| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0044/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/45 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/45
2020 01 31 2020/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Л.Ж, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Л.Жд холбогдох эрүүгийн 1934010590033 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1970 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Л.Ж
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн “Хоньт” гэх газар иргэн Ч.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж:
...Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирлоо төлж хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934010590033 дугаартай хэрэгт хохирогч Ч.Баярмаа /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, гэрч Д.Алтангэрэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч П.Гантулга /хх-ийн 16-17 дугаар хуудас/, яллагдагч Л.Ж /хх-ийн 25 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 793 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон хохирогч Ч. Баярмаагийн өргөдөл, гэрэл зураг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, Авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 34-37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, хохирол барагдуулж, эвлэрсэн талаарх хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Л.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн “Хоньт” гэх газар иргэн Ч.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Ч.Баярмаагийн ...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би нөхөр Алтангэрэлийн хамт өвөлжөө рүүгээ явсан. Өглөө 10 цаг өнгөрч байсан байх тэгтэл нутгийн хүн болох Ганаа гэдэг залуу тааралдсан. Тэгээд байж байтал Ж мотоцикпьтойгоо ирсэн тэгэхээр нь би энэ манай өвөлжөө байгаа та хонио өөр тийш нь хариулахгүй юу гэж хэлсэн тэгтэл миний өөдөөс би нутагтаа дошон дээрээ байна гэсэн тэгээд санаадгүй байж байтал барьж явсан шилбүүрээрээ миний нүүрэнд 1 удаа цохисон. Тэгээд манай нөхөр намайг өмөөрөөд Жыг заамдаж авсан тэгээд жаахан маргалдаж байгаад салсан өөр зүйл болоогүй... / хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Д.Алтангэрэлийн ...2019 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр өвөлжөөн дээрээ оччихоод буцаад гэртээ харих гээд эхнэртэйгээ явж байтал Ж замд таараад өвөлжөөнөөсөө болж маргалдсан. Тэгээд манай эхнэр Баярмааг гартаа барьж явсан шилбүүрээрээ нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би очоод Жыг заамдаж аваад газар дугтарч унагаасан. Тэгээд салцгаасан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
гэрч П.Гантулгын ...Тэр өдөр өглөө 09 цаг өнгөрч байсан байх би өвөлжөө орчихоод мотоцикльтой гэртээ харих гээд явж байтал Алтангэрэл эхнэртэйгээ машинтай яваад ирсэн тэгээд байж байтал араас Жагаа мотоцикльтой ирээд малын бэлчээр ярьж байгаад маргалдаад Жагаа дошин дээрээ байна гээд шилбүүрээрээ Баярмаагийн нүүрэнд нь нэг удаа цохисон тэгсэн Аптангэрэл Жийг заамдаж аваад газар унагаасан тэгээд л салцгаасан. Ж бол их түрэмгий хүнтэй харьцаж чаддаггүй өмнө нь намайг нэг удаа зодож байсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
яллагдагч Л.Жын ...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хонио бэлчээрт нь гаргачихаад гэртээ ойр зуурын ажил хийж байгаад хонио дурандахад цагаан өнгийн машинтай хүмүүс ирчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би мотоцикльтойгоо явж очиход Алтангэрэл, эхнэр Баярмаатай, бас нэг зүс таних залуугийн хамт зогсож байсан. Тэгээд Алтангэрэл бид хоёр мэндлээд бэлчээр ярьж эхлээд, түүнээс болоод хоорондоо маргалдсан. Алтангэрэл намайг заамдаж аваад хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Алтангэрэлээс холдох гэхэд эхнэр нь болох Баярмаа дайраад байхаар нь би барьж байсан бургасаараа Баярмааг холд гээд цохьчихсон. Тэгээд л бид нар салцгаасан... /хх-ийн 25 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №793 дугаартай ...Ч.Баярмаагийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон хохирогч Ч. Баярмаагийн өргөдөл, гэрэл зураг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 34-37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, хохирол барагдуулж, эвлэрсэн талаарх хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Жын 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн “Хоньт” гэх газар иргэн Ч.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж бургасаар цохиж зодсон, уг үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Л.Ж нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Жын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Баярмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ч.Баярмаа нь шүүгдэгч Л.Жаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 283.000 /хоёр зуун наян гурван мянга/ төгрөг нэхэмжилдэг ба хавтас хэргийн 34-37 дугаар хуудсанд 279.440 /хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийн хохирлын баримт авагдсан байна.
Гэвч шүүгдэгч Л.Ж нь хохирогчийн нэхэмжилсэн 283.000 /хоёр зуун наян гурван мянга/ төгрөгийг төлж, хохирогчтой эвлэрсэн тухай баталгаа гаргаж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан болох нь хавтас хэргийн 42-46 дугаар хуудсанд авагдсан хохирогч, шүүгдэгч нарын эвлэрсэн тухай баталгаа, тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Л.Жд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эвлэрсэн зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Жд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1934010390033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Ж нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.1., 36.2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Л.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Л.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Л.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б Л.Жд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 1934010590033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ч.Баярмаа шүүгдэгч Л.Жд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Л.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Л.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН