Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Хохирогч У.Ш

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол Улсын иргэн, 1П.М

Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч П.М нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт эхнэр У.Штэй маргалдаж улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч П.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхнэртэйгээ сум орсон. Шил архи авчихаад буцах байсан ч айлын гадна очоод авсан архинаасаа нэг нэг уусан. Эхнэр машинаас буугаад явсан. Араас нь очоод машин руугаа явъя гэхэд үгүй гэсэн. Нэг мэдэхэд уурлаад зодсон байсан. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэндээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

Хохирогч У.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би нөхөртөө уурлаад, нөхөр явъя гэхээр нь явахгүй гэхэд надад гар хүрсэн. Би цагдаад өгөөд чадчихъя гэж бодсон. Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 сарын 12-ны өдөр би Алтанширээ сумын ... багийн төвд гэртээ байж байсан чинь гадаа хүн хашхирах чимээ гарсан тэгэхээр нь би гараад хартал М нь эхнэрээ заамдаад авсан цэнхэр өнгийн пронтер маркийн автомашины гүүзүүрүү мөргүүлээд унангуут нь Шийн толгой дээрээс нь гараараа хоёр гурван удаа цохиод авсан тэгэхээр нь би гэртээ гүйж ороод эхнэр Нт гадаа хүн аллаа цагдаа дуудаарай гэж хэлээд нөгөө хоёр дээр яваад очиход М нь эхнэрээ боогоод дарчихсан байсан тэгээд намайг харсанаа тавьчихсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ нөхөр Тын хамт байж байхад орой тийшээ 18 цаг өнгөрч байхад манай зүүн талд байх Тгэх айлын гадаа бололтой эмэгтэй хүн орилох чимээ гарсан тэгэхээр нь манай өвгөн Т гарч харсанаа гадаа хүн алах гээд байна гэсээр сандарсан хүн орж ирсэн тэгээд би гарч харсанаа хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн... эхнэрийнх нь нүүр танигдахааргүй болсон байсан нүүр нь битүү хавдартай цусанд холилдсон байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тээ эгчээ авраарай аллаа гээд эмэгтэй хүн орилох дуу гарсан тэгэхээр нь би гараад хартал зүүн урд талаас ирсэн бололтой Шийн амнаас нь цус гарсан машин дээрээ гүйж ирсэн араас нь М гүйж ирээд эхнэр Шийгээ бариад авсан... цагдаа дуудаад очиход нүүр ам нь бүүр аймаар болчихсон байсан. Шийн нүүр ам нь танигдахааргүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч У.Шийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар тогтоосон аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт. Дорноговь аймгийн Алтанширээ сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /ххийн 19-22/ Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 25-37/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 44/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-51/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр У.Штэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч болон хохирогч У.Шүрэнчимэийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.Т, Д.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч П.М-т аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч П.М-т холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.М нь “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэм хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.М-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдав.

Хохирогч У.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “бид 2 хоорондоо эвлэрсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.М-т торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН