150 мм-ийн 80 м урт, 100 мм-ийн 40 м урттай ган цайрдсан дулаалга бүхий трубаг тайрч буулган хураасан болох нь Монгол улсын Эрдмийн их сургууль болон “Өндөр бар” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Халаалт, цэвэр усны шугам буулгах ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбар, нэхэмжлэгч талаас гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн трубануудын гэрэл зургууд зэргээр нотлогдож тогтоогдсон, дээрх тайрч буулгасан дулааны шугамын труба нь хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө байсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. /хх 164-171, 179-181/

 

Нэхэмжлэгч нь трубануудыг тайрч буулган, өөрийн зоорийн талбайдаа хурааж, буулган авахыг удаа дараа хариуцагчид мэдэгдэж шаардсан боловч шаардлагыг хүлээн аваагүй, уг шугамыг буулгаагүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу барилгын зоорийн давхраас “Пума” ХХК-ийн дулааны шугамыг албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Харин нэхэмжлэгч Монгол улсын Эрдмийн их сургууль болон “Өндөр бар” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Халаалт, цэвэр усны шугам буулгах ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар “Пума” ХХК-ийн угсарсан цэвэр ус халаалтын шугамыг буулгасан зардал гэж 3 401 876 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Өөрөөр хэлбэл, Монгол улсын Эрдмийн их сургууль БСБ захирал Ч.Зэгиймаа, “Өндөр бар” ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Халаалт, цэвэр усны шугам буулгах ажил гүйцэтгэх гэрээ”-ний /I-хх 164-66/ 4.1 дэх хэсэгт “...ажлын нийт хөлс 3 401 876 төгрөг байх бөгөөд үүнийг гэрээний нийт үнэ гэнэ...” гэж нэхэмжлэгч хохирлыг тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгч нь гүйцэтгэгч талд тухайн гэрээний дагуу төлбөрийг шилжүүлсэн эсэх, төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй юм.

 

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар талд авагдсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Өндөр бар” ХХК-ийн Монгол улсын Эрдмийн их сургуульд явуулсан “Төлбөрийн даалгавар”-аар “МУЭИС-иас гадна шугамын гэрээт ажлын урьдчилгаа 12 318 427 төгрөг нэхэмжилсэн боловч үүнд гэрээний дагуу төлбөр нэхэмжилсэн, эсхүл гэрээний ямар, ямар зардлууд орсон болох нь тодорхойгүй байна. 

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00781 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар “Монгол Улсын эрдмийн их сургууль”-ийн барилгын зоорийн давхраас тайрч буулгасан дулааны шугамыг албадан чөлөөлөхийг “Пума” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Пума” ХХК-иас халаалт, цэвэр усны шугамын труба тайрч буулгасан зардалд 3 401 876 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлага, нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд 4 783 034 төгрөг гаргуулах, Хүмүүнлэгийн их сургуулийн гараашид байрлах, “Пума” ХХК-ийн өмчлөлийн дулааны шугамаас дулаан, цэвэр усны холболт хийсэн хууль бус үйл ажиллагааг зогсоож, өмнөх байдалд сэргээхийг “Монгол Улсын Эрдмийн их сурууль” БСБ-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...209 800 төгрөг...” гэснийг “...139 600 төгрөг...” гэж, “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Пума” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монгол Улсын Эрдмийн их сургууль” БСБ-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Монгол Улсын Эрдмийн их сургууль” БСБ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН