Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 177

 

Д.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

хохирогч М.Н, түүний өмгөөлөгч М.А,

яллагдагч Д.Аын өмгөөлөгч Б.Ц,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр Д.Ат холбогдох эрүүгийн 1810020100801 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Д.А, 1987 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайн мэргэжилтэй, “Нарантуул трейд” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

Д.А нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул трейд” ХХК-ийн байранд хамтран амьдрагч М.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Ат холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал илэрсэн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, 16.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.” гэж, 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.  

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор яллагдагч Д.Ааас гаргаж өгсөн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргахаар тогтоосон боловч CD-нд тусгагдсан мэдээлэлд үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бэхжүүлэх журмыг зөрчсөн байна. Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокурор “... уг CD-нд хэрэгт ач холбогдол бүхий зүйл тусгагдаагүй байсан учир тэмдэглэл үйлдээгүй. ...” гэж тайлбарлах бөгөөд энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтжуулж, хэрэгт хавсаргаагүй байна. Иймд дээрх зөрчлийг нэг мөр арилгаж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж Д.Ат холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CDг хэргийн хамт шилжүүлж, яллагдагч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй учир хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан үнэлнэ.”, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасан.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор яллагдагч Д.Ааас гарган өгсөн 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргахаар тогтоож, 1 ширхэг CD-нд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байгаа бөгөөд прокурорын хяналтын шатанд прокуророос дээрх 2 ширхэг CD-ний бичлэгтэй танилцахад хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм бурууг үгүйсгэх ач холбогдол бүхий баримт бичигдээгүй байсан тул нотлох баримтаар үнэлээгүй учраас яллах дүгнэлтэд шинжлэн судлах баримтын жагсаалтад оруулаагүй болно.

Яллагдагч Д.А нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Х.Нямдуламтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч Х.Н, гэрч Д.Д, Н.С, Б.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10463 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Хохирогч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маргаан бүхий CD нь 2018 оны 11 дүгээр сард болсон явдлыг бичсэн. Харин энэ хэрэг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гарсан тул дээрх CD бичлэг нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

Хохирогч М.Нын өмгөөлөгч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр яллагдагчийн өмгөөлөгч “2 ширхэг CD бичлэг байгаа, түүнд тэмдэглэл үйлдээгүй, дахин 2 ширхэг CD байгаа, үүнийг гаргаж өгнө” гэж ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дэх хэсэгт “... хэргийн материалтай танилцаад дууссны дараа ямар нэгэн нотлох баримт байвал түүнийгээ яллагдагчийн талаас өгөх эрхтэй” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагчийн талаас хэргийн материалтай танилцаад ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй байдаг. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр бид баримт гаргаж өгнө гэдэг асуудал ярьж байгаа нь өөрсдөө эрхээ эдлээгүй, шүүх эрхийг нь эдлүүлээгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. 1 ширхэг тэмдэглэл үйлдээгүй CD-ний талаар ярьдаг ба өмгөөлөгчийн зүгээс тухайн CD бичлэгтэй танилцахад энэ хэрэгт ямар ч хамааралгүй, хэрэг болсноос хойш тодорхой хугацааны дараа болсон, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрүүлийг бичсэн байсан ба зарим яриа нь сонсогддоггүй бичлэг байсан. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй гэж үзэж байна. Харин тухайн CD бичлэгийг гэм буруугийн хурал дээр шинжлэн судлаад, үнэлж дүгнээд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Д.Аын өмгөөлөгч Б.Ц тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд мөрдөгч нь оролцогчоос гаргаж өгсөн баримтыг хэрэгт хавсаргана гэж заасан. Хэрэгт 2 ширхэг CD хавсаргуулахаар гаргаж өгсөн. Үүний нэгийг нь хавсаргаад үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн, нөгөөг нь хавсаргасан атлаа үзлэг хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд нотлох баримтыг бэхжүүлэх талаар заасан. Гэтэл мөрдөгч нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй. Прокурор уг CD-г үнэлэх талаар ярьдаг, гэтэл тухайн CDг бэхжүүлж байж үнэлэх талаар яригддаг. Бэхжүүлэх ажиллагаа явагдаагүй байхад нотлох баримтыг үнэлэх ажиллагаа явагдаж байгаа нь үндэслэлгүй. Эрх бүхий албан тушаалтны бэхжүүлээгүй нотлох баримтыг шүүх үнэлж, дүгнэх ямар ч боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Д.Ат холбогдох хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Яллагдагч Д.Ат холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход хангалттайн гадна нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор яллагдагч Д.Аын гаргаж өгсөн бичлэг бүхий CD-г /хх-19-20/ хэрэгт хавсаргахдаа үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй байна.

Гэвч дээрх бичлэгийг хэн, хэзээ, хаана, хэрхэн бэхжүүлсэн, ямар асуудал бичигдсэн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн Д.Аын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ат холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ат холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцтэл Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН  

ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН