МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням ,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бдод холбогдох эрүүгийн 2034004360462 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2020 оны 03 дугаар сард Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт “Гоо гуя” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд 3.854.541 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сард Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт “Гоо гуя” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд 3.854.541 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-4-6 дугаар тал/,
- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-7 дугаар тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 37 дугаар тал/
- Шүүгдэгч Б.Бын прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 80 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын №152 тоот тогтоол /хх-ийн 88 тал/
- Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-28-30 тал/
- Иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Борнуур сумын байгаль орчин хамгаалагчийн ажил хийдэг бөгөөд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт Дуган-Хад гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна... уг хэрэгт үнэлгээгээр гарсан 3.854.541 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/
- Гэрч Л.Угтахбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн Засаг даргын ажлыг 2017 оноос хойш одоог хүртэл хийж байгаа юмаа. Миний хувьд 2020 оны 04 дүгээр сарын 15-20-ны хооронд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг Дуган хад гэх газраас Борнуур сумаас 2 хүн хөлсөөр ажиллуулж гурван машин мод бэлтгүүлэхээр болоод явуулсан юмаа. Миний хувьд өөрөө уг газарт нь очиж үзээгүй. Миний хувьд сумын Байгаль орчны байцаагч Мөнхзулд амаараа ойгоос гурван машин мод бэлтгүүлж байгаа бичиг баримтыг нь бүрдүүлчхээд зөөнө гэдгээ хэлж байсан. тэрнээс биш одоо хүртэл албан ёсоор зөвшөөрөл гарсан зүйл байхгүй ой нээгдэхээр татах төлөвлөгөөтэй байгаа… Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын 4-р багийн нутаг Шавартай гэдэг газар төрийн бус байгууллагын нэр дээр алимын мод тарьж байгаа бөгөөд уг газарт би хашаа барих зорилгоор мод бэлтгүүлсэн юм. Бархас-Од гэдэг хүнд хэлж байсан юм. Бархас-Од бол одоо Дуган гэх газар байдаг бөгөөд утас нь 91617517 гэсэн дугаартай байгаа. Бархас-Од бол өөрөө би мод хийгээгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/
- Гэрч Д.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын 4-р багийн нутаг Дуган хад гэх газарт 2000 оноос хойш тогтвор суурьшилтай амьдарч байна. Миний хувьд 2020 оны 03 дугаар сард цас хайлаад цоохордож байх үед үхрээ хайгаад явж байхад уг модыг харсан бөгөөд маргааш билүү нөгөөдөр нь Угтахбаяр дарга над руу залгаад тухайн модны талаар асуусан бөгөөд тухайн модыг хүн амьтан ачвал хэлээрэй гэж хэлээд утасныхаа дугаарыг үлдээгээд явсан бөгөөд хүн ачвал хэлээрэй гэж хэлсэн юм. Хүрэлмягмар нь миний төрсөн дүү байгаа юмаа. Харин Бархас-Од бол миний хүргэн байгаа юм. Надтай бол тийм зүйл яриагүй надад хэлж байхдаа би хүнд мод захичихсан байгаа л гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/
- Гэрч Д.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р баг Дуганахад гэх газар мал маллаж амьдардаг хүн байгаа юм. 2020 оны 03 сарын 02-орчим малд явж байхад хураалгаатай, дээд талынх нь цас ханзраад цухуйсан гуалин мод харагдсан. Тэгээд хажуу айлынхаа Соёолоо гэх залууд энд баахан мод хийчихсэн байна гэж ярихад нөгөөдүүлийн хийсэн мод юм байх даа гэж хоорондоо ярилцаж байсан. Эхлээд харахад цас бүрэн ханзраагүй 2м урттай хураалгаатай мод л байсан. Би яг дэргэд нь очиж хараагүй юм. Сүүлд цас хайлсны дараа харахад цувруулаад буулгасан их л мод харагдаж байсан. Би дэргэд нь очиж хараагүй юм Би сайн мэдэхгүй ээ. Манай багийн дарга Угтахбаяр хүнд мод хийгээд өг ярина уу? гэж гуйсан. Наад мод чинь байгаа юм. Сайн харж байгаарай, би ой нээхээр татаж авах юм аа гэж утсаар ярьж байсан. Тэгээд би тэр мод дээр хүн ирэх нь ү гээд харж л байсан. Өөр хүн бол ирээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
- Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрчээр мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Борнуур сумын “Дуган хад” гэх газар амьдардаг бөгөөд төв дээр хашаа барих 2020 оны 3 дугаар сарын сүүлээр Борнуур сумын 4 дүгээр багийн нутагт Гоо гуя гэх газраас уулын модонд очиж 5 ширхэг нарс модыг хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагаад 1 модыг 2 метр таслахад 5-6 ширхэг мод гарч байсан юм...Манай сумын Нарт 4 дүгээр багийн Засаг дарга Л.Угтахбаяр хавар надад миний дүү ахдаа 1 мод хийгээд өгөөч гэж хэлж байсан юм. Тухайн үед би завгүй байсан учир тэр модыг нь хийж өгч амжаагүй...” гэх мэдүүлэг /хх-25 тал/
- Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р баг Дуган хад гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 17-ны үед амьдарч байсан бөгөөд би өөрөө Борнуур сумын төвд газар авсан бөгөөд уг газар дээрээ хашаа авах зорилгоор Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг Гуа гуя гэх нэртэй газраас босоо хатчихсан байсан 6 ширхэг модыг шар өнгийн цахилгаан хөрөө ашиглан ганцаараа унагаж 2 метрээр тасалж хөрөөдөн бэлдэж бөөгнүүлэн тавьсан байсан юмаа. Миний хувьд тухайн үедээ гоожин буюу мод бэлтгэх зөвшөөрөл авах гэсэн боловч тухайн үеийн ойн цагдаа нар солигдож байсан тул гоожин бичихгүй гэж байсан юмаа. Тэгэхээр нь би тухайн модыг Борнуур сумын төвд аваачин зүсүүлэхдээ гоожин буюу зөвшөөрлөө авахаар шийдээд хураагаад тавьчихсан байсан чинь миний бэлтгэсэн модыг хураагаад аваад явсан байсан. Миний хувьд хашаа барих гээд л мод бэлтгэсэн юм. Миний хувьд авах гэсэн боловч ойн цагдаа нар солигдож байсан тул дараа нь авах бодолтой байсан юм. Миний хувьд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж болохгүй гэдгийг мэддэг бөгөөд тухайн үедээ байгаль хамгаалагч нар солигдож байсан тул авч чадаагүй юмаа. Миний хувьд шар өнгийн цахилгаан хөрөө ашигласан өөр техник хэрэгсэл ашигласан зүйл байхгүй. 10-аад мод байсан нэг модноос 5-6 ширхэг 2 метрийн урттай гардаг юм. Тэгээд 66 ширхэг мод гарсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь 2020 оны 08 сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 38, 80 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 10 сарын 06-ны өдөр 152 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 89 тал/ 2020 оны 09 сарын 11-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Б.Бод холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бын хууль бусаар бэлтгэсэн 66 ширхэг хуурай нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээ 3.854.541 төгрөг гарсан байна.
2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19-04-335/02 дугаартай Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын актаар Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар бэлтгэсэн 66 ширхэг хуурай нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин үржүүлэн 3.854.541х3=11.563.623 төгрөгийн үнэлгээ гаргасан байна.
Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн түлшний зардалд 122.400 төгрөгийн, экологи эдийн засгийн үнэлгээ 11.563.623 төгрөгийн нийт 11.686.023 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд 5.500.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 6.186.023 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2034004360462 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утас 1 ширхгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, цахилгаан хөрөө 1 ширхэг болон Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд хадгалагдаж буй хууль бусаар бэлтгэсэн 66 ширхэг нарс модыг тус тус хурааж, тус тус улсын болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б.Бдыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн 2034004360462 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утас 1 ширхгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, цахилгаан хөрөө 1 ширхэг болон Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд хадгалагдаж буй хууль бусаар бэлтгэсэн 66 ширхэг нарс модыг тус тус хурааж, экологи эдийн засгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 6.186.023 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
- Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
- Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
- Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА