Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0799/З |
Дугаар | 128/ШШ2020/0451 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2020/0451
2020 оны 07 сарын 01 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: У п к НҮТББ.
Хариуцагч: Б о, а ж с
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* тоот тушаалын У п к НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, өмгөөлөгч Г.М, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* тоот тушаалын У п кид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах. Манай сургууль Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн А/189 тоот тушаалаар 12.7 га газрын аялал жуулчлалын зориулалтаар журмын дагуу ашиглах эрхтэй болсон. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/88 мөн тухайн оны 5 дугаар сарын 16-ны А/125 тоот тушаалаар манай сургуулийн газрын зарим хэсгийг цуцалсныг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 128/ШШ2018/0******* тоот шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 0078 дугаар магадлалаар үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/308 тоот тушаалаар У п кийн авто зогсоол баригдаагүй 10720.5 мкв газрыг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн үүний дагуу үйл ажиллагаа явуулах гэтэл тушаал гарснаас хойш 14 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* тоот тушаал гаран өөрийн өмнө гаргасан А/308 дугаар тушаалыг хүчингүйд тооцон манай сургуулийн нэр дээр олгосон 12.7 га газрыг бүхэлд нь хүчингүй болгосон байна. Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тушаал гаргах гэж байгаа талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манайд ирүүлсэн. Богд хан уулын хамгаалалтын захиргааны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1068 тоот албан бичгээс энэ талаар олж мэдсэн. Тус сургууль нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02/208 тоот нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргаж Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гомдол гарган захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан боловч Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6358 тоот гомдлын хариуг хүргүүлэх тухай албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээж дээрх тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг 2019 оны 9 дүгээр сарын 18-нд манайд ирүүлсэн. Манай сургууль дээрх газрыг тусгай хамгаалалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт 2016/361 тоот гэрчилгээ хавсралтад бичигдсэн геодезийн солбицлын дагуу дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулан ашиглаж байтал Байгаль орчин аялал жуулчлалын сайд газар ашиглах эрх цуцлах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах тусгай зарчмыг баримтлаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах тогтолцоог бүрдүүлэх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан иргэний өмнө хариуцахаар зохицуулсан байдаг тул Байгаль орчин аялал жуулчлалын сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан зорилгыг зөвхөн хуульд заасан журмаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* тоот тушаалаар тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан үндэслэлээр хууль бусаар газар ашиглах эрхийг цуцалж, манай сургуулийн сургалт, бодлого төлөвлөгөө, гадаад харилцаа, хамтын ажиллагааг тасалдуулж олон зуун оюутны сурч мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Адил эрх үүрэгтэй төрийн байгууллагууд нэгнийхээ гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн шүүхийн шийдвэр биелүүлсэн мэт дүр үзүүлж тушаал гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дутуу хийсэн атлаа газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлгүй тушаалыг дахин дахин гаргаж төр хууль шүүхийн өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж дахин манай байгууллагыг хохироож байгаад харамсаж байна. Манай сургуулийн зүгээс Зайсангийн аманд газар ашиглах эрхтэй болсноос хойш хууль журмыг ямар нэгэн байдлаар зөрчиж байгаагүй бөгөөд харин ч тусгай хамгаалалттай газар нутагт цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн тэгтэл төрийн байгууллагын тайлбаргүй бодлого үйл ажиллагаанаас шалтгаалан өнөөдрийг хүртэл эдийн засгийн ихээхэн хохирол амссаар байна. Тус яамны зүгээс бидэнд өмнө учруулсан хохирлоо барагдуулаагүй ч газар ашиглах эрхийг сэргээсэн шийдвэр гаргах үед нь хүлээцтэй хандаж байтал дахин биднийг үл тоосон шийдвэр гаргасан нь тус яамны сайдын тушаалтай холбоотой үүссэн хохирлоо тооцно. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/350 тоот тушаалын У п кид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А******* тоот энэ тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны эрх зүйн актын хэлбэрийг хангаагүй байна. Үүнд Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг баримтлан тушаал гарсан гэтэл тус хуулийн 12 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж болохгүй хориглосон заалтууд байдаг. Эдгээр хориглосон заалтууд дээр нэхэмжлэгч байгууллага аль зүйл заалтыг зөрчсөн тухай тушаал байхгүй. Хоёрдугаарт зөрчсөн талаар нотлох баримт байхгүй. Гуравдугаарт хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Жишээ нь газар хагалаагүй, тэсэлгээ хийгээгүй, хайрга чулуу аваагүй, мод огтлоогүй харин ч зөндөө олон мод тарьсан байсан чинь хуулаад авчихсан. Эмийн болон хүнсний зориулалтаар ургамал түүгээгүй, ан амьтан барьж үргээгээгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй техникийн бодис хэрэглээгүй, ус хөрс агаар бохирдуулаагүй гэх мэтээр 12 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй юм. Хоёрдугаарт тушаалын үндэслэл нь 27 дугаар зүйлийн 27.1 буюу төрийн байгууллагын чиг үүрэг байгаа. Үүнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гэж байгаа. Гэтэл энэ төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ яах ёстой вэ гэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан энэ батлагдахдаа байгалийн болон түүхийн үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хамгаалахтай холбоотой тухайн нутгийн ангилал, бүс, дэглэмийг өөрчлөх, тухайн газар төрийн захиргааны төв байгууллагатай хамтраад үйл ажиллагааг нь зохицуулахаар хуульчилж өгсөн. Энэ хуульчилсны дагуу 2001 онд Байгаль орчны сайдын 218 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох журам батлагдаад, энэ журмаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болно гэж заасан мөн дархан цаазат газрын хамгаалалтыг Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор тогтоосон. Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам гэж гарсан. Эрхийн актууд, хуулиуд, хууль дагасан дүрэм журмууд бүгд хүчин төгөлдөр байгаа. Энэ газрыг эзэмшихдээ нэхэмжлэгч төрийн байгууллагад албан ёсоор хандаж, төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд эдгээр хууль, дүрэм журмын дагуу газар олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл бүрдэхгүй. Хэрвээ аялал жуулчлалын зориулалтаар олгох ёсгүй байсан юм бол энэ олон аялал жуулчлалтай холбоотой журмыг Засгийн газар болон Байгаль орчны яам батлах шаардлагагүй байсан. Гуравдугаар үндэслэл нь энэ тушаал гарахаас өмнө 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр А308 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаал гарсан. Энэ тушаал гараад 14 хоногийн дараа буюу наадмын өмнөх өдөр бүх хүмүүсийн анхаарал суларсан байх үед гаргасан байна. Энэ тушаалыг гаргахдаа өмнөх А308 тоот тушаалыг хүчингүй болгосон тухай оруулаагүй. Тэгэхээр шүүхийг үл хүндэтгэж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлж 308 тоот тушаалыг 6 дугаар сарын 26-нд гаргаад, 7 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот тушаалаар нэхэмжлэгчид олгосон газрын эрхийг бүхэлд нь цуцалсан. Уг нь 308 тоот тушаалаар хэсэгчилж цуцлаад хоорондоо тохироод хийхээр шийдвэрлэсэн байсан. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хаасан, бусдыг оруулахгүй байсан. Иргэдэд хүндрэл учруулсан тохиолдол байхгүй. Уул руу гарч байгаа хүмүүст саад тотгор байдаггүй. Харин ч тэдгээр хүмүүсийн тарьсан хог, бохирдол бүх зүйлийг энэ сургуулиуд цэвэрлэдэг. Хан-Уул дүүргийн тусгай тохижилт үйлчилгээний газар болон энэ газрыг хамгаалах ёстой Богд хан уулын хамгаалалтын захиргаа, Байгаль орчны яамнаас тухайн газар нутгийг сэргээх, цэвэрлэхтэй холбоотой ямар ажил хийдэггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. Мөн энэ сургууль нь сургалт, эрдэм шинжилгээний ажил хийх гэж байгаа. Үүнийг шүүх харгалзаж өгнө үү.” гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газар буюу төрийн өмчийн газар болох Богд хан уулын бүсэд дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д зааснаар зөвхөн буудаллах, отоглох зориулалтаар эрх олгохыг зохицуулсан байдаг. Гэтэл энэ зохицуулалтыг зөрчиж У п к НҮТББ-д Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ны А189 тоот тушаалаар Зайсангийн ам, хязгаарлалтын бүсэд 12.7га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон юм. Үүний Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А******* тушаалаар хүчингүй болгож тооцсон. Энэ тушаалын үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 24.2, Газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-т заасан үндэслэлүүдээр дархан цаазат газрын хориглосон газар дээр Байгалийн цогцолбор газрын 17 дугаар зүйлийн 17.3 буюу аялал жуулчлалын зориулалтыг хольж, хуулийг буруу хэрэглэж олгосон нь буруу гэж хүчингүй болгосон. Ингэж олгосон нь нийтэд илэрхий байдлаар харагдаж байгаа. Аялал жуулчлалын зориулалтаар олгосон аж ахуйн газрыг ашиглахдаа газрын хөрөнгийг ухаж, барилга байшин баригдаад хууль зөрчигдөж байгаа юм. Дээрх хүчингүй болгосон тушаал нь хуульд нийцүүлж гаргасан захиргааны акт юм. Сонсох ажиллагааг яамны албан ёсны цахим хуудсанд 2019 оны 6 дугаар сарын 01-ны өдөр байршуулсан. Мөн тушаал гарсны дараа мэдэгдэх ажиллагааг албан бичгээр хүргүүлсэн. Иймээс А******* тоот тушаал нь үндэслэл бүхий юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У п к НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* тоот тушаалын У п к НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалаар У п к НҮТББ-д Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 12.7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/189 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Маргааны үйл баримтаас дурдвал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар У п к НҮТББ-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд 12.7 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/361 дугаар гэрчилгээ, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, газар ашиглагч У п к НҮТББ-ын хооронд газар ашиглах 2016/152 дугаар гэрээг 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ.
Гэвч уг тушаал гарснаас 14 хоногийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалаар У п к НҮТББ-д олгосон 12.7 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж, 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг хуульчлан тогтоосон, тодруулбал 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д зааснаар дархан цаазат газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, дээрхээс өөр барилга, байгууламж барих, хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон үндэслэлээ Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон нь хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч У п к НҮТББ нь маргаан бүхий газарт суурьшил үүсээгүй, аялал, жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраар батлуулж аялагч түр буудаллах, отоглох, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчид Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг зөрчиж газар ашиглуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших, ашиглах эрх нь газар эзэмших ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх ба нэгэнт үүссэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.2-т “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан”, 39.1.3-т “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан”, 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 39.1.5-т газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ.
Гэтэл хариуцагч нь дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Мөн Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийг баталсан, энэ баримт бичгээр олон нийтийн суурьшлын бүс байхаар төлөвлөгдсөн, Байгаль орчны сайд 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-аар дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох, түүнтэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд энэхүү журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл бүхий өөрийн гаргасан хууль бус захиргааны актаа хүчингүй болгох эрхтэй байх хэдий ч ийнхүү хүчингүй болгоход тодорхой хязгаарлалтыг тавьсан, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1- 48.2.2-т заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн , 48.2.5-д хууль захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгогдсон эрхийг хэрэгжүүлээгүй, Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тохиолдолд хүчингүй болгохоор зохицуулжээ.
Харин Байгаль орчин, аялал жуучлалын сайд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон үндэслэлд “ ... бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол,... нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон” гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, харин ч маргаан бүхий газрын хөрш залгаа газруудад суурьшлын бүс бий болсон байна.
Нэхэмжлэгч нь “ ... захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа ... урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтлаагүй ... “ гэж маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоогийн нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой.
Хариуцагч нь “ ... сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан. ... захиргааны акт гарсныг Өдрийн сонины 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаарт байршуулан, баталгаат шуудангаар явуулсан...” гэж тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд заасан арга, хэлбэрээр явуулаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй боловч, захиргааны актыг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн тул маргаан бүхий актыг мэдэгдээгүй гэж үзэхээргүй байна.
Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч Байгаль орчин, аялал сайд нь У п к НҮТББ-д Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 12.7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/189 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын нэхэмжлэгч У п к НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У п к НҮТББ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын У п к НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН